Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00634

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь *******ын хамт *******-тай 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай авч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлж дуусгахаар тохиролцсон.

 

1.2. Бид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарсан, нөхөр ******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу хамгийн сүүлд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний ******* тоот данснаас 100,000 төгрөгийг суутган авсан. ******* нь хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 200,123 төгрөгийн зээлийг өөрийн ******* тоот данснаас төлсөн ба энэ өдрөөс хойш иргэн ******* нь зээл төлөөгүй.

1.3. ******* нь миний ******* дахь ******* тоот дансанд шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжгүйгээр барилт хийж, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэс таван толгойн ногдол ашиг 205,165 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 79,949 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 74,747 төгрөгийг тус тус суутган авсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан, энэ өдрөөс хойш ******* нь шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд нэхэмжлэл гараагүй.

Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил, 9 сарын дараа ******* нь 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний *******ны ******* тоот дансанд орж ирсэн 23,550,000 төгрөгөөс 20,385,542 төгрөгийг суутган авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан боловч миний бие *******-д хүү төлөх, баталгаа гаргах зэрэг үйлдэл хийгээгүй.

1.4. Зээлийн гэрээ 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан байхад шүүхэд хандаагүйн улмаас 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зээлийн дансны хуулгаар зээлийн хүү зогсолтгүй явсаар 11,524,921 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,242,791 төгрөг, зээл төлөлт 7,617,829 төгрөг, нийт 20,385,542 төгрөг гэж хуримтлагдсан байна. Хэрэв шаардах эрхээ хэрэгжүүлж, хуульд заасан хугацаанд шүүхэд хандсан бол зээл болон зээлийн хүү зэрэг нь шүүхэд хандсан өдрөөс эхлэн зогсох байсан ба 20,385,542 төгрөг хүртэл бодогдохгүй байсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. ******* нь зээлдэгч *******, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нартай 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14,500,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай олгосон. Нэмэлтээр зээлдэгч нар нь 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 12,407,870 төгрөг дээр 100,000 төгрөгийн зээл буюу нийт 12,507,870 төгрөгийн цалингийн зээлийг сарын 36 сарын хугацаатай жилийн 19,2 хувийн хүүтэйгээр, 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 11,686,269.59 төгрөг дээр 8,000,000 төгрөгийн зээл буюу нийт 19,686,269.59 төгрөгийн цалингийн зээлийг 49 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,583,614.73 төгрөг дээр 5,416,385 төгрөгийн зээл буюу нийт 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 49 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр тус тус авсан.

2.2. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна. Хууль болон хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлснийг хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчээс гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 20,385,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 259,878 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 259,878 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхээс хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас зээлийн төлбөрийг гаргуулан авсан нь хууль болон гэрээнд нийцээгүй гэж үзсэн үндэслэлээ зээлийн гэрээний төлөлттэй холбоотой мэдээллийг хамтран зээлдэгчид хүргүүлээгүй, зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүссэн ч хэрэгжүүлээгүй, зээлийн төлбөрийг суутган авах заалт нь гэрээний хугацаанд болон хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжинэ гэж тайлбарлан шийдвэртээ тусгасан байна. Энэ дүгнэлт нь хэргийн бодит байдал болон хуульд нийцээгүй.

******* гэрээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд зээлийн хүү, хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг тусгасан. Үүнд зээлдэгч талаас хүсэлт гаргаагүй тохиолдолд банк өөрийн санаачилгаар талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, эргэн төлөлтийн мэдээллийг хамтран зээлдэгчид хүргүүлэх хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй болно.

4.2. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан байтал цуцлах үндэслэлийн талаар бичсэн, гэрээг цуцлах яг ямар үндэслэлийг хэлж байгаагаа шийдвэртээ тодорхой тусгаж тайлбарлаагүй нь ойлгомжгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээр дурдсан талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн хуулийн хүчин төгөлдөр гэрээ юм. Ийнхүү талуудын хооронд байгуулсан хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр талууд харилцан тохиролцсон төлбөрийн нөхцөлийг гэрээний хугацаанд, хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжих ёстой гэж үзсэн нь хуульд нийцээгүй.

4.3. Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааны талаар шийдвэртээ товч дурдсан боловч нэхэмжлэгч болон хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаан бүхий байсаар байтал хуулийн үндэслэл бүхий дүгнэлт огт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн журмаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох агуулгатай ойлголт бөгөөд харин гэрээг дуусгавар болгох, гэрээний үүрэгт шууд нөлөөлөхгүй.

4.4. Шүүхээс "...стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гээд ...гэрээний 3.2.1-д зааснаар тохиролцсон гэх санал нь ямар нэгэн хязгаарлалтгүй үргэлжилнэ гэж ойлгох, хэрэглэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн. 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээний 3.2-т Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараах зөвшөөрлийг банканд энэхүү гэрээгээр олгосон бөгөөд цахим бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд:

4.5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2-т заасныг үндэслэн ...зээлийн гэрээний үүргийг зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчээс нэхэмжлээгүй атлаа шүүхийн бус журмаар, гэрээнд заасан гэх үндэслэлээр шууд суутгасан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэж буруу дүгнэсэн. Дээрх хуулийн заалтуудын дагуу үүрэг дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үлэмж маргаантай нөхцөл байдал хэрэгт үгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна.

4.6. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эгүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ гэж, 26.2 дахь хэсэгт Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Мөн 2017 оны зээлийн гэрээний 6.5-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлснээр гэрээ дуусгавар болно гэж заасны дагуу зээлийн гэрээний хүчинтэй байдал хэвээр гэж тайлбарлаж маргаан үүсгэдэг. Гэтэл тус гэрээний 6.1-д зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасан. Банкны зээлийн гэрээний 6.6-д гэрээний 6.1.1-д заасныг хэрэгжүүлээгүй зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш 3 жил 9 сарын дараа зээлийн гэрээний 6.5-д зааснаар зээлийн гэрээний хүчинтэй байдал хэвээр гэж маргаж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

5.2. Хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн журмаар шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болохоос гэрээг дүгнэх, гэрээний хугацааг дуусгавар болгоход нөлөөлөхгүй гэж тайлбарласан. Гэтэл гэрээний зүйлийн 6.1-д зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг хугацаанаас нь өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заасныг банк хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарласан гэж ойлгосон. Иргэн, байгууллага зээлийн төлбөрөө төлөхгүй бол банк 2-3 удаа мэдэгдэл хүргүүлж зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандах ёстой гэж би ойлгосон.

5.3. Намайг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 270,000 төгрөгийг дансандаа зээл төлөх хэлбэрээр хийсэн гэдэг. Тухайн үед Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгодог 1,072 хувьцааны ногдол ашиг миний дансанд орсон. Үүнийг автоматаар зээлийн төлбөрт суутгаж авсан ба зээл төлсөн, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж маргадаг. Тухайн үед энэ дансыг ашигладаггүй байсан. Ийм асуудал байгаа гэдгийг мэдсэн бол 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Payon гэх аппликейшнаас 23,000,000 төгрөгийн зээл авч, *******ны дансанд хийж байршуулах байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Би муу зээлийн түүхтэй, миний *******ны дансанд барилт хийснээр өөр банкнаас зээл авах боломжгүй болсон. Муу зээлийн түүхтэй хэвээрээ хаагдсан тул зээлийн зэрэглэлийг засах боломжгүй. Өнөөдрийн байдлаар 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хууль бусаар суутгаж авсан 23,000,000 төгрөгийг 6 сар төлсөн байхад үлдэгдэл нь 21,000,000 төгрөг гэж явдаг. Үүнийг өөр банкнаас зээл авч шийдвэрлэе гэхээр ямар ч боломжгүй. Цаашид амьдрах аргагүй болтол ******* хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Зээлийн гэрээний 3.1.2-т зааснаар мөнгийг шууд суутган авч байгаа нь үндэслэлгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад үндэслэлгүйгээр зээлийн гэрээнээс хэт давсан төлбөрийг суутгасан гэж үзэж шүүхэд хандсан.

5.4. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасныг давж заалдах гомдолд дурдсан байдаг. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй байна. Учир нь анх нэхэмжлэх гаргаснаар *******-аас надад мэдэгдэх хуудас ирүүлэхэд шүүхэд хандсан зүйл байгаагүй. Иргэний хуулийг сайн мэдэхгүй, гэхдээ хар ухаанаар бодоход *******-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх зээлийг үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас гаргуулж шийдвэрлээгүй хэр нь шүүхийн бус журмаар гэрээнд заасан үндэслэлээр суутгасан гэж тайлбарласан нь нэхэмжлэгчийн эрх зөрчсөн үйлдэл бөгөөд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал,

2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Нөхөр *******ын хамт *******-тай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай зээлсэн. Гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс тусдаа амьдарсан, нөхөр ******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дууссан, энэ өдрөөс хойш ******* нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Гэтэл зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр миний *******ны ******* тоот дансанд орж ирсэн 23,550,000 төгрөгөөс 20,385,542 төгрөгийг суутган авсан нь үндэслэлгүй тул дээрх мөнгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан бол, /хх.1/

2.2. Хариуцагч нь ...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл ба эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох гэрээнд хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байна. Хууль болон хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр гэрээний үүргээ биелүүлснийг хууль зөрчсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тус тус маргажээ. /хх.29/

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. ******* болон *******, ******* нар 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 14,500,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай; /хх.53-55/

-2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр *******-1 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 12,407,870 төгрөг дээр 100,000 төгрөгийн зээл буюу нийт 12,507,870 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай; /хх.56-58/

- 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, өмнөх зээлийн үлдэгдэл 11,686,269.59 төгрөг дээр 8,000,000 төгрөгийн зээл буюу нийт 19,686,269.59 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 49 сарын хугацаатай; /хх.59-61/

-2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЗГ******* тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 9,583,614.73 төгрөг дээр 5,416,385 төгрөгийн зээл буюу нийт 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй тус тус зээлж авсан. /хх.33-35/

4.2. *******, ******* нар 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчид бөгөөд үндсэн зээлдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас барсан. /хх.51-52/

4.3. Нэхэмжлэгч *******ийн ******* дахь ******* тоот дансанд 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орсон 23,550,000 төгрөгөөс зээлийн төлөлт гэх утгаар 20,385,542 төгрөгийг суутган авч, *******ын зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан. /хх.15, 18, 47/

Зохигчид зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн дараа хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас зээлийн үлдэгдэл төлбөрийг суутган авсан нь үндэслэлтэй эсэхэд маргажээ.

5. Дээр дурдсан зээлийн гэрээнээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Өөрөөр хэлбэл, банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасан.

******* болон *******, ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь тухайн гэрээнд хамтран үүрэг хүлээхээр тохиролцсон байх ба үүнийг зээлийн гэрээний 4.3-т Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж, мөн гэрээний 5.1.2, 5.1.7 дахь хэсэгт зааснаар банк нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг банк дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн хэнээс нь ч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй талаар тохиролцжээ.

Үүний дагуу *******ийн ******* дахь ******* тоот данснаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд зээлийн төлбөр суутган төлүүлж байсан нь *******ын зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

5.2. Түүнчлэн, зээлийн гэрээний 7.1-д Зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүг банкинд төлнө. гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болсон нь дээрх хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч *******ийг зээлийн гэрээний дагуу төлөгдөх үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

5.3. Нөгөөтэйгүүр, гэрээний 3.2, 3.2.1 дэх хэсэгт зааснаар банк хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас зээлийн төлбөрийг суутган авах ба энэхүү гэрээгээр олгосон зөвшөөрлийг дахин бичгээр авах шаардлагагүй гэж заасныг анхан шатны шүүх гэрээний стандарт нөхцөлд хамаарах бөгөөд уг санал нь ямар нэгэн хязгаарлалтгүй үргэлжилнэ гэж ойлгож, хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт нийцээгүй.

Учир нь, стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2, 3.2.1 дэх заалтууд нь ойлгомжтой илэрхийлэгдсэн бөгөөд үүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах шаардлага үүсээгүй.

5.4. Иймд хариуцагч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчийн данснаас 20,385,542 төгрөгийг суутган авсныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч хууль болон гэрээнд заасны дагуу суутгал хийснийг Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.

6. Түүнчлэн шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг хэргийн баримтад тулгуурлан, зөв дүгнээгүй байна.

6.1. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан бөгөөд *******, ******* нарын *******-тай байгуулсан зээлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дууссан байх ба шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дуусах байжээ.

Гэвч нэхэмжлэгч ******* нь ******* дахь ******* тоот данснаас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 270,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 79,949.53 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 74,747.54 төгрөгийг тус тус зээлд төлсөн. /хх.14-15/

6.2. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зааснаар *******ийн данснаас зээлийн төлбөр дээрх хугацаанд төлөгдсөнөөр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалджээ.  

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн төлөлт хийсэн тул энэ өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа шинээр тоологдох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй... гэх давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,878 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Н.ГЭРЭЛТУЯА