Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00591

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэнийй хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01947 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...барилгын ажлын 4 давхрын дотоод заслын ажлыг 32,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Урьдчилгаа болон явцын дунд 14,000,000 төгрөгийг хүлээн авсан. ...8,000,000 төгрөгт холбогдох ажлын хийгээгүй тул үлдэх 10,000,000 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулна. ...” гэж,

            Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...5, 6, 7, 12 давхруудад барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг 32,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохирсон. ...Нэхэмжлэгч нь ажлыг чанарын шаардлага хангаагүй байдлаар хүлээлгэж өгсөн тул ажлын дахин гуравдагч этгээдээр хийж гүйцэтгүүлсэн. ...Нэхэмжлэгч бэлнээр 14,000,000 төгрөгийг авсан гэсэн тул дансаар шилжүүлсэн 15,965,000 төгрөгийг хасаад 2,035,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаагаас ажлын доголдлыг бусдаар хийж гүйцэтгүүлсэн 1,868,000 төгрөгийг хасаж 167,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө. ...” гэж тус тус тайлбарлажээ.

           

            4.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “*******” оффис үйлчилгээний барилгын засал чимэглэлийн ажил хийх хэлцэл амаар байгуулагдаж, уг хэлцлээр ******* нь 5, 6, 7 болон 10 дугаар давхруудад барилгын дотоод засал чимэглэлийн ажлыг хийх, ******* нь ажлын хөлс 32,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримтыг тогтоож, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж тодорхойлсон нь зөв.

            Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл хүчин төгөлдөр талаар, нэхэмжлэгч харилцан тохиролцсон ажлаас 8,000,000 төгрөгийн ажлыг хийгээгүй үлдээсэнд зохигч маргаагүй. Харин ажлын хөлснөөс үлдэгдэл 10,000,000 төгрөгийг захиалагч төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

            5.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

            5.1.Хэрэгт авагдсан *******ийн эзэмшлийн, “*******” ХК дахь ******* тоот дансны хуулгаар ******* нь *******т нийт 15,900,000 төгрөг шилжүүлсэн нь тогтоогдсон байна.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаас ажлын хөлс 14,000,000 төгрөгийг “гар дээр авсан” гэж бичсэн байх боловч үүнийг дансаар хүлээн авсан мөнгө гэж тодруулан тайлбарласан бөгөөд энэ тохиолдолд нотолгооны үүргийн хүрээнд хариуцагч нь ажлын хөлсийг бэлнээр өгсөн болохоо нотлох үүрэгтэй. Мөн гэрч *******гийн “...*******оос өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 1,000,000 төгрөгийг *******ийн дансаар дамжуулан авсан...” гэж мэдүүлснийг хариуцагч няцаах баримтыг гаргаагүй тул анхан шатны шүүх хариуцагч тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан, доголдлыг арилгуулах ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэх тайлбартай холбоотойгоор өөрийн эзэмшлийн, “*******” ХК дахь ******* тоот дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан ба уг доголдлыг арилгахад хариуцагчаас 1,868,000 төгрөгийн зардал гарсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэмжээгээр хасаж тооцсон. Уг шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар нэмж дүгнэлт хийгээгүй болно.

            Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан  журмын дагуу үнэлж, талуудын хооронд байгуулагдсан гэрээний ажлын хөлс 32,000,000 төгрөгөөс хийгээгүй ажлын хөлс 8,000,000 төгрөгийг хасаж, хариуцагчаас нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн 14,900,000 төгрөг, доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардал 1,868,000 төгрөгийг хасаж, төлөгдөөгүй үлдэх төлбөр 7,232,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байх тул хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлээгүй буюу нотлох баримтыг зөв үнэлээгүй” гэх гомдлыг хангахгүй.

 

            6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130,662 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН

 

 

                                  ШҮҮГЧИД                                       Д.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                          Б.АЗБАЯР