Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00537

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08922 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайн үнэд 480,000,000 төгрөгийг гаргуулж,

“*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулан, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.“*******” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 2018 оноос барьж эхэлсэн бөгөөд “*******” ХХК барилгыг гүйцээн барина, хөрөнгө оруулалт хийнэ гэж итгүүлснээр тус компанитай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж,  Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*******” ХХК-ийн барьж буй 15 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга /12 давхар хүртэл “*******” ХХК өөрийн хөрөнгөөр барьсан/-ыг гүйцээн барихад хөрөнгө оруулж 13, 14, 15 дугаар давхрыг гүйцээн барихаар тохиролцсон.

1.2.Тус гэрээгээр талууд “*******” ХХК-ийн барилгад хөрөнгө оруулалт хийж гүйцээн барьж дуусгасны дараа үлдэх талбайгаа хуваах буюу ашиг хуваарилах гэрээ юм. Гэвч “*******” ХХК нь өөрийн барьсан барилга /12 давхар/-аас 2,653 м.кв хүртэл талбайг худалдан борлуулж 6,700,000,000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж дууссан.

1.3.“*******” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний 1.1, 1.7-д зааснаар санхүүжилтийг шийдвэрлэх, хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн боловч манай барилгад ямар ч хөрөнгө оруулалт бодитоор хийгээгүй, анхнаасаа хөрөнгө оруулалт хийх санаа зорилгогүйгээр манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь хууран мэхлэх замаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээг манай компанитай байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

1.4.“*******” ХХК нь гэрээний дагуу манай компанийн өмнөөс “*******” ХХК-д 480,000,000 төгрөгийг төлж, “*******” ХХК нь уг 480,000,000 төгрөгт тооцон барилгаас 240 м.кв талбайг олгохоор харилцан тохиролцон төлбөрийг төлж талбайг авсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.” гэж заасан ба 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайг биет байдлаар нь буцаан гаргуулах боломжгүй тул дээрх талбайн үнэ болох 480,000,000 төгрөгийг “*******” ХХК-иас шаардаж байгаа тул “*******” ХХК-д 480,000,000 төгрөгийг төлөх болно.

1.5.“*******” ХХК болон “*******” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд тус хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн байгуулагдсан “*******” ХХК болон “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иудын байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсгийн “******* “ХХК-д холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56.1.10-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь орон сууцны барилгад хөрөнгө оруулалт хийгээгүй атлаа “*******” ХХК-ийн өмчлөлийн, барилгаас 563,17 м.кв талбайг хууль зүйн үндэслэлгүйгээр авч, бусдад худалдан борлуулаад байна.

1.6.Хамтран ажиллах 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 1.2-т заасан “*******” ХХК-д хуваарилсан 813,19 м.кв талбайгаас 240 м.кв талбай нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-д шилжүүлэх байдлаар “*******” ХХК-д “*******” ХХК-ийн төлөх байсан өр 480,000,000 төгрөгийн зээлийг хаахаар тохиролцсон байсан.

“*******” ХХК хөрөнгө оруулалт хийгээгүйгээс “*******” ХХК нь 240 м.кв талбайн үнийг гаргуулахаар шаардаж байгаа тул “*******” ХХК болон “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иудын байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсэгт заасан талбай нь 573.19 м.кв талбай болох юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заасан тул дээрх 573.19 м.кв талбайн үнэ болох 1,432,975,000 төгрөгийг “*******” ХХК-иас гаргуулна. Учир нь, “*******” ХХК болон “*******” ХХК, “*******” ХХК, *******” ХХК-иудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 21/06 тоот хамтран ажиллах гэрээ байгуулагдах үед талууд 1 м.кв талбайн үнэлгээг 2,500,000 төгрөгөөр тооцож байсан.

1.7.Иймд “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, уг гэрээний дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайн үнэ 480,000,000 төгрөгийг,

“*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, 1,432,975,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. “*******” ХХК-ийн захирал гийн төрсөн ах нь манай компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч болон хувьцаа эзэмшигч ерөнхий захирал ******* нартай уулзаж компани нь хүндрэлтэй байдалд орж банкны зээлийн хөрөнгөөр барьж буй барилгаа үргэлжлүүлэн гүйцээж барих боломжгүй болсон болон банкны зээл, зээлийн хүүгээ төлж чадахгүй байгаагаа, барьцаанд бариулсан дуусаагүй барилгаа банкны өмчлөлд алдахаар байгаа зэрэг байдлаа тайлбарлан ярьж зөвлөгөө дэмжлэг, туслалцаа үзүүлж хүндрэлтэй байдлаас гарахад нь туслахыг хүссэн.

2.2.Хүсэлтийг нь судалж үзэхэд нэхэмжлэгч нь барилгаа банкны барьцаанд алдахаас хамгаалах, манай компанийн барилгын ажлын мэдлэг туршлагыг ашиглах, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх эн тэргүүний хэрэгцээтэй байсан бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр “*******” ХХК нэртэй хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан.

2.3.Хамтран ажиллах гэрээг байгуулснаас хойш 3 жил гаран хугацаа өнгөрсөн бөгөөд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан 1 жилийн хугацаанд багтан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь хууран мэхэлж хийсэн хэлцэл биш гэдгийг тодорхой харуулахаас гадна талууд 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр компани байгуулж хамтран ажилласан гэрээг дүгнэж, акт үйлдсэн нь хууран мэхэлж гэрээ байгуулаагүйг нотолно.

2.4.Түүнчлэн “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК болон “*******” ХХК-иудын хамтран ажиллах гэрээний үндэслэл болж эрх зүйн хувьд “*******” ХХК-д давхар ашигтай, үр дүнтэй гэрээ бөгөөд “*******” ХХК, захирал , түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нар нь өөрийн хамаарал бүхий “” ХХК-ийнхаа зээлийн өрөнд зээлдүүлэгч “*******” ХХК-тай тохиролцож өгсөн тухайн барилгын талбайгаа олон жилийн дараа өгөхгүйгээр, одоогийн зах зээлийн үнээр иргэд, хуулийн этгээдэд худалдах, банкийг хохироох зорилготой үйлдэл, гомдол гаргасан байгааг *******тай уулзах үед бидэнд мэдэгдсэн.

2.5.Манай компани хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу тухайн дутуу баригдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орших барилгыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн “” ХХК-иар орон сууц, оффис үйлчилгээний барилга болгон зураг зуруулж батлуулснаар уг зураг төслийн дагуу цаашид барилга баригдах, холбогдох байгууллагуудаас дахин санхүүжилт олгогдох боломжтой болсон.

Нөгөө талаас “*******” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилгыг хэрхэн барьсан, тухайн барилгыг барих санхүүжилтийг хэрхэн шийдэж тухайбал “*******” ХХК энэхүү барилгын санхүүжилтэнд зориулж хэрхэн зээл олгосон талаар дурдахгүй, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгдөггүй.

2.6.Талуудын хамтран ажиллах 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний 1.1-д “энэхүү гэрээний зорилгыг барилга угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилахтай холбоотой” гэж маш тодорхой тусгасан атал 6,700,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх ёстой байсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй.

Мөн түүнчлэн дээрх хамтран ажиллах гэрээний зохицуулалтын хүрээнд тус 480,000,000 төгрөгийг “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн. Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК нь төлбөр төлөгдөж байх дээрх хугацаанд тодорхой асуудлуудыг гаргаж тавиагүй атлаа “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-иудын хооронд байгуулсан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хамтран ажиллах гэрээний 1.2 дахь хэсэгтэй холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

2.7.Мөн “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 1.3-т талуудын талаар ... барилгатай холбоотой дээрх зураг төсөл, зөвшөөрөл, дуусаагүй барилгыг талууд хамтран өмчилж зарцуулах эрхтэй, ажлыг гүйцэтгэх санхүүжилтийн талаар гэрээний 1.7 ба 1.8-д тодорхой тохиролцсон тул тус барилгын ажил гүйцэтгэж буй “*******” ХХК-д 3,000 м.кв талбайг худалдан борлуулах эрх олгогдсон. Энэхүү нөхцөл байдлыг “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах тус барилгын талбайг худалдан борлуулж буй орон сууцны захиалгын гэрээнүүдээс харагдана.

“*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд үүссэн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 15 давхар барилгыг дуусгахтай холбоотой энэхүү харилцаа 2020 оноос 2024 оны 04 сар хүртэлх 4 жил орчим хугацаанд үргэлжилсэн ба нэхэмжлэгийн зүгээс өөр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх төлбөр, хөрөнгө оруулалтыг энэ гэрээний дагуу хийгээгүй гэх тайлбар дараах баримтаар үгүйсгэгдэнэ.

2020 оны 08 дугаар сард 167,065,940 төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 09 дүгээр сард тус барилгын гүйцэтгэгч “*******” ХХК болсон. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай хүнд үед “*******” ХХК нь 2020 оны 08 дугаар сараас 2024 оны 06 сар хүртэлх хугацаанд нийт 1,613,773,278 төгрөгийн санхүүжилт хөрөнгө оруулалтыг тус барилгын гүйцэтгэгч “*******” ХХК-д олгосон нь “*******” ХХК-ийн санхүүд бүртгэгдсэн.

“” ХХК-иас “*******” ХХК-д нийт 830,518,560.96 төгрөгийн санхүүжилт олгож, 54,307,500 төгрөгийг “*******” ХХК нь төлж 2023 оны 12 сарын 31-ний байдлаар 776,211,060 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

“*******” ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр “” ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдэж 776,211,060 төгрөгийг “*******” ХХК-ийн өмнөөс нэмж төлж барагдуулсан. Энэ нь “” ХХК, “*******” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогдоно. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан тайлбарын агуулга:

3.1.“*******” ХХК нь *******тай 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ББГ-2018/ЗГ/64 тоот зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар байгуулан 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан.

3.2.Зээлийн мөнгөн хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ББГ-2018/БГ/64/02 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, Үйлдвэр /17060/, гудамж, 8 тоотод байрлах, 1,944 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй барилга, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, нэгж талбарын дугаартай, 538 м.кв талбай бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай эзэмших эрхтэй газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан.

Гэвч зээлдэгч “*******” ХХК-ийн авсан зээл нь хугацаа хэтэрсэн ба мөн орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг дуусгаж чадаагүйн улмаас “*******” ХХК-тай хамтран хэрэгжүүлж барилгыг дуусгах гэж байгаа учраас *******инд төлбөртөө талбай тооцуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулж Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/1480 дугаартай шүүгчийн захирамжаар баталгаажуулсан.

Тус захирамжид дурдсанаар “*******” ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 4,195,530,000 төгрөгт тооцуулан барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, Үйлдвэр /17060/, гудамж, 8 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс 3 дугаар давхарт үйлчилгээний зориулалттай 470.9 м.кв, 6 дугаар давхарт оффисын зориулалттай 14.8 м.кв, 7 дугаар давхарт оффисын зориулалттай 342.10 м.кв, 10 дугаар давхарт орон сууцны зориулалттай 364 м.кв, 11 дүгээр давхарт орон сууцны зориулалттай 153.40 м.кв, нийт 1,345.20 м.кв талбайг “*******” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрснийг баталгаажуулсан.

Гэвч одоог хүртэл “*******” ХХК, “*******” ХХК-иуд нь ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан байгаа гэх шалтгаанаар барилгыг байнгын ашиглалтанд оруулсан улсын комиссын акт гаргуулдаггүй. Шүүгчийн захирамжийн дагуу банкны өмчлөлд шилжүүлэх талбайн өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй байгаа.

Талуудын тайлбартай танилцлаа. Үүнтэй холбоотойгоор *******ны өмчлөлийн талбайд талууд маргах маргаан огт байхгүй юм гэж ойлголоо. Талуудын маргаанаас болж шүүгчийн захирамжийн дагуу тус банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгаажихгүй байгаа.

Иргэний хуулийн 101.1-д заасны дагуу өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрх маань улсын бүртгэлд очиж баталгаажихгүй байгаа буюу захиран зарцуулах эрх маань хөндөгдсөн хэвээр байна. Иймд талуудын маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

            4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул хариуцагч “*******” ХХК-д холбогдох “*******” ХХК болон “*******” ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 240 м.кв талбайн үнэ 480,000,000 төгрөгийг гаргуулах, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, *******” ХХК нарын хооронд 2021 оны 05 сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,418,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний 1.5-д "Талууд Барилгын ажил гүйцэтгэх, худалдан борлуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх, Барилгын ашиглалтыг шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх зориулалтаар 50/50 хувийн эзэмшилтэй хамтарсан компани байгуулна” гэж заасан ба уг заалтын хүрээнд 2020 оны 08 дугаар 21-ний өдөр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсгийг зөрчсөн. Гэвч анхан шатны шүүх гэрээг чөлөөт байдлын зарчмын хүрээнд байгуулсан тохиолдолд мөн хуулийн 476 дугаар 476.1-д заасныг зөрчиж хуулийн этгээд байгуулах замаар хамтран ажиллаж болно хэмээн дүгнэж буй нь үндэслэлгүй байна.

5.2.Мөн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т "Сонирхогч этгээд энэ зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш нэг жилийн дотор нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй" гэж заасан ба ******* ХХК нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байгааг хэзээ хэрхэн мэдсэнтэй холбоотой тайлбарыг гаргаагүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй" хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан зохицуулалт нь гэрээний оролцогч тал бус харин гуравдагч этгээд буюу “сонирхогч этгээд”-ээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргахад хамааралтай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, “сонирхогч этгээд” гэдэгт гэрээний оролцогч бус этгээд хамаарах ба энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч болон хариуцагч нараас бусад өөр гуравдагч этгээдээс гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргах тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт юм. Иймд “*******” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардлага гаргах тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэнэ. Гэтэл шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

Тухайлбал, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх гэрээ хүчин төгөлдөр гэрээ эсэх /Хүчин төгөлдөр бус гэж тооцох эсэх/-ийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Улмаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдсон тохиолдолд гомдлын шаардлага гаргах хугацаа хэтэрсэн эсэхийг дүгнэх байсан.

5.3.Мөн нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй барилгыг гүйцээн барих хөрөнгө оруулалт буюу санхүүжилтийг шийдвэрлэн хэмээн 2024 оны 04 дүгээр сар хүртэл итгэж, хүлээсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн №01/19 тоот албан бичгийг “*******” ХХК-д хүргүүлсэн ба тус албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байхад анхан шатны шүүх үнэлээгүйгээс буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, “*******” ХХК нь нэхэмжлэгчийн барьж буй барилгын хөрөнгө оруулалт буюу санхүүжилтийг шийдвэрлэж гүйцээн барина хэмээн хууран мэхэлж 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээг байгуулсан болохыг 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд мэдээгүй бөгөөд ийнхүү мэдээгүй болох нь мөн өдрийн “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тогтоогдох талаар шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие мөн тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэл байгаа мэдсэн даруйд буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасан хугацааг өнгөрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

5.4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зохих ёсоор үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүүрэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан буюу 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл хэрэгт авагдсан дараах үйл баримтаар нотлогдон тогтоогддог. Үүнд: “*******” ХХК нь Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 давхар орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгыг 2018 оноос эхлэн барьж эхэлсэн ба нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар тус барилгын 12 давхарын карказ угсралтыг хийж гүйцэтгэн гадна дулаан, цэвэр бохирын оруулга, гадна цахилгааны кабель зэрэг ажлыг өөрийн хөрөнгө /6,700,000,000 төгрөг/-өөр хийж гүйцэтгэсэн. /2020.08.21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний 1.3-т тодорхой тусгасан/

Харин “*******” ХХК-ийн зүгээс “Си эф Си групп” ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 12 давхар орон сууцыг цаашид гүйцээн барих /13, 14, 15 давхар/-д шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх буюу хөрөнгө оруулалт хийх саналыг тавьж, улмаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Мөн хариуцагчаас шүүхэд гаргасан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №01/203 тоот хариу тайлбарт “...Хөрөнгө оруулалт хийх буюу санхүүжилтийг шийдвэрлэхээр харилцан тохиролцсон” талаар тодорхой дурьдсан байдаг ба “*******” ХХК нь хөрөнгө оруулах буюу санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг хүлээсэн талаараа маргадаггүй./

Ийнхүү “*******” ХХК нь нэхэмжлэгчийн барьж буй барилгад шаардлагатай хөрөнгө оруулалт буюу санхүүжилтийг шийдвэрлэх, гүйцээн барихаар тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд дараах байдлаар тусгагдсан байдаг. Үүнд:

Гэрээний "батлав" хэсэгт "хөрөнгө оруулагч ******* ХХК”, гэрээний 1.1-д “Монгол улсын иргэний хууль, барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу барилгын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх, санхүүжилтийг шийдвэрлэх, ...ашиг хуваарьлахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино", гэрээний 1.2-т “энэхүү гэрээ нь барилгын санхүүжилтийг шийдвэрлэх, ... хүчин чадлыг эцэслэн тохирох үндэслэл болно", мөн хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариу тайлбар /2 дахь талын 1 дэх догол мөр/”-т “... санхүүжилтийг шийдвэрлэх эн тэргүүний хэрэгцээтэй байсан” гэх тайлбараар тус тус тогтоогдоно.

Мөн “*******” ХХК-ийг 50:50 хувийн хөрөнгө оруулалттай байгуулан барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн тус компанид 50:50 хувьдаа ногдох хөрөнгө оруулж харицлага, ашгаа хөрөнгө оруулсан хэмжээгээр тооцохоор тохирсон боловч энэ компанид зөвхөн нэхэмжлэгч “*******” XXK 6,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн барилгын ажлыг бүрэн хийж дуусгасан, харин хариуцагч “*******” ХХК өөрт ногдох 50 хувийн хөрөнгө оруулалт болох 6,7 тэрбум төгрөгөөс ямар ч мөнгө оруулаагүй болох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтаар хариуцагч “*******” ХХК анхнаасаа хөрөнгө оруулах сонирхолгүй, барилгын ажлын тусгай зөвшөөрөлгүй, санхүүгийн хувьд хөрөнгө оруулах чадваргүй, зөвхөн хуурч мэхлэх замаар хялбар аргаар хөрөнгөжих зорилготой хамтран ажиллах гэрээ байгуулсныг нотолж байхад энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй тайлбар огт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.5.“*******” ХХК нь “*******” ХХК-ийн барьж буй барилгын ажилд 951,787,454 төгрөг /бэлэн мөнгө болон бараа материал/-ыг гаргасан бөгөөд мөн өөрийн хамаарал бүхий “” ХХК-иас 678,096,367 төгрөгийн бараа материалыг тус тус барилгын ажил гүйцэтгэхээр гаргасан боловч “*******” ХХК-ийн барьсан барилгын талбайгаас 414 м.кв /2 давхар/-ыг талбайг “*******” ХХК нь өөрийн гаргасан зардал болон “” ХХК-ийн төлбөрт тооцон шилжүүлэн авсан.

Тухайлбал, “*******” ХХК нь өөрийн гаргасан зардлыг 1,629,883,821 төгрөгөөр тооцож /“” ХХК-ийн төлбөрийг оруулан тооцож, уг төлбөрт “*******” ХХК-ийн барьсан барилгын 2 дугаар давхарын 414 м.кв /1 м.кв талбайг 4,000,000 төгрөгөөр тооцсон/-ыг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Худалдаа үйлчилгээ, оффисын талбай захиалах захиалга гүйцэтгэх тухай №2022/12/07-01 тоот гэрээгээр шилжүүлэн авсан атлаа дахин ямар хөрөнгө оруулалт хийх буюу санхүүжилт гаргалгүйгээр тус барилгын захиалагчаар улсын комиссын актад нэрээ оруулж, барилгын үлдэх талбайн 50 хувийг авахаар шаардаж буй нь хууран мэхэлж байгуулсан болохыг нотлогдоно.

5.6.“*******” ХХК-тай байгуулсан 2020.08.21-ний өдрийн Хамтран ажиллах гэрээний Нийтлэг үндэслэл болон тус гэрээний 1.1, 1.2-т Барилгын ажлыг гүйцээн барина, барилгыг ажлыг гүйцэтгэнэ, мөн гэрээний 1.5-д хамтарсан компаниар барилгын ажлыг гүйцэтгүүлнэ хэмээн тохиролцсон атал эдгээр компаниуд нь барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээдүүд байсан.

Тухайлбал, “*******” ХХК нь барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй мэт ойлголтыг төрүүлж санхүүжилт шийдвэрлэх замаар барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ хэмээн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн гэрээг байгуулсан үйлдэл нь хууран мэхэлж дээрх гэрээг байгуулсаны нотолгоо юм.

Мөн “*******” ХХК болон ******* ХХК-иуд нь барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлгүй болохоо шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн бөгөөд эдгээр 2 компани нь “*******” ХХК-ийн барьсан барилгын захиалагч болж улсын комиссын актыг гаргуулсан байдаг нь “*******” ХХК-ийн гэрээ байгуулсан зорилгыг харуулдаг.

5.7.Хамтран ажиллах гэрээний агуулгыг дүгнэж үзвэл, хариуцагч “*******” ХХК нь нэг талаас барилгын ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн, нөгөө талаас хамтран ажиллах, хөрөнгө оруулах үүрэг хүлээсэн мэт нэхэмжлэгч компанийг төөрөгдүүлэн хууран мэхлэх зорилготой Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.” гэж зааснаар агуулгын хувьд тодорхойлох боложгүй гэрээг хуурч байгуулсан. Энэ гэрээнээс хамтарсан компани байгуулах асуудал бүрэн шийдэгдсэн ба хамтарсан компанийг “*******” ХХК дангаараа өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж барилгын ажлыг бүрэн дуусгасан. Гэтэл анхан шатны шүүх хамтран ажиллах гэрээг хэрэгжиж дууссан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэстэй байна.

Учир нь “*******” ХХК нь хамтран ажиллах гэрээнд заасан барилгын ажил хийж гүйцэтгэх болон хөрөнгө оруулах үүргээ огт биелүүлээгүй тул энэ гэрээгээр хүлээсэн хариуцагчийн үүрэг биелэгдээгүй ба харин нэхэмжлэгч компани болон манай охин компани болох “*******” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээг бүрэн хэрэгжүүлж дууссныг шүүх анхаарч үзээгүй, ялгаж дүгнээгүй.

5.8.“*******” ХХК нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн барилгад хөрөнгө оруулалт хийгээгүй, санхүүжилтийг шийдвэрлээгүй /1.6 тэрбум төгрөгийн зардлыг 414 м.кв талбай тооцон буцаан авсан/ атлаа 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн хамтран ажиллах гэрээний дагуу үлдэх талбайгаас 573.19 м.кв талбайг авч үндэслэлгүй хөрөнгөжих нөхцлийг анхан шатны шүүх бүрдүүлээд байна.

Иймд анхан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасан бөгөөд уг зохицуулалт нь хамтран ажиллах эрх зүйн харилцааны ерөнхий шинжийг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл ямар ч тохиолдолд хуулийн этгээд байгуулахыг заавал шаардсан, эсхүл хамтарсан компани байгуулахгүй бол хууль зөрчсөн гэж үзэх агуулгыг агуулаагүй. Нөгөө талаас, энэхүү нөхцөл байдал нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний талууд хуульд харшлахгүй хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байх зарчимд бүрэн нийцэж байна. Иймээс анхан шатны шүүх гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг харгалзан үзэж, талууд хуулийн этгээд байгуулаагүй нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.2.Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Иргэний хуулийн холбогдох зүйлүүдийг тайлбарлахдаа, тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд хүчин төгөлдөр байж болох хэлцэл нь уг зохицуулалтад хамаарахгүй гэж тодорхойлсон. Уг гэрээний хувьд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасанчлан агуулгаа талууд чөлөөтэй тодорхойлсон.

6.3.Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргаж буй аливаа этгээд тухайн үндэслэлийг хэзээ, хэрхэн мэдсэнээ нотлох үүрэгтэй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх зохицуулалтын зорилго, агуулгад бүрэн нийцэж байна. Иймээс уг заалтыг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

6.4.“*******” ХХК уг барилгад огт санхүүжилт хийгээгүй гэх тайлбар нь бодит баримтаар няцаагдаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/50 дугаартай албан бичгээр манай компанийн барьж буй 8 дугаар хорооны чанх урд байрлах барилгад, маргаан бүхий барилгаас үнэ дүйцүүлэн талбай шилжүүлэх талаар тохиролцсон. Мөн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн төлбөрийн бүртгэлийн тухай албан бичгээр “*******” ХХК болон холбогдох байгууллагуудаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн баримтад дурдсан хөрөнгүүдийг худалдан борлуулах, төлбөр тооцоог шийдвэрлэх чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүний дагуу тодорхой хөрөнгүүдийг борлуулж, төлбөр тооцоог зохицуулсан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд, гэрээ хэрхэн байгуулагдсан, хэрхэн хэрэгжсэн, мөн гэрээний бодит хэрэгжилт ямар байдлаар явагдсан зэрэг асуудлууд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон.

Түүнчлэн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд 40.2-т зааснаар нөгөө тал урьдчилан буюу шууд татгалзсан тохиолдолд л тухайн хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр зохицуулсан. Харин талуудын хооронд үүссэн энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-189.6-д заасан гэрээний агуулгыг тодорхойлох, талуудын нэгдмэл санааг тогтоох зохицуулалтад бүрэн нийцэж байна.

Мөн нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний хүрээнд хариуцагч тал 573 м.кв талбайгаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарласан боловч бодит нөхцөл байдалтай нийцэхгүй. Тухайлбал, нэхэмжлэгч тал 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээгээр “*******” ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайн үнэ болох 480,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсны үндсэн дээр талуудын хооронд үүссэн маргааныг хэргийн бодит нөхцөл байдалд тулгуурлан тогтоож, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлох үүргийн хүрээнд асуудлыг хянан шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

7.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд талуудын аль нэгийн хүсэлтээр бус, өөрийн хүсэлтээр оролцсон. Учир нь талуудын хооронд үүссэн маргаантай холбоотой уг объект дээр гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх боломжтой нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эвлэрлийн гэрээ болон 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар талууд уг маргаантай холбоотой объектын 345.2 м.кв талбайг шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Талуудын хоорондын маргааны үр дагавартай холбоотойгоор харилцан авсан, өгснийг буцаах асуудал үүсэх, улмаар дээрх талбайтай холбоотой шинэ маргаан гарах боломжтой байсан. Мөн уг талбай нь “*******” ХХК-ийн өмчлөлтэй холбогдох тул цаашид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлөх нөхцөл байдал үүсэж болзошгүй байсан.

7.2.Түүнчлэн талуудын хооронд байгуулсан гэрээний хүрээнд банкны эрх, ашиг сонирхолтой холбоотой маргаан үүсээгүй тул уг асуудлаар нэмэлт тайлбар гаргах шаардлагагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан GRI-2020-08-21 тоот хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу “*******” ХХК-д шилжүүлсэн 240 м.кв талбайн үнэ 480,000,000 төгрөгийг гаргуулах,

            “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 1,432,975,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “*******” ХХК оролцож, хариуцагч талыг дэмжсэн тайлбар гаргасан.

 

            3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч “*******” ХХК нь “*******” ХХК-ийн барилгыг гүйцээн барина, хөрөнгө оруулалт хийнэ гэж итгүүлснээр хамтран ажиллах гэрээ байгуулсан ч хөрөнгө оруулалт хийгээгүй, хамтарсан компани байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг зөрчсөн, мөн нэхэмжлэгч нь өөрийн барилгын талбайг худалдан борлуулах замаар хөрөнгийг босгож, барилгыг гүйцээн барьсан тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох тул хэлцлээр шилжүүлсэн талбайн үнэ 480,000,000 төгрөгийг гаргуулна, ...дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 4 талт хамтран ажиллах гэрээний 1.2-т заасан “*******” ХХК-д холбогдох хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус болох бөгөөд уг заалтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн талбайгаас 536.17 м.кв талбайг үндэслэлгүйгээр авч бусдад худалдан борлуулсан тул талбайн үнэ 1,432,975,000 төгрөгийг гаргуулна. ...” гэж,

Хариуцагч тайлбар, татгалзлаа “...“*******” ХХК нь санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсны улмаас банкны зээлийн хөрөнгөөр барьж буй барилгаа үргэлжлүүлэн барих боломжгүй болж барилгаа банкны барьцаанд алдах эрсдэл үүссэн байсан учраас манай компанийн барилгын ажлын мэдлэг туршлагыг ашиглах, барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх, санхүүжилтийг шийдвэрлэх эн тэргүүний хэрэгцээтэй байсан бөгөөд манай компани хүсэлтийг хүлээн авч, талууд хамтран ажиллах гэрээ байгуулсны үндсэн дээр хамтарсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулсан бөгөөд 3 жил гаруй хугацааны дараа компани байгуулж хамтран ажилласан гэрээгээ дүгнэж акт үйлдсэн нь хууран мэхэлж гэрээ байгуулаагүйг нотолно. ...Хамтран ажиллах гэрээгээр тухайн дутуу баригдсан барилгыг зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн орон сууц, оффис үйлчилгээний барилга болгон зураг зуруулж батлуулснаар уг зураг төслийн дагуу цаашид барилга баригдах, холбогдох байгууллагуудаас дахин санхүүжилт олгогдох боломжтой болсон бөгөөд хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээгээгүй. ...Мөн 480,000,000 төгрөгийг “*******” ХХК-д бүрэн төлж барагдуулснаас хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн байтал 4 талт хамтран ажиллах гэрээний манай компанид холбогдох хэсэгтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ...” гэж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа “...“*******” ХХК нь “*******” ХХК-тай хөрөнгө оруулалтын зориулалтаар 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн мөнгөн хөрөнгөөр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. ...Гэвч зээлдэгчийн авсан зээл нь хугацаа хэтэрсэн ба мөн орон сууц, оффис, үйлчилгээний зориулалттай барилгыг дуусгаж чадаагүйн улмаас “*******” ХХК-тай хамтран хэрэгжүүлж барилгыг дуусгах гэж байгаа учраас *******инд төлбөртөө талбай тооцуулж өгөх хүсэлт тавьсаны дагуу эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэй 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулсан. ...гэвч одоог хүртэл “*******” ХХК, “*******” ХХК нар нь ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаанаас болж шүүгчийн захирамжийн дагуу тус банкны өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгаажихгүй байгаа. ...Иймд талуудын маргааныг яаралтай шийдвэрлэж өгнө үү. ...” гэж тус тус тайлбарлажээ.

 

            4.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Уг үйл баримтын талаар талууд маргаагүй. Үүнд:

            4.1.******* ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээний ерөнхий нөхцлөөр талууд барилга угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилахтай холбоотой талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцсон.

            Уг гэрээний 1.3-т “*******” ХХК нь “*******” ХК-ийн зээлийн санхүүжилтээр барилгыг давхрын карказ хийгдсэн, гадна дулаан, цэвэр бохирын оруулга хийгдсэн, гадна цахилгааны кабель татагдсан бөгөөд эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Барилгын батлагдсан зураг, эскиз, загвар зураг, техникийн нөхцлүүд, барилга эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, дуусаагүй барилга нь энэхүү гэрээ байгуулагдах өдрийн байдлаар “*******” ХХК-ийн нэр дээр байгаа боловч *******инд барьцаалагдсан болно. Талууд энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар “*******” ХХК нь *******тай эвлэрлийн гэрээ байгуулж тус банкны барьцаанаас чөлөөлж, барилгатай холбоотой зураг төсөл, зөвшөөрөл дуусаагүй барилгыг талууд хамтран өмчилж захиран зарцуулах эрхтэй болно.” гэж,

            1.4-т “*******” ХХК нь *******тай байгуулсан байгаа зээлийн гэрээг эвлэрлийн гэрээ байгуулах замаар цуцалж, одоо байгаа зээл болон хүүний төлбөрийг барилга дахь орон сууц, үйлчилгээ, оффисийн талбайгаар хаах захиалга, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулна. *******наас зээл, зээлийн хүүний 480,000,000 төгрөгийг урьдчилан одоо төл гэсэн шаардлагын дагуу “*******” ХХК-ийн өмнөөс “*******” ХХК нь тухайн үнийн дүнтэй дүйцэх хөрөнгийг *******инд шилжүүлж, барилгаас 240 м.кв талбайг “*******” ХХК-д шилжүүлэхээр талууд харилцан тохиролцов.” гэж,

            1.5-д “Талууд нь барилгын ажлыг гүйцэтгэх, худалдан борлуулах, ашиглалтанд хүлээлгэн өгөх, барилгын ашиглалтыг шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх зориулалтаар хамтарсан компани байгуулна.” гэж,

            1.7-д “Хамтарсан компани нь барилгаас 2,800 м.кв хүртэл талбайг худалдан борлуулах замаар барилгыг дуусгаж ашиглалтанд өгөхөд шаардагдах санхүүжилтийг, 200 м.кв талбайг худалдан борлуулах замаар өөрийн үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэх бөгөөд хамтарсан компани эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл, баримт бичиг, эрх үүргийг талууд шилжүүлэх болно.” гэж,

            1.8-д “Талууд 1.7-д заагдсан нийт 3,000 м.кв хүртэл талбайга хамтарсан компанид бүрэн хүлээлгэн өгч барилга угсралтын ажлыг дуусгуулна.” гэж,

            1.11-т “Гэрээний 1.4, 1.7, 1.8, 1.9, 1.10 дахь заалтын дагуу хувиарласан талбайгаас бусад үлдэх талбайг талууд тэнцүү байдлаар харилцан тохиролцон хуваан авна гэж тус тус заасан байна.” гэж тус тус заасан.

            4.2.Талууд дээрх гэрээний 1.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “*******” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг одоогийн байгаа /12 давхар/-гаас бүрэн дуусах /15 давхар/ хүртэл хамтран гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилах асуудлаар тохиролцож, барилгын ажлыг гүйцэтгэх, худалдан борлуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх, барилгын ашиглалтыг шийдвэрлэх зэрэг ажлыг гүйцэтгэх зориулалтаар 50/50 хувийн эзэмшилтэй хамтарсан компани болох “*******” ХХК-ийг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр байгуулж, 50%, 50%-ийн хувьцааг эзэмшихээр улсын бүртгэлд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн. /хх43-50/

            4.3.Улмаар “*******” ХХК, “*******” ХХК /захиалагч/ болон “*******” ХХК /гүйцэтгэгч/-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барилга угсралтлын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХХК нь захиалагч талтай харилцан тохиролцож хувьцаа эзэмшигчдийн хурлаас баталж тогтоосон үнийн хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, орон сууц үйлчилгээтэй 15 давхар орон сууц үйлчилгээний барилга байгууламж, дулаан зогсоолыг гүйцээн барихтай холбогдуулан 12 давхрын карказ угсралтын ажлаас бүрэн дуусгах хүртэлх /карказ угсралт, өрлөг шавар, гадна фасад, хаалга цонх, шат, шал, лифт, засал, гадна тохижилт, сантехник, цахилгаан, халаалт агаар сэлгэлт, бусад/ ажлыг гэрээ болон Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа барилгын холбогдох норм ба дүрэм, стандартын шаардлагад нийцүүлэн мэргэжлийн болон чанарын өндөр түвшинд, бүрэн хэмжээгээр хамтран ажиллах гэрээгээр тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөхөөр,

            “*******” ХХК, “*******” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хянан шалгаж ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон орон сууц, үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон.

            Уг гэрээний 1.2-т “*******” ХХК нь “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.7-д зааснаар “2,800 м.кв хүртэл орон сууц үйлчилгээний талбайг худалдан борлуулах замаар барилгын үлдсэн ажлуудыг хийж дуусгаж, ашиглалтад өгөхөд шаардагдах санхүүжилтийг бий болгох, мөн барилгаас 200 м.кв талбайг худалдан борлуулах замаар хамтарсан компанийн үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэх, барилга угсралтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах зөвшөөрөл, баримт бичиг, эрх үүргийг шилжүүлэх болно” гэсэн заалтын дагуу энэхүү гэрээний хавсралт 1-д заагдсан орон сууц, оффис, үйлчилгээний барилгыг худалдан борлуулах эрхийг захиалагчаас гүйцэтгэгчид энэ зүйлд заасан талбайн хэмжээний дотор олгосон болно.” гэж,

            1.3-т хамтран ажиллах гэрээний 1.8-д “Талууд 1.7-д заагдсан нийт 3,000 м.кв талбайг хамтарсан компанид бүрэн хүлээлгэн өгч барилга угсралтын ажлыг дуусгуулна.” гэж заасны дагуу гэрээний нийт дүн /3,000м.кв*2,000,000/ 6,000,000,000 төгрөг байна. Дээрх үнэд ажлын хөлс, материал, тээвэр, механизм, ХАБЭН зардал, НӨАТ зэрэг зардлууд бүгд багтсан дүн болно.” гэж тус тус заасан.

            4.4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2020/11480 дугаартай “талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” захирамжаар “*******” ХХК нь нийт нэхэмжилж буй 4,443,828,311 төгрөгөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 248,298,311 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 4,195,530,000 төгрөгт барьцаа хөрөнгөөс нийт 1,345.20 м.кв талбайг тооцон “*******” ХХК-д шилжүүлэхээр эвлэрснийг баталгаажуулжээ.

           

            5.Анхан шатны шүүх “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь зөв.

            5.1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

5.2.Дээрх гэрээгээр талууд хамтран хэрэгжүүлэх зорилгыг “*******” ХХК-ийн барьж байгаа “*******” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байршилтай 12 давхар хүртэл карказ баригдсан барилгыг барьж дуусгах гэж тодорхойлсныг маргаагүй.

Түүнчлэн уг зорилгын хүрээнд “*******” ХХК нь “*******” ХХК-ийн төлөхийг шаардаж буй зээлийн төлбөр 480,000,000 төгрөгийг “*******” ХХК-ийн өмнөөс төлж барагдуулах, “*******” ХХК нь “*******” ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулах замаар тус дуусаагүй барилгыг барьцаанаас чөлөөлөх, улмаар талууд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж дуусгах, эдгээр үйл ажиллагааны төлбөр тооцоог барилгын талбайгаар хийж, үлдэх талбайг тэнцүү хуваан авах гол нөхцөлийг тохирсон нь хамтран ажиллах гэрээний агуулгыг илэрхийлж байна.

Талууд барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх, бусад этгээдэд худалдан борлуулах, ашиглалтад хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлэхдээ хамтран байгуулсан компаниар гүйцэтгүүлэхээр тохиролцсон байх ба үүнийг хамтын үйл ажиллагааны зарим хэсэг болох гадагшаа чиглэсэн харилцааны хувьд хийгдсэн зохион байгуулалтын хэлбэр гэж үзэх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “хуулийн этгээд байгуулахгүйгээр” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй, гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Иймд талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэгч маргасан, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

5.3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч нь гэрээний 1.1, 1.7-д зааснаар санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг хүлээсэн ч санхүүжилт оруулаагүй, хууран мэхэлсэн...” гэсэн агуулгаар тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Учир нь:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба талууд маргасан тохиолдолд шүүх мөн хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу гэрээг тайлбарлана. Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулга, зорилготой харьцуулах замаар тодорхойлдог.

Гэрээний 1.1-д талууд “...барилгын барилга угсралтын ажлыг хамтран хийж гүйцэтгэх, худалдан борлуулах, санхүүжилтийг шийдвэрлэх, ашиг хуваарилахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино”, 1.7-д “Хамтарсан компани нь барилгаас 2,800 м.кв хүртэл талбайг худалдан борлуулах замаар барилгыг дуусгаж ашиглалтанд өгөхөд шаардагдах санхүүжилтийг, 200 м.кв талбайг худалдан борлуулах замаар өөрийн үйл ажиллагааны зардлаа шийдвэрлэх бөгөөд хамтарсан компани эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл, баримт бичиг, эрх үүргийг талууд шилжүүлэх болно” гэж тус тус заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар тайлбарлавал хариуцагч нь дангаараа санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг хүлээсэн гэж үзэхээргүй байна.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2-т зааснаар талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх, хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болох  бөгөөд гэрээний зорилго, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон нөхцөлүүдийг харьцуулахад хариуцагч нь үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр хураамж төлөх үүрэг хүлээсэн буюу санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нөгөө талаар, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан “хууран мэхэлж хийсэн хэлцэл”-ийг тодорхойлоход хариуцагч нь хэлцэл хийх зорилгоор нэхэмжлэгчийг хууран мэхэлсэн эсэх үйл баримт ач холбогдолтой бөгөөд хариуцагч нь санхүүжилт оруулахаар хуурч мэхэлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр талуудын байгуулсан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй.

5.4.Түүнчлэн нэхэмжлэгч нь “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 1.2 дахь заалтын “*******” ХХК-д холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзсэн бөгөөд дээр дурдсанаар хамтран ажиллах гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд тус гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг үндэслэлгүйгээр талбайг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах гэж шаардах эрхийн үндэслэлээ тайлбарласан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

6.Хэрэгт “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК, “*******” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээ болон уг гэрээний биелэлтийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар баталгуулсан баримт авагдсан байх ба талууд дээрх гэрээний дагуу үүсэх бусад үр дагавар буюу гэрээний үүргийн хэрэгжилт, түүний хэмжээ, зөрчил зэрэгтэй холбоотой маргааныг тусдаа шийдвэрлүүлэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдаж байна.

 

            7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 191/ШШ2025/08922 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1...” гэсний дараа “492 дугаар зүйлийн 492.1.1” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,722,825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                               ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                         Б.АЗБАЯР