Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 595

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “Нутгийн зам“ ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл ганцаараа Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтан-Овоогийн 000 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/,  Д.Ад холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.А 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако 10 А, Б” байрны дунд байрлах харуулын байранд С.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.М мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 16-ны орой манай найз Д.А цалингаа 20 цагийн үед СӨХ-ийн нягтлан эмэгтэйгээсээ 140 гаруй мянган төгрөг авсан юм. Д.А цалингаа аваад хоёулаа хоёр гурван пиво ууя гээд дэлгүүр яваад 0,33 литрийн хэмжээтэй ерөөл архи, лаазтай сэнгүр пиво 2-ыг авчирсан. Би энэ үед юм угааж байсан Дакогийн 10б байрны грашид юм угаачихаад эргээд ирэхэд Д.А авсан архинаасаа задлаад бага зэрэг уусан байсан. Тэгснээ намайг чи энэ архи пиво  уугаад байж бай би караоке орж дуулмаар байна явчихаад ирье гэж хэлээд Д.А яваад би үлдээд Д.Агийн авч үлдээсэн пивоноос уусан архины талыг нь уусан.  Д.А шөнө 3 цагийн үед ирсэн Д.Аг ирэхэд би харуулын байранд унтаж байсан тэгээд хаалга хүчтэй нүдэхээр нь траншейны хүн байж магадгүй гэж бодоод тайлж өгөөгүй. Би тэгээд буцаад унтаж байтал Д.А цонхоор орж ирээд чи яагаад хаалга тайлж өгөхгүй байна аа гээд намайг орон дээр хэвтэж байтал дээр суучихаад миний хоёр чихнээс гараараа угз татаад миний толгой, гэдэс, хөхний гол хэсэгт,  бөөр рүү гараараа цохисон. Би тэгэхээр нь цагдаа дуудсан. Цагдаа явсны дараа тэр цагдаа манай ангийн залуу намайг хамгаална чамайг хамгаалахгүй гэж Д.А надад хэлсэн. Би тэгэхээр нь харуулын путикнээс гарч гүйгээд энэ хүн намайг зодлоо авраарай гэж орилсон. Миний зүрх өвдөөд уурлаад байрны гадна зогсож байсан машин руу ууж байсан архины шилээ шидсэн. Тэр бол миний буруу...миний уур хүрээд байхаар нь би өөрийнхөө утсыг хана руу аваад өөрөө шидсэн юм миний утсыг Д.А эвдэж гэмтээсэн зүйл байхгүй. Надтай ноцолдож байх үед миний зүүж байсан мөнгөн ээмэгний түгжээ хугарсан байсан. Ээмгээ янзлуулаад авсан надад нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 15,  41/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2664 дугаартай дүгнэлтэнд: С.Мгийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал зовхи, эрүү, цээж, хэвлий, ташаа, өвдөг, бүсэлхийд цус хуралт, чих, өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй. /хх-ийн 18/ гэжээ.

 

Шинжээч эмч Ц.Н мөрдөн байцаалтанд: Духны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл дангаараа хөнгөн зэрэгт хамаарна. Цус хуралт, зовхи, эрүү, цээж, хэвлий, ташаа өвдөг, бүсэлхийд цус хуралт, чих өвдөгт зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. /хх-ийн 19/ гэсэн мэдүүлэг,

 

Д.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагийн орчимд С.М бид хоёр миний ажилладаг харуулын байранд хамт архи ууж байтал С.М агсан тавьсан тэгээд байж байтал цагдаа хүрээд ирсэн. Цагдаа ирээд яасан ийсэн гэтэл миний уур хүрээд байна энэ миний араар тавьсан байж магадгүй гэтэл цагдаа ирээд юу яриад байгаа юм бэ гэж хэлээд яваад өгсөн. Үүний дараа агсан тавиад болж өгөхгүй байхаар нь би харуулын байрнаасаа гараад явсан хэсэг байж байгаад буцаад иртэл агсан тавиад юм хум шидээд байсан. Над руу миний барьдаг скай маркийн хар өнгөтэй гар утсыг шидчихээр нь би уурлаад С.Мг нэг удаа алгадсан чинь зөрүүлээд миний харуулын байранд байдаг тень, компютерын маус, цэнэглэгч зэрэг эд зүйлсийг шидээд байхаар нь би гараад зугатсан. Гадаа байж байтал С.М араас гарч ирээд гадаа байсан хог архины шил ийш тийш нь шидээд байсан энэ үед цагдаа хүрээ ирсэн...бие биенээ мэднэ. Хааяа уулзаж бэлгийн харьцаанд ордог. Хөлөнд нь бол хүрээгүй. Тэр цус хуралт гэмтлийг яаж учирсныг мэдэхгүй байна...С.Мгаас уучлалт гуйж хоорондоо учир зүйгээ олсон. /хх-ийн 23, 38/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Д.Агийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, ял шалгах хуудас /хх-ийн 25/ зэргийг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.А 2019 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дако 10 А, Б” байрны дунд байрлах харуулын байранд С.Мг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч С.Мгийн “...Д.А цонхоор орж ирээд чи яагаад хаалга тайлж өгөхгүй байна аа гээд намайг орон дээр хэвтэж байтал дээр суучихаад миний хоёр чихнээс гараараа угз татаад миний толгой, гэдэс, хөхний гол хэсэгт, бөөр рүү цохисон...” гэсэн мэдүүлэг  болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2664 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Д.Аг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Д.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан  байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Ад танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

1. Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Ад мэдэгдсүгэй.

 

4. Д.А цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ