Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 628

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

хохирогч Д.Ч, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Д.Цолмон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-нд Баянхонгор аймгийн Жаргалант суманд төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0 охины хамт Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо Рома таун 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/ Д.От холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.О нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс би” нэртэй барилгын захын орчимд иргэн Д.Чтэй “...үйлчлүүлэгчээ булаалцалдаж...” маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт: Ер нь бол Д.Ч бид хоёрын маргаан хэрэглэгчидээ булаацалдсанаас эхэлсэн. Д.Ч намайг хэрэглэгчдийн өмнө нөхрийнхөө толгойг залгисан бузар эмэгтэй гэх мэтчилэн элдэв үгээр хэлэхэд нь надад маш их хүнд туссан. Миний нөхөр нас бараад нэг жил ч болоогүй байхад намайг тэгж хэлэхэд нь би хэсэг тэвчсэн. Тэгээд Д.Ч бид хоёр харилцан үсдэлцээд хамт газар унасан.  Д.Чд учирсан бодит зардлыг бол би төлнө. Ийм байдалд орсондоо харамсаж байна гэв.

 

Хохирогч Д.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд Д.О худлаа мэдүүлж байна.  Д.О ер нь хүмүүсийг байнга дарамталж доромжилдог. Тэр өдөр хүмүүс бараа авах гээд 4 цагийн үед орж ирээд 1 цаг орчим бараа сонирхоод яваад байсан. Тухайн үед Д.О ажил дээрээ байхгүй байсан. Тэдгээр хүмүүс  надаас хаалга авахаар тохироод  плита зардаг газар өөр хаана байна гэж асуухаар нь  би Д.Оийн дүүг зааж өгөөд дүүгийнх нь утасны дугаарыг нь тэр хүмүүст өгсөн. Эс Би худалдааны төвд Д.Оийн ах дүү нар ажилладаг бөгөөд Д.О ах дүү нараараа хүрээлэгдэж бусад хүмүүсийг маш их дарамталж дээрэлхэж бизнесээ хийхэд нь саад болдог хүн.  Би тэдгээр худалдан авагч нарт хаалгаа өгөөд мөнгөө аваагүй байсан учир лангуугаа хаагаад гараад ирэхэд Д.О яагаад тэнд очсоныг мэдэхгүй ирчихсэн миний хаалгыг машин дээрээс буулгаад өөрийнхөө хаалгыг аччихсан байсан. Тэр хүмүүс таниас хаалга авахгүй худалдан авалт хийхгүй гэж хэлэхэд нь тэр хүмүүсийг Д.О элдвээр хараагаад загнасан байсан. Тэгээд намайг Д.О үстээд камергүй газар машины ард намайг чирч аваачсан. Батаа гэдэг дүү нь хараад зогсоод байхаар нь би  эгчийгээ аваач гэхэд тоохгүй байсан. Энэ Д.О бусдад их дээрэлхүү харилцаатай харгис хүн. Миний үснээс ороож чирээд толгойн хэсгийг халцартал үс зулгаасан. Би гомдолтой байна.  Д.Оийг дахиж битгий ийм байдал гаргаж бусдыг битгий дарамталж дээрэлхэж байгаач гэж би гуйж байна. Намайг 5 дугаар сард бас эгчтэйгээ нийлээд цохиж зодсон. Энэ асуудлыг нь би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан.  Би Д.Оээс нийт 1.975.000 төгрөг нэхэмжилж байна. Үүний 705.189 төгрөг нь эмчилгээнд, компьютер томографийн 120.000 төгрөг, кундам тарианы үнэ 700.000 төгрөг, хөлөө шохойдуулсан учир машинаар эмнэлэг явж байсан бензины зардалд 300.000 төгрөг,  шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийг нэхэмжилнэ.  Толгойны бариа хийлгэсэн зардал болон таягны үнийг нэхэмжлэх бодол байгаа боловч энэ талаарх баримтууд одоо алга байна. Цаашид би эмчилгээ хийлгэнэ гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Ч мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн үед “Эс би” барилгын үйлчилгээний подволд хаалга, плита авахаар 20-27 орчим насны 2 эрэгтэй, нэг эмэгтэй орж ирсэн. Плитаг 1-4 дүгээр  павилионы плитаг үзсэн боловч 400 ширхэг плита хүрэхгүй байна, өнгө нь ч таалагдахгүй байна гээд байсан. Тэгээд миний павилонд орж ирээд хаалга үзээд 2 ширхэг хаалга авахаар болсон. Тэр хүмүүс надаас плита зарж байгаа өөр газар байна уу гэж асуухаар нь би төмөр трансд плита байгаа тэндээс очиж үз гэж хэлсэн. Тэгсэн чинь та мэдэх үү заагаад өг гэхээр нь за гэж хэлээд тэр хүмүүс тэр хавиар суултуур жижиг зүйл аваад үзээд явж байхаар нь би ажил дээрээ байж байгаад гарч ирээд тэр хүмүүс ирээд надаас хаалгаа аваад би тэр хүмүүстэй төмөр транс руу цуг яваад пилтаануудыг үзүүлээд зааж өгчихөөд буцаад өөрийн павилон руу очоод хаалга түгжчихээд буцаад ирье гээд тэр хүмүүст хэлээд очиж хаалга түгжчээд буцаад ирсэн чинь надаас хаалга худалдаж авсан хүмүүс Д.Оийн павилон дээр миний зарсан хаалгыг буулгаж байхаар нь би явж очоод чи яагаад 16 цагт авсан хаалгыг яагаад буулгаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Д.О намайг ална шүү манайд хаалга, плита байна гэж хэлээд миний хаалгыг буулгачихсан байсан. Тэгээд Д.Оийн хаалгыг тэр хүмүүсийн портер машин дээр ачиж байхаар нь би зургыг нь авчихаад зогсож байсан чинь Д.О нь өөрийн плитагаа тэр хүмүүст үзүүлсэн чинь тэр хүмүүс энэ плита биш байна бид нар энийг чинь дотор үзчихсэн таны хаалгыг авахгүй би энэ эгчийн хаалгыг авна гэж хэлээд Д.Оийн хаалгыг буулгаад миний хаалгыг аваад ачсан. Тэгсэн намайг зогсож байсан чинь Д.О ирээд шууд миний үснээс зулгааж аваад  контейнэрийн тэнд аваачаад газар унагаагаад дээрээс толгой, өвдөг, ууц, нуруу, хэсэгт дээрээс дарж суугаад зодсон. Тэгсэн би Д.Оийн дүү Батаад чи эгчийгээ аваач хүн аллаа ш дээ гэж хэлсэн чинь худалдаа хийж байсан хүмүүсээс намайг Батаа хааж зогсоод байсан. Тэгээд би цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь тэд нар намайг тэнд хаячаад яваад өгсөн. Тэгээд удалгүй надаас хаалга авч байсан хүүхэн буцаад ирэхээр нь чи яагаад намайг хүнд зодуулж байхад яагаад намайг салгахгүй байгаан гэж хэлсэн чинь би энэ эгчээс айгаад юм хэлүүлэхгүй байсан гэж хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй та дансаа хэлчих би мөнгийг нь шилжүүлчихье гээд  шилжүүлээд яваад өгсөн. Тэгээд би явж чадахгүй хөдөлж чадахгүй байсан. Тэгээд дүүгээ дуудаад гэртээ хүргүүлсэн. Д.О бид хоёрын маргаан намайг хүмүүст хаалга зарчихсан байхад миний хаалгыг буулгаад өөрийн хаалгаа ачуулж байснаас болж маргасан. Миний баруун хөл зөөлөн эд  гэмтсэн, толгойн хаван хавдалт нэл усаар дүүрсэн байсан. Нүдний хараа +2 байсан, одоо +3 болж өөрчлөгдсөн. Толгой тархи эргэх, бөөлжис хүрэх, хөл  нуруу гар хөндүүртэй байна. Би Скай эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн 650.000 төгрөг, шүүх эмнэлэгт томографийн 120000 төгрөг, таяг 150000 төгрөг, эмний зардал 100000, нүдний шилний 40000, бензиний мөнгө 100.000 болсон энэ зардлаа нэхэмжилж байна. Цаашид гомдолтой. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

 

Гэрч А.Б мөрдөн байцаалтанд: Эгч болох Д.О над руу залгаад плита ачих гэсэн юм хүрээд ир гэж хэлэхээр нь би хүүхдээ аваад Гурвалжин барилгын материалын зах дээр 18 цаг 20 минутын үед явж очиход плита худалдаж авахаар хүмүүс портер маркийн машинтай ирчисэн байсан. Тэгээд Д.О эгч Д.Ч гэх эмэгтэйтэй маргалдсан байсан. Д.О эгч намайг контейнэрээс плита гаргаад машин дээр аччих гэж хэлэхээр нь би ачих гээд бэлдэж байхад Д.Ч гэх эмэгтэй Д.О эгчийг бие рүү нь гараараа түлхээд хэл амаар доромжпоод байсан. Тэр хооронд би контейнэр дотор плита зайчлаад байж байхад плита авах гэж байсан нэг эмэгтэй энэ хоёр хүнээ салгаач ээ гэж хэлэхээр нь би очоод салгаад тэр пилта авах гэж байгаа хүмүүс авахаа больсон. Д.Ч гэх эмэгтэй контейнэр дээрээ очоод хаалгаа онгойлгоод хаалгаа бид нараас худалдаа хийх гэж байсан хүмүүст зарахаар хаалгаа ачсан. Д.О эгч түрүүлээд яваад өгсөн. Би контейнэрээ хаагаад явсан. Би яг хэн хэнийг цохиж зодсоныг бол хараагүй. Нэг нэгнээ түлхэж байхыг харсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ө.Ганболд мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр над руу хүн залгаад ачаа ачуулмаар байна гэж хэлээд намайг гурвалжингийн барилгын материал дээр хүрээд ир гэхээр нь би 70-43 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гурвалжингийн барилгын материал дээр очоод ачаа ачуулах хүнтэй уулзаад тэгээд складан дээр очоод нэг эгчээс хаалга, плита худалдаж авахаар болоод плитаг нь тэр хүмүүс авахаа болиод хаалгыг нь ачиж байхад машинтай нэг эгч ирээд наад хаалгаа буулга гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаалгыг буулгаж тавиад байж байтал анх хаалга зарсан эгч наад хаалгаа ач гэж хэлээд тэгээд би хаалгыг ачаад машиндаа сууж байхад барилгын материал зардаг хоёр эгч хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд би хөдлөөд явсан...Яг юу гээд маргалдаад байгааг нь сонсоогүй мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг хөдлөх гэж байхад машины баруун талд тэр хоёр эгч хоорондоо ноцолдоод бие биенийгээ үсдэлцээд зууралдаад байсан. Тэгээд би яваад өгсөн. /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед манай хүүхэд Б над руу утсаар яриад ааваа ээжийн царай аягүй сонин байна гэхээр нь би бие нь  өвдсөн юм байх гэж бодоод яаж байна гэхэд толгойноос нь атга үс унасан байна хацрыг нь самардсан юм уу зурсан юм шиг болсон байна гэхээр нь би хаана юу болсон юм бэ гэхэд ажил дээрээ болсон юм шиг байна гэхээр нь ажлаа зохицуулаад гэртээ очсон. Гэртээ ороод харахад эхнэрийн үс нь унасан толгойгоо бариад сууж байхаар нь юу болсон талаар асуухад ажлынхаа тэнд хүнд зодуулсан гэж хэлсэн. Тэгээд урьдах яриаг сонсож байхад ажил дээрээ худалдан авагч нараа булааж маргадаг яриа эхнэр ярьдаг байсан. Нэг газарт зогсож байж яах гэж ингэдэг юм бол гэж би боддог байсан. Манай эхнэр надад өдөр болдог зовлонгоо л ярьдаг байсан. Би тэр бүрт нь за за олон эмэгтэй хүмүүс байдаг юм чинь хоорондоо хэрэлддэг байлгүй чи тоохгүй л байхгүй юу даа гэж хэлдэг байсан. Би болохоор тэр ажлын хүмүүсийг өмнө нь нэг удаа ч харж байгаагүй танихгүй хүн юм. Ингээд эхнэрээ дагуулаад цагдаад ирж өргөдөл гаргаж байна. /хх-ийн 33/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3681 дугаартай дүгнэлтэнд: Д.Чгийн биед тархи доргиллт баруун чамархайн хуйхны зулгаралт, үс уналт, эрүүнд зулгаралт, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 37/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3728 дугаартай дүгнэлтэнд: Д.Оийн биед цээжинд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжгүй гэмтэл байна. /хх-ийн 38/ гэжээ.

 

Сэжигтнээр Д.О мөрдөн байцаалтанд: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эс Би төвийн гадна талд байрлах плита, төмөр хаалга, модон хаалга зардаг контейнэрийнхээ хажууд юмаа зараад 18 цагийн орчим зогсож байхад Д.Ч гэх адилхан худалдаа хийдэг эмэгтэй ирээд чи хүн юм зарах гэж байхад чи зарлаа гээд плита ачаад зогсож байхад намайг элдэв янзаар хэлэхээр нь би та болиоч дандаа ингэж байх юм гэж хэлсэн. Тэгтэл Д.Ч миний нүүр бие хэсэг рүү гараараа цохиж байсан тэр үед нь би та дандаа хүн цохиж ийм байдал гаргаж байх юм гэхэд тэр хүүхэн өөрөө өдөөн хатгалгаа хийж намайг нөхөр нь нас барсан нөхрийнхөө толгойг залгисан бузартай хүүхэн шуналтай хүүхэн гээд элдэв нэгээр хэлээд байсан. Тэгээд намайг бариад авахаар нь та яахаараа ингэж элдэв нэгээр хэлдэг юм бэ миний нөхөр нас барах танд ямар хамаатай юм бэ гээд би эргүүлээд бие биенээ заамдаж аваад бид хоёр давхаралдаад газар унасан. Тэгээд бие биенийхээ үсийг зулгаасан байхад плита ачаад зогсож байсан Батаа ирээд та хоёр ямар учиртай юм бэ болиоч гээд салгасан. Тэгээд би тэндээс яваад өгсөн, харин Д.Ч зүгээр зогсоод хаалгаа зараад зогссон. Би тэр үед больё хэрүүл уруултай юмаа зараад яахав гээд контейнэрээ хаагаад яваад өгсөн. Тэр үед плита зарсан би туслах Ганхуяг, Батаа нар тараад явсан.  Дахин маргалдаж зодолдоогүй...Д.Чтэй маргалдаж хэрэлдэж байсан зүйл бол байхгүй. Харин Д.Ч урьд нь манай контейнэрт худалдагч хийж байсан Оргил гэх хүнтэй маргалдаж байсан. /хх-ийн 50/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Д.О 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эс би” нэртэй барилгын захын орчимд иргэн Д.Чтэй “...үйлчлүүлэгчээ булаалцалдаж...” маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Чгийн“...Д.О ирээд шууд миний үснээс зулгааж аваад ...газар унагаагаад дээрээс толгой, өвдөг, ууц, нуруу, хэсэгт дээрээс дарж суугаад зодсон...” /хх-ийн 47/, гэрч А.Б-ийн“...Д.Ч гэх эмэгтэй Д.О эгчийг бие рүү нь гараараа түлхээд хэл амаар доромжпоод байсан...плита авах гэж байсан нэг эмэгтэй энэ хоёр хүнээ салгаач ээ гэж хэлэхээр нь би очоод салгаад...тэр плита авах гэж байгаа хүмүүс авахаа больсон...” /хх-ийн 16/, гэрч Ө.Г-ын“...тэр хоёр эгч хоорондоо ноцолдоод бие биенийгээ үсдэлцээд зууралдаад байсан...” /хх-ийн 31/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 3681 дугаартай дүгнэлт /хх-ийн 37/, шинжээчийн 3728 дугаартай дүгнэлт /хх-ийн 38/, хохиролтой холбогдох баримтууд зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамаарал бүхий эдгээр бичгийн нотлох баримтуудаар мөрдөн байцаалтанд Д.Оийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би эргүүлээд бие биенээ заамдаад авсан бид хоёр давхралдаад газар унасан, тэгээд бие биенийхээ үсийг зулгаасан байхад Б гэх плита ачаад зогсож байсан залуу ирээд салгаад та хоёр ямар учиртай юм бэ болиоч гээд салгасан...” /хх-ийн 50/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж тогтоогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Д.О, Д.Чгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Д.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Д.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Д.Оийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байна.  

 

Хэрэгт авагдсан хохиролтой холбогдох баримтууд /хх-ийн 20-29/ болон шүүх хуралдаан дээр хохирогчийн гаргасан баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлаад хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан компьютер томографийн 120.000 төгрөг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үзлэгийн төлбөр 8000 төгрөг, Скай эмнэлэгт төлсөн 506.785 төгрөг буюу нийт  634.785 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.  

 

Хохирогч Д.Чгийн нийт 1.975.000 төгрөгийн нэхэмжлэлээс үлдэх 1.340.215 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зарим баримт нь дутуу байх ба энэ шүүх хуралдаанаар тооцоолон гаргах боломжгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж үүнтэй холбогдох болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Оийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Д.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Д.Оийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оээс 634.785 төгрөг гаргуулан хохирогч Д.Чд олгосугай.

 

  1. Хохирогч Д.Ч эмчилгээтэй холбогдон гарсан болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутайд этгээд Д.Оээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Д.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                   

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ