Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00680

 

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 13-01 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ОЮ61060811 регистрийн дугаартай, Борогчууд овогтой Элдэвийн Жамбалдоржийн,

             Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Жамбалдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

             Нэхэмжлэгч Э.Жамбалдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Ам бүл 4, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багт оршин суудаг. Миний бие 1977 оны 6 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын 8-н жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд 1977 оны 7 дугаар сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд тоосго шатаагчаар орж, 1980 оны 7 дугаар сар хүртэл ажилласан. Ингээд 1980 оны 6 дугаар сард цэрэгт татагдаж, 3 жил цэргийн алба хаасан юм. Цэргээс 1983 оны 6 дугаар сард халагдаж ирээд Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах ажилчин, засварчнаар орж ажиллаж байгаад Түлш эрчим хүчний яамны дэргэдэх мэргэжил дээшлүүлэх 45 хоногийн курсад дизелийн машинист, засварчин мэргэжлээр суралцаж төгссөн. Курсээ төгсөж ирээд үргэлжлүүлэн Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ээлжийн ахлах машинистаар 1996 он хүртэл ажиллаж байсан юм. Одоо миний тэтгэвэрийн нас болж байгаа боловч цэргийн албанд явахаасаа өмнө Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд тоосго шатаагчаар ажиллаж байхад хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд тоосго шатаагчаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Э.Жамбалдорж нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:  

           - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Элдэвийн Жамбалдоржийн 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын дугуй зууханд тоосго шатаагчаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,

          - Гэрч Э.Тунгалагийн: “Э.Жамбалдорж миний төрсөн ах юмаа. Бид хамтдаа Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд 1979 оноос 1980 оныг дуустал хамт ажилласан. Э.Жамбалдорж ах 1977 оны 6 дугаар сард 8-р ангиа төгсөөд мөн оны 7 дугаар сараас эхлэн 1980 оны 7 дугаар сарыг хүртэл Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд тоосго шатаагчаар ажиллаж байгаад 3 жилийн цэрэгт яваад 1983 онд халагдаж ирээд Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт туслах ажилчин, засварчнаар ажилласан. Би Тоосгоны заводын дугуй зууханд 1979 оноос 1990 он хүртэл үнс гаргагчаар ажиллаж байсан.  Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар н.Батзул, орлогч дарга нь н.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

            - Гэрч Ж.Батсүхийн: “Би 1973 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын дугуй зууханд 1991 он хүртэл тосго шатаагч, тоосго зөөх гэх мэтийн бүхийл ажлыг хийдэг байсан. Э.Жамбалдорж нь 1977 оноос 1980 оны 6 дугаар сарыг дуустал тус Тоосгоны заводын дугуй зууханд тоосго шатаагчаар ажиллаж байгаад цэрэгт явж байсан. Цэргээс халагдаж ирээд тухайн байгууллагадаа ажиллахгүйгээр өөр байгууллагад ажиллаж байгаа гэж байсан. Бид хамтдаа Тоосгоны заводад тоосго шатааж байсан учраас бие биенийхээ талаар сайн мэдэж байна. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар н.Батзул, орлогч дарга нь н.Нүүнээ гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

             - Гэрч Э.Тунгалаг, Ж.Батсүх нарын иргэний үнэмлэхний болон тэдний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 271 тоот, мөн шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 337 тоот шийдвэрийн хуулбарууд зэрэг баримтууд болно.

            Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр Э.Жамбалдоржийн 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын Дугуй зууханд тоосго шатаагчаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Э.Жамбалдоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борогчууд овгийн Элдэвийн Жамбалдоржийн Увс аймгийн Барилга угсралтын Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын Дугуй зууханд 1977 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд тоосго шатаагчаар 3 /гурав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Жамбалдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА