Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 663

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч Г.Б, Г.Д, С.Ч, тэдгээрийн өмгөөлөгч Х.Базаррагчаа

шүүгдэгч Л.Н, түүний өмгөөлөгч Б.Түвшинжаргал

шүүгдэгч Л.Н.Л түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж нарыг оролцуулан    

Баянгол  дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

1.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0 нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, Дөлгөөннуурын 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:00000000/, Н.Л.

2.Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 0 дугаар хороо, оюутны гудамж, 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан /РД:0000000000/ Л.Н нарт холбогдох 0000000000000 дугаартай эрүүгийн 2 хавтаст хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Л.Н.Л, Л.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вокзал”-ын  замын хойд талын нотариатчийн газарт иргэн Г.Б, Г.Д, С.Ч нарт “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эзэмших эрхийг нь цуцалсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Гүн бүрдийн аманд байрлах Алтан-Өргөө ХХК-ийн өмчлөлийн 40 га газрыг зарна хүчинтэй байгаа...” гэж итгүүлэн 133.000.000 төгрөгөөр худалдаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Н.Л шүүхийн хэлэлцүүлэгт: 2018 оны 01 дүгээр сарын эхээр гэртээ байж байхад миний таньдаг хүн Хөшигтийн хөндийд газар байгаа юу гэж асуусан. Тухайн үед дэд бүтэц авах гээд газар эзэмшигч нарыг мэддэг байсан. Би хүнтэй уулзуулаад өгье гэж хэлсэн. Тухайн үед Г.Б гэх хүний гар утасны дугаар өгсөн. Очиж уулзаад Хөшигтийн хөндийд газар үзүүлсэн. Манай газрын хажуу талын эзэмшигчийг би таньдаг байсан. Буцах замдаа Г.Д, Г.Б нартай газрын тухай тайлбарлаж өгч байсан. Манай газар бас байгаа талаар хэлж байсан. Манай газрыг Г.Б авах талаар ярьж байсан. Манай компани дээр тусгай зөвшөөрөл байгаа талаар хэлсэн. Эм ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөл байгаа талаар хэлж байсан. Тухайн газрыг компанитай хамт авах сонирхолтой байгаа талаар өөрсдөө хэлж байсан. Тухайн газрыг тусгай зөвшөөрлөөр компани дээр авах талаар судлаад нотариатын газар очоод нотариатаар баталгаажуулсан. Үүний дараа тусгай зөвшөөрлүүдээ салгах боломжтой юм байна гээд компани руу шилжүүлсэн. Компани тусгай зөвшөөрлөөс салгаад С.Чт компанийхаа эрхийг шилжүүлсэн. Би жирэмсэн байсан учраас тухайн үед дүүгээ жолоочоор авч явж байсан. Мөн газрын эрх цуцалсан талаар мэдээгүй байсан. Би нэгдүгээр сарын сүүлээр мэдсэн. Мэдсэн даруйдаа тухайн газрыг хүчинтэй болгох талаар бүх газруудаар явсан. Би хохирогч нараас 133 сая төгрөг аваад тухайн үед үйл ажиллагаанд зарцуулсан байсан. Өөрийнхөө оёдлын үйлдвэрт зарцуулсан. Хохирогч нарын хохиролыг төлөх боломж байгаа гэв.

 

Шүүгдэгч Л.Н шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 9 дүгээр сард Солонгос улсад сурчихаад ирсэн. Тухайн үед 1 дүгээр сарын эхээр Н.Л эгч над руу залгаад завтай бол машин бариад өгөөч гэж хэлсэн. Ажил гайгүй байсан учраас машиныг нь барьж өгсөн. Н.Л эгч хүнтэй уулзана гэхээр нь хамт орсон байгаа. Би утсаар яриад хүмүүсийн яриаг сонсож байсан. Би тэндээс гараад ажил дээрээ очсон. Маргааш нь Н.Л эгч нөгөө газар очих гэсэн юм аа гээд нотариатын газарт очсон. Тухайн үед Н.Л эгч С.Чтой ажлынхаа талаар ярьж байсан. Би С.Чтой машинд юм яриад сууж байхад манай эгч газрын байцаагч руу ороод ирье гэж хэлээд явсан. Тухайн үед Н.Л эгч С.Ч нар газрын тухай ярьж байсан. Би эм зүйн лицензтэй газрыг тусгай зөвшөөрлөөр хэрхэн авах талаар С.Чтой ярьж байсан. Энэ хэрэгт намайг хамтран үйлдэгч гэдэгт гайхаж байна. Гэмт хэрэгт намайг хамааруулж байгаад гомдолтой байна. Намайг хил дээр барьж аваад хорьсонд сэтгэл санаа хямралд орсон. Би гомдолтой байна гэв.

 

Хохирогч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гол зүйлүүдийг бичсэн байна. Тухайн үед газрын тухай хууль, татварын тухай хуульд өөрчлөлт ороод газар шилжүүлэх эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс зогсоосон талаар Н.Л хэлж байсан. Татварын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор газар шилжүүлэх эрхийг 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс зогсоосон учраас компанитай шилжүүлэх нь зүйтэй гэсэн байдал үүсээд 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар гэрээг байгуулвал компани шилжихгүй учраас 2018 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө нь харилцан тохиролцсон байдлаар огноог бичиж болох юм гэсэн байдлаар 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ гэж явж байгаа. Үйл явдал бол 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр болсон. Н.Л дүүгээ танилцуулсан байгаа. Л.Нийн зүгээс компанийг хэрхэн шилжүүлэх талаар улсын бүртгэл дээр таньдаг хүн байгаа талаар хэлсэн. Л.Нийг тухайн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж бодож байна. Л.Н жолоо барьсан талаар хэлээд байна. Л.Н бол тухайн үед хүмүүстэй яриад ажиллагааг хурдасгаж, маш идэвхитэй оролцож тэр талын мэдлэгтэй голлох үүрэгтэй байсан. Бид нарт хүчингүй газрыг зарсан тул мөнгөө буцааж авмаар байна. Бидэнд бодит 133.600.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 60.600.000  төгрөг нь минийх, 70.000.000 төгрөг нь Г.Дийнх, 3.000.000 төгрөг нь  С.Чийнх. Хохиролоо төлүүлж авмаар байна гэв.

 

Хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт: Хүчингүй буюу зөрчилтэй газрыг бид нарт зарж бид нарыг хохироосонд гомдолтой байна. Нэг өдөр уулзаад гэрээгээ хийгээгүй. Бид нарт компани шилжүүлэн авах шаардлага байхгүй байсан. Н.Лгийн хувьд компанитай нь шилжүүлэхэд хурдан шийдэгдэх боломжтой талаар санал болгосон. Л.Нийн хувьд болсон процессыг хөтөлж явсан байгаа.  Бидний нийт хохирол 133.600.000 төгрөгийн 70.000.000 төгрөг нь миний мөнгө. Хохиролоо гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч С.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн үед Н.Л Ууганцэцэгийг танихгүй болохоор Ууганцэцэг байхгүй байна гэж хэлээд санаатайгаар залилах гэмт хэрэг үйлдсэн байна. Би 3 сая төгрөгөө нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэргээс

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд“...Шинэ нисэх төвийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа тэнд шинэ хөгжлийн төв нээгдэнэ, тэнд ирээдүйд тодорхой төрлийн бизнес хийж болох талаар санаа төрж байсан ба би өөрийн ажлын хамтрагч Г.Дтэй уулздаг байсан ба энд газар авах бодол байсан...Ингээд 2018 оны 01 дүгээр сарын эхээр байсан, би өдрийг нь сайн санахгүй байна, зарын сайтанд Хөшигтийн хөндийд 40 га газар зарна гэсэн зар байхаар нь би зарын дагуу ярьсан. Утсыг нь одоо санахгүй байна нэг эрэгтэй хүн ярьсан бөгөөд Хөшигтийн хөндийн ертөнцийн зүгээр зүүн урд талдаа Өмнөговь аймаг руу явах замын хажууд байгаа гэж хэлэхээр нь би ийм зар оллоо гээд Г.Дт утасныхаа дугаарыг өгөөд чи ярих уу гээд яриулсан. Г.Д утсаар яриад би өөрөө энэ амралтын өдөр Төв аймаг явах ажилтай байгаа замаараа үзээд ирье гэж хэлсэн. Дараа нь болохоор Г.Д өөрөө надтай утсаар яриад нөгөө саяны яриад байгаа залуу чинь зуучлагч хүн юм байна жинхэнэ эзэн нь өөр хүн байдаг юм байна. Би тэр хүнтэй цаг болзчихлоо хамт очиж үзэх үү гэсэн. Тэгээд би, Г.Д жолоочтойгоо хамт гурвуулаа Н.Лтай хамт манай ажлын гадаа уулзаад Хөшигтийн хөндий рүү явсан. Замдаа явж байхдаа Н.Л нь бид нарын анхны ярьсан газрыг өөр хүнд зарахаар болсон надад одоо өөр газар байна, тэр газрыг үзүүлье гэхээр нь бид нар зөвшөөрсөн. Тэгээд бид нар баригдаж байгаа онгоцны буудлаас 5-6 орчим км зайтай баруун хойшоо зэлүүд газар очоод харахад хурдны замаас зайтай их хол байсан учраас ашиггүй газар байна гэж Н.Лд хэлэхэд дахиад өөр газар байна гэхдээ энэ газар нь хүний газар та нар сонирхвол би зуучлаад өгье гээд буцаад төв зам руу ороод бид нарын зар дээрээс мэдээлэл авсан газрынхаа урдхан талд очиход их үерийн жалгатай газар байхаар нь онцгүй юм байна даа гэсэн яриаг Г.Д бид 2 хоорондоо ярьсан. Тэгээд хот руу буцах замдаа Н.Лгаар анхны зар дээр байсан гэх газрыг заалгахад онгоцны буудлаас зүүн урагшаа ертөнцийн зүгээр замынхаа зүүн талд нь зам дагуу залгаа газар байсан. Уг газарт нь ямар нэгэн байгууламж байхгүй төв зам дагуу газар байсан тул энэ их боломжийн газар байна гэхэд Н.Л нь энэ 40 га газар миний газар байгаа хүнтэй гэрээ хийгээд зарахаар болсон байгаа гэхдээ мөнгөө аваагүй байгаа гэж хэлээд энэ яриа өндөрлөсөн. Бид нар тэгээд хот руу оронгоо юм ярилцаад явж байхад Н.Л нь та нар мөнгөө бэлнээр өгвөл та хоёрт заръя нөгөө гэрээ хийсэн хүмүүсийнхээ талаар яах юм бэ маргаан үүсвэл яах вэ гэхэд би зохицуулж өгнөө хэрвээ мөнгөө бэлнээр өгвөл гэсэн. Тэгээд тэр өдрөө салцгаагаад явцгаасан. Дараа нь хэд хоногийн дараа би Н.Лтай утсаар яриад уулзая гэхэд манай ажлын өрөөнд Н.Л нь өөрийнхөө дүү гэх Л.Н гэх эмэгтэйг дагуулж ирсэн. Н.Л нь ярихдаа Л.Нээ танилцуулаад энэ манай дүү байгаа юм та нарын сонирхоод байгаа газар компанийн эзэмшлийнх юм. Эгч дүү нарын компани гэж өөрсдийгөө хэлсэн. Тэгээд бид гурав ярилцаж байгаад Г.Дийг дуудаад уг газрыг хэрхэн шилжүүлж авах талаар ярилцаад энэ үед татварын хуульд өөрчлөлт орсон байсан тул бид нар хоёр хувилбараар ярилцсан. Уг газрыг шууд компаниас салгаад шилжүүлж авах эсвэл компанитай хамт шилжүүлж авах гэсэн яриа өрнөөд Г.Д бид хоёрын зүгээс газрыг компаниас салгаад тусад нь авах сонирхолтой байсан. Хамт авахаар компанитай янз бүрийн зээл авсан төлбөрийн үүрэг ч юм уу газар эсвэл өөр барьцаалагдсан байж болохуйц эрсдэл байсан. Н.Л, Л.Н нар нь харин компанитай хамт шилжүүлж зармаар байна. Бид нар салгаж зарвал татвар өндөр төлөх гээд байна, татварын тухай хуульд өөрчлөлт орж байгаатайгаар холбоотой газрын шилжилт хөдөлгөөнийг хийхгүй байгаа гэж хэлсэн. Мөн газар дээр янз бүрийн маргаан байхгүй, компани дээр ямар нэгэн төлбөрийн үүрэг байхгүй талаар баталгаажуулж өгнө энэ талаар гэрээн дээрээ тусгаж өгнө гэж ярьсан. Энэ компани дээр эмийн сангийн тусгай зөвшөөрөл байгаа хамт өгөхөөр хайран байна. Бид нар тусгай зөвшөөрлөө өөр компани руу шилжүүлж болох талаар судлая гэсэн зүйл ярьсан. Ингэж уулзсан нь 01 сарын 05-06-ний өдрийн хавьцаа байсан. Ингээд энэ өдрөөс 1-2 хоногийн дараа Н.Л, Л.Н нар хамт ирээд тусгай зөвшөөрлөө шилжүүлж болох юм байна. Компанитайгаа хамт газраа заръя гэсэн. Үнийн хувьд бид нар ярилцсанаар 140.000.000 төгрөгөөс буулгахгүй байсан. Ингээд бид нар зөвшилцөөд гэрээгээ хийе гэрээнд уг газар ямар нэгэн маргаангүй байна шүү хүчин төгөлдөр байна шүү гэдгийг нь хэлж байсан. Ингээд нотариатын газарт уулзъя гээд салцгаасан. Г.Д бид 2 ярилцахдаа компаниа найз С.Чийн нэр дээр шилжүүлж авъя С.Ч барилгын компани ажиллуулдаг байсан тул цаашид уг газарт ямар нэгэн байгууламж барихад мэргэжпийн арай цаг завтай хүн хэрэгтэй гэж С.Чтой би утсаар яриад маргааш нь нотариат дээр уулзахаар болсон. Би газар авах талаар өмнө нь С.Чт хэлж байсан. Маргааш нь вокзалын арын Эрдэнэт явдаг таксины зогсоолын хойд талын нотариатын газарт Н.Л Л.Н, Г.Д, С.Ч бид 5 уулзаад нотариатын газарт компаний эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хийгээд Н.Л төлөөлж гарын үсэг зурж байсан. Гэрээ хийхэд Н.Л, Л.Н нар нь газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ кадастрын зураг өгсөн нотариатын хүнд Г.Д тайлбарлахдаа уг гэрээний зорилго газар авах зорилготой энэ талаар гэрээндээ тусгамаар байна гээд гэрээнд 40 га газрыг хамт шилжүүлж авч байгаа талаар тусгаж оруулсан. Нотариатын хүн гэрээ хийсний дараа зөвлөгөө өгөхдөө Төв аймгийн газрын албанаас лавлагаа авах хэрэгтэй байна. Уг газарт нь хүчинтэй уг компани эзэмшдэг эсэх талаарх гэхэд Н.Л, Л.Н, С.Ч гурвыг тэр өдөртөө Төв аймаг руу явуулаад лавлагаа аваад ирээрэй гээд С.Чт лавлагаа авч байхад хамт байж байгаарай, Н.Л, Л.Н нар Төв аймгийнхаа хүмүүсийг таньж мэднэ шүү хамт байгаарай гэж хэлсэн. Г.Д бид 2 ажил дээрээ ирээд байж байхад өдөр Н.Л утсаар яриад Төв аймагт ирэхэд газрын албаныхан нь хүн нь байхгүй байна гэлүү, лавлагаа өгөхгүй байгаа ч гэсэн билүү утгатай зүйл хэлсэн. Харин оронд нь газрын төлбөрөө төлөөгүй байгаа учраас тэдэн төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн тодорхойлолт авчихлаа ийм тодорхойлолт нь хураагдсан юм уу хүчингүй болсон тохиолдолд төлбөр нэхэмжлэхгүй ээ, төлбөрийн өр гарахгүй, төлбөрийн өр байна гэдэг чинь тухайн газар хүчин төгөлдөр байна гэсэн үг гэж хэлсэн. Би энэ ярианд нь итгээд Н.Л, Л.Н, С.Ч гурвыг Улсын Бүртгэлийн ерөнхий газарт очиж компанийг шилжүүлэх ажлаа үргэлжпүүл гэж хэлсэн. Орой нь С.Ч ажил дээр ганцаараа орж ирээд өөрийнхөө нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн байсан ба Н.Л нь мөнгөө шилжүүл гэсэн дансаа мессежээр явуулсан мөнгөө хувааж шилжүүлээрэй гэж хэлж байсан. Н.Лгийн хаан банкны 5076071580 дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны 463001992 тоот 2 данс явуулсан. Энэ өдрийнх нь маргааш нь С.Чийн Чингис хаан банкны дансанд Г.Д 70.000.000 төгрөгийг, би 60.000 000 төгрөгийг, үлдэгдэл 3 сая орчим төгрөгийг С.Ч гаргаад уг данснаас 2 удаагийн гүйлгээгээр хувааж шилжүүлсэн. Би тэгээд С.Чийг Төв аймагт очиж газрын албаныхантай уулзаарай гэж захиж хэлсэн. С.Ч Төв аймагт очиход эндээс мэдээлэл нь харагдахгүй байна Сэргэлэн сумын газрын даамалтай уулз гэхэд өвчтэй байна гэж байсан. Тэгээд С.Ч өөрөө ярихдаа газрын албаны хүнтэй уулзаад уг газар хүчингүй болсон оны өмнө шийдвэр нь гарсан Н.Л нар нь өөрсдөө мэдэж байгаа шүү эрхээ эзэмших гээд хөөцөлдөөд яваад байсан гэж хэлсэн байсан...” /1хх-ийн 35-36 / гэх мэдүүлэг,

 

Хохирогч Г.Д мөрдөн байцаалтанд“...Надтай хамт ажилладаг найз болох Г.Б нь 2017 оны сүүлээр өдрийг нь сайн санахгүй байна. 12 дугаар сард байсан юм надад бизнесийн санал тавиад Хөшигтийн хөндийн онгоцны буудал ирэх онд ашиглалтанд орно тэнд газар авбал ирээдүйд нэлээн ашиг олж болно өөрсдөө чадвал байшин барина болохгүй бол хөрөнгө оруулагч авч болно гэсэн санал тавьсан. Г.Б бид 2 олон жилийн найзууд учраас уг саналыг дэмжээд зар дээрээс газар олчихлоо гэж Г.Б надад хэлсэн. Уг зарын дагуу эхлээд нэг эрэгтэй хүнтэй утсаар яриад тэр хүн нь өөрөө зуучлагч нь гэсэн. Тэгээд тэр зуучлагч нь Н.Л гэх эмэгтэйн утсыг өгөөд уг эмэгтэйтэй Г.Бын ажлын өрөөнд уулзсан. Эхний уулзалтанд Н.Л ганцаараа ирсэн шиг санаж байна уулзаад Төв аймагт зарах газар байгаа хамт яваад үзье гэсний дагуу манай жолоочтой Г.Б Н.Л бид дөрөв Төв аймгийн Хөшигтийн хөндийн хойд талд нэг хоосон газар үзээд мөн Өмнөговь аймаг явах замын зүүн талд нэг газар үзсэн. Энэ 2 газрын нэгийг нь мөн нэг хүнтэй зөвлөж ярих ёстой хүн сонирхоод байна гээд замдаа утсаар яриад байсан ба нөгөө 40 га газрыг нь миний газар ба компанийн нэр дээр байдаг компани миний өмчлөлийнх байгаа үнэ тохирвол зарж болноо гэсэн. Уг 40 га газар нь Өмнөговь явах замын зүүн талд байсан газар нь гэсэн. Г.Б бид 2 ажил дээр ирээд нэлээн ярьж зөвлөлдөж байгаад худалдаж авахаар шийдээд ажил дээрээ Н.Лг дуудахад өөрийнхөө дүү гэх эмэгтэй болох Л.Нтэй хамт ирээд худалдаж авахаар тохиролцоод үнэ өртөгөө тохирч уг газрыг 140 сая төгрөгөөр авахаар тохирсон. Н.Л, Л.Н нар ярихдаа газар шууд шилжүүлэхэд тусгай зөвшөөрлөөр авсан тул олон процесс шат дамжлагатай компанитай нь шилжүүлээд өгвөл та хоёрт их хурдан нэгээс 2 хоногт өөрсдөө хөөцөлдөөд өгчихөж болноо гэсэн. Ингээд худалдаж авахаар тохироод маргааш нь нотариатын газар болох вокзалын хойд талын газарт уулзаад компанитай хамт газрыг шилжүүлж авч байгаа юм аа гэхэд нотариатч газрынхаа лавлагааг авч үзэх хэрэгтэй янз бүрийн маргаан гарч болзошгүй гэсэн. Г.Б бид 2 хоёулаа ажилтай байдаг тул Г.Бын эхнэрийн ах болох С.Чийн нэр дээр газрыг нь шилжүүлээд авчихъя мөн С.Ч өөрөө барилгын чиглэлээр ажил хийдэг учраас сайн мэднэ мөн итгэлтэй хүн юм гээд С.Чийг явуулахаар болсон. С.Чийг Н.Л, Л.Н хоёртой хамт Төв аймаг руу явж газрын лавлагааг авахуулахаар явуулсан. Тэгээд С.Ч Төв аймагт оччихоод газрын байцаагч нь байхгүй учраас лавлагааг авч чадсангүй газрын төлбөртэй гэсэн бичиг Сэргэлэн суман дээрээс авлаа гээд 6.400.000 төгрөгийн төлбөртэй гэсэн бичиг авчирсан. Н.Л, Л.Н нар нь ярихдаа газрын төлбөртэй гэдэг чинь энэ газрыг бид нар эзэмшдэг гэсэн үг газар эзэмшдэггүй хүн дээр төлбөр гардаггүй юм аа гэж тайлбарласан. Тэгээд газрын байцаагч нь ирэхээр нь нөхөөд лавлагааг нь аваад өгчихнөө гэж хэлсэн. С.Чийг Н.Л, Л.Н нартай хамт улсын бүртгэлийн газар руу явуулаад Н.Л, Л.Н нарт танвдаг хүн байгаа учраас хурдан шилжүүлээд өгнөө гэсэн. Ингээд С.Ч “Алтан Өргөө Эко” гэсэн компанийн нэр шилжсэн гэрчилгээг авчраад Г.Б бид 2 итгээд мөнгөө өгөхөөр болж 70.000.000 сая төгрөг хувааж гаргаад уг мөнгөнөөс газрын төлбөрийг суутгаж аваад Н.Лгийн өгсөн гэх 2 дансанд Г.Б мөнгөө хувааж шилжүүлсэн. Г.Б бид 2 газар аваад болчихлоо гэж бодоод Н.Л, Л.Н нартай Г.Б, С.Ч нар утсаар яриад газрынхаа лавлагааг авмаар байна гэхэд байцаагч нь амарсан байна цагаан сар болж байна гэх шалтгаанаар хойшлуулаад байсан. Ингээд 2018 оны 3 сарын үеэр Г.Б, С.Чийг явуулахад С.Ч ирэхдээ газрынх нь зөвшөөрөл хүчингүй болсон байна зөвшөөрөлгүй газар байна гэж ирж хэлсэн. Тэгээд Г.Б Н.Л, Л.Н нартай утсаар ярихаар болгоод өгмөөр юм шиг ярьснаа дараагийн 7 хоногт нь Г.Б утсаар ярих гэтэл утсаа авдаггүй янз бүрийн шалтаг яриад байхаар нь энэ газар асуудалтай байна наймаагаа буцаая та 2 мөнгөө буцааж өг гэж хэлсэн гэсэн. Сүүлдээ бүтэмжгүй болчих шиг боллоо хоёулаа шүүх цагдаад гомдол гаргая залилуулсан юм шиг байна гэж Г.Б надад хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байна...” /1хх-ийн 39-40 / гэх мэдүүлэг,

 

Хохирогч С.Ч мөрдөн байцаалтанд“...2018 оны 01 дүгээр сард Үнэгүй.мн сайтад Хөшигтийн хөндийд 40 га газар зарна гэсэн зарын дагуу ярихад нэг эрэгтэй хүн утас авсан бөгөөд Н.Л гэх жинхэнэ эзэн нь байгаа гээд 94112089 гэсэн утасны дугаарыг өгсөн. Энэ утсаар нь ярихад эмэгтэй хүн байсан бөгөөд ямар газар юм бэ гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Хөшигтийн хөндийд зам дагуу ойрхон 40 га газар байгаа гэхэд нь би очиж уулзъя гээд би хүргэн дүү Г.Б түүний найз Г.Д нартай ярилцаад эхний өдөр Г.Б, Г.Д нар очиж уулзаад болох газар байна 140.000.000 сая төгрөг гэж байна авахад боломжийн юм байна гэсэн. Тэгээд ер нь авахаар тохиролцоод Баянгол дүүргийн 1000 машины зогсоолын арын байрны нотариат дээр Г.Б, Г.Д, би, Н.Л, дүү нь болох Л.Н нарын хамт нотариатаар газар худалдах худалдан авах гэрээг хийсэн. Л.Н, Н.Л нартай хамт би Төв аймгийн газрын албанд очиж үлдэгдэл төлбөр байгаа талаар лавлахаар очиход газрын албанаас Н.Л ганцаараа орж гарч ирээд Сэргэлэн сумын газрын байцаагч нь байхгүй байнаа эндээс төлбөртэй эсэх талаар нь лавлагаа авчихъя гээд авахад Төв аймгийн Сэргэлэн сумын газрын байцаагчийн гарын үсэгтэй 6.400.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэсэн бичиг гаргаж ирсэн. Тэр бичгийг нь аваад бид гурав 100 айлын Улсын бүртгэлийн ерөнхий газар ороод газар шилжүүлэх бичиг баримтаа өгөөд би гарын үсэг зурчихаад яаралтай ажилтай байсан тул явчихсан. Харин удалгүй Н.Л, Л.Н нар нь бичиг баримт шилжлээ гэж хэлээд Г.Б, Дащзэвэг нарт газар эзэмших гэрчилгээг аваачиж өгсөн байхаар нь 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лгийн Хаан банкны дансанд 70.000.000 төгрөгийг, мөн Н.Лгийнх нь Худалдаа хөгжлийн банкны дансанд 63.600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингэж мөнгө шилжүүлсэн газар нь болохоор Баянгол зочид буудлын урдаас шилжүүлсэн. Харин дараа нь 3 сарын эхээр Сэргэлэн сумын газарын байцаагч Ууганцэцэг гэх хүнтэй уулзахаар очиход  чөлөөтэй байсан бөгөөд утасны дугаар өгсөн бөгөөд би тэр утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан бөгөөд дахиад нэг хүний утасны дугаар өгсөн бөгөөд тэр байцаагч нь болох Атай утсаар ярихад 3 дугаар сарын 28-30-ны өдрийн хооронд Зуун мод суманд хүрээд ирээрэй гэсэн. Тэгээд би 3 дугаар сарын 28-ны өглөө очиж Атай уулзаж нөгөө гэрчилгээ авсан гэрчилгээгээ үзүүлэхэд наадах компани чинь цуцлагдсан байгаа ш дээ би өөрийг чинь анх удаа харж байна өмнө нь өөр эмэгтэй хүн яваад байсан ш дээ тэр эмэгтэй өөрөө цуцлагдсан байгаа гэдгийг нь сайн мэдэж байгаа гээд газар цуцлах болсон талаарх 3 хуудас холбогдох материалыг надад өгсөн. Би ерөнхийдөө мэдээд Г.Бт хэлээд Г.Б Н.Л руу ярихад тиймээ цуцлагдсан газар байгаа би сэргээж өгнөө гэж хэлээд утсаа тасалсан. Тэрнээс хойш бид нар Н.Лтай холбогдох гээд уулзах гээд чадахгүй байгаа юм...” /1хх-ийн 43-44 / гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Б.Н-ийн “...Би Төв аймгийн мэргэжпийн хяналтын газарт Байгаль орчин геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчаар 2012 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байна. Одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа юм. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөний дагуу мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 19/141 тоот удирдамжаар Сэргэлэн сумын газар олголтын байдал сумын газрын даамал М.А, Б.Ууганцэцэг нарыг байлцуулан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 4 хоногын хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчлүүд илэрсэн бөгөөд Газрын тухай хууль 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчилүүд илэрсэн. Уг зөрчил нь дуудлага худалдлаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар олголт хийсэн зөрчлүүд мөн тухайн жилийн газар зохион байгууллалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олголт хийсэн зөрчлийн дагуу иргэн аж ахуй нэгж байгууллагуудад газар цуцлах албан шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 19-04-029-261 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар Сэргэлэн сумын Засаг даргад хүргүүлсэн. Алтан Өргөө Эко ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/620 тоот захирамжаар Гүн бүрдийн аманд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 40 га газрыг газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчиж олгосон байсан тул газар эзэмших эрхийг цуцлах тухай албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан. Харин 2017 оны 12 дугаар сард нэг танихгүй эмэгтэй орж ирээд би “Алтан Өргөө Эко” ХХК-ийн хүн байна, миний газрыг ямар шалтгааны улмаас цуцалсан юм бэ хэл гэхээр нь би дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтгүйгээр газар олголт хийсэн зөрчил илэрсэн уг зөрчил нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх заалтуудыг зөрчиж олгосон байна гэж хэлж гаргаж байсан. Надаас тэр эмэгтэй уг газрыг албан шаардлагаасаа хасч өгөөч гэхээр нь би үгүй болохгүй гэж хэлсэн...” /1хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч М.А мөрдөн байцаалтанд: Би Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт газрын даамал албан тушаалд 2016 оны 7 дугаар сараас 10 дугаар сар хүртэлхи хугацаанд ажилласан. “...2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын А/620 дугаартай захирамжаар “Алтан Өргөө Эко” ХХК-д эзэмшүүлсэн байдаг. Засаг даргын захирамжыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээг эзэмшүүлж гэрээ байгуулсан байна. 2017 оны 11 дүгээр сард Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтыг хийж мэргэжлийн хяналтын улсын байцаагчын албан шаардлагыг Сэргэлэн сумын Засаг дарга Энхбаярт хүргүүлж уг шаардлагын дагуу дээрх газрыг хүчингүй болгосон юм. ...Тухайн үед буюу 2017 оны 11 сарын үеэр мэргэжлийн хяналтын газраас шалгалт орсон байхад уг газрын эзэмшигч Н.Л гэх эмэгтэй нь тус газраас хэсэгчилж бусдад шилжүүлэхээр хүсэлтийг өгч байсан байдаг. Энэ үед нь Ууганцэцэгийн хамт би байж байсан ба танай газар дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах журмаар аваагүй учраас хүчингүй болсон газруудын судалгаанд хамрагдсан байгаа гэдгийг нь өөрт нь хэлсэн. Тэгтэл Н.Л нь өөрөө мэргэжлийн хяналтын хүмүүстэй уулзана гээд гараад явсан...2018 оны 3 дугаар сарын сүүлчээр аймгийн төвд сумдуудын даамал цугласан ажилтай байх үеэр нэг ах ирээд “Алтан Өргөө Эко” ХХК-ний гэрчилгээг Улсын бүртгэлийн хэлтэс дээр шилжүүлж худалдаж авсан байгаа юм аа газрынх нь төлбөр мөнгө нь юу болсон юм болоо гэхэд нь би уг газрыг Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагын дагуу Засаг даргын захирамжаар хүчингүй болсон талаар нь хэлэхэд хүмүүстэй буцаад уулзчихаад ирье гээд явсан өөр бусдаар бол ирээгүй ээ. /1хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.У мөрдөн байцаалтанд“ Би Төв аймгийн Сэргэлэн сумын тамгын газарт газрын даамал албан тушаалд 2008 оноос өнөөдрийг хүртэлхи хугацаанд ажиллаж байна. Өмнө нь 3 удаа жирэмсэн эхийн чөлөө авч байсан ба сүүлчийнх нь 2016 оны 7 дугаар сарын 15-наас 2017 оны 10 дугаар сарын 01 хүртэлхи хугацаанд чөлөө авч 10 дугаар сарын 01-нээс ажилдаа орж хүүхэд өвчтэй гээд хүүхэд асрах чөлөөг 2018 оны 3 дугаар сараас аваад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажилдаа орсон...Тухайн үед А бид хоёр хамт ажил дээрээ байж байхад 2017 оны 11 дүгээр сарын үеэр яг хэдний өдрийг нь сайн мэдэхгүй байна хүчингүй болох газар гарч байхад уг компани буюу Алтан Өргөө Эко ХХК-аас Н.Л гэх эмэгтэй ирээд газрынхаа эрхийг бусдад шилжүүлэх гэсэн юм аа. Хэнд шилжүүлэх талаараа өөрөө хэлээгүй бид нар ч гэсэн асуугаагүй. Н.Л нь ярихдаа газрын төлбөр хэдэн төгрөг болсон юм бэ гэхэд нь би уг газар нь төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаа явуулах журмаар олгогдоогүй учир мэргэжлийн хяналтаас албан шаардлага ирсэн. Уг шаардлагын дагуу хүчингүй болж байна, тийм учраас гэрчилгээ болон гэрээгээ хураалга гээд газар хүчингүй болгох мэдэгдлийг бичгээр өгөхөд Н.Л нь уг мэдэгдлийг аваагүй Засаг даргатай уулзана гээд гарсан. Н.Л нь өөрөө газар хүчингүй болсон талаар мэргэжлийн хяналтын байцаагч Наранцэцэгтэй ч уулзаж байсан мөн, Засаг дарга Энхбаяр нартай ч уулзаж байсан шүү дээ...” /1хх-ийн 30-31/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Гансүх мөрдөн байцаалтанд: Би Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргаар 2012-2016 оны хооронд ажилласан. 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр А/620 дугаартай захирамжаар “Алтан Өргөө Эко” ХХК-д Гүн бүрдийн ам гэх газарт 40 га газрын эзэмшүүлсэн байна. 2015 оны 11 сарын сүүлээр би яг хэн гэж хүн ирснийг сайн санахгүй байна. Нэг эмэгтэй ирээд газар өмчлөх тухай хүсэлт төсөл, тухайн аж ахуйн нэгжийн гэрчилгээ хуулбар зэргийг бичиг хэргийн ажилтнаар дамжуулан өгсөн байсан. Материалыг судалж үзэхэд материал нь бүрэн болохоор нь дээрх шийдвэрийг гаргаж “Алтан Өргөө Эко” ХХК-д Гүн бүрдийн  ам гэх газарт 40 га газрыг эзэмшүүлэх захирамж гаргаж өгсөн.  Уг газрыг 2017 оны 11 дүгээр сард аймгийн мэргэжлийн хяналтын газраас дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмаар авагдаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрх нь цуцлагдсан байсан. Би дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах журмын дагуу биш шууд олголтоор олгосон...” /1хх-ийн 32/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд “...2017 оны 12 дугаар сард байсан байхаа өдрийг нь сайн санахгүй байна, өвөл цас ихтэй байсан юм. Манай захирал Г.Д, Г.Б нар нь Төв аймаг руу газар үзнэ гээд нэг эмэгтэйн хамт дөрвүүлээ явсан. Урагшаа яваад Хөшигтийн хөндийн хойно буюу нисэх буудлын зүүн хойд талд эзгүй зэлүүд газар үзээд машин явах замгүй байсан тул цасанд суучих гээд явахын аргагүй байсан...Машинд явж байхдаа Г.Д, Г.Б нар нь тэр эмэгтэйгээс газар авах гэж байгаа бололтой юм ярьцгааж байсан...” /1хх-ийн 233-234/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.А мөрдөн байцаалтанд: “2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажлын байр болох Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотын гаалийн чанх харалдаа ард байрлах Транс капитал байрны 305 тоотод ажил дээрээ байж байхад 5 хүн ажил дээр ирээд гэрээ хийнэ гэсэн. Тэдгээр хүмүүсээс нэг хүнийг таньдаг байсан. Өмнө нь над дээр ирж нотариатын үйлчилгээ авч байсан нэрийг нь бүтэн санахгүй байна Даш-тай нэртэй хүн байсан. Даш нь хоёр найзтайгаа хамт явж байсан ба компанийн хувьцаа худалдаж авах гэсэн юм үүнтэй холбоотой гэрээ хэлцэл хийх гэсэн юм аа гэсэн. Худалдаж байгаа тал нь хоёр эмэгтэй байсан ба найз 2 эмэгтэй юм уу эгч дүү 2 юм уу гэж би харсан. Их дотно харьцаатай хүмүүс байсан. “Алтан Өргөө Эко” ХХК-ын улсын бүртгэлийн гэрчилгээ худалдаж байгаа болон худалдан авч байгаа талуудын иргэний үнэмлэхийг эх хувиар авч хувийн байдлыг тогтоож гэрээ хийхээр бэлдсэн. Компани шилжүүлж байгаа учраас дүрмийн дагуу хувьцааны үнэ хэд вэ гэхэд хоёр талаасаа 1.000.000 төгрөг гэж хэлсэн. Тэгэхээр нь би уг “Алтан Өргөө Эко” ХХК  дээр тусгай зөвшөөрөл бий юу газар эзэмшдэг үү бусдын өмнө хүлээсэн өр болон татварын өр бий юу компанид өөр ямар хөрөнгө байна вэ гэж асуухад худалдаж байгаа хоёр эмэгтэйн Н.Л нь надад хариулахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 40000 м2 газар эзэмших эрх байгаа гэсэн. Тэгэхээр нь газар эзэмших эрхийнх нь гэрчилгээг нь шаардахад өөрсдөө бэлнээр гаргаж өгсөн ба гэрчилгээн дээрээс нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаарыг харж гэрээн дээрээ тусгаж өгсөн. Тэгээд би газар эзэмших эрх уг компанид байгааг хараад өөрөө дотроо компанийг биш газар эзэмших эрхийг шилжүүлэхийн тулд компанийн хувьцааг худалдаж авч байгаа юм байна гэсэн бодол төрөөд худалдан авч байгаа талд буюу С.Ч, С.Чийг дагалдан яваа хүмүүст та нар газартай компани авч байгаа бол Төв аймгийнхаа Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газарт хандаад уг газар эзэмших гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа талаарх лавлагааг заавал аваарай гэж хэлсэн. Тэгэхэд зарж байгаа тал нь гэрээ гэрчилгээ бүх юм нь байгаа уг худалдаж авч байгаа тал нь найдвартай хүмүүс учраас бид хоёр лавлагааг аваагүй гэж хэлсэн. Би тэгэхэд нь мөн заавал аваарай иймэрхүү гэрээ эрсдэл дагуулдаг шүү гэж анхааруулсан. Худалдаж авч байгаа тал нь дандаа эрчүүд худалдаж байгаа тал нь хоёр эмэгтэй байсан. Намайг удаа дараа анхааруулж байхад уг 2 эмэгтэй болохоор нөгөө худалдаж авч байгаа талууддаа ямар ч асуудалгүй гэж хэлдэг байсан. Тэр 2 эмэгтэй ярихдаа лавлагаа авах гэтэл Засаг дарга хүмүүс нь байхгүй мөнгө төгрөгөө шилжүүлэхээс өмнө аваад өгчихнөө гэж хэлсэн. /1хх-ийн 235-236/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Л.Н.Л мөрдөн байцаалтанд “...Би газар хүчингүй болгох эрх бүхий шийдвэр гаргадаг хүн биш ээ тухайн газрыг нь хүчингүй болгосон эсэх талаар нь би өмнө мэдээгүй байсан. Хувьцаа худалдаж авсан хүнийг хүчингүй болсон байна гэхэд нь мэдсэн. Ганцхан манай компани биш Төв аймгийн мэргэжлийн хяналтаас 129 компанийн эрхийг цуцалсан байсан...”/1хх-ийн 45-46/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Л.Н.Л мөрдөн байцаалтанд “...гэхдээ эдгээр хүмүүс ямар нотлох баримтаар намайг Л.Нтэй бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Би газар зарсан биш компанийн хувьцаагаа шилжүүлж өгсөн байгаа. Би газар эзэмших эрх цуцалдаг хүн биш шүү дээ. Тухайн үед Сэргэлэн сумын Засаг дарга байсан Гансүх гэж хүн над руу 2019 оны 01 сарын 29-ний өдөр над руу яриад “газрын асуудал чинь надад хамаагүй би та нарыг танихгүй биз дээ “ гэсэн утгатай зүйл ярьж байсан. “Алтан Өргөө Эко” ХХК-ний хувьцааг дээрх хүмүүс их хурдан хугацаанд авч өгсөн учраас цаанаа өөр ямар ашиг сонирхолтой байсан. Мөн “Алтан Өргөө Эко “ХХК-г банкны барьцаанд тавьсан байж магадгүй” /2хх-ийн 95/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Л.Н мөрдөн байцаалтанд “ 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр би БНСУ-д магистрын зэрэг хамгаалчихаад Монгол Улсад ирсэн. 2018 оны эхээр байсан 1 дүгээр сард миний төрсөн эгч Н.Л намайг өөрийн ажил болох Монголын Залуучуудын Холбоон дээр байж байхад ганцаараа ирээд машин бариад өгөөч гэхээр нь тухайн үед би машин бариад байрлалыг нь сайн санахгүй Энхтайваны гүүрний хойд талд нэг байгууллагын оффист очсон. Ямар нэртэй байгууллагад очиж байгаагаа сайн мэдээгүй  мөн ямар хүмүүстэй уулзах гэж байгааг нь мэдээгүй би эгчээс энэ талаар асуугаагүй. Тэгээд эгч нэг эрэгтэй хүнтэй уулзаад юм ярьж байсан юуны талаар ярьж байгааг сайн анзаарч сонсоогүй би өөрөө хажууд нь утсаараа ярьж байсан. Би өөрөө утсаар их ярьдаг ажил хийдэг утсаар ярьж байгаад бид 2 гараад явсан. Би хэр удсанаа санахгүй байна. Энэ өдрөөс хойш хэдэн өдрийн дарааг нь би сайн санахгүй байна. Манай эгч намайг ажил дээрээ байж байхад нөгөө хүмүүс дээр очъё машин бариад өгөөч гэхээр нь би машин бариад сая ярьсан газраа очсон. Би энэ удаад мөн уг оффисын барилга руу нь орсон. Тэгээд өмнө нь ирж уулзсан залуутайгаа эгч уулзаад юм ярьж байгаад нэг хүн дуудаад дахиад нэг хүн орж ирээд тэр гурав юм яриад байсан. Би уг байгууллага дээр нийтдээ 2 удаа очсон. Эгч Н.Лг тэр 2 настай болов уу гэмээр ах нартай юм ярьж байхдаа нэг ах нь би хагас сайн өдөр ажилтай яаралтай гэрчилгээгээ Улсын бүртгэлийн газараас гаргаад өгөх хүн байна уу гэхэд нь би миний танилын танил хүн байгаа энэ хүнтэй холбоод өгье гэж би уг хүнтэй холбож өгсөн. Би өөрийн уг танил хүний утсыг утсан дээрээ Улсын бүртгэл гээд хадгалчихсан байсан. Тэр хүний дугаарыг би яаж хэнээс авснаа одоо санахгүй байна. Энэ улсын бүртгэл гээд хадгалчихсан байсан хүн цаашаа ярьж өгсөн байхаа. Энэ өргөдөл гаргасан гээд байгаа С.Ч гэх хүний тухайд хэлэхэд би Улсын бүртгэлийн ерөнхий газар руу машин бариад явж байхад манай машинд С.Ч гэх хүн нь суугаад явах замдаа би С.Чтой танилцсан. Би өөрөө МЗХ-ын БНСУ дахь Солонгосын залуучуудын холбооны тэргүүнээр 2 дэх жилдээ ажиллаж байгаа тэгэхэд С.Ч нь өөрийнхөө нэг найзыг БНСУ-руу явуулмаар байна тусалж дэмжээд өгөөч гэхээр нь би материалыг нь аваад ажил дээр ирвэл тусалж болох юм аа гэж хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа найзынхаа материалыг найзтайгаа хамт С.Ч нь манай гэрт авчирч өгсөн. Дараа нь би дутуу материал байнаа гэхэд манай ажил дээр авчирч өгсө.н Ийм л юм болсон би С.Чийг өөр байдлаар танихгүй...2018 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Токио хотноо болох Монгол орны хөгжил чуулганд өөрийн байгууллагын хамт олны хамт явах ёстой байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагаас явахыг хориглосон Би яагаад энэ асуудалд холбогдоод байгаагаа ойлгохгүй байна. /1хх-ийн 47/  гэх мэдүүлэг болон,

Алтан Өргөө Эко ХХК-нд холбогдох материалууд, Алтан Өргөө Эко ХХК-ний хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар /1хх-ийн 13/, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-ийн 19/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 86/, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1хх-ийн 102/, Компанийн хувьцаа худалдан худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 174/, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар /1хх-ийн 14/, Компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар /1хх-ийн 176/, Төв аймгийн Сэргэлэн сумын засаг даргын А/620 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /1хх-ийн 105/, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын А/645 дугаартай “Газар эзэмших захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн хуулбар /1хх-ийн 89/, Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /2хх-ийн 112-114/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор

Л.Н.Лгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 53/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 55/, Л.Нийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 58/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 40 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 61/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/ зэрэг болно. 

 

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт

Л.Н.Л, Л.Н нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр  хорооны нутаг дэвсгэрт байрлах “Вокзал”-ын  замын хойд талын нотариатчийн газарт иргэн Г.Б, Г.Д, С.Ч нарт “...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эзэмших эрхийг нь цуцалсан Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Гүн бүрдийн аманд байрлах “Алтан-Өргөө Эко” ХХК-ийн өмчлөлийн 40 га газрыг зарна хүчинтэй байгаа...” гэж итгүүлэн 133.600.000 төгрөгөөр худалдаж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын“...Н.Лгийн Хаан банкны 5076071580 дугаартай данс, Худалдаа хөгжлийн банкны 463001992 тоот 2 данс явуулсан. Энэ өдрийнх нь маргааш нь С.Чийн Чингис хаан банкны дансанд Г.Д 70.000.000 төгрөгийг, би 60.000 000 төгрөгийг, үлдэгдэл 3 сая орчим төгрөгийг С.Ч гаргаад уг данснаас 2 удаагийн гүйлгээгээр хувааж шилжүүлсэн...”

хохирогч Г.Дийн “...Н.Л, Л.Н нарт таньдаг хүн байгаа учраас хурдан шилжүүлээд өгнөө гэсэн. Ингээд С.Ч “Алтан Өргөө Эко” гэсэн компанийн нэр шилжсэн гэрчилгээг авчраад Г.Б бид 2 итгээд мөнгөө өгөхөөр болж 70.000.000, 70.000.000 сая төгрөг хувааж гаргаад уг мөнгөнөөс газрын төлбөрийг суутгаж аваад Н.Лгийн өгсөн гэх 2 дансанд Г.Б мөнгөө хувааж шилжүүлсэн...”

хохирогч С.Чийн “...Н.Л, Л.Н нар нь бичиг баримт шилжлээ гэж хэлээд Г.Б, Дащзэвэг нарт газар эзэмших гэрчилгээг аваачиж өгсөн байхаар нь 01 дүгээр сарын 12-ны өдөр Н.Лгийн Хаан банкны дансанд 70.000.000 төгрөгийг, мөн Н.Лгийнх нь Худалдаа хөгжлийн банкны дансанд 63.600.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн...”,

гэрч Б.Наранцэцэгийн “...Алтан Өргөө Эко ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/620 тоот захирамжаар Гүн бүрдийн аманд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 40 га газрыг газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэг дэх заалтуудыг зөрчиж олгосон байсан тул газар эзэмших эрхийг цуцлах тухай албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Сэргэлэн сумын засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан...”,

гэрч М.Агийн“...2017 оны 11 дүгээр сард Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас шалгалтыг хийж мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн албан шаардлагыг Сэргэлэн сумын Засаг дарга Энхбаярт хүргүүлж уг шаардлагын дагуу дээрх газрыг хүчингүй болгосон юм. ..би уг газрыг төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын албан шаардлагын дагуу Засаг даргын захирамжаар хүчингүй болсон талаар нь хэлэхэд хүмүүстэй буцаад уулзчихаад ирье гээд явсан...”

гэрч Б.Ууганцэцэгийн“...Уг шаардлагын дагуу хүчингүй болж байна, тийм учраас гэрчилгээ болон гэрээгээ хураалга гээд газар хүчингүй болгох мэдэгдлийг бичгээр өгөхөд Н.Л нь уг мэдэгдлийг аваагүй засаг даргатай уулзана гээд гарсан...”,                        

гэрч Б.Мягмарын “...Машинд явж байхдаа Г.Д, Г.Б нар нь тэр эмэгтэйгээс газар авах гэж байгаа бололтой юм ярьцгааж байсан...”,

гэрч О.Амартуяагийн“...уг “Алтан Өргөө Эко” ХХК  дээр тусгай зөвшөөрөл бий юу газар эзэмшдэг үү бусдын өмнө хүлээсэн өр болон татварын өр бий юу компанид өөр ямар хөрөнгө байна вэ гэж асуухад худалдаж байгаа хоёр эмэгтэйн Н.Л нь надад хариулахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 40.000 м2 газар эзэмших эрх байгаа гэсэн. ...Намайг удаа дараа анхааруулж байхад уг 2 эмэгтэй болохоор нөгөө худалдаж авч байгаа талууддаа ямар ч асуудалгүй гэж хэлдэг байсан..., гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

 

Хавтаст хэрэгт  бичгийн баримтуудаар Л.Н.Л нь “Алтан Өргөө Эко” ХХК-ийн хувьцаа эзэмшигч захирал гэх бөгөөд уг компанийн нэр дээр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/620 тоот шийдвэрээр Төв аймгийн Сэргэлэн сумын Гүн бүрдийн аманд 40м2 газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар олгосон 000320329 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ хэрэгт авагдсан байна. / 1хх- ийн 101/

Харин дээрхи газрын гэрчилгээ “...Алтан Өргөө Эко ХХК-д 2015 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн А/620 тоот захирамжаар Гүн бүрдийн аманд үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 40 га газрыг газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4 дэх хэсэг дэх заалтуудыг зөрчиж олгосон байсан тул газар эзэмших эрхийг цуцлах тухай албан шаардлага хүргүүлсэн. Үүний дагуу Сэргэлэн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/645 тоот захирамжаар газар эзэмших эрх нь цуцлагдсан...” гэж  гэрч Б.Наранцэцэг мэдүүлсэн байна. 

 

Гүн бүрдийн аманд 40м2 газрыг эзэмших гэрчилгээ хүчингүй болсныг тус компанийн захирал гэх Л.Н.Л мэдсэн болох нь гэрч Б.Ууганцэцэгийн“...Уг шаардлагын дагуу хүчингүй болж байна, тийм учраас гэрчилгээ болон гэрээгээ хураалга гээд газар хүчингүй болгох мэдэгдлийг бичгээр өгөхөд Н.Л нь уг мэдэгдлийг аваагүй засаг даргатай уулзана гээд гарсан...” гэсэн мэдүүлгээр тогтоогддог.

Гэтэл Л.Н.Л нь өөрийн төрсөн дүү Л.Нтэй бүлэглэж Төв аймгийн Сэргэлэн сумын Гүн бүрдийн аманд 40м2 газрыг эзэмших гэрчилгээ хүчингүй болсныг мэдсээр байж иргэн Г.Б, Н.Г.Д, С.Ч нарыг хуурч бодит байдлыг  нуух замаар тэднийг төөрөгдөлд оруулж  Г.Баас 60.600.000 төгрөг, Г.Дээс 70.000.000 төгрөг, С.Чоос 3.000.000 төгрөг буюу нэр бүхий хохирогч нараас нийт 133.600.000 төгрөгийг залилж авсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон.

 

Л.Н өөрийгөө энэ гэмт хэргийг Л.Н.Лтай бүлэглэж үйлдээгүй, эгчийнхээ гуйлтаар зөвхөн машиныг нь жолоодсон гэж мэдүүлж байна.

 

Л.Н.Л дээрх залилах гэмт хэргийг үйлдэхэд Л.Н өөрийн идэвхитэй үйлдлээр оролцож байсныг мэдүүлсэн хохирогч нарын  мэдүүлгүүд нь  энэ хэрэгт хамааралгүй хөндлөнгийн гэрч  О.Амартуяагийн“...намайг удаа дараа анхааруулж байхад уг 2 эмэгтэй болохоор нөгөө худалдаж авч байгаа талууддаа ямар ч асуудалгүй гэж хэлдэг байсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзнэ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэгт үйлдэгдэж төгссөн цаг хугацааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэж бичигдсэнийг шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нар болон шүүгдэгч нарын мэдүүлгээр бид компанийн эрх шилжүүлэх гэрээг нотариатаар 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хийлгэсэн боловч бид хоорондоо ярилцаж байгаад 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр огноолсон гэж мэдүүлцгээж байна.

Мөн прокурор яллах дүгнэлтэндээ нийт хохиролыг 133.000.000 гэж техникийн шинжтэй зөрүүтэй бичсэнийг шүүх 133.600.000 төгрөг гэж зөвтгөв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдах бөгөөд  Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож гэмт хэрэг үйлдэж төгссөн цаг хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөр, нийт хохиролын хэмжээг 133.600.000 төгрөг гэж зөвтгөн тэмдэглэв.

        

Эдгээрийг зөвтгүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй бөгөөд хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Нэгтгэн дүгнэвэл Л.Н.Л, Л.Н нарын бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Л.Н.Л өөрийн дансаар нийт 133.600.000 төгрөг  шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулсан байх бөгөөд бусдад учруулсан нийт 133.600.000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан их хэмжээний хохиролд хамаарна.  

 

Иймд шүүхээс, Л.Н.Л, Л.Н нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд нэр бүхий шүүгдэгч нарыг бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар  төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс, бүлэглэж бусдыг залилж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Л.Н.Л, Л.Н нараас нийт 133.600.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Л.Н.Лгаас нийт 66.800.000 төгрөг гаргуулж 35.000.000 төгрөгийг Г.Дт, 30.300.000 төгрөгийг Г.Бт, 1.500.000 төгрөгийг С.Чт олгох, Л.Нээс  мөн  66.800.000 төгрөг гаргуулж 35.000.000 төгрөгийг Г.Дт, 30.300.000 төгрөгийг Г.Бт, 1.500.000 төгрөгийг С.Чт олгохоор шүүх шийдвэрлэлээ.

 

Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс  “Л.Н.Л, Л.Н нарын хохиролыг төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж заасны дагуу ажлын 5 хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 8 цаг 30 минутанд үргэлжлүүлэхээр завсарлуулав. 

 

Шүүх хуралдаан товлогдсон цагтаа эхэлж хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч “бид хохиролдоо тооцож гурван өрөө байр, нэг автомашины хамт шилжүүлэн авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байна.

 

Энэ талаар хохирогч, шүүгдэгч талууд болон тэдгээрийн өмгөөлөгч нараас маргаагүй хэн аль нь хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн шүүхээс шүүгдэгч Л.Н.Л, Л.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч Л.Н.Л, Л.Н нарыг бүлэглэж бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүхээс, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзав.  

 

Л.Н.Л, Л.Н нар гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх...хүнийг нийгэмшүүлэхэд” орших бөгөөд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохиролоо төлж барагдуулсан шүүгдэгч нарт шүүхээс торгох ял оногдуулж,  оногдуулсан торгох ялыг  тэдгээрийн орлого олох боломжийг харгалзан хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Л.Нт оногдуулсан торгох ялаас түүний баривчлагдсан 2 хоногийг хасаж тооцох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                         ТОГТООХ нь:

 

1.  Н.Л, Л.Н нарыг бүлэглэн бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Л.Н.Л, Л.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүр арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Н.Л, Л.Н нарт оногдуулсан тус бүрийн 10.000.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Л.Нийн баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож Л.Нийн торгох ялыг 9.970.000  /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  Л.Н.Л, Л.Н нарт мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Л.Н.Л, Л.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ