| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10030/И |
| Дугаар | 210/МА2026/00590 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00590
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11716 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Даатгалын гэрээний үүрэгт 44,608,179 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие нөхөр *******ын хамт 2015 онд “*******” ХК-ийн Төмөр зам салбараас орон сууцны ипотекийн 8 хувийн зээл авсан. Уг зээлийг авах үед “*******” ХХК-тай ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг /үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч 50, 50 хувиар / байгуулсан.
1.2.Нөхөр ******* 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэнэтийн ослоор нас барсан. “*******” ХК-д ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын талаар хандахад “*******” ХХК-д даатгал шилжсэн байсан.
1.3.“*******” ХХК-д орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний 4.3.2-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр авах хүсэлт гаргасан боловч даатгалын компаниас Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариу өгсөн бөгөөд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасны дагуу 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 9/3401 албан бичгээр “*******” ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэхийг үүрэг болгосон.
1.4.Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ байгуулсан, гэнэтийн ослоор амь насаа алдсан даатгалын тохиолдол болсон, даатгалын нөхөн төлбөр авах эрх хууль болон гэрээний дагуу үүссэн тул даатгалын нөхөн төлбөрийг даатгалын тохиолдол болсон өдрөөс /2024 он 11сарын 04-ноос/ эхлэн тооцож, “*******” ХК-ийн зээлийн хуулганд заасан зээлийн үлдэгдлийн дүн болох 83,242,298 төгрөгийн 50 хувь болох 41,621,149 төгрөг, даатгалын тохиолдол бий болсноос хойш төлөгдсөн зээлийн хүүгийн 50 хувь болох 2,987,030 төгрөг, нийт 44,608,179 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Талуудын хооронд 2024 оны 11 дүгээр сарын 28-ны ипотекийн зээлдэгчийн амь даатгалын баталгаат гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байна. Уг үйл баримттай холбогдуулан нэхэмжлэгчийн ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2023 дугаар мөрдөгчийн магадалгаанд “... хууль ёсны төлөөлөгч ******* нь талийгаач ******* нь миний нөхөр байсан... Мөргөсөн жолооч ******* нь манай нөхөртэй ах дүү хоёрын хүүхэд ба хамаатан тэр хоёр хамт ажил хийх гэж байгаад ийм осол болсон болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ба хохирлын төлбөр авахгүй, сэтгэл санааны хохирол хийлгэхгүй... ” гэж,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/601 дугаар шийтгэх тогтоолд “хохирол төлбөрийн хувьд: амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний хариуцагчаар татагдсан ******* холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхив. ...” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь буруутай этгээдээс хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна.
2.2.Мөн нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан учир шаардах эрх даатгагчид шилжих боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна.
Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4, 10 дугаар зүйлийн 10.1.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас 44,608,179 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 380,990 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-д “Хариуцагч “*******” ХХК нь даатгалын шаардах эрхээсээ татгалзсан тул даатгагч гэрээний үүргээс чөлөөлөгдөнө гэж маргасан” гэж дурдсан бөгөөд талуудын маргааны зүйл нь гэм буруутай этгээдээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан гэж зөв тогтоосон атлаа хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж захирамжлахдаа “...талуудын маргааны зүйл нь даатгалын тохиолдол мөн эсэх дээр маргаж байна. ...” гэж үндэслэн татгалзаад байгаа нь үндэслэлгүй буюу шүүх зөрүүтэй дүгнэлт хийж хариуцагчийн эрхийг зөрчиж байна.
Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч буруутай этгээд Э.*******ы осол гаргах үедээ жолоодон явсан ******* улсын дугаартай “Bieben north” маркийн тээврийн хэрэгсэл нь “” ХХК-ийн эзэмшлийнх болох нь тус шийтгэх тогтоолд дурдагдсан байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. ...” гэж заасны дагуу даатгуулагчид олгох нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжлэх үүрэгтэй, шүүхээс гарах шийдвэр нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, 499.3-д “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.” гэж тус тус заасны дагуу “” ХХК болон Э.*******ы эрх ашиг хөндөгдөж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т зааснаар тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх “зохигчийн маргааны зүйл нь даатгалын тохиолдол үүссэн эсэх болж байна.” гэж маргааны үйл баримтыг буруу тогтоож, хангахаас татгалзаж шийдвэрлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан.
4.2.Зээлдэгч ******* нас барснаар Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ.” гэж заасны дагуу хамтран зээлдэгч *******т зээлийн гэрээний үүрэг болон бусад бүх эрх (шаардах эрх) шилжинэ. *******ын үүргийн гүйцэтгэлийг ганцаарчлан биелүүлэх болсон шалтгаан нь Э.*******ы буруутай үйлдлээс үүссэн тул ******* буруутай этгээдэд шаардлага гаргаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан боловч бүхэлд нь татгалзсанаар зээлийн гэрээний үүргийг өөрөө биелүүлэх нөхцөл байдлыг бий болгохын зэрэгцээ даатгагчийн (cessio legis) буюу шаардах эрхийг мөн адил хязгаарласан.
4.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ601 дүгээр шийтгэл тогтоолоос үзэхэд нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол шаардах эрхээсээ татгалзсан байна. Харин зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөөс чөлөөлөгдөөгүй, мөн даатгалын гэрээтэй холбогдох эрх, үүргээс татгалзаагүй. Тодруулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэдэг нь бодит хохирол болон олох байсан орлогыг ойлгоно. Харин даатгалын гэрээгээр нас барсны улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болох тохиолдлыг даатгуулсан байна. Иймд хариуцагчийн гэм буруутай үйлдлээс хохирол шаардах эрхээсээ татгалзсан тул даатгагч нөхөн төлбөр олгох үүргээс чөлөөлөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй.” гэж дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/601 дугаар шийтгэх тогтоолд “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* ... тэр хоёр хамт ажил хийх гэж байгаад ийм осол болсон болохоор гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирол төлбөр, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэж, “хохирол төлбөрийн хувьд: амь хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч *******ын зүгээс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдал зэргийг харгалзан энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож, иргэний хариуцагчаар татагдсан тэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй орхив. ...” гэж тус тус дурдсанаас үзэхэд нэхэмжлэгч нь буруутай этгээд болон иргэний хариуцагчаас хохирол мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн, шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “...Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь амь хохирогчийн бусдын өмнө хүлээх зээлийн гэрээний хариуцлагыг шаардаагүй, буруутай этгээд болон иргэний хариуцагч нарт энэ талаарх гомдлын шаардлага гаргаагүй, татгалзсан байтал хариуцагчийг даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлтэй гэж шүүх дүгнээд байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
4.4.Хэрэв эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч амь хохирогчийн бусдын өмнө хүлээх зээлийн гэрээний хариуцлагыг буруутай этгээд болон иргэний хариуцагчаас нэхэмжилсэн эсхүл даатгагчид нэн даруй мэдэгдсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөрийг олгож, эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцох, буруутай этгээд болон иргэний хариуцагч нарт шаардлага гаргах, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаа шийдүүлэх бүрэн боломжтой байсан боловч шаардлагаасаа татгалзсанаар даатгагчийн эрхийг ч мөн адил хязгаарласан байна.
Мөн эрүүгийн хэрэгт шүүгдэгч болон иргэний хариуцагчаас оролцсон “” ХХК болон Э.******* нараас нэхэмжлэгч нь хохирол мөнгө нэхэмжилсэн эсэх, тухайн осолд холбогдогч Э.******* болон иргэний хариуцагч “” ХХК нарын хэн нь нэхэмжлэгчид хохирол мөнгө өгсөн эсэх, аль нэг нь хохирол мөнгө өгсөн бол юуны зориулалтаар ямар хохирол мөнгө өгсөн эсэх, эсхүл нэхэмжлэгч нэхэмжлэх эрхээсээ татгалзсан эсэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар тохиролцоонд хүрсний улмаас нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх асуудлуудыг тодруулах шаардлагатай байх тул гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх мөн адил хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагчийн хариу тайлбар, татгалзлаа нотлох эрхийг ноцтой зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1.Даатгал гэдэг нь эрсдэл гарсан тохиолдолд даатгалын журмаар нөхөн төлбөр олгодог. Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээг Санхүүгийн зохицуулах журмаар даатгалд хамруулдаг. Үүний дагуу “*******” ХХК-тай 3 төрлийн гэрээ байгуулсан. Тодруулбал, орон сууцны зээлдэгчийн амь насны даатгал, эд хөрөнгийн даатгал зэрэг байна. Амь насны даатгалын гэрээний 2.1.1-д даатгуулагчийн амь нас даатгалын зүйл болно гэж заасан.
5.2.Даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас амь насаа алдсан. Мөн гэрээний 7.6-д даатгуулагч гэнэтийн ослоор нас барсан тохиолдолд зээлийн төлбөрийг хариуцахгүй, нөхөн төлбөрийг 100 хувь олгоно гэж заасан. Гэрээний 10.19-д үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн хөдөлгөөний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүйгээс үүссэн ослыг гэнэтийн осол гэж үзнэ. Амь хохирогч эдгээр үндэслэлээр нас барсан учир нэхэмжлэл гаргасан.
Даатгалын гэрээний 8.1.1-8.1.8-д даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх 8 үндэслэлийг заасан. Амь хохирогчийн нас барсан шалтгаан нь эдгээр 8 үндэслэлд хамаарахгүй. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд миний бие оролцоогүй. Амь хохирогч нь өөрийн үеэл ах, дүүтэй ажил хийх гэж яваад тухайн осол гарсан учир хохирол нэхэмжлээгүй. Учир нь оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн тохиолдолд Э.*******г цагдан хорино гэж тайлбарлаж байсан учир ах, дүү байсан хүмүүсийг хорих хэрэггүй. Амь хохирогч нэгэнт босож ирэхгүй учраас хохирол нэхэмжлээгүй. Хэрэв миний бие хохирлоо нэхэмжилсэн бол даатгалын нөхөн төлбөр олгогдож, хохирлоо нэхэмжлэхгүй бол нөхөн төлбөр олгохгүй гэсэн агуулгатай хүний эрхийг зөрчсөн зүйл байж болохгүй. Учир нь амь насаа даатгуулсан.
Бодит амьдрал дээр хоёулаа зээлээ төлөх боломжтой байсан бол түүний нэг нь амь насаа алдахад гарах эрсдэлийг тооцоолж тухайн даатгалын хийлгэж байгаа. Даатгалын байгууллагын үндсэн үйл ажиллагаа нь даатгалын хураамж авч даатгалын тохиолдол үүсэхэд нөхөн төлбөр олгох үүрэгтэй. Даатгалын байгууллага нь маргаангүй даатгалын тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй байгаа нь үндэслэлгүй бөгөөд мэргэжлийн ёс зүйгүй үйл ажиллагаа явуулж байна. Санхүүгийн зохицуулах хороо нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэх агуулгатай албан бичиг өгсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 44,608,179 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
3.1.“*******” ХК болон *******, ******* нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “*******” ХК нь 97,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 15 жилийн хугацаатайгаар, орон сууц худалдан авах зориулалтаар зээлдүүлэхээр, зээлдэгч нар зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.
Мөн өдөр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, гудамж, байр, од байрлах 79,98 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.
3.2.Зээлдэгч нар болон “*******” ХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын баталгаа” нэртэй гэрээ байгуулж, гэнэтийн ослын улмаас нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь түүнээс дээш хувиар алдах эрсдлийг даатгуулсан.
3.3.Даатгалын гэрээний хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр даатгуулагч ******* нь Э.*******ы буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж нас барж, даатгалын тохиолдол бий болсон.
3.4.Даатгалын тохиолдол бий болсон үеийн зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийн үүрэг 83,242,298.42 төгрөг байсан.
3.5.Даатгуулагч ******* нь даатгалын нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргасныг “*******” ХХК эс зөвшөөрч, нөхөн төлбөр олгох боломжгүй хариу өгсөн.
Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “даатгалын нөхөн төлбөрийн тухай” 9/3401 дугаартай албан бичгээр “...гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгалын нөхөн төлбөрийг олгож шийдвэрлэх нь зүйтэй. ...” гэж шийдвэрлэжээ.
4.Зохигч дээрх үйл баримтыг талаар маргаагүй, харин нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хохирол нэхэмжлэх эрхээсээ татгалзсан нь түүнд даатгалын нөхөн төлбөр олгох эсэх нь маргааны зүйл болсон.
4.1.Нэхэмжлэлийн үндэслэл болох орон сууны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээний даатгуулагчдын мэдээлэлд: зээлдэгч нар зээлийн төлбөрийг 50, 50 хувиар хариуцахаар, мөн гэрээний 7.6-д “даатгагч нь даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд зээлийн төлбөр хариуцах хувиар нөхөн төлбөрийг 100 хувь олгоно.” гэж заажээ.
Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдолд бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Даатгуулагч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.*******гийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осолд орж, нас барснаар даатгалын тохиолдол бий болсон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/601 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актын зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тоооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу нэхэмжлэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол төлбөр, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...” гэснийг шийтгэх тогтоолд “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 20,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. ...” гэж дүгнэжээ.
4.2.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.” гэж заасан.
Даатгуулагчийн амь насыг хохироосон гэм буруутай этгээд Э.******* нь зээлийн эрсдлийн даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу хариуцах этгээд биш байхаас гадна эрүүгийн хэргээр энэ маргааны зүйлийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй.
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь даатгалын тохиолдол бий болоход зээлийн үүргийг барагдуулах зорилготой буюу зээлийн гэрээний үүрэг биелэгдэхгүй байх эрсдэлийг даатгасан гэрээ байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барснаар гэм буруутай этгээдээс шаардан нэхэмжлэх гэм хорын төрөлд хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үлдэгдэл хамаарахгүй учир Э.******* үүрэг хүлээхгүй юм.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг нь даатгагч даатгалын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авах зохицуулалт мөн хэдий ч ийнхүү шилжүүлэн авах шаардах эрх нь гэм хорын эрх зүйн шаардах эрхтэй байх учиртай. Тодруулбал, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдээд гаргаж болох тохиолдолд ...шаардах эрх түүнд шилжихээр зохицуулсанаас үзвэл энэ зүйл, заалтын дагуу шаардах эрх шилжихийн тулд даатгуулагч, түүнд учирсан гэм хорыг буруутай этгээдээс шаардах эрхтэй байх урьдчилсан нөхцөл тавигджээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хорын төрөлд хохирогчийн бусадтай байгуулсан зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг хамаарахгүй, гэм хорын эрх зүйн шаардах эрх байхгүй учир гуравдагч этгээд нь үүрэг бүхий этгээд биш байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулсан орон сууцны зээлдэгчийн амь насны даатгалын гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээний үүргээ биелүүлэх ёстой.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Анхан шатны шүүх даатгалын гэрээний нөхөн төлбөрт 41,621,149 төгрөг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ.
Иймд “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах эрхээсээ татгалзсан тул гэм хорыг нөхөн төлөх үүргээс даатгагч чөлөөлөгдөнө” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.3.Түүнчлэн зээлийн гэрээ байгуулсантай холбоотой даатгалын гэрээ байгуулагдсан, даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн бол зээлийн төлбөрөөс тохиролцсон хэмжээгээр даатгагч нөхөн төлбөр төлөхөөр талууд тохиролцсон.
Хавтаст хэрэгт зээлийн дансны хуулга нотлох баримтаар авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг даатгалын тохиолдол үүссэн байхад нөхөн төлбөр төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлд хүү төлж, хохирсон болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй зээлийн хүүгийн зардлыг хохиролд тооцон шаардах эрхтэй байх ба анхан шатны шүүх 2,987,030 төгрөгийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулсан нь зөв болжээ.
5.Хариуцагч талын “анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Учир нь, хариуцагч талын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “” ХХК болон Э.******* нарыг гуравдагч этгээдээр оролцуулах, мөн тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан байх боловч дээрх этгээдүүд нь маргааны зүйл болох зээлийн гэрээ болон даатгалын гэрээний үүрэг бүхий оролцогч этгээдүүдэд хамаарахгүй, мөн зээлийн үлдэгдлийн тооцоолол хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа тохиолдолд уг баримтыг дахин гаргуулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэн шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1-д заасантай тус тус нийцжээ.
6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/11716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Б.АЗБАЯР