Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 571

 

`           Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дүгээр сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр 0 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 00 дугаар хороо, Хилчний 0 дүгээр гудамжны 00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/, Тугалдай овогт Гантөмөрийн Г.Бд холбогдох эрүүгийн 00000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Б нь согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их  хойд талын зам дээр иргэн Б.Эын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 57-73 УНД улсын дугаартай авто машины баруун толь, урд буфер, баруун урд хаалга баруун дээд баганыг өшиглөх, чулуугаар цохих зэргээр хагалж, хонхойлгож хууль бусаар гэмтээсний улмаас 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 660.000 төгрөг төлсөн гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Э мөрдөн байцаалтанд: Миний бие нь 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,4 дүгээр хороолол орчимд өөрийн найзыгаа хүргэж өгөхөөр явж байтал Нар хүүхдийн их дэлгүүрийн харалдаа автомашины зам дээр үл таних 2 эрэгтэй 1 эмэгтэй зам гарч явахдаа зам хааж хөдөлгөөнд саад учруулсан. Би зогсоод зам тавьж өгсөн чинь тэр залуу зам гарахгүй машины урд зогсоод байхаар нь би сигналдаад гэрлээрээ дохисон чинь тэр залуу миний машины гупер рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би машинаасаа бууж ирээд харсан чинь гупер цуурчихсан байхаар нь яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь цуг явсан нэг залуу нь цаанаас ирээд намайг цохиод заамдаад авахаар нь би нөгөө залууг бүсэлхийгээр нь тэврээд авсан. Тэгээд тэр залуутай зууралдаад байж байтал ард чимээ гарахаар нь харсан чинь миний машины гупер рүү өшиглөдөг залуу машины толь хугалчихсан, хаалганы дээд талын багана руу цохиод хонхойлгочихсон, хаалга руу чулуугаар 2-3 удаа цохичихсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхэд намайг цохидог залуу нэг эмэгтэйн хамт явчихсан машин цохидог залуу үлдсэн. Маргааш нь би машинаа үнэлгээний газраар үнэлүүлэхэд 660.000 төгрөг болсон. Машинынхаа эвдрэлийг төлүүлмээр байна. /хх-ийн 18-19/ гэх мэдүүлэг,

Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээгээр автомашины эвдрэл хохирол нийт 660.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 24-25/

 

Сэжигтнээр Г.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр найз М-тай цуг гурвалжингийн гүүрний урд байрлах гражид нэг том пиво хувааж уучихаад тэндээсээ орой хороолол ороод нэг баар орсон. Тэндээ 1 шил 0,75 граммтай архи 6-7 шил пиво гурвуулаа хувааж уугаад шөнө гарсан. Гарч яваад замын гарц дээр машинтай хүмүүстэй маргалдаж байх шиг байсан яг юу болсныг санахгүй байна. Би тухайн хүний гомдлыг бүрэн барагдуулсан. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагчаар Г.Б “...нэг залуутай муудалцсан тэгээд машиныг нь цохиж эвдсэн...” /хх-ийн 34/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Г.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 36/,  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                     

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Б  согтуугаар 2018 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нар хүүхдийн их  дэлгүүрийн хойд талын зам дээр иргэн Б.Эын эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 57-73 УНД улсын дугаартай авто машиныг баруун толь, урд буфер, баруун урд хаалга баруун дээд баганыг өшиглөх, чулуугаар цохих зэргээр хагалж, хонхойлгож хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

        

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан хохирогч Б.Эын “...тэр залуу миний машины гупер рүү өшиглөсөн...миний машины гупер рүү өшиглөдөг залуу машины толь хугалчихсан, хаалганы дээд талын багана руу цохиод хонхойлгочихсон, хаалга руу чулуугаар 2-3 удаа цохичихсон байсан. Маргааш нь би машинаа үнэлгээний газраар үнэлүүлэхэд 660.000 төгрөг болсон...” /хх-ийн 18-19/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон Арвижих-Эстимейт ХХК-ийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийг 24-25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас Г.Бын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Өөрөөр хэлбэл хяналтын прокуророос Г.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Г.Быг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь “хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт,  хохирогчоос гаргаж өгсөн “бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.   

 

Хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Бд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

                                                                                         

2. Шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Бд мэдэгдсүгэй.

 

4. Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ