Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 639

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 0 дугаар сарын 00-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд бовсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр хүүхдийн хамт Төв аймгийн Угтаалцайдам сумын 0 дугаар баг, Асгат 0 дүгээр гудамжны 0 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000000/ Г.Ад холбогдох эрүүгийн 00000000000000 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.А нь 2018 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Мийг машин хурдтай жолоодлоо гэх шалтгаанаар гараараа зодож догшин авирласан,

мөн 2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхийн этгээд болох Б.Мийг хардалтын улмаас гараараа зодож, догшин авирласан,

мөн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Б-ыг эсэргүүцэж догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ эхнэр Б.Мийг гараараа толгой орчим цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт: Би өмгөөлөгч авахгүй. Тухайн үед би архи хэтрүүлж хэрэглэсэн байсан. Эхнэрээ зодсондоо л маш их харамсаж байна. Надад холбогдох хэргийг тэнсэж өгнө үү, би олон төрлийн зээл төлж ар гэр амьдрал ахуйгаа авч явдаг хүн гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Мийн мөрдөн байцаалтанд“Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр хүүхэд болон аавтайгаа амарч байтал манай гэрт нөхрийн аав, ээж, дүү нар нь ирсэн. Манай нөхрийн аав ээж нь манай хүүд бэлэг өгнө гэж ирсэн болохоор бэлгээ өгөөд тэд нар айлд ирснийх гээд жоохон юм ууцгаасан юм. Тэгээд 23 цаг өнгөрч байхад хадмууд явахаар болохоор манай нөхөр гаргаж өгөхөөр болоод хамт гарсан. Би ядраад унтлагынхаа өрөөнд ороод унтсан. Намайг унтаж байхад манай нөхөр гаднаас гэрийнхнийгээ гаргаж өгчихөөд орж ирээд намайг татаж сэрээгээд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр манай ажлын захирлын өгсөн нэг шил вино, набор зэргийг танай захирал чинь яахаараа чамд өгдөг юм бэ, ямар учраас чамд бэлэг өгсөн хэл гээд уурлаад байхаар нь би жоохон маргалдсан чинь намайг боож орон дээр унагаагаад шууд хоёр хацар болон толгой руу алгадаад цохиод эхэлсэн. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэсэн боловч манай нөхөр миний гарыг атгачихаад огт тавихгүй зодоод байхаар нь би орилтол манай аав сонсоод унтаж байсан өрөөнөөсөө гарч ирээд яаж байна гээд нөхрийг салгах гэтэл манай нөхөр аавыг барьж аваад зодсон. Тэр үед би нөхөртөө зодуулаад орон дээр босч чадахгүй хэвтэж байсан. Тэгээд манай нөхөр аавтай маргалдаж байгаад цагдаа дуудах үеэр гараад явсан. Цагдаа нар ирээд яаралтай эмнэлэгт үзүүлж цагдаад өргөдөл гаргаарай гэж хэлээд явсаны дараа манай нөхөр буцаж гэрт орж ирээд гар утсаа хайж байгаад унтлаганы өрөөний гэрэл асааж намайг харсанаа миний хажууд суугаад яасан юм, би ингэсэн юм уу гэж сонин юм ярьж байгаад гараад явсан. Би тэр үед босож чадахгүй байсан бөгөөд сүүлд манай ах гэрт  ирэх үед арай гэж босоод толинд харсан чинь миний баруун нүд хавдаад хамарнаас цус гарчихсан, хоолой боолгоод хөхөрсөн, зүүн гарын сарвуу хөндүүртэй хавдчихсан байсан. Би өглөө нь эрт гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд цагдаад өргөдөл гаргасан.

Манай нөхөр 2018 оны 8 дугаар сард намайг найзуудтайгаа гадуур гарсны төлөө банзалдаж янхандаж явлаа гээд намайг хоёр удаа алгадаад, хоёр тийш нь маш их авч шидээд байснаас болж миний хоёр хөлний шилбэний гадна талаар маш их хөхөрсөн байсан. 2018 оны 7 дугаар сард болохоор манай нөхөр найзуудтайгаа жоохон уугаад ирсэн. Тэгээд орой болсон байсан болохоор эмийн сан орох гээд би нөхрийнхөө машиныг бариад эмийн сан хайгаад нэлээн хурдтай барьчихсан чинь чи хүний машин барьж ямар хурдтай явдаг юм гээд миний толгой орчим ямар нэг зүйлээр цохиж байсан. Тухайн үед миний толгой жоохон манараад тэгээд өнгөрч байсан.  /хх-ийн 12-13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтанд: Б.М нь миний төрсөн дүү байгаа юм. Би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө гэртээ унтаж байтал манай аав над руу залгаад хүргэн Г.А дүүг чинь зодчихлоо гэхээр нь би гэрээсээ гараад аавынд иртэл манай дүү Б.Мийн хамар, нүд нь хавдчихсан, хамарнаас нь цус гарсан байдалтай байхаар нь би дүүгээ дагуулаад шүүх эмнэлэг ортол эхлээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд цагдаад хандсаны дараа манайд үзүүлээрэй гэж шүүх эмнэлэгийн жижүүр нь хэлэхээр нь гэмтлийн эмнэлэг орсон. Тэгээд гэмтлийн эмнэлэг орж үзүүлтэл хамрын яс нь хугарсан байх магадлалтай байна нарийвчилсан томографийн зургыг авахуулах шаардлагатай гэснээр би дүүтэйгээ гэрт нь очиж  хоносон. Намайг очиход манай дүү надтай юм ярих чадваргүй байсан бөгөөд сүүлд эмнэлэгээр явж байхдаа би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай дүү хэлэхдээ хэзээ гэдгээ мэдэхгүй дүүгийн ажлаас захирал нь шинэ жилийн бэлэг гэж набор, дарс өгсөн юм байна. Тэрнээс болж манай хүргэн хардаад зодсон гэж байна...манай хүргэн өнгөрдөг 8 дугаар сард хичээл орохын өмнө байх над руу залгаад энэ янхан гичий архичин дүүгээ ирээд ав гээд ууртай залгахаар нь би гайхаад гэрт нь очтол манай дүү хүргэнд зодуулсан гээд хөлний шилбэ орчим хөхөрсөн, нүүр гаранд нь хөхрөлт үүссэн байсан...бас манай өөр нэг дүү болох Б.М дүү Б.Мийг хүргэн Г.Ад хэд хэдэн удаа зодуулсан тухай яриад таньд Б.М хэлээгүй юм уу гэж асууж байсан /хх-ийн 17-18/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Б  мөрдөн байцаалтанд ”2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт хүргэн хүү Г.Аийн ар гэрийнхэн буюу худууд ирсэн юм. Тэгээд бид нар манай гэрт шинэ жилийн баяртай холбоотой юм ярьж, жоохон ууж байгаад тэд нар явахаар болсон. Би өрөөндөө ороод амарсан.  Өрөөндөө ороод унтаж байтал манай охин Б.М их муухай орилохоор нь цочиж сэрээд охин хүргэн хоёрын өрөөнд ортол манай хүргэн орон дээр охин Б.Мийн дээр суучихсан чи захиралтайгаа явалддаг болоо юу гээд зодож байсан. Тухайн үед манай охины хамраас цус гарсан байдалтай ор хөнжлийн даавуу нил цус болчихсон байсан бөгөөд намайг орох үед хүргэн Г.А юу болоод байна гээд асуухад чи цаанаа хаалгаа хаагаад байж бай гээд охиныг минь зодоод байхаар нь би хүргэнийхээ зүг дөхөж очоод цамцнаас нь татаад охины дээрээс буулгасан. Тэгээд хүргэн бид хоёр өрөөнөөс зууралдсан чигээрээ гараад өөр нэг жижиг өрөөнд ортол манай хүргэн миний толгой, тархи руу цохиод байсан...Манай хүргэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны орчим намайг гэртээ байхгүй эзгүй хойгуур нэг зодсон гэж байсан. Намайг сүүлд ирэхэд охины маань хоёр хөлийн шилбэ орчим хөхөрчихсөн байсан. Тухайн үед охин маань надад хэлээгүй нууж байгаад сүүлд хэлж байсан. Тэр өдөр манай хүргэн намайг бас зодоод миний хоёр өвдөг, өгзөг, зүүн ташаан толгой, баруун сүвээ орчим маш их хөндүүртэй болчихсон, баруун хавирга хөдөлж болохгүй өвдөөд байсан боловч гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугараагүй, зөөлөн эдийн няцрал байна гэсэн. Уг нь бол манай хүргэн, охин хоёр маргаан хийгээд байгаа нь харагдаад байдаггүй. Гэхдээ манай охин бол их дуугүй хүн тайван хүн болохоор хэрүүл өдөөд байдаггүй байх, харин манай хүргэн бол өглөө нэг их ажилтай хүн шиг гараад, орой ирээд зурагт үзээд, гар утсаа оролдоод л зочид буудалд байгаа юм шиг байдаг. Би тэр хүнтэй харилцан зодоон хийгээд дийлэхгүй тийм болохоор цагдаад дуудлага өгсөн. Би хүргэндээ гомдолтой байна. Охиныг  минь ямар учраас ингэж байгааг ойлгохгүй байна.  /хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 942 дугаартай дүгнэлтэнд: Б.Мийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, хүзүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  Шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт,

 

Аюулын зэргийн үнэлгээний хуудас /хх-ийн 37/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/,

 

Сэжигтнээр Г.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай аав, ээж, дүү нар хүүхдүүдийнхээ хамтаар манайд ирсэн. Тэгээд манай аав, хадам аав хоёр нэг шил архи хуваан уусан бөгөөд би тэр архинаас 2 татчихаад, хүргэн Батбаяртай нэг шил 750 граммын Тайга нэртэй архи хувааж уусан. Тэгээд тэр архи дуусчихаар нь хүргэнтэйгээ дахин нэг 750 граммын Тайга нэртэй архи авч ууж байгаад юу болсныг санахгүй байна. Нэг сэргэсэн чинь би унтлагын өрөөнд орныхоо хажууд суучихсан, эхнэрийнхээ гарнаас юу болов гэхэд манай эхнэр Б.М чи сая намайг цохичихлоо гээд байсан. Тэр үед манай хадам аав Батбаяр нөгөө өрөөнөөс орж ирээд зайл пизда минь, яв гэхээр нь би гараад, гадаа байсан машиндаа суусан...Намайг архи уугаад тасраад ухаан ороход манай эхнэрийн царай их хавдчихсан байсан...” /хх-ийн 32/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Г.Аийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.А нь 2018 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг “машин хурдтай жолоодлоо” гэх шалтгаанаар гараараа зодож догшин авирласан”,

2018 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Б.Мийг хардалтын улмаас гараараа зодож, догшин авирласан,

2019 оны 01 дүгээр сарын 02-нд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 25 тоот гэртээ гэр Б.Мийг зодож, догшин авирласан,

мөн цаг хугацаанд гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Мийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үед таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэж догшин авирлан зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх үедээ Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Мийн“...захирал чинь яахаараа чамд өгдөг юм бэ, ямар учраас чамд бэлэг өгсөн хэл” гээд уурлаад байхаар нь би жоохон маргалдсан чинь намайг боож орон дээр унагаагаад шууд хоёр хацар болон толгой руу алгадаад цохиод эхэлсэн. Тэр үед би өөрийгөө хамгаалах гэсэн боловч манай нөхөр миний гарыг атгачихаад огт тавихгүй зодоод байсан...”,

дахин байцаалтаар“...2018 оны 8 дугаар сард намайг найзуудтайгаа гадуур гарсны төлөө банзалдаж янхандаж явлаа гээд намайг хоёр удаа алгадаад, хоёр тийш нь маш их авч шидээд байснаас болж миний хоёр хөлний шилбэний гадна талаар маш их хөхөрсөн байсан. 2018 оны 7 дугаар сард болохоор манай нөхөр найзуудтайгаа жоохон уугаад ирсэн. Тэгээд орой болсон байсан болохоор эмийн сан орох гээд би нөхрийнхөө машиныг бариад эмийн сан хайгаад нэлээн хурдтай барьчихсан чинь чи хүний машин ямар хурдтай барьдаг юм гээд миний толгой орчим ямар нэг зүйлээр цохиж байсан...” /хх-ийн 12-13/,

хохирогч Ц.Бын”...унтаж байтал манай охин Б.М их муухай орилохоор нь цочиж сэрээд охин хүргэн хоёрын өрөөнд ортол манай хүргэн орон дээр охин Б.Мийн дээр суучихсан чи захиралтайгаа явалддаг болоо юу гээд зодож байсан...манай хүргэн миний толгой, тархи руу цохиод байсан...Манай хүргэн 2018 оны 8 дугаар сарын 20-ны орчим намайг гэртээ байхгүй эзгүй хойгуур нэг зодсон гэж байсан. Намайг сүүлд ирэхэд охины маань хоёр хөлийн шилбэ орчим хөхөрчихсөн байсан...” /хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг,

гэрч Б.Л-гийн “...намайг очиход манай дүү надтай юм ярих чадваргүй байсан бөгөөд сүүлд эмнэлэгээр явж байхдаа би дүүгээсээ юу болсон талаар асуухад манай дүү хэлэхдээ хэзээ гэдгээ мэдэхгүй дүүгийн ажлаас захирал нь шинэ жилийн бэлэг гэж набор, дарс өгсөн юм байна, тэрнээс болж манай хүргэн хардаад зодсон гэж байна...манай хүргэн өнгөрдөг 8 дугаар сард хичээл орохын өмнө байх над руу залгаад энэ янхан гичий архичин дүүгээ ирээд ав гээд ууртай залгахаар нь би гайхаад гэрт нь очтол манай дүү хүргэнд зодуулсан гээд хөлний шилбэ орчим хөхөрсөн, нүүр гаранд нь хөхрөлт үүссэн байсан...бас манай өөр нэг дүү болох Б.М дүү Б.Мийг хүргэн Г.Ад хэд хэдэн удаа зодуулсан тухай яриад таньд Б.М хэлээгүй юм уу гэж асууж байсан /хх-ийн 17-18/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 942 дугаартай “Б.Мийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун, зүүн хацар, хүзүү, баруун алганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.А, хохирогч Б.М нар хамтран амьдардаг, тэдгээр нь хадам эцэг Ц.Бтай нэг гэрт амьдардаг байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч...тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нэгэн адил хамаарахаар зохицуулсан байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн онцлог нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн хүчирхийлэл гэсэн хэлбэртэй байх бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд...“хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодийн хүчирхийлэл” ...гэж хуульчилсан байна.

 

Г.Аийн үйлдсэн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны дээрх нэг удаагийн үйлдэл нь гэр бүлийн хүчирийлэл үйлдэж Б.Мийг байнга зодож, догшин авирласан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэн зодсон нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дэх хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд” тооцогдоно.

 

Шүүгдэгч Г.А нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Мийг байнга буюу 2018 оны 7 дугаар сард,  2018 оны 8 дугаар сард   2019 оны 01 дүгээр сарын 02-нд зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

улмаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэн зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан,  мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргүүдийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Г.Ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Г.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Мийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

улмаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн хадам эцэг Ц.Быг эсэргүүцэн зодсон гэмт хэргүүдэд гэм буруутайд  тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Б.М, Ц.Б нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлснийг үндэслэн Г.Аийг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Г.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

улмаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэн зодсон гэмт хэргүүдэд гэм буруутайд  тооцсон тул  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А “би өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Түүнчлэн Г.А “надад холбогдох хэргийг тэнсэж өгнө үү, би олон төрлийн зээл төлж ар гэр амьдрал ахуйгаа авч явдаг ” гэж мэдүүлж байна.

 

Шүүхээс хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Г.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэрэг үйлдсэн...” үндэслэлээр тэнсэх боломжгүй юм.

 

Иймд Г.Аийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар арван сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Г.Ад шүүхээс оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоох нь түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй  гэж үзнэ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Аийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

улмаар  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Б.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

гэр бүлийн хүчирхийлэлийг таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэн зодсон гэмт хэргүүдэд гэм буруутайд  тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Г.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 10 /арван/ сарын хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.  Г.Ад оногдуулсан хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Г.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдсугай.

 

7. Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Аийг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.                        

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ