| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00625/и |
| Дугаар | 00700 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 00700
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Тэс сумын 1 дүгээр багт оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО61121078, Монголмууд овогтой Пунцагийн Пүрэвийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1961 онд төрсөн. Би Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оноос эхлэн 1994 он хүртэл хугацаанд тракторчноор ажиллаж байсан. Одоо нас өндөр болж, тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн байгаа учир Тэжээлийн аж ахуйд ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Пүрэв нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: “П.Пүрэвийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн,
- Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлстийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 68 тоот лавлагаанд: “Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Таван тэс” ХК болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэжээ,
- Гэрч Р.Баатар-Уулын: “Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракточин, хадуурчин, тармурчинаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж 1982 онд халагдаж ирээд мөн байгууллагадаа үргэлжүүлэн 1994 оныг дуустал ажилласан юм. П.Пүрэв нь 1978 оноос эхлэн Тэсийн Тэжээлийн аж ахуйн хадлангийн 2 дугаар /Цагаан бураа/ бригадад 1994 оныг дуустал тээврийн трактор барьж байсан. Бид хоёр хамтдаа хадлангийн 2 дугаар бригадад ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Манай 2 дугаар бригадад нийт 24 хүн ажилладаг байсан. Тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Увс аймгийн Тэсийн Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн “Таван тэс” хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
- Гэрч Ж.Гэндэнгийн: “Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракточин, хадуурчнаар 1994 оныг дуустал ажилласан юм. П.Пүрэв нь 1978 оноос манай байгуулагын хадлангийн 2 дугаар /Цагаан бураа/ бригадад 1994 оныг дуустал тээврийн трактор барьж байсан. Би хадлангийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн “Таван тэс” хувьцаат компани болж, 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм. Жилдээ 300 гаруй тонн өвс, тэжээл бэлгэдэг, 5 бригад болон ажилладаг байсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэм мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон тэдний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 тоот, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот шийдвэрийн хуулбарууд тус тус авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэсэн байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь “Таван тэс” ХК болсон нь тогтоогдож байх тул П.Пүрэвийн 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван тэс” ХК-д ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тус тус үндэслэн П.Пүрэвийн 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван тэс” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар П.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогтой Пунцагийн Пүрэвийн 1978 оны 7 дугаар сараас 1980 оны 6 дугаар сарыг дуустал, 1983 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд “Таван тэс” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Пүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА