| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/05707/И |
| Дугаар | 210/МА2026/00538 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00538
“*******” БСБ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00152 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “*******” БСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Хохиролд 350,259,876.4 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.“*******” ХХК нь 2007 оноос эхлэн манай *******ийн баруун талд ******* худалдааны төв болон орон сууцны барилга барьж эхэлсэн бөгөөд 2010 онд манай сургуулийн баруун талын хэсгийн газар дээр цахилгааны дэд станц ХТП-г барихаар тухайн үеийн удирдлага болон сургуулийн захирал асан *******той хамтран ажиллах тухай гэрээ байгуулсан байсан.
1.2.Тухайн гэрээгээр манай сургуулийн баруун талын газар дээр “*******” ХХК нь дэд станц ХТП барина, харин түүний төлбөрт биеийн тамирын талбайг барих, тохижуулах, мөн сургуулийн шинэ болон хуучин барилгыг холбосон туннелийг хийж өгөхөөр тохиролцож, түүний барьцаанд 10,000,000 төгрөгийг Төрийн сангийн 900015039 тоот дансанд шилжүүлнэ гэж талууд үүрэг хүлээсэн байсан.
1.3.Харин “*******” ХХК нь гэрээнд заасан дээрх ажлаа хийгээгүй өнөөдрийг болтол нуун дарагдуулсан байж, Төрийн санд шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан авсан гэдгийг сүүлд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гардан авах үед мэдлээ.
1.4.Биеийн тамирын талбай /спорт талбай/-г барих, тохижуулах болон сургуулийн шинэ болон хуучин барилгыг холбосон туннель /хүзүүүвч өргөтгөлийн барилга/-ийг барих ажлын хөлс 350,259,876.4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-т гэрээний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсний дараа барьцаа болгон байршуулсан мөнгийг бүрэн олгоно гэж заасан бөгөөд Төрийн сангаас 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн байгаа учраас “*******” ХХК нь биеийн тамирын талбайг барьсан, барилгын материалыг шилжүүлж өгсөн гэж үзэж байгаа.
2.2.Манай зүгээс хөл бөмбөгийн талбайг тохижуулсан ч нэхэмжлэгч тал нураагаад хөл бөмбөгийн талбайд нь барилга барьсан.
2.3.Гэрээгээр “*******” ХХК-ийн зүгээс барилгын материал хүлэээлгэж өгөх үүргээ биелүүлсэн нь барьцаа төлбөрийг нэхэмжлэгч зөвшөөрч өөрийн данснаас гаргаснаар нотлогдоно.
2.4.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээтэй холбоотой харилцаа үүссэн учраас хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2009 оноос хойш 16 жилийн дараа гэрээний үүргийн биелэлт эсхүл хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” БСБ-ын хариуцагч “*******” ХХК-иас нийт 350,259,876.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч “*******” БСБ-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн буюу 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шаардах эрхтэй байсан хэмээн дүгнэжээ.
2024 онд Үндэсний аудитын газраас хяналт шалгалт явуулж, дээрх дэд станцын газар нь нэхэмжлэгч компанид хамаарах газар, түүний асуудлыг шийдвэрлэх үүрэг даалгавар өгснөөс эхэлж мэдсэн бөгөөд “*******” БСБ-аас Нийслэлийн газрын алба болон “*******” ТӨХК зэрэг олон байгууллагад хандахад тодорхой хариу өгөхгүй, уг дэд станцыг ямар зөвшөөрлөөр барьсан нь тодорхойгүй байсан тул Авлигатай тэмцэх газарт энэ асуудлыг шалгуулахаар хандсан.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан бөгөөд уг тогтоолд "*******" БСБ-тай байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Хамтран ажиллах гэрээг "*******" ХХК гарган өгсөн талаар дурдсаны дагуу ийм гэрээ байгаа гэдгийг анх мэдсэн. Үүнээс эхлэн өөрсдийн газар эзэмших эрх ноцтойгоор зөрчигдсөн, "*******" ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн учраас үүнээс учирсан хохирлыг гаргуулахаар шүүхэд хандсан.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх гэрээ байгуулагдахаас өмнө 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг Төрийн санд байршуулсан мөнгөтэй энэ ямар ч хамааралгүй, тухайн мөнгө нь гэрээ байгуулагдахаас өмнө байршаад буцаагдсан асуудал байсныг хэрэгт хамааралтай хэмээн үзэж, тухайн мөнгө авсны дараа шүүхээр эрхээ хамгаалуулахаар хандах ёстой байсан гэсэн учир дутагдалтай дүгнэлт болсон.
Хэрэв үнэхээр энэхүү гэрээ хэрэгжиж байсан бол “*******” ХХК нь 2020 онд дэд станцыг “*******” ТӨХК-д шилжүүлсэн бол энэ тухайгаа “*******” БСБ-д мэдэгдэж, гэрээг цуцлах, дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан тул шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шаардах ёстой байсан гэсэн дүгнэлт няцаагдаж байна.
4.2.Нэхэмжлэгч “*******” БСБ нь 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагч нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй талаар хариу тайлбар болон холбогдох баримтуудыг өгөөгүй. Энэ талаар шүүх дүгнэлт өгөөгүй.
Мөн “...гэрээнд заасан барьцаа мөнгө 10,000,000 төгрөгийг буцаасан байх боловч хариуцагч нь гэрээнд заасан биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, *******ийн шинэ барилгыг хуучин барилгатай холбосон туннелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх үүргийг гүйцэтгэсэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна" хэмээн дүгнэснээс үзэхэд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй”, 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ", 72.4-д “Энэ хуулийн 72.3-т заасан үр дагаварыг нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулах үед мэдэгдэнэ” гэж зөрчсөн, энэ хуулийн заалтыг анхаарч үзээгүй.
Хариуцагч нь гэрээнд заасан биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, *******ийн шинэ барилгыг хуучин барилгатай холбосон туннелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх үүргээ зөрчсөн, биелүүлээгүй байдаг.
Дээрх нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар өөрийн зөрчсөн эрхийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоол гарах үед мэдсэн, мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар хуулийн байгууллагад хандаж зохих шийдвэр гарсны дараа шүүхэд хандсан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6.Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
6.1.Маргаан бүхий асуудал нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой юм. Тухайн гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас үүссэн хохирлыг нэхэмжлэгч тал шаардсан.
Нэхэмжлэгч тал 1990 оноос хойш тухайн маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаж байсан. 2010 оны хамтран ажиллах гэрээний дагуу “*******” ХХК нь тухайн газарт цахилгааны дэд өртөө байгуулсан. Гэвч нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд дурдсанаар уг гэрээний үүрэг зөрчигдсөн талаар 2025 онд мэдэж, өмнө нь огт мэдээлэлгүй байсан, архив байхгүй байсан гэж тайлбарласан.
Гэтэл уг гэрээний дагуу нэхэмжлэгч талын эзэмшил газарт цахилгааны дэд өртөө 2010 оноос хойш баригдсан, одоо хүртэл байгаа тул уг асуудлыг мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй бөгөөд шаардах эрх 2024 онд үүссэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Мөн аудитын дүгнэлт гарсны дараа гэрээний зөрчил байсан талаар мэдэж, нэхэмжлэл гаргасан гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад хариуцагч тал биечлэн оролцож, тайлбар өгсөн бөгөөд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч “*******” БСБ нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хохирол 350,259,876.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.“*******” ХХК болон “*******” ХХК нь 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “хамтран ажиллах гэрээ” нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь өөрийн талбайд оногдож байгаа хэсэгт “*******” ХХК-ийн цахилгааны ХТП-ны барилгын ажил хэвийн явагдах нөхцөлөөр хангах, ажилд хяналт тавих болон үүргээ бүрэн биелүүлсний дараа барьцаа болгон байршуулсан мөнгийг буцаан олгох,
“*******” ХХК нь “*******” ХХК-ийн талбайд биеийн тамирын талбайг өөрийн хөрөнгөөр хавсралтад үзүүлсэн зургийн дагуу барьж тохижуулах, коллежийн шинэ барилгыг хуучин барилгатай холбосон туннелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг өөрсдийн зардлаар ханган нийлүүлэх, Төв Төрийн сан банкны дансанд 10,000,000 төгрөгийг барьцаа болгон биеийн тамирын гадна талбайн ажлыг хүлээлгэн өгөх хүртэл байршуулахаар тус тус тохиролцсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.
Өөрөөр хэлбэл нэг талаас нэхэмжлэгч нь өөрийн газрын тодорхой хэсэгт цахилгааны ХТП байгууламж барих зөвшөөрлийг хариуцагчид олгох, нөгөө талаас хариуцагч нь өөрийн хөрөнгөөр нэхэмжлэгчид биеийн тамирын талбай барьж тохижуулах, шинэ, хуучин барилгыг холбосон туннелийг 2 давхар болгоход шаардагдах барилгын материалыг нийлүүлэх үүргийг тус тус хүлээжээ.
3.1.Талууд тус гэрээний харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлж байх боловч дээрх үйл ажиллагаа нь хамтын үйл ажиллагаа явуулж ашиг олох шинжийг агуулаагүй байх тул хамтран ажиллах гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй байна.
3.2.Зохигчийн тайлбараас үзэхэд гэрээ байгуулах үед талууд хөрш залгаа газрыг эзэмшдэг байсан байх ба гэрээний зорилгыг “Баянгол дүүргийн 16, 17 дугаар хорооны хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах, Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газрын болон “*******” ХК-ийн шийдвэрийн дагуу Maкс малл худалдааны төвийн зүүн тал, *******ийн хил залгаж байгаа хэсэгт цахилгааны ХТП-г байрлуулах асуудлыг шийдэх” гэж тодорхойлсноос үзвэл хариуцагчийн хувьд цахилгаан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүйгээс нэхэмжлэгч болох хөршийн газарт холбогдох байгууламж байрлуулахаар талуудыг тохиролцсон гэж үзэхээр байна.
Байгууламж барьж байгаа тал нь зохих зөвшөөрөл олгосон хөрштэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх талаар Иргэний хуулийн 138 дугаар зүйлд зохицуулсан ч хариуцагч нь нөхөн төлбөр бус тодорхой ажлын үр дүн, бараа материал нэхэмжлэгчид өгөх үүрэг хүлээжээ.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар хариуцагч дээрх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч уг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзэхээр байна.
3.3.Анхан шатны шүүх уг гэрээг “нэрлэгдээгүй гэрээ” гэж үзсэнийг дээрх байдлаар залруулж дүгнэх нь зүйтэй.
4.Талуудын тайлбар, хэрэгт авагдсан “*******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаар “Үндсэн хөрөнгө шилжүүлэн авах саналыг дэмжих тухай” тогтоолоос үзвэл нэхэмжлэгч дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн байна.
Харин хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэсэн тайлбараа “барьцаа 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шилжүүлсэн баримтаар нотлогдоно” гэснээс өөр нотлох баримт гаргаж өгөөгүй байх ба энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5.Гэрээтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх хариуцагчийн татгалзал Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааг талуудын хооронд гэрээ байгуулагдсан өдөр буюу 2010 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс гэрээтэй холбоотой үүрэг гүйцэтгэхийг шаардах хөөн хэлэлцэх хугацааг тоолсон нь алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” гэж, 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж, 76 дугаар зүйлийн 76.1-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 350,259,876.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан үндэслэлээ гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол гэж тодорхойлсон тул уг шаардлагад дээрх хуулийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ.
5.1.Талуудын байгуулсан гэрээгээр үүрэг гүйцэтгэх хугацааг тохироогүй байна.
5.2.Хэрэгт авагдсан “*******” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаар “Үндсэн хөрөнгө шилжүүлэн авах саналыг дэмжих тухай” тогтоолоор байгууллага, иргэдийн хөрөнгөөр баригдсан цахилгаан хангамжийн зориулалттай дэд станц, шугам сүлжээний холбогдох хөрөнгийг компанийн үндсэн хөрөнгөд үнэ төлбөргүй шилжүүлэн авах саналыг дэмжсэн байна.
5.3.Мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөх олгох тухай” тогтоолоор дээрх хөрөнгийг “*******” ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэн авч, төрийн өмчид шилжүүлэн бүртгэхийг зөвшөөрчээ.
5.4.Улмаар дээрх тогтоолыг үндэслэн “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Үндсэн хөрөнгө хүлээн авах комисс томилох тухай” тушаалаар үндсэн хөрөнгөд бүртгэсэн байна.
Дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдээр хариуцагч нь цахилгааны дэд станц болох ХТП-г эрх бүхий байгууллагын өмчлөлд шилжүүлсэн байх ба хэрэгт гэрээний зүйлийг барьж байгуулсан талаар үүнээс өөр баримт авагдаагүй байгаа нөхцөлд энэ үеэс нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлохоор байна.
Тодруулбал, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар нэхэмжлэгч тал өөрийн газар дээр цахилгааны дэд станц буюу ХТП бий болсон үеэс гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэнэ.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “зааснаар нэхэмжлэгч талын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байх тул “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 61 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гардан авах үед мэдсэнээс хойш шаардах эрх үүссэн. ...” гэх тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. Маргаантай асуудлаар нэхэмжлэгч цагдаагийн байгууллагад хандсаныг шаардах эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үе гэж үзэхгүй болно.
6.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон нотлох баримтын үнэлгээний талаарх зарим дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШШ2026/00152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР