Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 00692

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа би,

        Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумь 4 дүгээр баг, 11-16 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, ОЮ65080907 регистрийн дугаартай, Засгууд овогтой Какаагийн Эрдэнэбилэг,

         Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумь 4 дүгээр баг, 11-16 тоотод оршин суух, 1988 онд төрсөн, эрэгтэй, ОА88060413 регистрийн дугаартай, Тайж овогтой Эрдэн-Очирын Байгальхүү нарт холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 11.827.285,83 төгрөг, зээлийн хүү 1.491.878 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 13.332.663,83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Какаагийн Эрдэнэбилэг нь тус банкнаас 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 1250021879 тоот зээлийн гэрээг байгуулан 12.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 27,6 хувийн хүүтэйгээр мал худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 2 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 4 дүгээр сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч нь нөхөр хөдөлмөрийн чадваргүй болсон, ажил хийхгүй байгаа, эргэлтийн хөрөнгөгүй болсон учир бизнесийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачилга гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн /2016.10.03/ байдлаар К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нарын төлөх ёстой бичил биенесийн зээлийн үндсэн үлдэгдэл 11.827.285,83 төгрөг, зээлийн хүү 1.491.878 төгрөг, нотариатаар баталгаажуулсны зардал 13.500 төгрөг зарцуулсан тул нийт 13.332.663,83 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж өгнө үү. Зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хас банкнаас гаргасан 13.332.663,83 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг боломжоороо төлж дуусгана. Тухайн зээлээ төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг зарж борлуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

          Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Төгсжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нараас төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь зээлийн төлбөрөө төлөхөө хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 11.827.285,83 төгрөг, зээлийн хүү 1.491.878 төгрөг, нотариатын зардал 13.500 төгрөг, нийт 13.332.663,83 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох нийт 13.332.663,83 төгрөгийг төлж барагдуулах, мөн барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус тус хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын гаргасан тайлбарын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

          Хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нар нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

             Нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.613 төгрөгөөс 112.306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 112.306 төгрөгийг, хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нараас 112.306 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 13.332.663 /арван гурван сая гурван зуун гучин хоёр мянга зургаан зуун жаран гурав/ төгрөгийг төлөхөөр, мөнбарьцаа хөрөнгүүдийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

             2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224.613 /хоёр зуун хорин дөрвөн мянга зургаан зуун арван гурав/ төгрөгийн тал хувь буюу 112.306 /нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 112.306 /нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/ төгрөгийг, хариуцагч К.Эрдэнэбилэг, Э.Байгальхүү нараас 112.306 /нэг зуун арван хоёр мянга гурван зуун зургаа/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                    Н.ГЭРЭЛТУЯА