| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00664/и |
| Дугаар | 00668 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 00668
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, 3 хэсэг сургуулийн гудамж 1290 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, эмэгтэй, ОТ63010669 регистрийн дугаартай, Чангас овогтой Батаагийн Уртнасангийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөриргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1963 онд төрсөн, 53 настай, 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад арваад жил ажилласан. Өөрийн бичиг баримтаа хөөцөлдсөөр өнөөдөр хүртэл явж байна. Би 1980 онд 8-р ангиа төгсч илгээлтээр Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр 1989 оны 12 дугаар сар хүртэл тасралтгүй ажилласан билээ. Ингээд тэтгэвэрийн нас болж бичиг баримтаа цэгцлэхэд хөдөлмөрийн дэвтрийн 2 хуудас, ажлаас гарсан тушаал зэрэг олдсон ба бусад материал байдаггүй. Мөн Энххөдөлмөр нэгдлийн контор дээр үед шатсан тул архивт нэгдлийн бичиг баримт байхгүй учраас шүүхэд хандаж байна. Иймд миний нэгдэлд 1980 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан жилүүдийг тогтоож сэргээж өгнө үү. Миний бие муудаж Улаанбаатар хот руугаа буцах болсон тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Уртнасан нь 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарын дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Б.Уртнасангийн 1983 оны 1 дүгээр сараас 1985 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Халуун усанд үйлчлэгчээр ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ахуй үйлчилгээний төвийн захиргаа, Үйлвэрчний эвлэлийн салбар хорооноос олгосон “Баярын бичиг”-т: “Б.Уртнасан та 1986 оны үйлдвэрлэл үйлчилгээний төлөвлөгөө уралдааны үүргээ 105,7 хувиар биелүүлж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасанд халуун баяр хүргэж МАХН-ын 19-р их хурлын шийдвэр хэрэгжүүлж VIII-5-н жилийн улам их амжилт гаргана гэдэгт бат итгэж баярын бичиг үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ,
- Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай “Ажилчин чөлөөлөх, томилох тухай” тушаалд: “... Халуун усны туслах ажилчин Б.Уртнасанг үндсэн ажлаас нь 1989 оны 3 дугаар сарын 30-наас эхлэн чөлөөлж, Хархираа дахь Тэжээлийн аж ахуйн захиргааны мэдэлд шилжүүлж, Раднаа овогтой Жаргалыг халуун усны туслах ажилчнаар 4 дүгээр сарын 01-ээс эхлэн ажиллуулахаар тус тус томилсугай...” гэжээ,
- 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн дарга Батжаргалаас Батаагийн Уртнасанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан ба уг дэвтэрт “1980 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Халуун усны туслах ажилчнаар авч ажиллуулав” гэсэн бичилт хийгджээ,
- Гэрч П.Оюунцэцэгийн: “Б.Уртнасан бид хоёр үе тэнгийн хүмүүс учир нэгнээ сайн таньж мэднэ. Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Өлгий сумын дунд сургуулийн дотуур байранд 1980 оноос 1990 он хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан. Б.Уртнасан нь мөн 1980 оноос 1989 оныг дуустал Энххөдөлмөр нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Б.Уртнасан бид хоёр 8-р ангиа төгсөөд ажилд орж байсан. Б.Уртнасан ээж Батаагийн хамтаар нэгдлийн халуун ус ажиллуулдаг байсан. Б.Уртнасан нь халуун усанд мөнгө хураах, цэвэрлэгээ хийдэг байсан ба гал түлж насоосоор ажиллуулдаг байсан. Манай хоёр гэр айл хошоо байсан учраас би сайн мэдэж байна. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Наянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Ё.Пүрэвжавын: “Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1966 оноос 1990 он хүртэл дизельчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Б.Уртнасан нь 1980 оноос 1989 оныг дуустал Энххөдөлмөр нэгдлийн халуун усанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Б.Уртнасан нь 8-р ангиа төгсөөд ээж Батаагийн хамтаар нэгдлийн халуун ус ажиллуулдаг байсан. Б.Уртнасан нь халуун усны бүхийл ажил хийдэг байсан. Мөнгө хураах, цэвэрлэгээ хийх, гал түлэх гэх мэтийн ажлыг хийж байсан. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Наянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч П.Оюунцэцэг, Ё.Пүрэвжав нарын Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ахуй үйлчилгээний төвийн захиргаа, Үйлвэрчний эвлэлийн салбар хорооноос олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаартай “Ажилчин чөлөөлөх, томилох тухай” тушаал, 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн дарга Батжаргалаас Батаагийн Уртнасанд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Оюунцэцэг, Ё.Пүрэвжав нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Уртнасангийн 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Халуун усны туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Харин нэхэмжлэгч нь “1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг гаргасан байх боловч хэрэгт Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргын 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 7 тоот тушаал авагдсан ба уг тушаалд дурдсанаар Б.Уртнасанг 1989 оны 3 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх тул хэрэгт авагдсан энэхүү баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас “1989 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чангас овогтой Батаагийн Уртнасангийн 1980 оны 8 дугаар сараас 1989 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Халуун усны туслах ажилчнаар нийт 8 /найм/ жил 8 /найм/ сар ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1989 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уртнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА