| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00659/и |
| Дугаар | 00699 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 00699
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЛ66011064 регистрийн дугаартай, Есу овогтой Чимэддоржийн Алтантуяагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1981 оны 7 дугаар сараас Ялалт нэгдэлд аав, ээжийн хамт саальчнаар ажилд орж, саалийн 10 үхэр авч сааж байсан. 1985 онд Сагил сумын Баянзүрх багийн иргэн Б.Цогбаяртай гэр бүл болж малчнаар ажиллаж байсан. 1989 оны 9 дүгээр сард нэгдэл хувьчлагдсан. Энэ хугацаанд ажилласан жилийг минь баталгаажуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Алтантуяа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: “Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн малчин Чимэддоржийн Алтантуяагийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Ганхуяг, Д.Нямсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч А.Ганхуяг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1974 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ерөнхий нягтлангаар ажиллаж байсан учраас ажилчдаа сайн мэднэ. Мөн 1993 оноос сумын төрийн сангийн төлөөлөгчөөр 2003 он хүртэл ажилласан. Ч.Алтантуяа 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Ялалт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байгаад нэгдлийн хувьчлал явагдахад мал аваад хувьд гарсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Нацагдорж, Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Нямсүрэн шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Ч.Алтантуяа нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1981 оноос 1989 оныг дуустал саальчин, малчнаар нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. Би Сагил сумын Ялалт нэгдэлд ээжийн хамтаар 1973 оноос эхлэн нэгдлийн мал маллан, сааль сааж эхэлсэн. Миний аав 1972 онд нас барсан тул би тэр үед сургуулиас гарч, ээжийн хамтаар нэгдлийн малчин болж байсан. Ч.Алтантуяа нь мөн бага наснаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад хүнтэй суун тусдаа амьдрал зохиосон ч мөн нэгдэлдээ малаа маллаж байгаад нэгдэл хувьчлагдахад ажилгүй болж байсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Нацагдорж, Р.Содномжамц, Ц.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба хэрэгт гэрч А.Ганхуягийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон гэрч Д.Нямсүрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 127 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “1989 оны 9 дүгээр сард нэгдэл хувьчлагдсан” гэх боловч хэрэгт авагдсан цалингийн тодорхойлолт, гэрч А.Ганхуягийн хөдөлмөрийн дэвтрээс үзэхэд Ялалт нэгдэл 1992 оны 3 дугаар сарын 27-ны өдөр татан буугдаж, “Ялалт” ББХК болсныг тэмдэглэсэн байх тул нэхэмжлэгч Ч.Алтантуяагийн 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Алтантуяагийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтантуяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Есу овогтой Чимэддоржийн Алтантуяагийн 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчнаар нийт 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Алтантуяагийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА