Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00666

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын 5 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ОЛ61102577 регистрийн дугаартай, Борлууд овогтой Басангийн Сандагийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

            Нэхэмжлэгч Б.Сандаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчноор 1979 оноос 1992 он хүртэл ажиллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул ажилласан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Миний бие шүүх хуралдааны тов мэдсэн боловч миний зүрх өвддөг, даралт ихтэй бие муу байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Сандаг нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:  

          - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Басангийн Сандагийн 1979 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчноор ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,

         - Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн трактор-комбайны жолооны ангийн 1977-1978 оны анхны төгсөлтийн гэрэл зураг,

         - 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сагил сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Баярын бичиг”-т “Хүдэт нөхөр Б.Сандаг та МАХН-ын XIX их хурлын шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлж нөөц бололцоог дайчлах бензин шатахуун хэмнэх ажилд бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа явдлыг сайшааж баярын бичиг мөнгөн шагналаар шагнав” гэжээ,

          - 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сагил сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Аваргын диплом”-д: “Хүндэт нөхөр Б.Сандаг та хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвхи зүтгэл гаргаж төлөвлөгөөг 200 хувиар биелүүлж бахдам амжилт гаргасныг тэмдэглэж 1987 оны хаман боогчийн аварга цол, диплом, мөнгөн шагналаар шагнаж дурсгал болгов. Таны цаашдын ажилд их амжилт хүсье” гэжээ,

          - 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сагил сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрээс олгосон “Аваргын диплом”-д: “Хүндэт нөхөр Б.Сандаг та Монгол ардын хувьсгалт намын XIX-ын их хурал болон төв хорооны удаа дараагийн бүгд хурлын шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэн 1988 оны социолист уралдаанд авсан амлалт үүргээ амжилттай биелүүлж хадсан өвс хаман боох төлөвлөгөөг 179 хувиар биелүүлсэн тул сумын аварга хаман боогч цол олгож, диплом, мөнгөн шагналаар шагнав” гэжээ,

          - 1992 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Сагил сумын Ардын хурлын тэргүүлэгчид, Ардын хурлын гүйцэтгэх захиргаа, Ялалт нэгдлийн ерөнхий хорооноос олгосон “Баярын бичиг”-т: “Хүндэт нөхөр Б.Сандаг танд болон таны гэр бүл үр хүүхдэд билгийн тооллын XYI жаран усан мичин жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье. Та өнгөрөгч хонин жилд МАА-н үйлдвэрлэлд өөрийн хүч хөдөлмөр авъяас билгээ дайчлан ажилласан явдалд гүнээ талархал илэрхийлж баярын бичиг мөнгөн шагналаар шагнаж дурсгав. Төр нийгэм эдийн засгийн шинэ тогтолцооны үед улам эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөе” гэжээ,

         - 1991 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Сагил сумын Ардын хурлын тэргүүлэгчид, гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Ялалт нэгдлийн ерөнхий хороо, Монгол ардын хувьсгалт намын үүрээс олгосон “Диплом”-д: “Хүндэт нөхөр Б.Сандаг та хадлан тэжээл бэлтгэх ажилд идэвхи зүтгэлтэй ажиллаж өвс преслэгчийн төлөвлөгөө нормоо 105 хувиар биелүүлснийг өндрөөр үнэлж сумын аврага “Преслэгч” цол мөнгөн шагналаар шагнаж дурсгал болгов. Таны гэр бүлд сар шинийн баярын мэнд дэвшүүлье” гэжээ,

          - 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сагил сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Ялалт нэгдлийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон “Диплом”-д: “Хүндэт нөхөр Б.Сандаг та Монгол ардын хувьсгалт намын удаа дараагийн бүгд шийдвэр, МАА-ын материаллаг баазыг бэхжүүлэх арвин их хадлан тэжээл бэлтгэх ажилд өдөр бүрийн нормоо 179 хувиар биелүүлж амжилт гаргасан явдлыг талархаж 1989 оны аварга хаман боогчоор шалгаруулж диплом мөнгөн шагналаар шагнав” гэжээ,

          - Гэрч А.Ганхуягийн: “Б.Сандаг нь 1979 оноос эхлэн 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Би 1974 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ерөнхий нягтлангаар ажиллаж байсан учраас ажилчдаа сайн мэднэ. Мөн би 1993 оноос сумын төрийн сангийн төлөөлөгчөөр 2003 он хүртэл ажилласан. Б.Сандаг нь тракторын жолоочоор ажиллаж байсан учраас Ялалт нэгдлийн бүхий л хүмүүс мэднэ. Тэрээр нэгдлийн малчдыг нүүлгэх, өвс тэжээлийг нь бэлгэж айлуудад хүргэх гэх мэтийн үйлчилгээний ажлуудыг хийдэг байсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Нацагдорж, Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,  

        - Гэрч М.Оргодолын: “Би 1976 оноос 1980 оныг хүртэл хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тооцооны нягтлангаар, 1980 оноос 1984 онд Зүүнговь сумын сургуулийн нягтлангаар, 1984 оноос 1992 он хүртэл хугацаанд Сагил сумын санхүүгийн тасгийн нягтлан даргаар, 1992 оноос 2002 онд хүртэл сумын туслах нягтлангаар тус тус ажиллаж байсан. Б.Сандаг нь 1979 оноос эхлэн Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажилд орж байсан. Нэгдлийн өвс тэжээл хадах, өвс прэслэх, малчдад хүргэх, түлээ түлш бэлтгэж хүргэх, малчдын нүүдэл суудлын ажилд явах гэх мэтийн ажлуудыг хийдэг байсан. Тэр үед машин тэрэг байхгүй, нэгдлийн бүхийл ажилд трактороор явдаг байсан. Б.Сандаг нь ажилдаа сайн, идэвхи зүтгэлтэй сайн ажилчин байсан учраас баярын бичиг болон сайшаалын үнэмлэх мөнгөн шагналаар шагнагддаг байсан. Б.Сандаг нь мөн сумын аварга хадланч болж байсан. Ялалт нэгдлийн хадлангийн механикжсан салаа нь 1987, 1988 онуудад аймгийн аварга болж байсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Нацагдорж, Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

         - Гэрч А.Ганхуяг, М.Оргодол нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.

            Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Б.Сандагийн 1979 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд тракторчноор ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Сандагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Басангийн Сандагийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1979 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор 13 /арван гурав/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Сандагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА