Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1732

 

 

 

 

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2016/00331 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ТӨХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8 592 314 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Манай компани нь 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “ХХХ” ХК-тай “Сувилалын хоолны их заал, гал тогооны тасалгааны их засварын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн. Нийт өртөг 104 842 657 төгрөг байсан. Гэрээгээр тохирсоны ажлыг хийсний дараа нэхэмжлэгчээс нэмэлт ажлын санал тавьсны дагуу тухайн ажлын өртөгийг 23 350 000 төгрөгөөр тохирч гал тогоог зассан. Гэрээт ажлуудыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу ажил хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэж өгсөн.

 Гэтэл хариуцагч нь Барилгын тухай хуулийн дагуу засварын ажлын барьцаа хөрөнгийн баталгаат хугацаа дууссан байхад үүнийг олгоогүй, мөн нэмэлт ажлын үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй байна.

“ХХХ”-ын гал тогооны хэсэгт агааржуулалт байхгүй, ажилд илэрсэн доголдолд хариуцагч өөрөө буруутай. Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа буюу 6 сарын дотор ямар нэгэн гомдол гаргаагүй. Ажлын акт үйлдэж, хүлээн авсны дараа дахин засвар хийлгэх эсэх нь компанийн асуудал. Магадлашгүй ажлын зардал, хяналтын зардал нь манайд ирэх ёстой зардал бөгөөд төсөвт өртөгийн зардалд багтсан.

Иймд “ХХХ” ХК-иас гэрээт ажлын барьцаа хөрөнгө болох 5 242 314 төгрөг, нэмэлт ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл болох 3 350 000 төгрөг, нийт 8 592 314 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“ХХХ” ХК-иас ажлын хөлсний зардалд “ХХХХ” ХХК-д 119 600 338 төгрөг шилжүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн барьцаанд гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 5 242 132 төгрөгийг суутгасан. Сүүлд байгуулсан гэрээний үнэ 23 350 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Манай зүгээс хяналтын зардалд 2 077 552 төгрөгийг авч үлдэх ёстой. Хяналтыг гүйцэтгэгч тал хариуцдаггүй. Магадлашгүй ажлын зардал 2 293 226 төгрөг байхгүй. Манай мэргэжлийн байгууллагаар хийлгүүлсэн агааржуулалтын системтэй, 300 хүний суудалтай хоолны заалтай. Нийт 104 842 657 төгрөгөөр тохирч гүйцэтгэсэн, ажлыг нийтэд нь чанаргүй болсон гэж яриагүй. Барьцаанд авч үлдсэн 5 хувийн төлбөр нь баталгаат хугацаанд доголдол илрэх эрсдэлийг тооцож авч үлдсэн мөнгө юм. Гэтэл баталгаат хугацаа дуусаагүй байхад засварын ажил чанаргүй хийгдсэний улмаас урсгал засварыг 3 000 000 төгрөгөөр хийлгэсэн.

Манай байгууллагын дарга, нягтлан бодогч нар бүгд солигдсон. Тухайн үеийн тайлан балансад 5 242 132 төгрөгийн талаар тусгагдаагүй. Захиалагчийн хяналтын зардал захиалагчийн талд байдаг. Захиалагчийн зардлыг өгөөд манайх акт үйлдүүлсэн. Нэмэлт 23 500 000 төгрөгийн ажлыг гүйцэтгэх талаар байгуулсан гэрээ байхгүй, харин төсөв байдаг. Иймд захиалагчийн хяналтын зардал 2 077 522 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 293 226 төгрөг, баталгаат хугацаа дуусаагүй байхад их засварын ажил чанаргүй хийгдсэний улмаас урсгал засварт 3 000 000 төгрөг зарцуулагдсан. Байгууллага өөрсдийн хөрөнгөөр гал тогооны засварт 2 000 000 төгрөг зарцуулсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ХХХ” ХК-иас 8 592 314 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХХ” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.000 төгрөгийн 573 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, 152 427 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Ажил гүйцэтгэх гэрээний 3.3-т зааснаар гүйцэтгэгч нь сувилалын хоолны их заал, гал тогооны өрөө тасалгааны их засварын ажилд 18 сарын баталгаа гаргана гэж заасан. Энэ хугацаа 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болохоос өмнө гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл болон тус компанийн удирдлагатай удаа дараа утсаар холбогдож биечлэн уулзаж нэн шаардлагатай илэрсэн доголдлыг сэргээн засварлаж өгөхийг шаардсан. Гэвч гүйцэтгэгч тал баталгаа гаргасан дээрх хугацаанд багтан сэргээн засварлах ажлыг хийж гүйцэтгэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүй тул бид 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр иргэн ХХХХХ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж сэргээн засварлах ажлыг гүйцэтгүүлсэн. Мөн гүйцэтгэгч тал гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй байхад “ХХХ” ХК-ийг үүргээ гүйцэтгээгүй гэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор гүйцэтгэгч тал 8 592 314 төгрөг гаргуулахаар 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд хандсан байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар тухайн гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 8 592 314 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд 2012 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “ХХХ” ХК-ийн сувиллын хоолны их заал, гал тогооны тасалгааны их засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч “ХХ” ХХК нь 104 842 652 төгрөгийн ажлыг 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн, тухайн ажлыг гүйцэтгэх явцад 23 350 000 төгрөгийн өртөг бүхий нэмэлт ажил гүйцэтгэх шаардлага гарсан, үүнийг 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Ажил хүлээлцэх актаар, чанарын сайн үнэлгээтэй гүйцэтгэсэн гэж дүгнэгдэн, санхүүжилтийг захиалагч тал шилжүүлэхээр шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдсон байна.

/хх-ийн 11-13, 19-21 дэх тал/

Талууд дээрх ажлын нийт өртөг нь 128 192 652 төгрөг, үүнээс 119 600 338 төгрөгийг ажлын гүйцэтгэлд шилжүүлсэн, 8 592 314 төгрөг төлөгдөөгүй талаар маргаагүй.

Хариуцагч дээрх төлбөрийг төлөхгүй гэх үндэслэлээ “захиалагчийн хяналтын зардал 2 077 552 төгрөг, магадлашгүй ажлын зардал 2 293 226 төгрөг зэргийг хариуцахгүй, мөн баталгаат хугацаанд урсгал засварт 3 000 000 төгрөг, гал тогооны засварт 2 000 000 төгрөг зарцуулсан” гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар уг  татгалзал, түүнтэй холбоотой баримтыг ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг шүүх үндэслэлтэй дүгнэжээ.

Түүнчлэн шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, хариуцагч нь гэрээний зүйл буюу гүйцэтгэсэн ажлын үр дүнг актаар хүлээн авсан атал тохирсон хөлсийг бүрэн шилжүүлээгүй, энэ нь гэрээний 2.5-д зааснаар баталгаат хугацааны барьцаа болохыг, 3.3-т зааснаар баталгаат хугацаа 18 сар байх, 3.4-т зааснаар баталгаат хугацаа дуусаагүй байхад захиалагчийн буруутай үйл ажиллагаанаас илэрсэн зөрчлийг өөрийн хөрөнгөөр засах зэргийг хууль болон гэрээний холбогдох заалтад нийцүүлэн тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч тал гэрээгээр тохирсон баталгаат хугацаанд гүйцэтгэсэн ажлын талаар доголдол илэрсэн бол Иргэний хуулийн 349  зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй нь тогтоогдсон тул ажлын доголдолтой холбоотой урсгал болон бусад засварт зарцуулсан гэх төлбөрийг тооцох үндэслэлгүй юм.

Мөн магадлашгүй ажлын болон хяналтын зардал гэх төлбөрийг гүйцэтгэсэн ажлын нийт өртгөөс суутгах талаар гэрээгээр тохиролцоогүй байна.

Хариуцагч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэх үндэслэл заан давж заалдах гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан санхүүжилтийн тооцоо гэх баримтаар сүүлийн санхүүжилт 2014 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 20 000 000 төгрөгөөр хийгдсэн болохыг хариуцагч үгүйсгээгүй тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2016/00331 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч ХХХХХ-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 427 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА