Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00232

 

Т.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэр,

     Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00106 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.М

          Хариуцагч: Бхолбогдох

     Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт холбогдох хэсгийг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэнийг

          Хариуцагчийн төлөөлөгч П.Сатжолын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2005 онд Баяннуур суманд “Санхүүгийн алба” байгуулагдсантай холбоотой Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт Бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор  2017-04-03-ны өдөр хүртэл ажиллсан. Ажил олгогчийн зүгээс 2017-04-03-ны өдөр намайг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж  халсанд гомдолтой байна. 2017-03-29-ний өдөр би бие  аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр болж  цалинтай чөлөө авч, Баяннуур сумаас Өлгийд ирсэн. Өлгийд ирж 2017 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдөр эмчид үзүүлж, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаа хийлгэхээр хэвтэж, мөн сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан. Би энэ хугацаандаа чөлөөтэй байсан. Би  өвчтэй байхад 2017-04-03-ны өдөр ажлаас чөлөөлсөн байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа “Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын шийтгэлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтны хувьд багшид 2017 оны 3 дугаар сарын цалинг тооцож олгоогүй" гэжээ. Архи уусан, шалгалтанд саад учруулсан гэдэг нь үндэслэлгүй. Ажил олгогч нь надад 2017-01-02-ны өдөр нэг сарын хугацаагаар 20% цалинг буруулах шийтгэл ногдуулсан. Үүнийг Муратхан зөвшөөрч цалингаас суутгал хийлгэсэн,үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Ийм тушаал, шийдвэр гарч байсныг ч мэдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд цалингаас 20% суутгал хийгдэж байгаагүй. Энэ бол миний 2017 оны 1, 2, 3 дугаар саруудад авсан цалингийн хүснэгтээр нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын  2017 оны №01, 2017 оны  09 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

        Хариуцагч болон түүний өмгөөлөгч хариу тайлбартаа: 2016-04-04-ний өдрийн 10 дугаар тушаалаар нягтлан бодогч нарын хамт “сануулах” арга хэмжээ авагдаж байсан.Энэ  талаар гомдол гаргаагүй. Арга хэмжээ авагдсаны дараа ч ажил албандаа хариуцлагагүй хандаж,  зөрчилтэй ажилласан нь шалгалтаар илэрсэн.Иймд нягтлан бодогч нарын хамт сарын цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд энэ талаар мөн гомдоогүй. Тус сумын бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш 2017-03-21-ний өдөр өргөдөл гаргасан бөгөөд цалинг нь тооцож гаргаагүй учир  нягтлан бодогч Муратханд арга хэмжээ авч өгнө үү гэсэн утгатай байсан. Түүнээс гадна Муратхан нь ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтад баримт материал гаргаж өгөлгүй саад учруулсан зэрэг зөрчлийг дахин давтан гаргасан тул шат шатны сахилгын зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авсан. Ийнхүү арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-т  нийцэж байгаа. Нэхэмжлэгч нь цалинг гаргаж өгөөгүй байдлаа зөвшөөрсөн байгаа. Муратхантай хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнийг хамгаалан шүүхэд худал мэдүүлэг өгч, хурлын материал болон  албан бичиг зэргийг үгүй хийж устгасан  гэж бодож байна. 2017 оны 01 дугаартай тушаалаар зохих хууль, журам, дүрэм, үндэслэлийг дурдаж  сахилгын шийтгэл ногдуулсан. Нэхэмжлэгчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаалын  Т.Мд холбогдох хэсгийг,  2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн  09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Т.Мыг Баяннуур сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын санхүүгээс 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

       Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00106 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь зөв үнэлж чадаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Т.Мд ажил олгогчийн 2016 оны  10 тоот тушаалаар нягтлан бодогч Ш.Айнур, К.Байболат, С.Гулдана нарын хамтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1-д зааснаар сануулах арга хэмжээ авагдаж байсан юм. Т.М нь тухайн үед уг тушаалын талаар гомдол гаргаагүй юм. Т.Мд ажил олгогчийн 2017 оны 01 тоот тушаалаар Баян-Өлгий аймгийн санхүүгийн хяналт аудитын албаны шалгалтаар санхүүгийн ноцтой зөрчил илэрсэн тул нягтлан бодогч Ш.Айнур, К.Байболат, С.Гулдана нарын хамтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.2-т зааснаар түүний 1 сарын үндсэн цалингийн 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Т.М нь тухайн үед уг тушаалын талаар гомдол гаргаагүй юм. Т.Мд ажил олгогчийн 2017 оны  09 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байсан юм. Хамгийн сүүлд нягтлан бодогч Т.Мд сахилгын шийтгэл ногдуулсан хууль зүйн үндэслэл нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтанд саад учруулсан, ажлын байранд архидан согтуурсан, Т.Анаргүлийн 2017 оны 03 дугаар сард авах ёстой 480.000 төгрөгийн цалин хөлсийг тухайн үед бодож өгөөгүй зэрэг зөрчлүүдийг гаргасан явдал юм. Нэгэнт ажилтан Т.М нь албан үүргээ гүйцэтгэх явцад удаа дараа хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн учраас хамгийн сүүлд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Баяннуур сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан З.Мадениетийн мэдүүлэг нь эргэлзээтэй гэж үзэж байна. ...Ингэхээр З.Мадениет нь бодит байдлыг гуйвуулан зориуд санаатайгаар Т.Мд ашигтайгаар мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Иймд ...шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариу тайлбартаа: 2016 оны 10 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авагдсан гэжээ. Т.М нь энэ тушаалыг гаргасан талаар огт мэдээгүй, гардуулж байгаагүй гэдгийг ЗДТГ-ын дарга асан З.Мадениет баталж байна.Тухайн үед мэдсэн бол гомдол гаргах байсан. Т.Мд мөн 2017 оны 01 тоот тушаалаар цалингийн 20 хувиар буруулан сахилгын шийтгэл ногдуулж байсан гэжээ. Энэ өдөр нь бүх нийтээр амарсан өдөр байна. Мөн тушаалыг гардаж өгөөгүйгээс гадна захиргааны акт гаргах үйл ажиллагааны журам зөрчсөн байгаа юм байна. Энэ талаар анхан шатны шүүх маш тодорхой дүгнэлт гаргасан байсан. Санхүүгийн аудитын албаны шалгалтаар Т.Мы хариуцаж байсан байгууллагын нэр уг актад ороогүй байна. 2017 оны 09 тоот тушаалаар ажлаас халах шийтгэл ногдуулсан байна. Арга хэмжээ тооцсон үндэслэлүүд батлагдаагүй байсныг шүүхүүд нотлон тогтоосон байгаа болно. Архидан согтуурч байгаагүй гэдгийг гэрчүүд болон Цагдаагийн төлөөлөгчийн тодорхойлолтоор батлагдана. 3ДТГ-ын дарга асан З.Мадениетэд шүүх хууль сануулан гэрчийн мэдүүлэг авсан болохоор тэр худал хуурмаг тайлбар, мэдүүлэг өгөх эрхгүй байгаа юм. З.Мадениет нь тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Баяннуур сумын ЗДТГ-ын ажилд эгүүлэн тогтоогдсон болохоор одоогийн үүрэг гүйцэтгэгч түүнийг хий хоосон хардаж байгаа болохыг шүүх анхаарч үзэн гомдлыг  хангахгүй орхиж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

      Т.М 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Бхолбогдуулан нэхэмжлэл гаргаж, ажил олгогчийн 2017 оны 01, 09 дүгээр тушаалыг хүчингүй болгох, сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг шаарджээ. /хх 1, 44, 61/ Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 28-29, 88 /

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

      Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаал гаргаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын дотоод журмын 4.4-г баримтлан Т.М “... сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын зөрчлийг давтан гаргасан... ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан...” гэж  ажлаас нь халжээ.

         Ажил олгогчийн  2017 оны  09 дүгээр тушаалд заасан зөрчлийг ажилтан гаргасан нь  тогтоогдоогүй байх тул Т.Мы нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзнэ. 

        Түүнчлэн, 2017 оны 09 дүгээр сараас өмнө нэхэмжлэгч сахилгын шийтгэл хүлээж байсан гэх үйл баримт нэхэмжлэлийг үгүйсгэж чадаагүй буюу ажилтны цалинг 20 хувь  хасах сахилгын шийтгэл ногдуулах тушаал биелэгдсэн нь тогтоогдоогүй учир Т.Мыг давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. 

        Хоёр шатны шүүх Т.Мы нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00106 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ