Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 659

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүгч Д.Халиуна, шүүгч Н.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК.

Хариуцагч: Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компанийн гүйцэтгэх захирал С.Ааа-сгаргасан маргаан бүхий 0******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, иргэдийн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т, Л.Н, хариуцагч Ч.О, З.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн төлөөлөгч С.А шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СВ ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нөхцөл шаардлагын дагуу 2014 оны 09 дүгээр сард хоёр шинэ компани болон хуваагдаж бүтцийн хувьд өөрчлөлт хийсэн болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцаж байсан, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 9******* тоот гэрчилгээ, 2******* тоот регистрийн дугаартай СВ ХХК-ийн 2009-2012 оны үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* тоотоор нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт ногдуулсан юм.

Манай компани энэхүү актыг эс зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус тайлбар бичгийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 тоот тогтоолоор 51,180.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 51,180.0 мянган төгрөгийн актнаас 4,557.6 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан билээ. Харин Гааль татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн гаргасан 287,034.3 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч байна.

Иймд манай компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно. Учир нь:

Нэг. Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн тавьсан акт нь татвар төлөгч бидэнд алдаатай, ойлгомжгүй байна.

Хоёр. Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан маргаан таслах зөвлөлийн магадлагчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Гурав. Гаалийн татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 70 тоот тогтоолоор гаргасан 51,180.0 мянган төгрөгийн татварын актад гомдол гаргасан юм. Гэтэл гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл нь 51,180.0 мянган төгрөгийн татварын хэргийг авч үзэх ёстой байтал дахиад Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 0******* тоот актад тусгасан 305,654.6 мянган төгрөгийг хэлэлцэж, нөхцөл байдлыг хүндрүүлсэн болно.

Дөрөв. Гаалийн татварын ерөнхий газрын даргын А/205 тоот тушаал, Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 51 тоот тогтоолд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн актаас зарим хэсгийг нэмж шийдвэр гаргаснаар акт зөрүүтэй болж, илт хууль бус болох нь тогтоогдлоо.

Иймд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү.

“С В” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан нөхцөл шаардлагын дагуу 2014 оны 09 дүгээр сард хоёр шинэ компани болон хуваагдаж бүтцийн хувьд өөрчлөлт хийсэн болно.

Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцаж байсан, 1998 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хуулийн этгээдийн бүртгэлийн 9******* тоот гэрчилгээ, 2******* тоот регистрийн дугаартай СВ ХХК-ийн 2009-2012 оны үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* тоотоор нийт 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр акт ногдуулсан юм.

Манай компани энэхүү актыг эс зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болон 11 дүгээр сарын 19-ний өдөр тус тус тайлбар бичгийг хүргүүлсэн байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70 тоот тогтоолоор 51,180.0 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү 51,180.0 мянган төгрөгийн актаас 4,557.6 мянган төгрөгийн актыг эс зөвшөөрч Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Үүний дараа Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл 2016 оны 06 дугаар сарын 14-ний 51 дугаартай тогтоолоор Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 00******* дугаартай 305,654.6 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээжээ.

Дээрх тогтоолыг 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдөр манай компанид хүргүүлсэн бөгөөд уг тогтоолыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Нэг. Гааль, татварын ерөнхий газрын татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдахдаа: 2010-2011 онд 76,862.6 мянган төгрөгийн борлуулалтын орлогыг татварын тайланд дутуу тусгасан нь Татварын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь хөндлөнгийн мэдээлэл тайлангаар нотлогдсон тул 153,725.2 мянган төгрөгийн зөрчилд ногдох нийт 25,387.9 мянган төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн байна. энэхүү 153,725.2 мянган төгрөгийн зөрчил гэдгийг дараах шалтгаанаар үгүйсгэж байна. Үүнд:

Манай компаниас 796******* дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болон үнэт цаас алдагдсан байна. Гэтэл энэ дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 51******* регистрийн дугаартай А а ХХК нь 7,7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөнийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь мэдээллийн сангаас олж тогтоогоод, дээрх компанид төлбөрийн акт тогтоохын оронд “СВ” ХХК-д борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Манай компани нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 28 тоот албан бичгээр Улсын мөрдөн байцаах ерөнхий газарт албан хүсэлт явуулж, манай 796******* дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг огт харьцдаггүй А А ХХК нь ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн болохыг шалгаж өгнө үү гэсэн албан бичиг хүргүүлсэн болно.

“СВ” ХХК нь үнэт цаас алдаж үрэгдүүлсэн нь үнэн боловч 76,862.6 мянган төгрөгийн борлуулалтын орлого олоогүй, харин хулгайд алдсан падаанаар өөр компани залилангийн хэрэг хийсэн байхад уг 76,862.6 мянган төгрөгийн орлогыг хоёр дахин нугалж 153,725.2 мянган төгрөгийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Сүхбаатар дүүргийн татварын хэлстийн Татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарын 1,045,000.0 мянган төгрөгийн ногдол ашгийг бусдад шилжүүлэхдээ албан татвар суутган авч төсөвт төлөөгүй гэсэн зөрчилд нийт 151,650.4 мянган төгрөгийн төлбөрийн акт тавьсныг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т ...2012 онд хувь хүнд олгосон ногдол ашгийн орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх хуульд нийцэж байна. Иймд иргэнд өгөх ногдол ашгийг 2013 он хүртэлх хугацаанд чөлөөлсөн заалтад хамруулж уг актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээснийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна.

Нэг. Гааль татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2.1-т ... 2010 ногдол ашгийг нягтлан бодох бүртгэл, журнал дансанд бүртгээгүй ба олгосон тухай баримт мэдээлэл 2013 оны 02 дугаар сарын 08-ыг хүртэлх хугацаанд байхгүй байгаа нь баримтаар нотлогдов гэжээ. Гэтэл 2010 оны балансын ашиг 230.0 сая төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Татварын улсын байцаагч 11 тоот тогтоолоор 2012 оны балансын ашиг 815.0 сая төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Татварын улсын байцаагч 06/13 тоот тогтоолоор тус тус гаргажээ. Энэхүү ногдол ашгийг 2010, 2011 онд олголгүйгээр 2012 онд хоёр оны ногдол ашиг болох нийт 1,045.0 сая төгрөгийн бичилт хийж олгосон нь нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нотлогдоно.

Хоёр. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 2.3-т ...ногдол ашиг олгох гүйлгээ нь 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн тогтоолоор баталгаажсан байна, ....хувьцаа эзэмшигчид ногдол ашиг олгох шийдвэр нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хугацаанд хэрэгжсэн болохыг гэрчилж байна, ...нягтлан бодох бичилтийг аудит хийсэн этгээдийн дүгнэлтийг үндэслэсэн болох нь баримтаар тогтоогдлоо гэжээ. 2010-2012 оны ашгийг хуримтлуулж, 2012 онд хуулийн хугацаанд ногдол ашгийг багтааж олгосон. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль-ийнхүрээнд 2013 оны 02 дугаар сарын 10-ны дотор буюу 2013 оны 02 дугаар сарын 08-ны шийдвэрээр 2012 жилийн эцсийн тайлан тэнцэлд ногдол ашгийг хувьцаа эзэмшигчид хуваарилсан бичилтийг хийсэн.

Гурав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т дээр дурдсан 1,045.0 сая төгрөгийн ногдол ашгийг 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс хойших хугацаанд олгож удирдлагын шийдвэрийг хэрэгжүүлсэн байх тул ...2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн албан татвар ногдуулна гэж зааснаар ...төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн байна. Бид 2013 оны 01 дүгээр сарын 01-ээс хойших хугацаанд ногдол ашгийг олгоогүйг нягтлан бодох бүртгэлийн бичилтээр батлах болно.

Иймд ногдол ашгийн зөрчилд ногдуулсан гэх 151,650.4 мянган төгрөгийн төлбөрийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т ..компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн хугацаа нь татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд хамаарагдаж байгаа тул Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү заалт нь ямар хууль зүйн үндэслэлээр буруутгагдаж байгаа нь бидэнд ойлгомжгүй байна. Татварын улсын байцаагчийн актын 1.5, 2.3-т 2012 оны 529,983.3 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод 15,147.0 мянган төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар, торгууль, алданги мөн 69,056.8 мянган төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, торгууль, хүү, бүгд 84,203.8 мянган төгрөг тус тус ногдуулсан билээ. Харин Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын магадлагаа 6-д ... уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна гэж тогтоосон байна. Гэтэл Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээснийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна.

Нэг. Хувьцаа эзэмшигч С.Б******* нь 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хувьцаа эзэмшигчийн 232 тоотоор 529,983.3 мянган төгрөгийн өртөг бүхий барилгыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, эзний татан авалт хийх шийдвэр гаргасан байдаг. Энэхүү шийдвэрийн дагуу 2012 оны жилийн эцсийн тайлан тэнцэлд уг барилгын үлдэгдэл өртгөөр дүрмийн санг бууруулж, барилгыг данснаас хассан санхүүгийн бичилт хийгджээ. Гэтэл Татварын улсын байцаагч нь үүнийг үндсэн хөрөнгө борлуулсан гэж үзэж акт тавьсан юм. Хувьцаа эзэмшигчийн дээрх шийдвэр нь аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн борлуулалт биш учраас нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй гэж үзэж байна. Түүнчлэн барилгыг бусдад худалдан борлуулаагүй тул үл хөдлөх хөрөнгийн татвар ногдох үндэслэлгүй гэж үзэж байна.

Хоёр. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18-ын 14-т бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх 5 нөхцлийг бүгдийг хангаагүй тул борлуулалтын орлого гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Гурав. Хэдийгээр барилгыг өмчийн эзэнд шилжүүлэх шийдвэр гарсан боловч Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өмчийн эзний нэр дээр шилжүүлээгүй одоо хүртэл СВ ХХК-ийн нэр дээр байгааг Гааль, татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 3-т тодорхой зааж өгснөөр энэхүү барилгыг бусдад борлуулаагүйг нотолж, СВ ХХК-ийн өмч гэдгийг баталж байна.

Иймд компанийн хөрөнгийг бусдад шилжүүлсэн гэх 84,203.8 мянган төгрөгийн төлбөрийн актыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлөөс хүчингүй болгосон байтал Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Дөрөв. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 4-т 2009-2012 оны нийт 26,576.7 мянган төгрөгийн баяр ёслолын арга хэмжээний зардалд ногдох 2,657.6 мянган төгрөгийн нөхөн татварыг төлөхийг зөвшөөрч байна. Харин мөн тогтоолын 4-т заасан 2011-2012 оны 37,946.4 мянган төгрөгийн найдваргүй авлагын зардалд ногдох 5,506.8 мянган төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг дараах шалтгаануудаар эс зөвшөөрч байна. Үүнд:

Нэг. Манай компани айл өрхүүдтэй гэрээ хийж кабелийн телевизийн сарын хураамжийн авлагыг сар бүр мөнгө нь орж ирээгүй байхад борлуулалтын орлогоор урьдчилан бүртгэн нэмэгдсэн өртгийн албан татварыг төлдөг билээ. Гэвч Ю*******, С******* зэрэг өрсөлдөгч сувгууд гарч ирснээр хэрэглэгчид манай сувгийг ашиглахаа больсон нь тогтоогдсон тул авлагыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл манай сувгийг нэгэнт орхиж, гэрээгээ цуцалсан хэрэглэгчдийн өмнөөс татвар төлөх болоод байна.

Хоёр. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 18-ын 20-д: үйлчилгээ үзүүлэх ажил гүйлгээний эцсийн үр дүнг найдвартай тооцож болохоор байвал ...орлогыг хүлээн зөвшөөрнө гээд 4 стандартыг заасан байдаг. Үүнд:

а. Орлогын дүнг найдвартай тооцож болохоор байх,

б. Тухайн ажил гүйлгээнд хамаарах эдийн засгийн өгөөжийг аж ахуйн нэгж хүртэх магадлалтай байх,

в. Балансын өдрөөр тухайн ажил гүйлгээний иж бүрдэлтийн үе шатыг бодитойгоор тооцож болохоор байх,

г. Тухайн ажил гүйлгээтэй холбогдон гарсан зардал болон уг ажил гүйлгээг гүйцээх өртгийг найдвартай тодорхойлж болохоор байх гэсэн 4 нөхцөлийн аль ч болзлыг хангаагүй байхад орлого гэж үзэх ёсгүй.

Иймээс нэгэнт орлогод урьдчилан бүртгээд татвараа төлчихсөн учраас уг стандартын 22-т зааснаар орлогод залруулга хийхгүйгээр шууд зардалд хүлээн зөвшөөрч бичсэн болно. Гэтэл Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь зардалд бичиж орлогоо буурууллаа гэж акт тавьсан юм. Борлуулалтын буцаалт болгож орлогоо бууруулах, зардал нэмж татвар ногдох орлогоо бууруулах нь үндсэндээ утга нэг юм. Иймд дээрх 5,506.8 мянган төгрөгийн актыг хэвээр үлдээсэн Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Тав. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 5-д 2009-2012 онуудын татваруудыг хугацаанд нь төлөөгүй гэж 3,959.1 мянган төгрөгийн торгууль, 2,397.4 мянган төгрөгийн алданги, нийт 6,356.1 мянган төгрөгийн торгууль, 2,397.4 мянган төгрөгийн алданги, нийт 6,356.5 мянган төгрөгийн торгууль, алданги тавьсан. Түүнчлэн шалгалтын нийт зөрчилд тавьсан актын торгууль, хүү, алданги 91,700.6 мянган төгрөг бүгд 98,057.1 мянган төгрөгийн торгууль, хүү, алдангийг 2015 оны 8 дугаар сарын 11-ны өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.2-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж заасны дагуу өршөөлд хамааруулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нийт торгууль, алдангийг хүчингүй болгож өгнө үү.

Зургаа. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолын 6-д 2011 онд 4,000.0 мянган төгрөгийн хуучин барааг борлуулсны 400.0 мянган төгрөгийн нөхөн татвар төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Долоо. Гааль, татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолын 7-д 2012 онд Гялбаа сэтгүүлийн эрхийг 20,000.0 мянган төгрөгөөр худалдан авахдаа эрх борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагчид үүрэг гүйцэтгэж төсөвт төлөөгүй гэж нийт 8,707.2 мянган төгрөгийн төлбөрийн актыг хэвээр үлдээсэн юм. Үүнд дараах тайлбарыг өгч байна.

“СВ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 65/11 дугаартай тогтоолд Гялбаа сэтгүүлийн эрхийг 5,000.0 мянган төгрөгөөр, 7500 ширхэг сэтгүүлийг 15,000.0 мянган төгрөгөөр тус тус худалдан авах шийдвэр гарсан байдаг. Энэхүү сэтгүүлүүдийг СВ ХХК-ийн нярваар дамжуулалгүйгээр худалдан авагчаас Нарангийн худалдааны компаниудад шууд түгээсэн тул тухайн үед ажиллаж байсан нягтлан бодогч хийсэн байсанд Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нь акт тавьсан байна. Иймээс 20,000.0 мянган төгрөгийн актаас 15,000.0 мянган төгрөгийн сэтгүүлийг хасч 5,000.0 мянган төгрөгт тооцох нөхөн татвар төлөхийг зөвшөөрч байна.

Бидний гаргасан нэхэмжлэлийг хянан үзэж, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч нарын 0******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагч Ц.О, З.Б нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэг. 2010-2011 онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан зөрчил нь уг компани нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг ямар ч хяналтгүйгээр бүртгэж борлуулалтын дэвтэр хөтөлж байгаагүйн улмаас уг зөрчил гарч байна. Мөн тус ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан алдагдсан тухай дурдсан байна. 2013 онд татварын хяналт шалгалт хийж байх хугацаанд энэ талаар огт дурдаж байгаагүй.

Хоёр. 2010 онд 29,986.4 мянган төгрөг, 2009 онд 7,960.0 мянган төгрөгийн найдваргүй авлагыг татвар ногдох орлогоос хасч ТНО-оос хасагдах зардал руу хааж бичсэн. Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12-р зүйл Албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг гэдгийг хуулиар тогтоосон бөгөөд дээрх зүйлд ороогүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй тул дээрх хуулийн заалтыг зөрчсөн байсан.

Гурав. 2009 онд 8,899.3 мянган төгрөг, 2010 онд 13,000.0 мянган төгрөг, 2012 онд 4,677.4 мянган төгрөг нийт 26,576.7 мянган төгрөгийн толгой компанийн ойн арга хэмжээний болон бусад баяр ёслолын зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчил байсан. /Нотлох баримт НББ-ийн журналын бичилт/ энэ нь мөн дээрх найдваргүй авлагын зардлыг татвар ногдох орлогоос хассантай адил хуулийн заалт зөрчсөн.

Дөрөв. 2011 онд 4,000.0 мянган төгрөгийн кинонд хэрэглэсэн хуучин барааг борлуулаад аж ахуйн нэгжийн орлогод тайлагнасан боловч нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байна.

Тав. 2012 онд 20,000.0 мянган төгрөгөөр Н ХХК-аас /Гялбаа/ сэтгүүлийн эрхийг худалдаж авсан боловч, шилжүүлсэн орлогоос эрх борлуулсны орлогын албан татвар суутгаж, тайлагнаагүй нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1 Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.2 Эрхийн шимтгэлийн орлого, мөн хуулийн 17.2.7 Эрх борлуулсны орлогод 30 хувиар, 21.5 Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

Зургаа. 2010 оны жилийн эцсийн тайлангаар 230.0 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах, 2012 оны жилийн эцсийн тайлангаар 815.0 сая төгрөгийн нийт 1,045.0 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилах төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсанд ногдол ашгаас суутгах татварыг суутгалгүйгээр Н ХХК-ийн өглөгийг хасаж бичсэн нь санхүүгийн тайлан НББ-ийн бичилт, төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор нотлогдож байна. /Нотлох баримт 2011 оны 03 дугаар сарын 15-ны 11 тоот, 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 06/13 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, баланс, НББ-ийн журнал, гүйлгээ баланс/ нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.1 Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.3 Ногдол ашгийн орлого, мөн хуулийн 17.2.1 ногдол ашгийн орлогод 10 хувиар, 21.5 Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ гэж заасныг зөрчсөн.

2009-2012 онд Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар гарсан ногдлыг хуулийн хугацаанд төлөөгүй төсөвт төлөх татварыг хугацаандаа төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 43.5 Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэснийг зөрчсөн. /татварын албанд төлсөн баримтаар нотлогдож байна./

СВ ХХК-ийн өөрсдийн байрладаг оффисийн барилга нь тус компанийн балансад бүртгэлтэй барилгыг балансаас хассан нь санхүүгийн тайлангаас харагдаж байна. 2013 оны 12 дугаар сард татварын хяналт шалгалт хийгдэж шийдвэр гарах үед уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ тус компанийн нэр дээр байхгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хуулийн 6 дугаар зүйл Харилцан хамаарал бүхий этгээд 6.1 Албан татвар төлөгчтэй дор дурдсан харилцаатай бол харилцан хамаарал бүхий этгээд гэж үзнэ: 6.1.1 Энгийн хувьцааных нь 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшдэг, 11 дүгээр зүйл Харилцан хамаарал бүхий этгээдүүдийн хооронд хийгдсэн бараа борлуулалт, ажил, үйлчилгээний албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох 11.1 Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан этгээдүүд хоорондоо зах зээлийнхээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан буюу шилжүүлсэн, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн бол татварын алба нь харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил үйлчилгээний борлуулалтын зах зээлийн үнийг жишиг болгон албан татвар ногдох орлогыг тодорхойлно гэснийг үндэслэн татварыг нөхөн ногдуулсан. Тухайн шалгалт хийгдэж байх хугацаанд уг барилгыг компанийн балансаас хасч, хувьцаа эзэмшигч иргэн С.Б*******эд шилжүүлсэн тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарсан байсан. /Нотлох баримт санхүүгийн тайлан, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: “С” ХХК-д татварын улсын байцаагч нар 2013 оны 12 дугаар сард шалгаж акт гаргасан. Энэ актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна”, 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж тус тус  заасны дагуу Татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* тоот актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э  шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: "2013 оны 12 дугаар сард татварын улсын байцаагч нарын тавьсан актыг илт хууль бус гэж үзэж байна. Нийслэлийн татварын газрын маргаан таслах зөвлөлөөр энэ асуудлыг оруулсан. Тэгэхээр 90 хувьтай манай талд шийдэгдэж байсан. Үлдсэн хэсэг дээр манайх дахин гомдол гаргахад бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож манай талд шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх хурал дээр бид нарыг эс байлцуулан гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Ингээд бид дахин Дээд шүүхэд хандахад анхан шатны шүүх рүү буцаасан. Татварын улсын байцаагчийн актын 1.1 дээр борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан гэсэн байгаа. Үүн дээр 2010, 2011 онд акт тавигдсан, зөрчил гараагүй. Бид дахиж нотлох баримт гаргаж өгөөгүй ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд тооцооллоо хийгээд өгсөн. Мөн татварын улсын байцаагч нар хөндлөнгийн мэдээлэл гэх зүйлийг гаргаж өгсөн. Тухайн хөндлөнгийн мэдээлэл нь хяналтын албаны хөндлөнгийн мэдээллийн баазтай тулгасан гэж байгаа. Татварын албаны хөндлөнгийн баазтай хэрхэн яаж тулгасан, баазаас үнэхээр тухайн мэдээллийг авсан эсэхийг тогтоож чадаагүй. Мөн хөндлөнгийн баазаас гаргасан мэдээллийг “С” ХХК-ийн мэдээлэлтэй тулгахад өөр онууд таардаг. Гэтэл энэ хүмүүс яагаад акт тавьсан бэ гэхээр “Нэмэгдсэн өртгийн албан татварын нэг хувь дутуу байна” гэх шалтгаанаар акт тавьсан.

Найдваргүй авлагын зардал дээр татварт ногдох орлогоос авсан гэх акт тавьсан. Гэтэл тухайн онуудад найдваргүй авлагын зардал гараагүй, бичилт хийгээгүй. “С” ХХК-ийн 2009, 2010, 2011, 2012 онуудын балансуудыг дүүргийн татварын газраас дахин батлуулаад хуудас болгоноор тамга даруулаад нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Энэ бүгдээс харахад найдваргүй авлагын татвар байгаагүй.

Мөн эрх борлуулсны орлогоос татвар суутгаагүй гэдэг. Эрх борлуулсны орлого гэдэг дээр 20 сая төгрөгийн зөрчил яригддаг. 20 сая төгрөгийн зөрчлөөс 5 сая төгрөг нь эрх борлуулсны торгуулийн хөлс учраас 5 сая төгрөгөөс татвараа төлөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Үлдсэн 15 сая төгрөг нь Гялбаа сэтгүүлийг худалдаж авсан шийдвэр тэр хүмүүсийн тухайн үед шийдэж байсан хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно. Үүн дээр нэмэлт нотлох баримт байхгүй.

Ногдол орлогын ашгаас татвар суутгаагүй гэсэн зүйл яригддаг. Энэ нь 2012 оныг дуустал иргэн хүн ногдол ашгаас чөлөөлөгдөж байсан. Бид энэ цаг хугацаанд 2012 оныг дуусталх үйл ажиллагаанаас олсон, хуримтлагдсан ашгаасаа ногдол ашиг үүсгээд иргэн болгон дээр тооцоолол хийгдсэн байгаа. Гэтэл үүнийг татварын байцаагч нар “Н” ХХК-д шилжүүлсэн байна гэсэн. Бидэнд тухайн үед мөнгө байгаагүй мөн “Н” ХХК-д өртэй байсан учраас өглөг авлагын ногдол ашгийг авсан гэж эдгээр хүмүүс үзсэн. Гэтэл “Н” ХХК нь “С” ХХК-д хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Бичилтүүдийг ямар ч байдлаар нотолж үзэж болно.

Мөн манай компаниас 796******* дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан болох үнэт цаас алдагдсан байна. Гэтэл энэ дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр 51******* дугаартай “А А” ХХК нь 7,7 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөнийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нь мэдээллийн сангаас олж тогтоогоод, дээрх компанид төлбөрийн акт тогтоохын оронд “С” ХХК-д борлуулалтын актыг дутуу тайлагнасан гэж акт тавьсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө борлуулсны татвар төлөөгүй гэж акт тавьсан. Энэ нь “С” ХХК-ийн өөрийнх нь мэдлийн байшин байдаг. Үүнийг бид “М” ХХК-тай хамтраад хувь нийлүүлж байх үед байраа нийлүүлээд балансаас хассан. Мөн одоо энэ эд хөрөнгө манай нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газрын гэрчилгээгээр нотлогдсон байдаг. Үүн дээр тухайн үед балансын бичилт хийгдсэн учраас бид акт дээр маргаад байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э: Борлуулалтын орлогын дэвтрийг хөндлөнгийн хяналтын мэдээлэлтэй тулгасан гэж байна. Борлуулалт бүртгэж байгаа дэвтэр гэдэг нь санхүүгийн анхан шатны нотлох баримт биш зүгээр бичсэн бүртгэлийн жагсаалт байна. Гэтэл тухайн жагсаалтыг борлуулалтын орлогын дэвтэр дээр ингээд бичсэн юм бол борлуулалтандаа балансандаа бичсэн үү гэдэг тулгалтыг 2 байцаагч хийгээгүй. Тухайн үед 2 байцаагч нар хөндлөнгийн мэдээллийг алдагдсан падануудыг хийсэн гэх үйл явдал яригддаг. Борлуулалтын орлогын дэвтэрт бүртгэсэн гэдгийг бүртгэлийн дэвтэрт бичсэн гэсэн үг биш энэ нь зүгээр нэг хуудас юм. Татварын улсын байцаагч шалгалтаа бүтэн хийгээгүй одоо ч гэсэн будлисан хэвээр байгаа.

Найдваргүй авлагын зөрчил балансаар нотлогдоно гэж ярьж байна. Тийм бол тухайн үедээ 2 дансны бичлэг үзчихээд цаашаа үүн дээр тоог гаргаагүй байдаг. Тэгэхээр байхгүй юман дээр акт тавьсан гэсэн асуудал үүсч байна. Иймд гүйцэд баланстай тулгасан тулгалтыг хийгээгүй.

Гялбаа сэтгүүлийн хувьд 20 сая төгрөг шилжүүлснээр нь заавал 30 хувийн лицензийг авах ёстой гээд байна. Үүн дээр тайлбар хэлэхэд зардал гэж томьёолоод байна. Энэ нь зардал биш биет хөрөнгө учраас зардал гэж тодорхойлохгүй.

Ногдол ашиг дээр “Н” ХХК ногдол ашиг бичсэн бичилтийг үндэслээд акт тавьсан нь журналаар нотлогддог гэж байна. Тухайн үед аудитынхан зөвшөөрөөд тамгаа дарсан байдаг. Энэ бүгдийг үнэхээр нотлох шаардлагатай гэж үзэж байгаа бол “Н” ХХК-ийн бичилттэй тулгах ёстой байсан. Энэ бүгд шалгалтаа бүрэн гүйцэд хийгээгүйн үр дагавар юм. Мөн яагаад мөнгөөр нь өгч болоогүй юм бэ гэсэн асуудал яригддаг. Үүн дээр хэлэхэд тухайн байгууллага авсан ашиг болгон бид нарт аж ахуйн нэгж дээр мөнгөөр байдаггүй. Тухайн ашгийг бид нар дахин дахин хөрөнгө оруулалт хийх ажиллагаа гардаг учраас бэлэн мөнгөөр өгөх боломж бололцоо байдаггүй. Түүнээс биш “Н” ХХК дүрмийн санд нь хөрөнгө оруулаад, хувьцаа эзэмшээд байгаа зүйл байхгүй” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н: Татварын улсын байцаагчийн акттай холбогдуулаад эрх зүйн үндэслэлүүдийг тайлбарлая.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006854 гэсэн акт байгаа. Бид нар захиргааны хэргийн шүүх дээр маргаан бүхий нэг л актын хүрээнд ярьж байгаа. “С” ХХК-ийн 2009 оноос 2012 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдал ямар хугацаагаар хойшилсон гэхээр 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хийж гүйцэтгэсэн нэг л акт байгаа шүүх үүнийг анхаарах шаардлагатай. Актын гол нөхцөл нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан татвар төлөгч дараах заасан үүрэг хүлээнэ, мөн татварт ногдох зүйл татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18 дугаар зүйлийн 18.14-д хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн зөрчсөн гэж үзэж байна. Энэ асуудлаар 3 шатны шүүхээр явсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 213 тоот тогтоолд маргааныг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг бүрэн тогтоосны үндсэн дээр гэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны, бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлага хангагдах ёстой гэсэн шалтгаанаар анхан шатны шүүх рүү буцаасан. Маргааны хамгийн гол зүйл нь тухайн үйл баримтыг тогтоогоогүй. Холбогдох хуулийн заалтыг барьсан, чиг үүргийнхээ дагуу ажилласан үүнтэй маргаагүй. Татвар ногдуулах гээд байгаа үйл баримтаа хуулийнхаа дагуу тогтоох ёстой, тогтоогдоогүй зүйл дээр акт гаргана гэдэг нь байж болохгүй асуудал.

Татварын зөрчил гаргасан гэдгийг нэхэмжлэгч талын тайлбар нотлох баримтыг авалгүй татварын хууль тогтоомжийг буруу тайлбарлаж акт ногдуулсан нь маргах гол нөхцөл болсон. Захиргааны ерөнхий хууль дээрээс хэд хэдэн заалтыг ишлэл болгон дурдахад Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл захиргааны үйл ажиллагааны зарчим гэж байгаа. Захиргааны үйл ажиллагаа нь дараах тусгай зарчмыг баримтална гэж заасныг онцлох хэрэгтэй. 4 дүгээр зүйлийн 4.2.5-д акт зорилгодоо нийцсэн байх ёстой гэж заасан. Бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх ёстой гэж үзэж байгаа. 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. 24 дүгээр зүйлийн 24.2-т бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан. 39 дүгээр зүйлийн 39.1-д захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана гэсэн. Бичгээр гаргаж байгаа захиргааны актын хувьд бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заах, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар захиргааны акт гаргах шаардлага бүхий нөхцөл байдлыг тодорхой дурдсан байх ёстой.

Акттай холбоотой эрх зүйн үндэслэлийг нэг бүрчлэн тайлбарлахад. Илт хууль бус акт гэж байна. Учир нь утга агуулгын илт алдаатай түүний бодит нөхцөл байдлыг биелүүлэх боломжгүй эсвэл хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг шаардсан зэрэг заалтыг авч үзэж байна. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн актын 1.1-д борлуулалтын орлогыг заасан байдаг. 2.1-д борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварт дутуу тайлбарласан гэж үзээд акт тавьсан энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн үндэслэлтэй. “С” ХХК нь 76.862.000 төгрөгийн борлуулалтын орлого олоогүй энэ баримтууд тогтоогдоогүй. Тиймээс татварын улсын байцаагчийн актыг илт хууль бус гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Актын тогтоох хэсгийн 1.4-д ногдол ашгийн орлогоос ногдол авна гэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлд зааснаар захиргааны акт гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл нь 2013 онд ногдол ашгийн орлогыг хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нийцэж байна гомдлын шаардлагыг хангах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байдаг. Тиймээс татварын улсын байцаагчийн актын 1.4 буюу ногдол орлогын ашгаас татвар ногдууулахгүй гэж үзэж акт тавьсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасанчлан хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардаж байна.

Мөн актын тогтоох хэсгийн 1.5-д үл хөдлөх хөрөнгө борлуулсны татварыг төлөөгүй гэж үзээд акт тавьсан байгаа. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.7-д зааснаар бодит нөхцөл байдлыг хэрэгжүүлэх боломжгүй байдлыг илт бус захиргааны акт гэнэ учир  нь “С” ХХК нь татварын улсын байцаагчийн борлуулсан гэж үзээд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр борлуулаагүй, борлуулсан нь тогтоогдож байж татвараа төлнө. Тогтоогоогүй байж татвараа төл гэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Бодит байдал нь юу вэ гэхээр уг барилгыг бусдад худалдан борлуулаагүй байхад үл хөдлөх хөрөнгийн татвар төлөх үндэслэлгүй. Мөн санхүүгийн тайлангийн олон улсын стандартын 18 дугаар зүйлийн 18.14-т бараа борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх 5 нөхцөлийг заасан. Тэр бүгдийг хангаагүй тул хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Түүнчлэн барилгыг хувьцаа эзэмшигч болон өмчийн эзэнд шилжүүлж шийдвэр гарсан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ С.Б*******ийн нэр дээр шилжээгүй. Хэрвээ шилжээд зарсан бол татвар ногдуулах нь зөв гэтэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр иргэн С.Б*******эд анхнаасаа шилжээгүй буюу “С” ХХК-ийн нэр дээр одоо болтол бүртгэлтэй байгаа. Үүнийг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан гэж үзэх хуулийн үндэслэлгүй байна гэж үзсэн. Мөн тухайн борлуулсан гэх эд хөрөнгийг борлуулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 0002860 дугаартай гэрчилгээ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 770 тоот албан бичгээр нотлогдож байгаа. Тиймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасанчлан илт хууль бус захиргааны акт гэж үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй. Иймд “С” ХХК-ийн 2009-2012 оны албан татвар төлөлтийн байдал 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хийж гүйцэтгэсэн шалгалтаар, мөн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* тоот актаар тавьсан торгууль болон алданги нь өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу өршөөн хэлтрүүлэгдсэн” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Татварын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн актад маргаан үүссэн. Тухайн акт нь ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж манай үйлчлүүлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хариуцагч  тал он зөрүүтэй асуудлыг хүлээн зөвшөөрч байна. Мөн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан гэх боловч тэр хөрөнгө одоо хүртэл борлогдоогүй энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Татварын улсын байцаагч нар 4 жилийн хугацааны акт ашиглалтын хяналт шалгалтыг хийхдээ бодит байдал дээр үндэслэж тухайн шалгалтыг явуулах ёстой байсан. Мөн ногдол ашгийг иргэн С.Б*******эд биш “Н” ХХК-д өгсөн байна гэсэн энэ дээр “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь хэн бэ гэсэн асуудал яригдана. Бодит байдал дээр ногдол ашгийг “Н” ХХК авсан гэж үзэх юм бол “С” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь “Н” ХХК байх ёстой. Тэгэхээр энэ акт нь бүхэлдээ илт хууль бус болж байна. Тийм учраас Захиргаан хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Дээд шүүх нотлох баримт дутуу гэдэг байдлаар биш нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах гэсэн байдлаар буцаасан. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах гол шалтгаан нь нэхэмжлэгч маань анхан шатны шүүхийн шийдвэр дээр байгаа Гялбаа сэтгүүлтэй холбоотой зөрчлийг нөхөн төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан. Мөн энэ асуудлаар давж заалдах шатны шүүх дээр яригдаагүй. Үүнийг хяналтын шатны шүүх дээр яриад ерөнхийд нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэсэн. Мөн нэхэмжлэлтэй холбоотой захиргааны акт хууль бус болохыг тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн өөрт хамааралтай хэсгээс үзэхэд эдгээр 7 заалтаас 3-заасныг утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзэж байгаа юм байна. Тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэдгийг юу гэж ойлгох тал дээр Дээд шүүхийн тайлбар байдаг. Захиргааны байгууллага албан тушаалтны хүсэл сонирхол бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, заалтууд хоорондоо зөрчилдсөн, хоёрдмол утга агуулсан байхыг ойлгоно гэж заасан байдаг. Үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна” гэж заасан байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь татварын улсын байцаагч өөрөө тавьсан зөрчил болгон дээр алданги торгуул тус тусдаа тооцогддог. Тэгэхээр бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл байхгүй” гэжээ.

Хариуцагч Ц.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Актын 1 дүгээр зөрчил дээр борлуулалтын орлогоо буруу тайлагнасан гээд нөхөн төлбөр ногдуулсан. Татварын албаны хөндлөнгийн мэдээллийн баазаас жагсаалтаараа гарч ирсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааны мэдээлэл байдаг. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн борлуулалтын дэвтэр гэж адил зүйл байгаа мөн ижил маягтаар батлагддаг. Татварын албанаас гарсан татварын падаан дугаараараа авсан хүнийхээ гарын үсэгтэй байдаг. Тухайн жагсаалтын дагуу бид хөндлөнгийн мэдээллийн баазаас тулгалт хийхэд борлуулалтын орлогын дэвтэр дээр байхгүй, дундаасаа бүртгэгдээгүй зэрэг асуудал үүсдэг.

А а гэж ярьж байна. Сангийн сайдын Нэмэгдсэн өртгийн албан татварын падан ашиглах журам заавар дээр Татвар төлөгч өөрөө татварын албанаас авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын падан ашиглах асуудлыг хариуцах ёстой. Түүнээс биш улс тухайн хариуцлагыг үүрнэ гэж байхгүй тухайн байгууллага паданаа хэнд хариуцуулж өгсөн түүнийгээ өөрөө хариуцах ёстой. Мөн акт дээр он андуурагдаж бичигдсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна учир нь 2009 оныг акт дээрээ 2010 он гээд буулгасан байдаг.

Найдваргүй авлагын зардлыг татварт ногдох орлогоос хассан гэх зөрчил гарсан. Тухайн шалгалт хийгдэж байхад Г.Б нягтлан бодогч бид нарт тайланг гарган өгч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар татвар ногдох орлогоос хасагдах гэдэгт найдваргүй орлогын зардал хасагдана гэсэн зүйл байхгүй. Найдваргүй авлагыг татвар төлөгч яах ёстой вэ гэхээр татвар төлсний дараах ашгаасаа хасах ёстой. Гэтэл татвар төлөхийн өмнөх ашгаас хассан. Тийм учраас хуулийн 12 дугаар зүйлийг бариад найдваргүй авлагын зардлыг танайх буруу хассан байна гэж акт тавьсан. Энэ нь санхүүгийн программаас гарсан журналаар нотлогдоно.

Баяр ёслол ой арга хэмжээний зардлыг хасах ёстой гэж байна. Энэ нь мөн Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан хасагдах зардлыг мөн адил татварын дараах ашгаас хасах ёстой.       

Эрх борлуулсны орлого гэж байна. Татварын хуульд тодорхой заасан байгаа. Төрийн байгууллагаас олгосон тусгай эрхийг бусдад борлуулсан бол дээрээс нь 30 хувийн татвар ногдуулна. Гэтэл Гялбаа сэтгүүл төрийн байгууллагаас 2011 онд олгосон тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсын тэргүүн шадар сайд асан Н.А гарын үсэгтэй 2011 онд олгосон байна. Мөн энэ тусгай зөвшөөрлийг худалдаж авсан, 20 сая төгрөг шилжүүлсэн нь нотлох баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч өөрөө бид 20 сая төгрөгөндөө сэтгүүл авсан гэдэг.

Мөн “Н” ХХК-д ногдол ашиг шилжүүлсний ашгаас суутгаагүй гэж байна. Татварын байцаагч бид нар 2014 оны 01 дүгээр сар хүртэл хувь хүнд олгосон ногдол ашгаас албан татвар суутгахгүй.

Аж ахуйн нэгжийн орлогын албан  татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл хуулийн этгээдүүдийн хооронд хийсэн гүйлгээг харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийсэн гүйлгээтэй адилтгаж үзнэ гэж заасан. Мөн захирамж зээлийн үнээс хямд эсвэл өндөр үнээр шилжүүлсэн худалдаж борлуулсан гэх үндэслэлгүй.

Хугацаандаа төлөөгүй татварын хувьд Татварын ерөнхий хуулийн дагуу алданги тооцно” гэжээ.

Хариуцагч З.Б шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “С” ХХК-д 2013 онд энэхүү актыг гаргасан. Түүнээс хойш бид 3 шатны шүүхээр явсан. Дээд шүүхээс буцсан шалтгаан нь нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн дүнг зөрүүтэй бичсэн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй учраас үүнийг анхан шатны шүүх рүү буцаасан. Бид нар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл бид 2-ын шалгаж гаргаж ирсэн нь тайландаа байхгүй, авсан татвар төлөгч нь төсвийн орлогыг бууруулаад, худалдан авалтаа бууруулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            “С” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр тус компаний гүйцэтгэх захирал С.А маргаан бүхий 0******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох гэж  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тодруулжээ.

            Шүүх нэхэмжлэгчийн энэхүү шаардлагын хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон тус компанийн өмгөөлөгчид маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан;”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй;” гэж тус тус зааснаар илт хууль бус захиргааны акт бөгөөд энэ хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д “Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны акт гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна.” гэж заасанчлан илт хууль бус гэж маргажээ.

            Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, З.Б нар “С” ХХК-ийн 2009-2012 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* дугаар актаар нийт 1966204.8 мянган төгрөгийн зөрчилд 207597.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 68983.3 мянган төгрөгийн торгууль, 200.2 мянган төгрөгийн хүү, нийт 305654.6 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

            Үндэсний татварын албаны Татварын хяналт шалгалт хийх 2013 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн (25/13)5395 дугаар томилолт, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу иж бүрэн шалгалт хийж Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага  ногдуулсан Татварын улсын байцаагчийн 0******* дугаар акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан Захиргааны акт илт хууль бус болох аль нэг шиийг агуулаагүй байна.

            Өөрөөр хэлбэл Татварын улсын байцаагчийн маргаан бүхий актад утга агуулгын илэрхий алдаатай, түүнийг бодит байдалд биелүүлэх боломжгүй,хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох нөхцөл тусгагдаагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлж, өөрчлөх,  нэмэгдүүлэх болон тодруулах эрхийн хүрээнд татварын улсын байцаагчийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж илт хууль бус болохыг тогтоолгохоор тодорхойлсон хэдий ч уг акт хуулийн дээрх заалтын дагуу илт хууль бус болох нь тогтоогдоогүй байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчдийн зүгээс маргаан бүхий актын 1.1, 1.2, 2.1-д заасан борлуулалтын орлого олоогүй 1.4-д заасан ногдол ашгийн орлогоос ногдол авах, 1.5-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвар төлөөгүй зэрэг  баримтууд тогтоогдоогүй байхад борлуулалтын орлого болон нэмэгдсэн өртгийн албан татвар дутуу тайлагнасан гэж үзэж утга агуулгын илт алдаатай, биелүүлэх боломжгүй, хууль бус үйлдэл биелүүлэхийг шаардсан хариуцлага ногдуулж акт гаргасан нь уг захиргааны акт бүхэлдээ илт хууль бус гэж тайлбарлажээ.

            Гэвч актын дээрх заалтууд нь тус компанийн санхүүгийн баримтад шалгалт хийх явцад гарсан зөрчилд үндэслэсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 70, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 51 дүгээр тогтоолуудын хууль зүйн үндэслэлүүдийг харахад түүнийг илт хууль бус гэж үзэх боломжгүйн дээр нэхэмжлэгч энэ талаар нотлоогүй байна.

            Учир нь маргаан бүхий акт хуульд заасан илт хууль бус болох ерөнхий журмын хүрээнд илэрхий алдаатай  байх зохицуулалтыг зөрчөөгүй Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татварын улсын байцаагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.1-д “татвар ногдуулах,....санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх,....зөрчлийг тогтоон акт....үйлдэх:”, 29.1.6-д ”татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хууль-..д заасан хариуцлага хүлээлгэх:, 29.1.8-д “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх,...” гэж заасан бүрэн эрхийн дагуу гаргасан татварын улсын байцаагчийн акт болно.

            Нөгөө  талаар нэхэмжлэгч анх 2016 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг актыг хууль бус болохыг тогтоолгохоор хүсэл зоригоо илэрхийлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах явцад актын тодорхой заалтуудыг хүлээн зөвшөөрч байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагаа актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор өөрчилснийг  хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт илт хууль бус болох шиийг агуулаагүй тул Татварын улсын байцаагчийн 0******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.14, 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0******* дугаар актыг илт хууль бус болохыг тогтоолгох “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР

                      ШҮҮГЧИД                                            Н.ДУЛАМСҮРЭН

                                                                            Д.ХАЛИУНА