Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 115/2019/0027/З |
Дугаар | 221/МА2020/0336 |
Огноо | 2020-05-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2020/0336
2020 оны 05 сарын 20 өдөр Дугаар 221/МА2020/0336 Улаанбаатар хот
“Т...” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын “Т...” ХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаартай “Татвар нөхөн төлүүлэх тухай” мэдэгдлийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Импортоор оруулж буй цементийн гаалийн албан татварын хувь хэмжээг “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолоор 5 хувиар тогтоосон бөгөөд уг тогтоолд 2015 оны 74 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтөөр тухайн тогтоолоор баталсан хязгаарт багтаан холбогдох барааны гаалийн албан татварын хувь хэмжээг тухайн салбарын бүтээгдэхүүний онцлогийг харгалзан тогтоох эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосны дагуу Засгийн газар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 332 дугаар тогтоол гаргаж, Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь хэмжээг дээрх тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан тогтоосны дотор “өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент /хөнгөн цагаан цемент/, шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цемент”-ийн албан татварын хувь хэмжээг 20 хувь болгон тогтоосон байна.
Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Г-аас Гаалийн ерөнхий газрын дэд дарга Н.Э-д “Мэдээлэл хүргүүлэх тухай” 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 4-2/5360, Гаалийн ерөнхий газрын дарга О.Г-аас гаалийн газар, хороодын дарга нарт “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/3732, Аж үйлдвэрийн сайд Д.Э-с Сангийн сайд Б.Б /хувийг Гаалийн ерөнхий газарт/-т “Хариу хүргүүлэх тухай” 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/2973, Гаалийн ерөнхий газрын Татвар орлогын газрын дарга Я.Э-с Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Д.З-д “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 03-1/2048 тоот албан бичгийг тус тус ирүүлсэн болно.
Дээр дурдсан эрх бүхий байгууллагуудын тогтоол шийдвэр, албан тушаалтнуудын хүргүүлсэн чиглэл зааврыг үндэслэн Замын-Үүд дэх гаалийн газар нь “Т...” ХК-д хандаж “Татвар нөхөн төлүүлэх тухай” 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 тоот албан бичиг хүргүүлж, тус хувьцаат компанийн 2015 оны 08 дугаар сарын 18, 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортоор оруужл ирсэн нийт 640,950 тн цементэд ногдуулсан гаалийн болон бусад татварын зөрүү болох 10,537,654.71 төгрөгийг төлүүлэхээр мэдэгдсэн.
Энэхүү үйл ажиллагааг Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэхтэй шууд хамааралтайгаар тус гаалийн газар нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд явуулсан гэж үзэж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Татвар нөхөн төлүүлэх тухай” 01/890 дугаар албан бичгээр “Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоор зарим барааны гаалийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулсан. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.7-д ... заасан ... Засгийн газрын тогтоол батлагдсан өдөр буюу 2015 оны 08 дугаар сарын 17-оос 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн 2 гаалийн бүрдүүлэлтийн гаалийн болон бусад татварын зөрүү болох 10,537,654.71 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны дотор нөхөн төлөхийг” нэхэмжлэгч “Т...” ХК-д мэдэгджээ.
Нэхэмжлэгч “Т...” ХК нь 2015 оны 08 дугаар сарын 18, 22-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийж 640,950 тонн цементийг улсын хилээр нэвтрүүлэхдээ Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолд заасны дагуу 5 хувиар тооцож татвар төлсөн, харин хариуцагчаас Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолын дагуу 20 хувийн татвар төлөх ёстой гэж үзэн татварын зөрүү 10,537,654.71 төгрөгийг төлүүлэхээр мэдэгдэл хүргүүлжээ.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр болох нөхцөлийг заасан байх бөгөөд уг зохицуулалтад Засгийн газрын шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болохыг заасан боловч тэдгээрт (Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж) болон хуульд өөрөөр заасан тохиолдолд уг нөхцөл хамаарахааргүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоор импортоор оруулж буй цементийн гаалийн албан татварын хувь хэмжээг 5 хувиар тогтоосон байсныг[1] Улсын Их Хурлын 2015 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан хязгаарт багтаан 20 хувь болгон тогтоожээ.
Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн “2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн 2 гаалийн бүрдүүлэлтийн гаалийн болон бусад татварын зөрүүг” Засгийн газрын 2015 оны тогтоолыг үндэслэн 2019 онд нөхөн төлүүлэхээр шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хуулийн этгээд 2015 онд дагуу гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн татвар төлсөн бөгөөд тухайн үед хариуцагч захиргааны байгууллагаас уг шаардлагыг тавиагүй байна.
Нөгөө талаар, Гаалийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Гаалийн удирдах төв байгууллага гаалийн хууль тогтоомж, тэдгээрийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан бусад шийдвэрийг гаалийн харилцаанд оролцогчид болон нийтэд чөлөөтэй, үнэ төлбөргүй мэдээлэх үүрэгтэй” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоол батлагдсанаар нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 18, 22-ны өдөр импортоор оруулсан цементэд ногдох гаалийн татварын хувь хэмжээ нэмэгдсэн талаар гаалийн бүрдүүлэлт хийх үед нэхэмжлэгчид мэдэгдээгүй, хариуцагч хэрэгжүүлж эхлээгүй байжээ. Засгийн газрын уг шийдвэрийг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлснийг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна.
Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 332 дугаар тогтоолоор гаалийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоосныг нэхэмжлэгч 2015 оны 08 дугаар сарын 18, 22-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийхдээ мэдэх боломжгүй, хариуцагч мэдээгүй байжээ. Гаалийн татварын хувь, хэмжээг шинэчлэн тогтоосон уг хэм хэмжээг гаалийн харилцаанд оролцогч этгээдүүдэд (нэхэмжлэгч болон хариуцагч) мэдэгдсэнээр түүнийг дагаж мөрдөх боломжтой болох бөгөөд хариуцагчаас Засгийн газрын уг тогтоол батлагдахаас өмнө үйлчилж байсан хувь хэмжээгээр татвар төлүүлсэн байхад тухайн үед нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь мэдээгүй, тухайн харилцаанд бодитоор үйлчилж эхлээгүй байсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн татвар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн буруу байна.
Иймд нэхэмжлэгч “Т...” ХК нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Гаалийн болон бусад татварыг барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тариф, валютын ханшаар тооцож төгрөгөөр ногдуулах ...” гэж заасны дагуу хариуцагчид барааг мэдүүлсэн өдөр нэхэмжлэгч болон хариуцагчийн мэдэж байсан, тэдний хооронд хүчин төгөлдөр үйлчилж байсан хувь хэмжээгээр гаалийн татвар төлсөн байх тул Засгийн газрын тогтоол батлагдсан өдрөөр тооцож татвар нөхөн төлүүлэхээр мэдэгдсэн хариуцагчийн мэдэгдлийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/890 дугаар албан бичгээр татвар нөхөн төлүүлэхээр нэхэмжлэгчид мэдэгдсэн нь үндэслэлтэй эсэх тухай энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамааралгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул залруулсан өөрчлөлт оруулав.
Давж заалдах гомдол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.4, 115.2.5-д заасан шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийн аль үндэслэл, заалтыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаар болон давж заалдах шатны шүүхээр ямар шийдвэр гаргуулахаар шаардаж байгаа зэрэг нь тодорхойгүй байгааг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх зүйлд” гэснийг “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
[1] Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоол