Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/01105

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00911 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******УТҮГ-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *******УТҮГ-т 2025 оноос хөдөлмөрийн гэрээгээр Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр ажилд орж ямар нэгэн зөрчилгүй, ажилдаа хичээл зүтгэлтэй ажиллаж байсан ч тус газрын захирлын 2025.05.02-ний өдрийн ******* дугаартай тушаалаар *******г ажлаас чөлөөлсөн. Тушаалд шалтгаангүйгээр ажил тасалсан зөрчлийг гаргасан гэсэн нь ******* эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эхлэх цагт очиж чадаагүй. Мөн зарим өдөр хоцорсон цагаа нөхөх зорилгоор илүү цагаар сууж ажиллаж байсан.

Хариуцагч нь *******д аливаа зөрчил гаргасан гэж арга хэмжээ аваагүй, гэхдээ зөрчлийг илрүүлж, 2025.03.24-ний өдөр уулзаж, ярилцсан атлаа 2025.05 сард арга хэмжээ авсан нь ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул тушаал үндэслэлгүй. Мөн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосонтой холбогдуулан Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч эвлэрээгүй. Иймд *******УТҮГ-ын захирлын 2025.05.02-ны өдрийн ******* дугаартай тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 38,360,525 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: *******г 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг байгуулан ажиллуулсан Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8-р зүйлд зааснаар ажилтан ажлын цагийг баримтлах үүрэгтэй ба түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.4, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1-д ажлын эхлэх цаг нь 09:00 цаг байхаар заасан. Дотоод журмын 8.4.1-д Ажилтан ажлын байрыг орхин явахдаа Захиргаа, санхүү удирдлагын газрын даргаас зөвшөөрөл аваагүй, нэгдсэн удирдлагын систем болон гадуур ажлын дэвтэрт бүртгүүлээгүй 40-өөс дээш минут ажлын байрыг орхисон бол тухайн өдрийн ажлыг тасалсанд тооцно гэж заасан. Иймд ажилтнууд урьдчилж, удирдлагадаа мэдэгдэн хүндэтгэн үзэх шалтгаантай бол чөлөө авах болон гадуур ажлын бүртгэлдээ бүртгүүлэн ажлын цагаа бүтэн тооцуулдаг. Харин энэ үйлдлийг хийгээгүй тохиолдолд ажил тасалсанд тооцуулах журамтай.

Гэтэл ******* нь 2025.03.07-19-ний хооронд 9 өдөр, 04-р сард 1 өдөр тус тус 40-өөс дээш минут ажлын цагийг тасалсан. Cap бүрийн 24-ний өдөр хүний нөөцийн мэргэжилтэн цагийн бүртгэлийн системээс ажилтнуудын ирцийн бүртгэлийг татаж, баталгаажуулан удирдлагад танилцуулдаг. ******* нь 9 хоног 40-өөс дээш минут ажлын байранд байгаагүй нь ажил тасалсанд тооцогдох болсон тул зөрчлийг мэдсэн даруй түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаагүй ба харин түүнд туршилтын хугацаанд дахин зөрчил гаргахгүй байх, ажлын цаг баримтлахыг сануулж, дахин боломж олгон 2025.04.21-ний өдрийн ******* дугаар тушаалаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг 3 сараар сунгасан.

Гэтэл ******* нь 04.01-ний өдөр 15 минут, 02-ны өдөр 08 минут, 04-ний өдөр 93 минут, 10-ны өдөр 27 минут, 11-ний өдөр 18 минут, 15-ны өдөр 02 минут, 18-ны өдөр 04 минут тус тус ажлын цаг баримтлаагүй, удаа дараа хоцорч ажил олгогчийн итгэлийг алдаж, дотоод журмыг дахин зөрчсөн. Иймд *******гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гаргасан нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар нэхэмжлэгч *******г *******УТҮГ-ын Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******УТҮГ-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,215,112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15,145,413 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******УТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 274,025 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

******* нь *******УТҮГ-т 2025.01.20-ны өдрөөс Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерээр 3 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход талууд харилцан тохиролцон түүнд боломж олгож захирлын 2025.04.21-ний өдрийн ******* дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47.1, 64.2-т үндэслэн *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сараар буюу 2025.07.21-ний өдрийг хүртэл сунгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно гэж, 64.2-т Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж тус тус заасан. Хуулийн хүрээнд *******г анх туршилтын 3 сарын хугацаагаар томилж, дахин 3 сараар сунгасан хугацаанд туршилтын хугацаагаар ажиллуулахаар харилцан тохиролцжээ. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг харгалзаагүй буюу хууль буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлтэй юм. *******тэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа ямар ч тохиолдолд 2025.07.20-ны өдөр дуусгавар болох байтал түүнд ажилгүй байсан 8 сарын хугацааны олговор 23,215,112 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42.2-т ажилтны үндсэн үүргийг тодорхой заасан бөгөөд 42.2.2-т заасанчлан хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах нь ажилтны зайлшгүй биелүүлэх үндсэн үүрэгт хамаардаг. Гэтэл ******* нь туршилтын хугацаагаар ажиллах нэг сарын хугацаанд ажилдаа 10 удаа хоцорч, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээ удаа дараа зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.4-т ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ажил олгогчийн итгэлийг алдсан, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг давтан, эсхүл ноцтой зөрчсөн гэж, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан зэрэг үндэслэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон.

Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай, хугацаагүй гэсэн төрөлтэй бөгөөд туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ нь тодорхой хугацаатай гэрээний төрөлд хамаардаг. Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлд заасан хугацааг хуулиар зохицуулах бөгөөд туршилтаар ажиллах ажилтанд хуулийн энэ хэм хэмжээ нэгэн адил үйлчилдэг. Энэ тохиолдолд *******г Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасны дагуу туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээ байгуулан ажиллуулсан боловч тэрээр ажилдаа хариуцлагагүй хандаж, удаа дараа хоцорсон тул мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5, 78 дугаар зүйлийн 78.1.9, 123 дугаар зүйлийн 123.2.5, 123.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

*******УТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 13-р бүлэгт Сахилгын зөрчил гаргасан ажилтанд хүлээлгэх хариуцлага-ыг тодорхой дурдаж, журмын 13.1-д Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг байгууллагын удирдлагын шийдвэрээр ногдуулна. Үүнд: мөн зүйлийн 13.1.7-д Ажилтан тухайн сард нэг ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж заасан нь *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг хэрэглэх үндэслэл болж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2-т сахилгын зөрчил гаргасан ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг нэг бүрчлэн зааж өгсөн бөгөөд 123.2.5-д заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл үүнд хамаарч байна. Мөн хуулийн 123.3-т Ажил олгогч ... 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ гэж заасан нь заавал шат дараатай хэрэглэх шаардлагаас чөлөөлсөн. Түүнчлэн 2025.03.07-ны өдрөөс 2025.04.10-ны өдрийг хүртэл 40-өөс дээш минутын хугацаагаар ажлаас хоцорсон буюу ажил тасалсан *******гийн удаа дараа (10 удаа)-гийн үргэлжилсэн үйлдэлд 2025.05.02-нд сахилгын арга хэмжээ авч, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасанд нийцэж байгаа болно.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгох буюу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тул тухайн хугацаанаас хойших хугацаанд ажилд буцаан томилох боломжгүй гэж гомдолд дурдсан. Ажилтныг тухайн албан тушаалд томилох эсэхийг шийдвэрлэхийн тулд туршилтын хугацаагаар ажиллуулдаг бөгөөд цаашид тухайн албан тушаалд ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үргэлжлүүлдэг. Хариуцагч нь *******г туршилтаар ажиллуулж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг анхан шатны шүүхэд хийх боломжтой бөгөөд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******УТҮГ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх ажил олгогч нь ажилтныг хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн үйл баримтыг бодитой тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгч туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсныг анхаарч, энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2-т нийцээгүй байна. Иймээс нэхэмжлэгчтэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

4.Хариуцагч *******УТҮГ-ын захирлын 2025.01.20-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч *******г мөн өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар хариуцагч байгууллагын Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерийн ажилд туршилтаар ажиллуулахаар томилж, 2025.04.21-ний өдрийн ******* дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сараар сунгажээ. Зохигчийн хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

5.Хариуцагч байгууллагын 2025.05.02-ны өдрийн ******* дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг 2025.03-04-р сард ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан хугацаанд ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Тодруулбал, ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг 2025.03.24-ний өдөр илрүүлсэн боловч хуульд зааснаар нэг сар буюу 2025.04.24-ний өдрийн дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг хэтрүүлэн 2025.05.02-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүйг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн дээрх зөрчил гаргаснаас хойш түүний туршилтаар ажиллах хугацааг 2025.07.21-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан нь ажилтны гаргасан зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд тооцоогүй гэж үзсэн гэж дүгнэхээр байна.

Энэ тохиолдолд ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахгүй бөгөөд сахилгын шийтгэлтэйд тооцохгүй тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч *******тэй байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаанаас өмнө цуцалсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1-д нийцээгүй, хууль бус гэж дүгнэнэ.

 

6.Хариуцагч буюу *******УТҮГ нь ажилтан *******г 2025.01.20-ны өдрөөс эхлэн туршилтаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан, улмаар гэрээний хугацааг 3 сараар нэг удаа сунгасан нь 2025.07.20-ны өдөр дуусгавар болсон байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтныг туршилтын хугацаанд ажиллуулах, уг хугацааг сунгах, дуусгавар болгох, үргэлжлүүлэн ажиллуулах эсэх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаардаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д заасан зохицуулалт нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийн хүрээнд тухайн байгууллагын дотооддоо дагаж мөрдөхөөр заасан ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудлаар харилцан тохиролцсон тохиролцоо нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтанд ямар нэгэн ялгаваргүйгээр нэгэн адил хамаарахаар заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ. Хариуцагчийн ******* дугаартай тушаал хуульд нийцээгүй нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар туршилтаар ажиллуулахаар хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсхүл ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг ажил олгогчид үүсэхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г хариуцагч *******УТҮГ-ын Төрийн захиргааны газрын Сургалт, сурталчилгаа хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоосон нь мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 78 дугаар зүйлийн 78.1.3-т нийцээгүйг давж заалдах шатны шүүх залруулж, нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

 

7.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь түүний туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болох хүртэлх хугацаагаар ажил үүргээ гүйцэтгэх, энэ хугацааны цалин хөлсөө авах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх эрхийг үгүйсгэхгүй. Хариуцагч нь 2025.05.02-ны өдөр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хэдий ч нэхэмжлэгчийн мөн сарын цалин хөлсийг олгосон нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийн 2025.06 сараас 07.20-ны өдрийн хугацааны 01 сар 11 хоногийн цалин хөлс /2,901,889+1,520,035/ 4,421,924 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасанд нийцнэ.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 191/ШШ2026/00911 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар хариуцагч ******* УТҮГ-аас 4,421,924 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2025 оны 06 сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 сарын 20-ны өдрийн хугацаагаар нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох, 33,938,601 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад ...274,025 төгрөг... гэснийг 85,700 төгрөг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч *******УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Э.ЭНЭБИШ