Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 443

 

              Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч Б.М, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,

шүүгдэгч З.Г, Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

  1. Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Дулааны 0 дүгээр цахилгаан станцад засварчин ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 0 дугаар хороо 00 дугаар хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж 00 дугаар байрны 0 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:0000000/  З.Г.

 

  1. Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, Дулааны 0 дүгээр цахилгаан станцад гагнуурчин ажилтай, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо 0 дүгээр  баазын 0 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000000/,  нарт холбогдох эрүүгийн 00000000000 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

З.Г, Э.М нар нь бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майя” нэртэй пабад маргааны улмаас Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч З.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Энэ асуудал Б.Мын буруутай агсарсан үйлдлээс болж гарсан. Би өөрийн гэм бурууг зөвшөөрч байгаа. Харин хохиролын хувьд баримтын дагуу л төлнө гэв.

 

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй.  Баримттай хохиролыг  төлнө гэв.

 

Хохирогч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: Би тухайн өдөр 10 дугаар хорооллын пабад найзтайгаа цуг орсон. Хэсэг сууж байгаад бид хоёр юм захиалж авах гэснээ болиод гаръя гээд манай найз түрүүлээд такси барьж байя гээд гарсан. Би араас нь гарах үедээ хэсэг сууж байсан хүмүүс дээр очоод та нар олон нийтийн газар ямар чанга ярьдаг юм бэ гэж хэлэхэд эхлээд З.Г гээд ах босож ирээд намайг цохисон. Дараа нь Э.М нь босож ирээд намайг шууд цохисон. Би сандал дээр суугаад цусаа гоожуулаад байж байхад манай найз орж ирээд юу болов гээд гадаа гарсан. Гадаа байхад цагдаа нар ирсэн. Хамар хугараад хажуу тийшээ болчихсон байсан. Тухайн үед “ЭМЖЖ” эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэхэд 2500.000 төгрөгний төлбөртэй гэж тэр эмнэлэг хэлж байсан. Одоогоор хамраа  эмчлүүлэх шаардлагатай байгаа.  Хэрэгт байгаа 128000 төгрөгийн баримттай зардлаа нэхэмжилнэ.  Цаашид хамраа янзлуулах эмчилгээний 2.500.000 төгрөг болон ажилгүй байсан хугацааны 600.000 төгрөгийн цалингаа нэхэмжилнэ. Одоогоор цалинтай холбогдох шүүхэд гаргах баримт алга байна. Гомдолтой байна гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.М мөрдөн байцаалтанд:2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 00 цагийн үед “Майя” нэртэй караокед найз Соронзонхуягийн хамт орж суусан. Суухдаа бид жаахан согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. “Майя” гэдэг газар их дуу чимээтэй байсан учир гарахаар болоод үүдэнд хаалганы тэнд 2 дахь ширээнд сууж байсан хүмүүсийн хажуугаар гарахдаа та нар  жаахан чимээгүй байж болох уу хүмүүс байна ш дээ гэхэд наад талд нь сууж байсан өөрийгөө багш гэх надаас нэг их  өндөр биш залуу босож ирээд шууд нүүрэн тус газар 3-4 удаа цохиж би зайгаа аваад нөгөө талынх нь ширээн дээр суугаад цусаа арчтал манай найз түрүүлээд гарсан байж байгаад буцаж орж ирээд юу болох гээд нөгөө залуустай муудалцсан. Гурван эрэгтэй нэг нь эмэгтэй байсан.  40-45  орчим насны 170 см өндөртэй махлагдуу, нэг нь 180 см өндөртэй шар царайтай, нүдний шилтэй хүн байсан. Нөгөө нь бас шар царайтай жаахан  намхан махлагдуу залуу байсан. Намайг хөгшин эрэгтэй нь 3-4 удаа нүүрэн тус газар цохиж зодсон. Нөгөө хоёрын нэг нь миний нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Миний хамарнаас цус гоожсон. Би гомдолтой байна. Хамраа эмчлүүлнэ. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.М дахин байцаалтаар “...Э.М, З.Г гэж хоёр хүн энэ гэмтлүүдийг миний биед учруулсан.  Энэ хоёр хүн хоёулаа гараараа миний нүүр хамар руу цохисон. Тэр паабын хариуцаж ажиллуулж байсан хүн харсан байх. Эмчилгээ хийлгээгүй. Э.Мтай хамт 1 дүгээр эмнэлэг орж хамраа тэгшлүүлсэн. 120.000 төгрөгийг Э.М өгсөн. Бас эмийн сангаас эм авч өгсөн хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна. Одоо цаашид Эм Жи Жи эмнэлэг дээр 2.500.000 төгрөгөөр хамрын хагалгаанд орох шаардлагатай байна. Ажилдаа хоёр долоо хоног яваагүй. Нийт 600.000 төгрөгийн цалин нэхэмжилж байна. /хх-ийн 28/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1949 дугаартай дүгнэлтэнд: Б.Мын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дотор булан,  доод зовхинд цус хуралт, хамар, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21/ гэжээ.

 

Шинжээч эмч Б.Ганзориг мөрдөн байцаалтанд: Б.Мын биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт  гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэг мөн зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, цус хурал гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Хамар, баруун бугалганд зулгаралт гэмтэл нь  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.О мөрдөн байцаалтанд: Тухайн өдөр хамт ажилладаг З.Г, Э.М нарын хамт орой 21 цагийн орчимд пабад ороод 0,75 литрийн архи 5 шил авч хувааж ууцгаасан. Бас хоол идсэн. Нэлээд сууж байгаад гарах гээд юм яриад сууж байтал хажуугаар нилээн согтуу нэг залуу явах шиг болсон тэр залуу хажуугаар явахдаа пизданууд минь та нар дуугүй байцгаагаач гэх утгатай зүйл хэлсэн чинь З.Г ах босоод чи олон нийтийн газар явж байж юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгээд тэр залуутай маргалдсан тэр залуу З.Г ахыг хөгшин  пизда гэх зэргээр доромжилсон. Тэгтэл Э.М босож очоод чи муу ахыг юу гэж хэлж байгаа юм хөгшин хүнтэй ингэж харьцаж болохгүй гэж хэлээд Э.М тэр залуутай нэлээн маргалдсан. Тэгээд байж байтал тас гээд нэг цохих шиг болсон. Тэгтэл тэр З.Г ах Э.М хоёртой маргалддаг залуугийн хамраас нь цус гарсан байсан. Би босож очоод Э.М, З.Г ах хоёрыг болиулсан. /хх-ийн 63/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Э.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажил оройны 20 цагийн үед тараад ажлын ах З.Г, найз А.О нарын хамт 10 дугаар хорооллын туслах зам дагуу байрлах “Майя” гэх нэртэй пабад орсон. Тэгээд ороод хоол идчихээд А.О бид хоёр 0,5 литрийн архи авч уусан. З.Г ах 4 лааз пиво авч уусан тэгээд юм ярьж суусан.  Авсан архи, пивоо дуусгачихаад гарах болоод тооцоо хийх гээд сууж байтал гаднаас 2 залуу орж ирснээ бид нарын баруун талын ширээнд суусан. Удалгүй тэр 2 залуугийн нэг нь та нар яасан чанга ярьдаг юм шуугилдаад хаана байгаагаа мэдэж байна уу гэж байснаа манай ширээн дээр хүрээд ирсэн. Ирснээ З.Г ах руу дайраад чи пизда минь хөгшин юм байна гарын ая даахгүй гэж хэлсэн тэгээд та нар хаана байгаагаа мэдэж байна уу гээд орилоод байхаар нь З.Г ах босоод тэр залууг 2-3 удаа алгадсан. Тэр хоёр муудалцаад үүд рүү гарах гэхээр нь би хойноос нь очоод тэр залууд чи аав шигээ хүнтэй яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь намайг түлхэхээр нь би тэр залуугийн цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон.  /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр З.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр орой 20 цагийн үед ажил тараад ажлын газрын дүү Э.М, А.О нарын хамт 10 дугаар хорооллын “Майя” пабад орсон. Ороод 1 шил архи захиалаад уугаад сууж байгаад дуусаад тооцоогоо хийх гэж байтал гаднаас хоёр залуу орж ирснээ хажуу ширээнд сууж байснаа бид нарын ширээн дээр ирээд та нар дуугүй байцгаа гэж орилсон. Тэгэхээр нь би тэр залууд бид нар юм ярьж байна чи өөрөө чимээгүй болчих гэсэн чинь өөдөөс юм яриад байхаар нь би чам шиг дүү нартай чи дуугүй бай яв гэсэн чинь хөгшин минь чи дуугүй бай би чамайг шоронд суулгана шүү гэхээр нь би босож ирээд чи хэн юм гээд  нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгтэл хажуу талаас манай ажлын дүү Э.М босож ирээд тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Би нүүр рүү нь 2 удаа алгадсан, Э.М нүүр рүү нь 1 удаа цохисон. /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Э.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 34/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 35/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41/, шагнал урамшууллын хуулбар /хх-ийн 65/

З.Гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 39/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 43/, шагнал урамшууллын хуулбар /хх-ийн 44/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/   зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч нарын  гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

З.Г, Э.М нар  бүлэглэж 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Майя” нэртэй пабад маргааны улмаас Б.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:   

хохирогч Б.Мын“...Намайг хөгшин эрэгтэй нь 3-4 удаа нүүрэн тус газар цохиж зодсон. Нөгөө хоёрын нэг нь миний нүүр рүү 1 удаа гараараа цохисон...” /хх-ийн 9/,

гэрч А.Оийн“...Тэгээд байж байтал тас гээд нэг цохих шиг болсон. Тэгтэл тэр З.Г ах Э.М хоёртой маргалддаг залуугийн хамраас нь цус гарсан байсан...” /хх-ийн 63/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1949 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар Э.Мгийн“...З.Г ах босоод тэр залууг 2-3 удаа алгадсан тэр 2 муудалцаад үүд рүү гарах гэхээр нь би хойноос нь очоод тэр залууд чи аав шигээ хүнтэй яах гээд байгаа юм гэж хэлсэн чинь намайг түлхэхээр нь би тэр залуугийн цээжин тус газар нь гараараа нэг удаа цохисон...”  /хх-ийн 29/,

З.Гийн“...би босож ирээд чи хэн юм гээд  нүүр рүү нь 2 удаа алгадсан тэгтэл хажуу талаас манай ажлын дүү Э.М босож ирээд  тэр залуугийн нүүр рүү нэг удаа цохисон. Би нүүр рүү нь 2 удаа алгадсан, Э.М нүүр рүү нь 1 удаа цохисон...” /хх-ийн 32/ гэж мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь давхар батлагдаж нотлогдож тэдгээрийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.  

 

Улсын яллагчаас Э.М, З.Г нарыг бүлэглэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Прокуророос Э.М, З.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул  Э.М, З.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулах гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

Хохиролын хувьд хавтаст хэргийн 70 дугаар талд авагдсан нийт 128.000 төгрөгийн баримт нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн тус бүр 64000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шүүх шийдвэрлэлээ.  

 

Харин хохирогч Б.Мын нэхэмжилж буй цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон цалин хөлсний зардлыг энэ шүүх хуралдаанаар тооцоолон гаргах бололцоогүй байх тул эдгээртэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэж учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.М, З.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байна.

Э.М, З.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдаж байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч З.Г, Хутаг-Өндөр овогт Элбэгзаяагийн Э.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М, З.Г нарыг тус бүр найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000  төгрөгрөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.М, З.Г нарт тус тус мэдэгдсүгэй.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.  

 

  1. Э.М, З.Г нараас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар тус бүр 64000 төгрөг гаргуулж хохирогчид нийт 128000 төгрөг олгосугай.

 

  1. Хохирогч Б.М нь цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М, З.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                 

 

                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ц.ДАЙРИЙЖАВ