Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 00672

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын Тооромт баг, 2-24 тоотод оршин суух, 1970 онд төрсөн, эрэгтэй, ОО70061313 регистрийн дугаартай, Галзад овогтой Жавзангийн Цэрэнжавын нэхэмжлэлтэй, 

         Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох,

         Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 9.566.536  төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Цэрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ж.Цэрэнжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие  Увс  аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай  тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 190 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай  тогтоолоор  ажилдаа  эгүүлэн тогтоогдсон. Дээрх магадлал, тогтоолын дагуу Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажилдаа орсон. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 9.566.536 төгрөгөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл  гаргаж байна. Миний бие ТЗ-2-ын 4 дүгээр шатлалаар цалинждаг бөгөөд үндсэн цалин  504.485 төгрөг, ажилсан жил болон зэрэг дэвийн 28 хувийн нэмэгдэлтэй. Нийтдээ 649.580 төгрөгийн цалинтай ажиллаж байсан. Нэг өдрийн хөлс 29.526 төгрөг болно. 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 14 сар 16 хоног ажиллах байсан. Энэ хугацааны цалин 649.580х14=9.094.120 төгрөг, 29.526х16=472.416 төгрөг, нийтдээ 9.566.536 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл  нөхөн төлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.   

           Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тэс сумын Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Ж.Цэрэнжавын нэхэмжлэлийн дагуу Тамгын газрын санхүүжилт, нөөц боломжийн талаар Санхүү албаны дарга Ц.Урнаа, нягтлан бодогч Ц.Энхбаяр нараас асууж лавлахад Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо 18 байх ёстой боловч, гэрээт 3 ажилчин илүү ажиллаж байгаа бөгөөд 8, 9 дүгээр сарын цалингийн санхүүжилт хүрэхгүй цалингийн ашгаас нэмэлт хийж цалин тавьсан талаар тайлбар өгсөн. Иймд Засаг даргын Тамгын газрын байгаль хамгаалагч Ж.Цэрэнжавтай 2016 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд эвлэрлийн гэрээ байгуулах талаар харилцан ярилцаж 2016 оны 12 дугаар сар, 2017 оны эхний улиралд санхүүжилтийн боломжоор хувааж төлөх тухай ярьж тохиолцсон боловч 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөнгө хэрэг болоод байгаа учир энэ сараас эхлэн ажилгүй байсан хугацааны цалингаа авах хүсэлтэй байна гэсэн хүсэлт бичиж ирсэн. Хуваарийн дагуу цалингийн нэхэмжлэлийг олгох боломж, нөөц санхүүжилт Засаг даргын Тамгын газарт байхгүй байгаа учрыг харгалзан үзэж холбогдох тайлбарыг гаргаж өгөхийг хүсье” гэжээ.  

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Цэрэнжав нь хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 9.566.536 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагч  Ж.Цэрэнжавыг тус Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Б/10 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 190 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 191 дүгээр тогтоолоор тус тус уг албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

            Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Ж.Цэрэнжав нь 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Б/03 дугаар Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар ажилдаа томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

           Нэхэмжлэгч Ж.Цэрэнжав нь ажилгүй байсан 2015 оны 5 дугаар сарын 06-наас 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор буюу 9.566.536 төрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахаар нэхэмжилсэн ба түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн тодорхойлолт, ажилд томилсон тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд тэрээр ТЗ-2-ын 4 шатлалын 507.485 төгрөгийн үндсэн цалин, удаан жилийн 15 болон зэрэг дэвийн 13, нийт 28 хувийн нэмэгдэл 142.095 төгрөг, нийт 649.580 төгрөгийн цалин авдаг байсан нь тогтоогдож байна.

            Үүнээс түүний нийт 14 сар 16 хоног ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний буюу 649.580х14=9.094.120 төгрөг, нэг өдрийн 29.526 төгрөгөөр тооцож 16 хоногийн цалин 472.416 төгрөг, нийт 9.566.536 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

           Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 9.566.536 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнжавт олгож шийдвэрлэв.

            Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнжаваас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 168.015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнжавт олгох нь зүйтэй.

              Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газар нь өөрийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтаа өөрөө гаргах, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн саналыг хүлээн авч, хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 9.566.536 /есөн сая таван зуун жаран зургаан мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнжавт олгосугай.

             2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнжавын ажилгүй байсан 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Цэрэнжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168.015 /нэг зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 168.015 /нэг зуун жаран найман мянга арван тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Цэрэнжавт олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА