| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00520/и |
| Дугаар | 00681 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 00681
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын 1 дүгээр баг, Хангайд оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, ОЮ61111208 регистрийн дугаартай, Булгадар овогтой Даваажавын Цэндмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жандав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн, 55 настай. Би 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сар хүртэл Улаан толгойн Чацарганы аж ахуйд жимсчинээр ажилласан юм. Хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг “Жав” гэж бичсэн, харин миний овог “Даваажав” тул нэрний зөрчил үүссэн байна. Өөрөөр хэлбэл, миний аав Даваажавын хамаатан “Даваа” гэдэг лам хүн байгаад нас барсан тул манай аавыг “Жав” гэж нэрлэдэг байсан. Ингээд миний зарим бичиг баримт дээр “Жав” гэдэг нэрээр байдаг юм. Одоо миний бие тэтгэвэрт орох болсон тул Улаан толгойн Чацарганы аж ахуйд жимсчинээр 1982 оны 4 дүгээр сараас 1990 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэндмаа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Нэхэмжлэгчийн 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлээс олгогдсон хөдөлмөрийн дэвтэрт: “1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд жимсчнээр, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом хот дахь Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд жимсчнээр, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр цэцэрлэгт асрагчаар тус тус ажилласан” тухай тэмдэглэл хийгджээ.
- Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 176 тоот лавлагаанд: “Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн 1982 оны тушаалыг шүүн үзэхэд Жав овогтой Цэндмаагийн ажилд орсон тушаал гараагүй нь үнэн. Улаантолгойн чацарганы аж ахуйн 1990 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ж.Цэндмаагийн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг шүүн үзэх боломжгүй байна. Харин Ж.Цэндмаатай холбоотой гарч ирсэн баримтуудыг түүвэрлэн хүргүүлэв” гэжээ.
- Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Ж.Цэндмаагийн Улаантолгойн чацарганы аж ахуйн Цэцэрлэг бригадад 1984 оны 12 дугаар сараас 1989 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
- Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1984 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 127 тоот “Ажилд томилж ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Конторын галч цэвэрлэгчээр ажиллаж байсан Л.Сүхбаатарыг 12 дугаар сарын 13-аар тасалбар болгон ажлаас чөлөөлж мөн өдрөөс Ж.Цэндмааг галч цэвэрлэгчээр томилон ажиллуулсугай” гэжээ,
- Хөдөө аж ахуйн яам, Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 48 тоот “Цэцэрлэгчдэд мэргэжлийн хичээл заах тухай” тушаалын хавсралтад “2-р бригадын хичээлд суух хүмүүсийн нэрсийн 39-д Ж.Цэндмаа” гэжээ,
- Гэрч Д.Цагаанцоож: “Би 1981 онд Увс аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйд цэцэрлэгчнээр ажиллаж байгаад 1983 онд цэрэгт яваад 1986 онд халагдаж ирээд үргэлжлүүлэн 1995 онд хүртэл ажилласан. Ж.Цэндмаа нь 1982 оноос эхлэн Увс аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйд жимсчинээр 1989 оныг дуустал ажилласан. Манай сангийн аж ахуй нь 10 гаруй бригад ажилладаг байсан. Би Жигмэд гэх ахлагчтай бригадад, Ж.Цэндмаа нь Цэрмаа гэх ахлагчтай бригадад ажиллаж байсан. Увс аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн Чацарганы аж ахуй, Хөдөө аж ахуйн яам, Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэл гэх зэргээр байгууллагын нэр өөрчөгдөж байсан. Би яг хэдэн онд нэр нь өөрчлөгдсөн талаар сайн санахгүй байна. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргаар С.Дэчинбэл, Д.Волоож гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрч Ю.Цэрэндолгор: “Би 1985 оноос 1986 оны хооронд жимс, ногооны анги төгсөөд Увс аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйд жимсчин, ногоочноор 1987 оноос 1994 оныг хүртэл ажилласан. Увс аймгийн Ахуй үйлчилгээний газарт 1994 оноос 1996 оны хооронд үйлчлэгчээр, “Алтан хөхий оргил” ХХК-д 1998 оноос 2005 оны хооронд үйлчлэгчээр, 2007 оноос Увс аймаг дахь Гаалийн газар үйлчлэгчэр одоог хүртэл ажиллаж байна. Ж.Цэндмаа нь 1982 оноос эхлэн Увс аймгийн жимсчинээр 1990 оныг хүртэл ажилласан. Ж.Цэндмаа бид нар нэгнээ сайн мэддэг нэгнийхээ гэрээр орж гардаг хүмүүс учир ажилласан байдлыг нь сайн мэдэж байна. Тухайн үед Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргаар н.Хэчинбэл гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Хэдийгээр хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Архивын тасгийн лавлагаа, цалингийн тодорхойлолт, Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын тушаал, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын тушаалд “Жавын Цэндмаа” гэсэн байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбараар түүний овгийг тухайн үед “Жав” хэмээж байсан нь тогтоогдож байгаа тул дээрх баримтуудыг Д.Цэндмаагийн ажиллаж байсан байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримт гэж үнэлэх нь зүйтэй байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тус тус үндэслэн Д.Цэндмаагийн 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус жимсчинээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Цэндмагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгадар овогтой Даваажавын Цэндмаагийн 1982 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 2 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус жимсчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Цэндмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА