Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 619

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Г.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлагын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 0 эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп виллаж хотхоны 201-84 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД: 000000000/, Г.Хд холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Х 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас"-ын орчимд иргэн Ө.Мийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна гэв.  

Хавтаст хэргээс:

Хохирогч Ө.М мөрдөн байцаалтанд: Г.Х гэх залууг би огт танихгүй, 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Улаанбаатар палас төвийн гадна талд би таксинаас буух гэхэд миний танил Б гэх залуу найз Т ах юу байна гэсэн. Би таксинаас буух гээд зүүн талын хөлөө газар тавиад баруун хөл таксин дотор байсан ба би Бг хараад хөөе юу байна дүү гээд гараа гаргаж бариад эргэж хараад таксины мөнгө өгөх гэж байтал гэнэт толгойн зүүн талд чихний дээд талын чамайрхайн орчим газарт гартаа чулуу барьсан залуу 2 удаа цохисон. Тэр үед Б хөөе боль гэж хэлээд Х-ыг цааш нь болгоод би таксиндаа эргэж суугаад цаашаа явж таксины мөнгийг өгсөн. Энэ үед миний зүүн талын чамайрхайн хэсгээс цус гарч хавдсан учир би цагдаа дуудсан. Тэгтэл тэнд байсан хүмүүс зугатаасан. Би гэмтлийн эмнэлэгт очиж эмнэлэгийн тусламж авсан. Б нь манай хамаатны дүүгийн найз гээд бие биенээ мэддэг байсан учир тэр өдөр зүгээр мэндэлж байхад Г.Х ирээд намайг цохисон. Би Г.Хтай ямар нэгэн өш хонзон өр авлага гэх зүйл бол байхгүй...энэ гэмтлийг Г.Х намайг чулуугаар 2 удаа цохисон  тэгээд машинд орсон байхад дахиад цохих гээд машины хаалга цохисон. Тэгээд таксины жолооч яваад өгсөн. Таксинаас буугаад буцаад явсан...эмчилгээний зардалд 1000000 төгрөг нэхэмжилж байна.  /хх-ийн 13.17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө...Х-ын эхнэр хоёр найз охины хамт Улаанбаатар паласын хажуу талд явж байхад нь Ө.Мтэй явж байсан залуутай хамт явж байсан хоёр эрэгтэй тухайн үед уг эмэгтэйчүүдийг өдөж хоргоосон. Тухайн үед хамт явж байсан Тамираа гэх найз маань тэр  залуучуудтай маргалдсан. Би тэд нар руу очсон. Би Ө.Мийг Шихихутагт хуулиар сурч байхад нь миний танил хамт сурч байсан учир би зүс мэддэг болсон байсан. Тэгтэл гадаа хоёр залуутай найз нар маргалдаад байхаар нь би очтол хамгийн сүүлд Ө.М гэдэг залуу машинаас бууж ирж байгааг нь хараад би очоод Ө.Мтэй уулзсан. Тухайн үед би юу болоод маргалдсаныг бол мэдээгүй байсан. Ингээд Ө.Мтэй зогсож байхад гэнэт Ө.Мийг хүн цохисон. Яг хэн цохисоныг би тэр үед хараагүй, Ө.М цохиулаад над руу урдаас налаад унасан. Би юу болсон яасан хэн цохив гээд цохисон хүнийг нь олоогүй хэсэг болсон. Тэгээд би Ө.М болон түүний хоёр найзтай юм ярьж ганцаараа үлдсэн. Маргааш нь Ө.М надтай утсаар холбогдоё гээд цагдаагийн байгууллагад ирсэн...Хүрэлтулгыг ирснийг хэзээ мэдсэн гэхээр Ө.Мийн толгойг цохисны дараа хэн цохив гэж хайж байх үед мэдсэн. /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Т мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 21 -ний орой Ө.М, Б гэх найз нартайгаа уулзаж байгаад Улаанбаатар паласын орчим бид нар нэг газар суух гээд такситай явж байгаад Улаанбаатар паласын хашааны гадаа очоод бид гурав цувраад машинаас буусан. Ар талд Ө.М үлдсэн бууж ирэхийг хүлээж байтал гэнэт бид нарын сууж ирсэн такси хаалгаа ч хаалгүй хөдлөөд яваад өгөхөөр нь яаж байгаа юм бол гээд хараад зогсож байтал 40-50 метрийн цаана очиж зогсоод дотроос нь Ө.М толгойгоо барьсан ирсэн. Тэгтэл толгойн зүүн талын чамайрхайн хэсгийн арьс язарсан цус гарсан толгойгоо барьсан ирсэн. Ингээд бид нар яагаад хүний толгой хагалчихваа хэн хагалсан гээд тэнд байсан 3-4 эмэгтэй 2-3 эрэгтэй залуучуудтай маргалдсан. Тэгээд Ө.М уг залуучуудын нэг залуу нь дүүгийнх нь найз танил гэж ярьж байсан ба ингэж байхаар цагдаад мэдэгдэе гээд цагдаад мэдэгдээд Ө.М бид нар гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан.Тэгээд бид нар салаад явсан. /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8781 дугаартай дүгнэлтэнд: Ө.Мийн зүүн чамархайд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 30/ гэжээ.

 

Яллагдагчаар Г.Х мөрдөн байцаалтанд: 2018 оны 6 дугаар сарын 21-ний орой манай эхнэр А тухайн өдөр найз нартайгаа Улаанбаатар палас төвийн пабад ороод 4 найзынхаа хамт гарч ирсэн. Тэр үед нь би эхнэрээ найз нартайгаа хүлээгээд гадаа зогсож байтал манай эхнэр болон найз нарыг УБ паласын хашаагаар гарах гэж байхад нь хэдэн залуучууд өдөж хоргоохоор нь тоохгүй байхаар нь үг хэл амаар доромжилж пизда, гичий гэж хэлсэн. Тэр үед нь би бие засаад найзтайгаа найз руугаа очиж байтал манай найз нар нөгөө залуучуудтай маргалдаад зогсож байгааг нь хөндлөнгөөс харах үедээ тэд нарыг зодолдож байна гэж ойлгоод цаанаас ирээд хамгийн наад талд зогсож байсан залуугийн толгой руу гараараа цохисон. Тэр үед манай найз нар боль асуудал хүндрүүлээд хэрэггүй гэж хэлээд салсан. Тэр үед айхтар зодоон цохион бол болоогүй би тэр үедээ бодохдоо зодоон болоод байна гэж буруу ойлгоод Ө.Мийн толгойн тус газар нь гараар цохих үед тэр залуутай маргалдсан. Тэгтэл цаана байсан залуучууд болон манай найз нар одоо боль боль гээд намайг цааш нь явуулсан тэгээд тэд нар ард үлдэж ярилцаад ойлголцоод эргээд хүрээд ирсэн. Тэр үед маргаан болсоноос зодоон бол болоогүй.  /хх-ийн 41/ гэх мэдүүлэг болон  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор  Г.Х-ын оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55/ зэрэг болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Х 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар палас"-ын орчимд иргэн Ө.Мийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Мийн“...гэнэт толгойн зүүн талд чихний дээд талын чамайрхайн орчим газарт гартаа чулуу барьсан залуу хоёр удаа цохисон...” гэрч Х.Бн“...гэнэт Ө.Мийг хүн цохисон...” гэрч Г.Төртулгын” “...Ө.М толгойгоо барьсан ирсэн. Тэгтэл толгойн зүүн талын чамайрхайн хэсгийн арьс язарсан цус гарсан толгойгоо барьсан ирсэн...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 8781 дугаартай “Ө.Мийн зүүн чамархайд сорви тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар Г.Х-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...хамгийн наад талд зогсож байсан залуугийн толгой руу гараараа цохисон...” /хх-ийн 41/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Хяналтын прокуророос Г.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Г.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Г.Х-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирогч Ө.Мөөс хохиролтой холбогдох баримт хэрэгт гаргаагүй байх тул Г.Х-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

Харин хохирогч Ө.М хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх, шүүгдэгч Г.Х-ыг гэм буруутайд тооцсон ба эрүүгийн  хариуцлага  оногдуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Прокуророос шүүгдэгч Г.Хд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба уг хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 6 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид ...зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”

мөн хуулийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно”...гэж тус тус зааснаар шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

  1. Г.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г.Х-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, мөн хуулийн 2 дахь заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т  заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Г.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Хохирогч Ө.М өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ДАЙРИЙЖАВ