| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00643/и |
| Дугаар | 00667 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 00667
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 64-952 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОЭ56120119 регистрийн дугаартай, Зуутраг овогтой Дүгэрийн Рагчаажавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Рагчаажав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1956 онд Увс аймгийн Давст суманд төрсөн. Би 1980 оноос эхлэн Увс аймгийн Улаангом сумын Усны аж ахуйн барилга угсралтын трестэд гидрогеологич инженерээр 1992 он дуустал хугацаанд ажилласан юм. Тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон тул бичиг баримтаа бүрдүүлэхэд Усны аж ахуйн барилга угсралтын трестэд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул танай шүүхэд хандаж байна. Иймд миний Усны аж ахуйн барилга угсралтын трестэд 1982 оны 1 дүгээр сараас 1992 он дуустал гидрогеологич, хайгуулын инженерээр ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү. Би өөрийн эрүүл мэндийн шалтгааны улмаас Улаанбаатар хот руу яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байна. Иймд намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Рагчаажав нь Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд 1982 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд, “Их нуур” хувьцаат компанид 1992 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус гидрогеологич, хайгуулын инженерээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Дүгэр овогтой Рагчаажавын 1982 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Усны аж ахуйн газарт ажилчин, инженерээр ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 41 дугаартай “Ажилд авах тухай” тушаалд: “ХААХҮ-ийн удирдах газрын даргын тушаал №23-аар Баруунтурууны сангийн аж ахуйгаас шилжүүлж ирүүлсэн гидротехникч инженер Ц.Самбууг услалтыг системийн инженерээр ажиллуулахаар тушаах нь Ц.Самбуу, Ж.Зумбан нарын ажил хүлээлцэх комисст Х.Очирбат, Т.Цэвэгмэд, Д.Рагчаажав нарыг томилсугай. Дарга Д.Саманд” гэжээ,
- Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1989 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Трестийн зөвлөлийн гишүүд, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн хамтарсан хурлын протоколд үндэслэн тушаах нь Д.Хишигтогтохыг 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн гидрогеологич инженерийн ажлаас чөлөөлж хайгуулын инженерээр ажиллуулсугай. Д.Рагчаажавыг мөн өдрөөс эхлэн гидрогеологич инженерээр томилсугай. Дарга Д.Саманд” гэжээ,
- Увс аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын трестийн даргын 1991 оноы 12 дугаар сарын 10-ны өдрийн 103 дугаартай “Буцалтгүй тусламж үзүүлэх тухай” тушаалд: “Тус трестийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Рагчаажавын эцэг нь удаан хугацаагаар хүнд өвчтэй хэвтэрт байж байгаад нас барсан тул зөвлөлийн хурлын шийдвэр үндэслэн тушаах нь Д.Рагчаажавт нэг удаагийн буцалтгүй тусламж 500 төгрөг олгосугай. Дарга Д.Саманд” гэжээ,
- Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “Төсөл хэлэлцэх тухай” тогтоолд: “Өмч хувьчлалтын комиссын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар тогтоох нь: Усны аж ахуйн трестийн 5596102 төгрөгний дүрмийн сантай “Их нуур” хувьцаат компани. 525,0 мянган төгрөгний дүрмийн сантай “Ус эрдэнэ” ББХКомпани байгуулах хувьчлалын төслийг зөвшөөрсүгэй. ... Дарга Р.Цэвээн, нарийн бичгийн дарга С.Баяртсайхан” гэжээ,
- Монгол улсын Батлах хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дугаар 000006992 тоот “Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа”-нд: “Дүгэрийн Рагчаажав Батлах хамгаалах яамны сайдын 1977 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн н/122 дугаар тушаалаар Дархан хотоос 1977 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 321167 дугаарын цэргийн батлахтай халагдсан байна. Архивын лавлагаа гаргасан архивч-оператор Б.Болормаа” гэжээ,
- Гэрч Д.Алтанпүрэвийн: “Би Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд 1971 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 он хүртэл мастер жолоочоор ажиллаж байсан. Д.Рагчаажав нь 1980 оноос эхлэн тухайн трестэд гидрогеологич инженэрээр 1992 оныг дуустал ажилласан. Ажилдаа маш сайн залуу байсан. Баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан. 1993 оноос Ус-Эрдэнэ ХХК-д ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжисэн. Би Шнек хайгуулын бригадад мастераар ажиллаж байхад Д.Раднаажав нь инженерээр ирж ажиллаж байсан учраас би сайн мэдэж байна. Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргаар н.Авирмэд, н.Дагван, Д.Саманд гэх хүмүүс ажилласан. 1992 онд Усны аж ахуйн Барилга угсралтын трест нь “Их нуур” ХХК болж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч М.Уламбаярын: “Би Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд 1971 оноос эхлэн 1994 он хүртэл жолоочоор ажиллаж байхад Д.Рагчаажав нь 1980 оноос манай байгууллагад гидрогеологич инженэрээр 1992 оныг дуустал ажилласан. Би жолооч нь учраас ажилчидаа сайн мэднэ. Тэрээр ажилдаа сайн, Баярын бичиг, сайшаалын үнэмлэх гэх мэтийн шагнал урамшуулал авдаг байсан. 1992 онд Усны аж ахуйн Барилга угсралтын трест нь “Их нуур” ХК болж байсан. 1993 оноос Д.Рагчаажав нь Ус-Эрдэнэ ХХК-д ажиллаж байгаад Улаанбаатар хот руу шилжсэн. Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестийн даргаар н.Авирмэд, н.Дагван, Д.Саманд гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Алтанпүрэв, М.Уламбаяр нарын иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Увс аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1991 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “Төсөл хэлэлцэх тухай” тогтоол, гэрч Д.Алтанпүрэв, М.Уламбаяр нарын мэдүүлгээр “Их нуур” ХК-ийг 1991 оны 12 дугаар сард үүсгэн байгуулж байсан нь тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Д.Рагчаажавын тухайн байгууллагад 1992 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг тус тус үндэслэн Д.Рагчаажавын 1982 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Их нуур” ХК-д тус тус гидрогеологич, хайгуулын инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Рагчаажавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Дүгэрийн Рагчаажавын 1982 оны 1 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Усны аж ахуйн Барилга угсралтын трестэд, 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Их нуур” ХК-д тус тус гидрогеологич, хайгуулын инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Рагчаажавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА