Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00704

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 12-11 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, ОЮ61111117 регистрийн дугаартай, Тугчин овогтой Багиндайгийн Бямбадоржийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Б.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 55 настай. Би 1984 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад цахилгаанчнаар орж ажилласан болно. Одоо тэтгэвэрт орох болж бичиг баримтаа бүрдүүлэхэд анх ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний Ахуй үйлчилгээний комбинатад 1984 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Б.Бямбадорж нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

        - Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатаас 1984 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Б.Бямбадоржид олгосон 187209 тоот хөдөлмөрийн дэвтэрт: “1984 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс Увс аймгийн Ахуйн үйлчилгээний комбинатад цахилгаанчнаар авч ажиллуулав, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон тул Ахуйн үйлчилгээний комбинатын цахилгаанчны ажлаас чөлөөлж, Ахуй үйлчилгээний удирдах газрын цахилгаанчнаар ажиллуулав, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ахуй үйлчилгээний удирдах газар хувьчлагдсан тул цахилгаанчны ажлаас чөлөөлж, хоршооны мэдэлд шилжүүлэв, 1992 оны 1 дүгээр сарын 04-ний өдрөөс “Тулга” компанид цахилгаанчнаар авч ажиллуулав, 1993 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөр ажилд шилжих болсон тул ажлаас чөлөөлөв, 1993 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Улаангом гурил компанид цахилгаанчнаар авч ажиллуулав” гэсэн бичилтүүд хийгдсэн,

          - Нэхэмжлэгчийн Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын хамт олонтойгоо 1985, 1990 онуудад авахуулж байсан 2 ширхэг гэрэл зургийн үзүүлэлтүүд,

       - Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1441 тоот лавлагаанд: “1991 онд Ахуй үйлчилгээний төв, 1992-1993 онд “Тулга” компани, 1993-1994 онд “Гурил” ХК нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь үнэн” гэжээ,

       - Гэрч Ж.Алтангэрэлийн: “Би Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1974 оноос эхлэн 1991 оныг дуустал хими цэвэрлэгээний машинистаар ажиллаж байхад Б.Бямбадорж нь 1984 оноос эхлэн Ахуйн үйлчилгээний комбинатад цахилгаанчнаар ажилд орж 1991 оныг дуустал ажилласан. Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нь 1991 онд тарж, тэр үеэс 10 гаруй хоршоо болон тус тусдаа үйл ажиллагаа явуулж 1 жил орчим ажиллаж байгаад тарсан. Ахуй үйлчилгээний комбинатад эрэгтэй ажилчин цөөн байдаг байсан учраас бид нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргаар н.Давааням, С.Загиржав, Б.Ядмаа, н.Шаримхан, ерөнхий нягтлангаар н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

         - Гэрч А.Сүхбаатарын: “Би Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад 1981 оноос эхлэн 1991 оныг дуустал телевиз засварчнаар ажилласан. Б.Бямбадорж нь намайг тухайн байгууллагад ажиллаж байхад 1984 оноос эхлэн цахилгаанчнаар ажилд орж байсан. Бид хамтдаа 10 гаруй жил ажилласан. Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нь 1991 оныг дуустал ажиллаад тарсан. Энэ үеэс бид нар хувиараа хөдөлмөр эрхлэх болсон. Ахуй үйлчилгээний комбинатад эрэгтэй ажилчин цөөн байдаг байсан учраас бид нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатын даргаар н.Давааням, С.Загиржав, Б.Ядмаа, н.Шаримхан, ерөнхий нягтлангаар н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

           - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагдсан байна.

        Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа “1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэсэн байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн лавлагаа, нэхэмжлэгчийн болон гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбараас тус тус үзэхэд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинат нь 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Ахуй үйлчилгээний удирдах газар болж 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Бямбадоржийн 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Б.Бямбадоржийн 1984 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт тус тус цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугчин овогтой Багиндайгийн Бямбадоржийн 1984 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний комбинатад, 1987 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ахуй үйлчилгээний удирдах газарт тус тус цахилгаанчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Бямбадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА