Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 554

 

              Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эх 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 41 дүгээр байрны 44 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/, Жамъян овогт Батчимэгийн Б.Уд холбогдох 00000000000000000000 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар  яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.У нь Ц.Огээс Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Өргөө кинотеатрын Хаан банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “хараа зүйн төв ажиллуулна гэж хэлж” 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт: Би залилах гэмт хэрэг өөрийгөө үйлдээгүй гэж бодож байна. Ц.О надад өөрөө л тусалсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 9 дүгээр сарын дундуур найз болох У /У/ залгаад циркийн тэнд байна хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Намайг очиход Циркийн урд талд нэг байрны доод талд байдаг массаж саун гэсэн хаягтай газар дуудсан, намайг ороход У, Б.У нар байсан. Би тухайн үед л анх Б.Утай танилцсан, тэр үедээ өөрийгөө саун ажиллуулдаг гэж байсан ба удахгүй эндээс болих гэж байгаа тэгж байгаад өөр юм хийнэ гээд ойр зуурын юм ярилцсан. Тэрнээс хойш Б.У над руу залгаад бас хааяа нэг уулзаад гайгүй харилцаатай болсон уулзах бүрт л чамд надад 20.000.000 төгрөг зээлэх бололцоо байна уу гэдэг байсан. Тэгэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ юунд хэрэглэх юм бэ гэхээр хараа зүйн төв ажиллуулна, чиний мөнгийг 2018 оны 6 cap гэхэд л буцаагаад өгнө чи санаа зоволтгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үедээ зээлдэг ч юм уу гэж бодоод за чи яг юу хийх юм бэ хэзээ миний мөнгийг буцааж өгөх вэ гэж асуухад би чамд мөнгийг чинь 2018 оны 6 сар гэхэд л буцаагаад өгнө ямар нэг асуудал байхгүй. Би хараа зүйн төв ажиллуулна гэсэн. Тухайн үед буюу 2017 оны 10 сарын эхээр надад 7,5 сая төгрөг бэлнээр байсан ба би ээжийнхээ ажлын газрын хүн болох А эгчээс за удахгүй өгөх юм чинь гэж бодоод 7,5 сая төгрөг зээлж буцааж мөнгөө өгөхдөө 500000 төгрөг нэмээд өгье гэсэн болзолтойгоор ээжийнхээ нэр нүүрийг ашиглаад зээлж авсан. Нийлээд 15 сая төгрөг болсон ба тэр мөнгийг би өөрөө хөдөө ажил руу яваад ээждээ үлдээгээд ээж маань 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өргөө кинотеатрын урд талын Хаан банкнаас Уянгын данс руу бэлнээр шилжүүлсэн. 2017 оны 11 дүгээр сарын эхээр буюу 08-ны өдөр байсан санагдаж байна би хөдөөнөөс ирээд Б.Утай яриад миний машин дотор уулзсан. Би тухайн үед Б.Утай уулзахад бахь байдгаараа өөртөө айфон-х маркийн гар утас  аваад барьчихсан байхаар нь би тухайн үед нь Б.Уд чи ажлаа эхлэхгүй юм уу юун утас аваа вэ гэж асуухад би тэгж байгаад явна гэсэн зүйл ярьдаг. Тэгээд дараа нь би нэг удаа уурлаад чи ажлаа надад хэлснээрээ хийхгүй бол миний мөнгийг надад өг гэж 11 сарын 13-ны хавьцаа хэлсэн. Тэгэхэд надад Б.У би нэг таньдаг ах эгч хоёртоо 10 саяыг нь зээлчихсэн  юм гэж хэлсэн би тухайн үед юу яриад байгаа юм бэ өөрөө юм хийнэ гэж авчихаад яахаараа хүнд зээлдэг юм гэхэд Б.У дуугарахгүй болохоор нь миний мөнгийг гаргаж өг ах эгч хоёрынхоо дугаарыг өг гэж хэлэхэд би өөрөө удахгүй авчихна тэгээд явна урагшаа материалдаа явна гэсэн. Тэрнээс хойш хэсэг холбоо барилгүй байсаар хэд хоногийн дараа Б.Утай уулзаад нөгөө юмаа авсан уу гэж асуухад юу ч аваагүй зүгээр урдуур зугаалж байгаад ирсэн байсан. Тэгээд надад Хятад улсаар явсан зургаа утсан дээрээсээ үзүүлээд байхаар нь  үед миний уур хүрээд би чамд юм хийнэ гэхээр чинь итгээд өгсөн ямар ч байсан 2018 оны 6 дугаар сар гэхэд ямар нэг аргаар миний мөнгийг гаргаж өгөөрэй гэж хэлээд дахиад хэсэгтээ уулзаагүй. Тэрнээс хойш сардаа 2-3 удаа залгаж хэлсэн хугацаандаа мөнгөө өгөөрэй л гэсэн зүйл хэлдэг ба хугацаа нь болоогүй байна өгнө хугацаандаа өгнө гэсээр өдийг хүрлээ одоогоор надад ямар нэг мөнгө өгсөн зүйл байхгүй, өөрийгөө тэр Танан нэртэй төвд хараазүйн төв ажиллуулж байгаа гэдэг яг үнэндээ бол тэнд тийм зүйл ажиллуулаагүй эгчийнхээ газарт түр ажиллаж байгаа юм байна лээ, угаасаа тэднийхэн хараазүйн төв ажиллуулаад дагнасан хүмүүс байдаг юм байна лээ.

Надад худлаа яриад намайг залилсан. Надад 15000000 төгрөгийн хохирол учраад байна. 2018 оны 6 сар болоод би асуухаар Б.У 8 сараас болъё тэр үед өгнө гэж хэлсээр байгаад мөн хэлсэн хугацаанд нь асуухад намайг дарамталлаа барилаа гэсэн зүйл ярьдаг, дараа нь би гуйж гувшиж байгаад их дэлгүүрийн тэнд уулзахад би чамд ажлын байраа зааж өгөхгүй манайх 13-р хороолол руу нүүсэн гэсэн зүйл ярьсан. Хэрвээ юм хийж байгаа бол тэр ажил дээр нь очиж уулзаад бас харчихвал мөнгө өгсөн хүний хувьд болно биз дээ л гэж бодсон. Тэрнээс хойш ямар нэг холбоо сүлбээгүй алга болсон, тэгээд цагдаад хандсан, надад Уянгийн найз нөхдүүд хэлэхдээ гадагшаа явах гээд юмаа бэлдээд байгаа шүү гэсэн зүйл ярьдаг тийм учраас цагдаад хандсан. Б.У гэгчид миний мөнгийг барагдуулъя гэсэн ямар ч сэтгэл алга, би хохиролоо барагдуулж энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна. /хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

Ц.Огээс, Б.Уд 15.000.000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-ийн 13/

 

Гэрч Н.Саранцэцэг мөрдөн байцаалтанд: 2017 оны 10 дугаар сарын үед манай хүү Ц.О хүнд мөнгө зээлэх гэсэн юмаа миний найз байгаа юм аа гэж хэлж байсан. Тухайн үед нь өгөхгүй байгаад байсан тэгсэн хүүтэйгээр зээлнэ манай найз гуйгаад байнаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би удаахгүй юм байгаа биз дээ гэж асуухад удаахгүй гэж хүү хэлсэн тэгээд гуйгаад байхаар нь би хороололын Өргөө кинотеатрын Хаан банкны салбараас Б.У гэх хүний данс руу би өөрөө 15 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2 cap гаруй хугацаа өнгөрсний дараа хүүгээсээ нөгөө мөнгө яасан гэж асуухад удахгүй өгнө. Мөнгийг чинь хүүтэй нь цуг өгнө гээд хойшлуулаад яваад байсан. Тухайн үед нь буюу мөнгө анх зээлэхдээ тал мөнгийг нь би өөрийнхөө ажлын А /00000000/ гэх хүнээс 7,5 сая төгрөг авсан байсан одоо хүртэл мөнгийг нь өгөөгүй одоо надаас байнга мөнгөө нэхэж байна. Хүү анхнаасаа надад хугацаа энэ тэр зааж хэлээгүй удаахгүй өгнө л гэж байсан тухайн үед нь би хүүдээ хүнээс мөнгө зээлээд өглөө ш дээ удаахгүй биз дээ гэж дахин дахин асуусан тэгсэн хүү удаахгүй гэж хэлсэн. Манай найз нэг юм хийх гээд байгаа яг юу хийх гэж байгаа талаар огт хэлээгүй тухайн үедээ би хүүдээ одоо хүнд мөнгө өгөх их хэцүү болсон ш дээ гэж хэлж байсан.  Би Б.У гэх хүнд ямар ч байсан 15 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн. 2018 оны 3 дугаар сард хүүгээсээ чи хурдан мөнгөө өгөөч ээ гэж хэлэхэд хүү маань манай найз 2018 оны 6 cap гэхэд мөнгөө өгнө гэнээ гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 6 cap болсон мөн л мөнгөө өгөөгүй. Би тэр мөнгө авсан Б.У гэх эмэгтэйг огт танихгүй.  2018 оны 6 сард тэр Б.У гэгчийнх нь утас холбогдохгүй байснаа нэг залгахад манай хүүд 2018 оны 10 дугаар cap гэхэд мөнгөө өгнө гэж байнаа ээж гэж хэлсэн тэгээд миний уур хүрээд хүнээс мөнгө авчихаад яасан сонин хүн бэ гээд гайхаад чи надад утас хаягийг өг гээд би утсыг нь автал намайг залгахаар утсаа аваагүй, одоо цагдаагийн байгууллагад хандаад шалгуулж байна. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.У гэрчээр мөрдөн байцаалтанд: Би өөрийн найз болох У /Угаар/ дамжуулан 2017 оны 9 дүгээр сарын эхээр Ц.О гэх залуутай танилцсан.  Тухайн үед Ц.О өөрийгөө Оюутолгойд экскаваторын жолооч хийдэг гэж байсан.  Тэрнээс хойш Ц.О бид хоёр хоорондоо утсаар ярьдаг болоод дээр нь манай гэрийн гадаа ирээд би машинд нь суугаад уулздаг болсон, удалгүй эр эмийн харьцаатай болсон. Би тухайн үед нэг саун массажны газар ажиллуулдаг байсан. Удалгүй Ц.О надаас өөрөө чи энэ ажлаа үргэлжлүүлээд хийх юм уу ажиллахаар бол би түрээсийн мөнгийг нь өгье бүр болохгүй бол дотор нь ажиллах хүмүүс олж өгье гэж байсан. Би өөрөө тухайн үед энэ сауны ажлаа болих гэж ба гэдгээ хэлж байсан, тэгээд чи цаашаа энийгээ ажилууллаад явбал би чамд тусална гэж ярьсан. Тэгэхээр нь би өөрөө хараазүйн төв ажиллуулах бодолтой байгаа гэдгээ Ц.Од хэлсэн ийм саун ажиллуулмааргүй байна гэхэд Ц.О чамд наад хараазүйн төв ажиллуулахад яг ойролцоогоор хэдэн төгрөг хэрэг болох вэ, амьдралаа аваад явах хэмжээний орлого олох уу, амьдрал чинь дээшлэнэ биз дээ гэж асуусан. Тэгэхээр нь өмнө нь хараазүйн төвд ажиллаж байсан ашиг орлого нь гайгүй ямар ч байсан амьдарлаа аваад явчихна, яг анхны байдлаар бүх зүйлээ авбал ойролцоогоор 20 сая төгрөг хэрэг болно, ер нь хараазүйн төв ажилуулах буюу шинээр нээхэд тэр хэмжээний мөнгө ордог тэрийгээ л хэлсэн. Тухайн үед Ц.О манай гэрийн гадаа өдөр болгон л ирж уулздаг би машинд нь ороод энэ тэрийг ярьдаг байсан. Тэр үед л байнга миний хараазүйн төвийн талаар надаас асуудаг би ч өөрөө тийм газар ажиллаж байсан учраас ийм тийм гэдгийг нь хэлдэг 2017 оны 09 дүгээр сарын үед юмаа. Тэгээд л надад чи тэр хараазүйн төвөө ажилуулаарай би чамд мөнгө өгнө яг хэдэн төгрөг болох вэ гэхээр нь би хариуд нь за 20 сая төгрөг болно гэхэд за би тэр мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа буюу 10 дугаар cap гараад Ц.О ажил руугаа явсан. Ажил дээрээ очоод видео колл хийгээд надтай харилцдаг байсан ба ээж чамд банкнаас мөнгө аваад өгнө чи ээжийн ажил дээр очоод авчихаарай бөхийн өргөөний тэнд манай ээжийн ажил бий ээжийн ажил дээр очоод мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би яаж ээж дээр чинь очих юм бэ юу гэж хэлэх вэ гэж асуухад бэр чинь очиж байна гэж хэлээрэй гэж тоглоом наргиан болгож ярьсан. Тухайн үедээ Ц.О 50 сая төгрөг банкнаас буюу данснаас авах гэсэн чинь хурлаар ордог юм байна, маргааш хурлаар ороод мөнгөө авахаараа чамд мөнгө шилжүүлнэ гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь Ц.О надад за чи дансаа явуул гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны 5094377641 дугаарын данс руу Ц.Огийн ээж бололтой утга нь Ц.Огээс зээлэв гэсэн утгатай 15.000.000 төгрөг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Би тэр мөнгийг авсан. Би бол Ц.Од яг нэг жилийн дараа эргүүлж өгнө гэж хэлж байсан. Тэгэхэд Ц.О за тэр яахав ээ ажлаа хийгээд хөлөө олсон хойноо л өгөөрэй гэх утгатай зүйл ярьсан, өөрөөр хэлбэл боломжтой болсон хойноо л төлөөрэй гэж хэлсэн би өөрөө ч тухайн үедээ нэг жилийн дотор мөнгийг нь эргүүлж өгнө гэж бодож байсан дээр нь санаа зовж байсан хүнээс мөнгө авчихлаа эргүүлж заавал өгнө гэж бодож байсан. Ц.Отэй би 2018 оны 6 дугаар cap гэж мөнгийг буцаан өгнө гэж тохирсон зүйл байхгүй, мөнгө өгсөний дараа Ц.О урьдынхаараа ирж надтай уулзаад л яваад байсан тэгээд надаас нөгөө ажлаа эхлэх болж байна уу гэхэд нь би түрээсийн аятайхан газар хайж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь хэзээ БНХАУ-руу явах гэж байна вэ гэхээр нь түрээсийн газраа хайж олоод явна гэсэн, би өөрөө ч гайгүй түрээслэх газар хайсаар бараг 2 cap болсон. Тэр хооронд ч Ц.О надтай уулзаад л яваад байсан тэгээд 2018 он гараад уулзах нь цөөрсөн, тэгээд 2018 оны 02 дугаар сард уулзахдаа чи бид хоёр суухгүй нь тодорхой би өөрөө эхнэртэй болсон. Одоо байр авах гэж байна чи харин мөнгө өгөөрэй гэж яриад эхэлсэн, тэгээд 2018 оны 6 дугаар cap гэхэд мөнгө өг гэсэн. Тэгэхээр нь би юу ч хэлээгүй Ц.О зангаа хувиргаж байгаа юм байна гэж бодсон тэрнээс хойш би өөрөө ч харьцахаа больсон. Тэгээд 2018 оны 4 сарын сүүлээр Ц.О над дээр ирээд манай гэрийн гадаа ирэхээр нь би гарч уулзахад Ц.О чи ажлаа хийж байгаа юм уу эсвэл худлаа яриад байгаа юм уу миний мөнгийг юунд зарцуулсан энэ тэр гэсэн асуудал ярьсан бас ажил энэ тэрээ хийгээгүй худлаа яриад байна гэсэн зүйл ярьсан. Би тэгэхээр нь ажлаа хийчихсэн явж байгаа гэдгээ хэлсэн тэгээд хийж байгаа ажлынхаа байршлыг зааж өгөөгүй учир нь тухайн үед Ц.Огийн эхнэр гээд хүн гараад ирсэн хэл ам хийгээд байсан ба манай ажил дээр ирж магадгүй гэж айсан, эхнэр нь хүртэл залгаад мөнгөө нэхдэг болсон. /хх-ийн 47/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар Б.У “...бага хүүхэд маань өвдөөд 500.000 төгрөгийг хүүхдээ эмчлүүлэхэд гурван гал эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө төлсөн дээр нь олон тооны жижиг сажиг гаргасан зардлуудыг яг нарийн санахгүй байна би өөрөө янз бүрийн юманд зарцуулсан. Жишээ нь хумсаа янзлуулах ч юм уу шинэ жилийн үеэр хувцас хунар авсан...байрны түрээс 1.800.000 төгрөг төлсөн гэх мэтээр үрэгдээд дууссан...2017 оны 12 дугаар сарын 18 гэхэд л үрэгдээд дууссан. /хх-ийн 49/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Уянгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.У нь Ц.Огээс Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хараа зүйн төв ажиллуулна гэж 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч хуурч, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Огийн“...Б.У надад 20.000.000 төгрөг зээлэх бололцоо байна уу гэдэг байсан. Тэгэхээр нь би чи яах гэж байгаа юм бэ юунд хэрэглэх юм бэ гэхээр хараа зүйн төв ажиллуулна, чиний мөнгийг 2018 оны 6 cap гэхэд л буцаагаад өгнө чи санаа зоволтгүй гэж ярьсан. Тэгэхээр нь би тухайн үедээ зээлдэг ч юм уу гэж бодоод за чи яг юу хийх юм бэ хэзээ миний мөнгийг буцааж өгөх вэ гэж асуухад би чамд мөнгийг чинь 2018 оны 6 сар гэхэд л буцаагаад өгнө ямар нэг асуудал байхгүй. Би хараа зүйн төв ажиллуулна гэсэн. 15 сая төгрөг ээж маань 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Өргөө кинотеатрын урд талын Хаан банкнаас Уянгын данс руу бэлнээр шилжүүлсэн...” /хх-ийн 44/,

гэрч Н.Саранцэцэгийн“...би Б.У гэх хүнд ямар ч байсан 15 сая төгрөг данс руу нь шилжүүлсэн...” /хх-ийн 17/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон 15.000.000 төгрөг шилжүүлсэн хаан банкны орлогын мэдүүлгийн хуулбар /хх-ийн 13/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар Б.Уянгын үйлдсэн хэргээ хүлээн “...бага хүүхэд маань өвдөөд 500.000 төгрөгийг хүүхдээ эмчлүүлэхэд гурван гал эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө төлсөн дээр нь олон тооны жижиг сажиг гаргасан зардлуудыг яг нарийн санахгүй байна би өөрөө янз бүрийн юманд зарцуулсан. Жишээ нь хумсаа янзлуулах ч юм уу шинэ жилийн үеэр хувцас хунар авсан...байрны түрээс 1.800.000 төгрөг төлсөн гэх мэтээр үрэгдээд дууссан...2017 оны 12 дугаар сарын 18 гэхэд л үрэгдээд дууссан...” /хх-ийн 49/ гэж мэдүүлсэн мэдүүлэг нь давхар батлагдсан байна.

          

Б.Уянгын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно.

Өөрөөр хэлбэл Б.У нь Ц.Отэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хараа зүйн төв ажиллуулна гэж хэлж 15.000.000 төгрөг авч уг мөнгийг нь  хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь  Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзнэ.

 

Хяналтын прокуророос Б.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх бөгөөд Б.Уянгыг залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч Б.Уянгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн талаар Б.Уас хохирогч Ц.Од 15.000.000 төгрөг төлсөн хаан банкны дансны хуулгууд хэрэгт хавсаргагдсан, мөн хохирогч Ц.Огээс шүүхийн шатанд”...15.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн байгааг үндэслэн шүүгдэгч Б.Уянгыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэх  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Б.Уянгын Залилах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо  нөхөн төлсөн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уянгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч Б.Уд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурьдаж байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.У-г бусдын эд хөрөнгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  1. Б.Уд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Б.Уд анхааруулж мэдэгдсүгэй.

 

  1. Б.Уд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

  1. Б.У цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үлдээсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ