| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/04819/И |
| Дугаар | 210/МА2026/00704 |
| Огноо | 2026-03-30 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2026/00704
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00086 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2,950,072 төгрөг, нийт 18,950,072 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие хэвлэлийн чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгч, 2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр Баян-Өлгий аймгийн тойргоос нэр дэвшигч *******ын сурталчилгаанд зориулж 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр В5 хэмжээтэй, 6 хуудас өнгөт сэтгүүлийг хэвлэхээр хувь, ажлын хөлсийг *******, ******* нартай харилцан тохиролцон 8,000 ширхэгийг монгол хэл дээр, 4,500 ширхэгийг казак хэл дээр 2-3 хоногийн дотор хэвлүүлэхээр болж, нэг бүрийн үнийг 1,500 төгрөгөөр тохиролцсон.
1.2. Гүйцэтгэсэн ажлын үр дүн болох 12,500 ширхэг сурталчилгааны сэтгүүлийг тоо, чанарын хувьд гологдолгүй, шуурхай хэвлэж хугацаанд нь хүлээлгэн өгч, урьдчилгаа 4,000,000 төгрөгийг авсан, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг удаахгүй өгнө гэж 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******огийн ажлын өрөөнд уулзаж, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Гэвч *******, ******* нар тохиролцсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ биелүүлээгүй, үүнээс болж сэтгүүл хэвлэхэд шаардлагатай зардлыг өөрөөс болон бусдаас зээлсэн, эдгээр зээл, төлбөрүүд нэхэгдэж байсан тул *******-аас 4,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, *******-аас 10,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй тус тус зээлж, өр төлбөрөө барагдуулсан, улмаар хүү төлж алдагдалд орсон.
1.3. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар дээрх банк бус санхүүгийн байгууллагуудад төлж буй зээлийн хүүг надаас гарсан алдагдал гэж үзэж байгаа тул *******-тай 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хүүний төлбөр болох 1,995,298 төгрөг, *******-тай 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүүний төлбөр 954,774 төгрөг, нийт 2,950,072 төгрөгийг ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөгийн хамт нийт 18,950,072 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Миний бие *******ын сонгуулийн сурталчилгааны тараах материалыг хэвлэх болон үнэ, хөлс, төлбөрийн асуудалд ямар нэг оролцоо байхгүй. Өөрийн танил ******* эгчтэй хамт явж байхад найз ******* залгаад ...Манай найз ******* нэр дэвшиж байгаа юмаа, хэвлэлийн компанид юм хэвлүүлэх гэсэн юм. Хэвлэлийн газрууд сонгууль ойртсонтой холбоотой бүгд завгүй гээд болдоггүй. Таньдаг хэвлэлийн газар байна уу... гэж асуусан. Хамт явж байсан ******* эгч ...Манай нэг эгч байгаа, уулзаад асууж өгье... гэсэн. Удалгүй ******* эгч ...******* гэх эгчийн ажил дээр уулзлаа, эднийх хэвлэх боломжтой юм байна. Зав зай гайгүй... гэснээр би *******той холбож өгсөн. Түүнээс хойш хэвлэлийн газартай ямар гэрээ, юу болсон гэдгийг би мэдэхгүй. Уг хэвлүүлсэн сонгуулийн тараах материал дээр ******* гэх хүний мэдээлэл хэвлэгдсэн байна. Миний зүгээс *******, *******, ******* нартай ямар нэг эдийн засгийн болон тараах материалын хэвлэх үйл явцад хамааралгүй бөгөөд уг нэхэмжлэлийг үгүйсгэж байна. Хэрэв төлбөр нэхэмжлэх бол *******оос нэхэмжлэх нь зүй ёсны асуудал гэж харж байна гэжээ.
3. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний бие *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *******ын хүсэлтээр захиалга хийж, тооцоог нийлсэн. Гэвч тус захиалсан сэтгүүлийг бэлэн болсон материалыг өөрийн биеэр огт гардаж аваагүй, хэрэглээгүй болно. Тус тараах материал дээр надтай холбоотой нэг ч үг, үсэг байхгүй бөгөөд уг төлбөрийг зориулалтын дагуу хүлээн авч, ашигласан ******* төлөх нь зүй ёсны хэрэг гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 18,950,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүх хариуцагч *******, ******* нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй. ******* нь тооцоо нийлж, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн баримтыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй. Нэхэмжлэгч тодорхой ажил хийж, гүйцэтгэсэн ба талууд хүлээн зөвшөөрч, үүнийг баримтаар үгүйсгээгүй.
5.2. *******ыг хариуцагч, эсхүл гуравдагч этгээдээр татан оролцуулах боломжтой байсан, нэхэмжлэгч түүнийг гуравдагч этгээдээр татах талаар хүсэлт гаргах эрхтэйгээ мэдээгүй, эрх зүйн мэдлэг дутмаг байсан, өмгөөлөгчийн эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иймээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй.
5.3. Хавтаст хэргийн 12-17 дугаар талд авагдсан мессежүүд, 18 дугаар талд авагдсан цахим шуудан зэрэгт шүүхээс үзлэг хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй /19-26 тал/ гэрээ баримт бичгүүдийг шүүх хүлээн авсан боловч хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ аваагүй нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх нэг үндэслэл болохоор байна.
5.4. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасныг хэрэглээгүй буюу шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар *******ыг гэрчээр асуух хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хэрэгт гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар авагдсан. *******ыг гэрчээр оролцуулах шаардлагагүй, хариуцагчаар татах хүсэлт гаргах талаар хэлсэн боловч гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.
6.2. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний төлбөрийг ******* төлсөн гэж дүгнэсэн. Бичгийн хэлбэрээр гэрээ байгуулагдаагүй буюу аман байдлаар харилцан тохиролцсон учраас ******* төлөх нь зүйтэй гэх агуулгаар тайлбар хэлсэн.
6.3. Гэтэл нэхэмжлэгч төлбөрийг *******ос авна гэж маргасан. Тухайн үед нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид хариуцагчаар *******ыг татаж, хэргийг шийдвэрлүүлэх боломжтой талаар хэлсэн. 2-3 жил төлбөрөө аваагүй байгаа нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй. Үүнийг сонгуулийн хандив байсан гэж тайлбарласан боловч ямар нэгэн хандивын гэрээ байгуулагдаагүй тул энэ нь хууль зөрчсөн асуудал болох тул хандив гэж үзэх боломжгүй. Хариуцагч ******* болон ******* нар зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 16,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 2,950,072 төгрөг, нийт 18,950,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч ...хариуцагчаар оролцвол зохих этгээд биш... гэж маргажээ. /хх.1-3, 49-51/
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. *******, ******* нар 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэвлэлийн ажлын захиалга, тооцоо нийлсэн баримт гэх баримтыг үйлдсэн бөгөөд уг баримтаар ажлын хөлс нийт 20,000,000 төгрөг, үүнээс 4,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 16,000,000 төгрөгийг хувааж буюу 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөгийг тус тус ******* төлөхөөр тохиролцож, талууд гарын үсэг зурсан. /хх.5/
4.2. УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч ******* гэх сэтгүүлийн эх хувь авагдсан. /хх.34-41/
5. Дээр дурдсан хэргийн үйл баримт болон талуудын гаргасан тайлбар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон *******, ******* нарын шүүхэд өгсөн мэдүүлгээр *******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь,
5.1. Гэрч ******* ...******* бид хоёрыг хамт байх үед түүний утсанд дуудлага ирсэн ба тэрээр надад Таньдаг хэвлэлийн газар байна уу, яаралтай юм хэвлүүлэх шаардлагатай байна гэсэн тул би *******тэй түүнийг холбож өгсөн. Хэсэг хугацааны дараа ******* эгч над руу яриад *******той гэрээ хийсэн боловч мөнгө орж ирэхгүй байна. *******тэй ярьж өгөөч гэсэн. Ингээд би төлбөр бүрэн төлөгдөөгүйг мэдсэн бөгөөд ******* нь захиалга өгч, хэвлэл хийлгэсэн тул тэрээр төлбөрийг хариуцах ёстой байх. ******* бид хоёр зуучилж өгсөн... гэж, /хх-83-84/
Гэрч ******* 2024 онд нэр дэвшиж байхдаа 25,000 ширхэг сэтгүүл хэвлүүлэхээр төлөвлөж байсан. Тэр үед ******* нь Сэтгүүл хэвлэл дээр нь тусалъя, бидний зүгээс хандив өгч байна гэж ойлгоорой. Одоо боломжтой бол урьдчилгаа 2,000,000 төгрөг шилжүүлчих гэсэн. Түүний хэлсний дагуу мөнгийг шилжүүлсэн ба 5,000 ширхэг сэтгүүл ирсэн. Сүүлд манай сонгуулийн менежерээс 2,000,000 төгрөг нэмж авсан байсан ба түүнийг ******* авсан. Үлдсэн хэвлэл нь сонгууль дууссаны дараа ирсэн. Яг хэдэн ширхэг ирснийг мэдэхгүй. Саяхан ******* гэдэг хүн над руу яриад төлбөр тооцоо дуусаагүйг хэлсэн ба ******* надад хэлэхдээ Үндсэн хүнтэйгээ тооцоогоо хийсэн, наадахаа битгий тоо гэж байсан. Тэрээр надад тусалж, хандив өгч байна гэж би ойлгосон гэж тус тус мэдүүлсэн. /хх.68-71/
Мөн хариуцагч ******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа ...*******ын хүсэлтээр захиалга хийж, тооцоог нийлсэн... гэж дурдсан байх ба үүнээс дүгнэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болохоо үгүйсгээгүй байх бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар уг хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар хийсэн гэж үзнэ.
5.2. Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.1.2 дахь хэсэгт Хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон гэж, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3 дахь хэсэгт Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж тус тус заасан ба хэргийн 5 дугаар талд авагдсан Хэвлэлийн ажлын захиалга, тооцоо нийлсэн баримт-аар хариуцагч ******* 20,000,000 төгрөгийн үнэ бүхий хэвлэлийн захиалга хийгдсэн, үүнээс 4,000,000 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг болохыг баталгаажуулсан тул зохигчийн хооронд байгуулагдсан гэрээг хүчинтэй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон ******* нарын хоорондын харилцааны талаар мэдэх үүрэггүй, мөн нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээний захиалагч нь хариуцагчаас өөр этгээд байсныг мэдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн *******ын гаргасан тайлбарыг хүлээн авахгүй.
6. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй бөгөөд гэрч *******ын мэдүүлэг болон талуудын тооцоо нийлсэн баримтаар хариуцагч ******* нь ажлын үр дүнг хүлээн авсан тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь түүнээс гэрээний үүрэг шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасан ба ******* нь *******ын өмнөөс 4,000,000 төгрөгийг төлснийг үндэслэж хариуцагч *******той ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.
Иймд, хариуцагч *******ын Би хариуцвал зохих этгээд биш гэх татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй тул түүнээс 16,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.
Харин хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй *******ыг холбон өгсөн, тэрээр гэрээний тал болоогүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
8. Нэхэмжлэгч нь Төлбөр төлөгдөхгүй удаад байсан тул арга буюу өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ байгуулан зээл авч, төлбөрийг хэвлэлийн компанид төлсөн. Иймд, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүнд төлсөн 2,950,072 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, *******-тай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ, мөн *******-тай байгуулсан 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулгыг тус тус ирүүлжээ. /хх.19-27/
Эдгээр зээлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүйг нэмж дурдах нь зүйтэй.
8.1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.
Гэвч нэхэмжлэгч ******* нь дээрх банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг хэрхэн захиран зарцуулсан нь тодорхой бус, уг зээлийг аваад хаана, хэнд, ямар төлбөрт тооцон өгсөн нь баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал, *******ын өгсөн захиалгын төлбөрт шилжүүлсэн, үүний улмаас хүүгийн төлбөр төлж хохирсон гэдгээ баримтаар нотлоогүй байна.
8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба хэргийн баримтаар 16,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас 2,950,072 төгрөгийн хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
9. Нэхэмжлэгч талын гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай давж заалдах гомдлын тухайд:
9.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ...хариуцагч *******ийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй... гэж дурдсан байх боловч хэргийн 81 дүгээр талд авагдсан Шүүхийн мэдэгдэх хуудас-аар хариуцагч *******д 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь зөв байна.
9.2. *******ыг хариуцагч, эсхүл гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд дурдах боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын хүсэлтэд үндэслэн явагддаг бөгөөд нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар, эсхүл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр *******ыг татан оролцуулах тухай хүсэлт гаргаагүй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар гагцхүү нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар солих ажиллагаа, мөн зохигчийн хүсэлтээр, эсхүл эрх нь зөрчигдсөн этгээдийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд татан оролцуулах ажиллагааг шүүх хийх ба хэрэгт талуудаас, тэр дундаа нэхэмжлэгчээс ийнхүү хүсэлт гаргаагүй байхад энэхүү ажиллагааг хийгээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгахгүй.
9.3. Хавтаст хэргийн 12-17 дугаар талд авагдсан мессежүүд, 18 дугаар талд авагдсан цахим шуудан зэрэгт шүүхээс үзлэг хийгээгүй, хуулийн шаардлага хангаагүй 19-26 талд авагдсан гэрээ зэрэг бичгүүдийг шүүх хүлээн авсан боловч хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ аваагүй гэх гомдлыг мөн хүлээн авахгүй.
Магадлалын 8.2. дахь хэсэгт дурдсанаар нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, цуглуулах үүрэгтэй бөгөөд уг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэх үүргийг мөн нэхэмжлэгч хүлээх тул баримтын шаардлага хангаагүй буюу эх хувь биш, нотариатаар гэрчлүүлээгүй хуулбар баримтыг шүүх шаардлага хангуулах үүрэггүй болно.
Түүнчлэн хэрэгт авагдсан *******, ******* нарын хоорондоо харилцсан тухай цахим зурваст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар үзлэг хийлгэх замаар нотлох баримт бэхжүүлэх ажиллагааг хийх боловч мөн л уг ажиллагааг зохигчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
Иймд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хуульд заасан нотлох баримт цуцлуулах, бэхжүүлэх талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүхийг нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй гэж буруутгах боломжгүй тул энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 192/ШШ2026/00086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ос 16,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,950,072 төгрөгт болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ос 237,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 252,701 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА