Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00703

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02323 дугаар шийдвэртэй, 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 5,240,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

2.   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5,240,220 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1. Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...*******тай 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 96 м.кв талбай бүхий гараашийг сарын 1,000,000 төгрөгөөр, нэмж хэрэглээний зардал төлөхөөр тохиролцсон боловч урьдчилгаа 1,000,000 төгрөг өгөөд, өөр төлбөр төлөөгүй. Иймд түрээсийн төлбөр 5,000,000 төгрөг, хэрэглээний зардал буюу 2 сарын дулааны төлбөр 240,220 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэсэн бол,

2.2. Хариуцагч ******* нь Миний бие *******гийн өмнөөс тухайн гэрээг байгуулж, түүний өмнөөс нэг сарын түрээсийн төлбөр төлсөн, энэхүү хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд би биш, тухайн түрээсийн гэрээ хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ, ******* уг объектыг огт ашиглаагүй тул түрээсийн төлбөр болон хэрэглээний зардалд нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх.1, 23/

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* гудамжид байрлах 96 м.кв талбай бүхий автомашины кузов засварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сарын 1,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх.5-6/

4.2. Хариуцагч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөгийг Гаражийн түрээс гүйлгээний утгаар нэхэмжлэгч *******д шилжүүлсэн. хх.26/

4.3. Мөн нэхэмжлэгч *******, хариуцагч *******, граш түрээслэгч гэх ******* нарын гарын үсгээр баталгаажсан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн бичгийн баримтад ******* байрлах автогараашийн түрээсийн төлбөр болох 2023 оны 06, 07, 08, 09 дүгээр саруудын 4,000,000 төгрөгийг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлж барагдуулах талаар тусгажээ. /хх.4/

4.4. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь өмчлөх эрхийн улсын бүртгэлгүй, харин ******* гудамжид байрлах Автозасвар-ын зориулалттай, нэгж талбарын ******* дугаар бүхий 96 м.кв талбай бүхий газрын эзэмшигч нь ******* болох нь ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба газар эзэмшигч *******аас үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх эрхийг нэхэмжлэгч *******д олгосон итгэмжлэл /хх-3/-ийн үндсэн дээр нэхэмжлэгч ******* нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан боловч тухайн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй, хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт мөн зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт нийцсэн.

5.1 Учир нь, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх бөгөөд мөн зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Хэрэв уг шаардлагыг хангаагүй бол мөн зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ хүчин төгөлдөр бус болно.

Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр гэрээ хүчин төгөлдөр болж, талуудын хооронд гэрээний үүрэг үүснэ.

5.2 Хэрэгт авагдсан баримтаар талууд гэрээг бичгээр байгуулсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байна.

6. Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь нэгэнт хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний төлбөрийг буюу үүргийг гэрээний дагуу шаардах боломжгүй. Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгийг хариуцагч ашигласан хугацаагаар үр шимийг нь нэхэмжлэгч шаардах эрхтэй.

7. Нэхэмжлэгчээс 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй, харин тухайн хөрөнгийг буцаан хүлээлгэн өгсөн хугацааны талаар харилцан адилгүй тайлбар гаргаж маргасан.

7.1. Хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 29-ний өдөр түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн талаар тайлбар гаргасан боловч энэхүү тайлбар нь талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хийгдсэн 2023 оны 06, 07, 08, 09 дүгээр сарын түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөгийг төлөх тухай бичгийн баримтаар үгүйсгэгдэж байна. /хх-4/

7.2. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2023 оны 07 дугаар сараас 10 дугаар сар хүртэл хугацаагаар гэрээг сунгаж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр түлхүүрийг хүлээн авсан гэх тайлбарыг үндэслэн хариуцагчийг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 5 сарын хугацаанд аж ахуйн зориулалтаар ашигласан үйл баримт тогтоогдсон гэж үзэв.

Хариуцагч дээрх хугацаанд автозасварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчаас 5,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Харин нэхэмжлэгч халаалтын зардалд 240,220 төгрөг төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно.

9. Түүнчлэн хариуцагч гэрээнд гарын үсэг зураагүй, уг маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд биш гэж маргах боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ирүүлсэн болон хариуцагчийн хариу тайлбартаа хавсаргасан түрээсийн гэрээнүүд нь үг үсэг, утга агуулгын хувьд адилхан, гэрээний талуудын зурсан гарын үсэг хоорондоо зөрүүгүй байхаас гадна тэрээр уг гэрээнд гарын үсэг зурсан болохоо шүүхэд гаргасан хариу тайлбар, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст *******д холбогдуулан гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн өргөдөл, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр тус тус хүлээн зөвшөөрсөн. /хх.23, 36, 71/

Ийнхүү хариуцагч ******* автозасварын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тухайн зориулалтаар нь ашиглахаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн баримт үйлдсэн, тодорхой хугацааны төлбөр төлсөн, түүнчлэн 4 сарын түрээсийн төлбөрийг хэзээ, хэрхэн төлөхөө илэрхийлсэн баримт үйлдсэн болохыг үгүйсгэсэн баримт авагдаагүй тул хариуцагч талын бусдын өмнөөс гэрээг байгуулсан талаарх татгалзлыг хүлээн авахгүй.

Мөн хариуцагчаас түрээсийн зүйлийг ашиглаагүй гэж тайлбарласан боловч энэ нь нэхэмжлэгчээс хамааралтай гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******аас 5,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 240,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч *******аас 94,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,793 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Н.ГЭРЭЛТУЯА