Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 00689

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би, 

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, Бодьцамхаг, Бодь-Интэрнешнл ХХК-ийн байранд байрлах, улсын бүртгэлийн 9016001014, регистрийн 2075377 дугаартай, Голомт банкны нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 дугаар гудамж  4 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ79092913, Эсэвчээв овогтой Эрдэнбилэгийн Оюунболд,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8 дугаар гудамж  4 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ82041306, Монголмууд овогтой Охидоогийн Анхбаяр нарт холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.437.302,91 төгрөг, зээлийн хүү 1.472.615,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.389,18 төгрөг, нийт 9.955.307,11 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ипотекийн гэрээнд заасан зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч тус банкны Увс салбарын захирал Л.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Э.Оюунболд, О.Анхбаяр нар нь тус банктай дараах зээлийн гэрээ байгуулан нийт 13.000.000 төгрөгийн зээлийг авсан ба нийт 24 сарын хугацаатай, сарын 2.30 хувийн, жилийн 27.60 хувийн хүүтэй авсан. Өнөөдрийн байдлаар зээлдэгч иргэн Э.Оюунболд, О.Анхбаяр нар нь зээлийн гэрээнд заасан графикийн дагуу зээлээ төлөөгүй 171 хоног хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй банкны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна.  Тус банк удаа дараа зээлээ төлөхийг шаардаж, зээлдэгч тухай бүр зээлээ төлнө гэж мэдэгдэж байсан боловч зээл, зээлийн хүүг төлөөгүй хэвээр байна. Иймд зээлдэгч нараас 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаарх зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 8.437.302,91 төгрөг, зээлийн хүү 1.472.615,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.389,18 төгрөг, нийт 9.955.307,11 төгрөгийг гаргуулж өгнө үү. Зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд БГ6205100562 тоот ипотекийн гэрээнд заасан зээлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-1520001590 дугаартай Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод байрлах 1200 м.кв талбай бүхий газар, улсын бүртгэлийн Ү-1520004598 дугаартай Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар  баг, 8-4 тоотод байрлах 72 м.кв хэмжээтэй үл хөдлөх хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулан зээл, зээлийн хүү төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Голомт банкнаас зээл авч эргэн төлөх боломжгүй болж хугацаа хэтрүүлсэн нь үнэн, ажил төрөлгүй болж хэцүү байсан. Одоо ажил төрөлдөө орж байна. Та бүхэн бидний энэхүү байдлыг харгалзан үзэж он гарахаас өмнө амжуулж төлөх болно. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд зээлээ бүрэн төлж дуусгах болно. 9.955.307 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн хугацаандаа мөнгөө төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж болруулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

        Нэхэмжлэгч Голомт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амар-Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: “Зээл хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нарын тайлбартай танилцлаа. Зээлдэгч нар нь зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нарт холбогдуулан “Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 8.437.302,91 төгрөг, зээлийн хүү 1.472.615,02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.389,18 төгрөг, нийт 9.955.307,11 төгрөг гаргуулах, мөн зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ипотекийн гэрээнд заасан зээлийн барьцаа хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 9.955.307 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулах, мөн тухайн хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн БГ-6205100562 тоот “Ипотекийн гэрээ”-ээр барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод байрлах, 72 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004598, гэрчилгээний 000234389 дугаартай, хувийн орон сууц, мөн хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-1520001590, гэрчилгээний 00072764 дугаартай газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

         Иймд хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

         Хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нар дээрх хугацаанд үүргээ сайн дураар  биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.   

            Нэхэмжлэгч Голомт банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.235 төгрөгөөс 87.117 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 87.117 төгрөгийг, хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нараас 87.117 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.Оунболд, О.Анхбаяр нар зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9.955.307 /есөн сая есөн зуун тавин таван мянга гурван зуун долоо/ төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд Голомт банкинд төлж барагдуулах, мөн тухайн хугацаандаа төлбөрөө төлж чадаагүй тохиолдолд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн БГ-6205100562 тоот “Ипотекийн гэрээ”-ээр барьцаалсан Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 8-4 тоотод байрлах, 72 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-1520004598, гэрчилгээний 000234389 дугаартай, хувийн орон сууц, мөн хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-1520001590, гэрчилгээний 00072764 дугаартай газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Голомт банкны тэмдэгтийн хураамжид төлсөн 174.235 /нэг зуун далан дөрвөн мянга хоёр зуун гучин тав/ төгрөгөөс 87.117 /наян долоон мянга нэг зуун арван долооо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 87.117 /наян долоон мянга нэг зуун арван долооо/ төгрөгийг, хариуцагч Э.Оюунболд, О.Анхбаяр нараас 87.117 /наян долоон мянга нэг зуун арван долооо/ төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.   

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА