Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00660

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10602 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 134,296,320 төгрөг, торгуульд 6,396,000 төгрөг, алдангид 67,148,160 төгрөг, нийт 201,444,480 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны үнийн зөрүүд 72,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1.Хариуцагч нарт Сонгинохайрхан дүүрэг, ******* хотхон ******* 414 м.кв талбайг тоног төхөөрөмжийн хамт 790,000,000 төгрөгөөр, дэлгүүрт байсан барааг ирж байгаа өртгөөр нь 150,000,000 төгрөгөөр тооцож, нийт 940,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

1.2.******* нь зээлээр худалдаж авах хүсэлтэй байсан бөгөөд зээл нь бүтэж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “дэлгүүр хүлээлцэж, тооцоо нийлсэн акт” үйлдэж дэлгүүрээ хүлээлгэж өгөхдөө 160,000,000 орчим төгрөгийн барааг 127,000,000 төгрөг буюу өртгөөр нь хүлээлгэн өгч, бид гарын үсэг зурж баталгаажуулсан.

1.3.Бүх зүйлээ хүлээлгэж өгсний дараа хариуцагч нь өнөө, маргааш, банкнаас зээл хөөцөлдөж байгаад удахгүй төлнө гэх байдлаар утсаа авахгүй, зугтах хандлагатай болж эхэлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний 3.5 дугаарт төлбөр төлөгч нь үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан хугацаа болон төлбөр төлөх хүртэлх үлдсэн хугацааг оролцуулан төлбөр авагчид гэрээний үүргийн хариуцлага болгож 6,396,000 төгрөгийг нэмж төлөхөөр, харин 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ зөрчвөл хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0.1 хувиар алданги төлөхөөр заасан.

1.4.Иймд хариуцагч нараас барааны төлбөр 134,296,320 төгрөг, гэрээний хариуцлага 6,396,000 төгрөг, мөн алдангийг үндсэн үүргийн 50 хувь хүртэл тооцсон 67,148,160 төгрөг өнөөдрийн байдлаар 201,444,480 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

1.5.Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариу тайлбартаа барааны мөнгө болох 127,900,320 төгрөгийг бартерын байрны худалдан борлуулсан үеийн зөрүү дүнг бидэнд гаргаж өгөхөө аман тохироогоо тохирсон гэж бичсэн байгаа нь хариуцагч тал барааны мөнгө 127,900,320 төгрөгийг надад төлөх ёстойгоо хүлээн зөвшөөрсөн байна.

1.6.Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр төлбөрт тооцож шилжүүлсэн орон сууц нь тухайн үед 3 давхрын цутгалт дээрээ барилгын ажил нь зогссон байсан бөгөөд санхүүжилт байхгүйгээс ашиглалтад орохгүй . Санхүүжилтгүй ажил нь зогссон барилгыг яармагийн шилдэг төсөл мэтээр ойлгуулж нь тодорхой болсон тул би хариуцагч талд зарсан үнээрээ буцаагаад ав, эсхүл зараад өгөөч гэсэн саналыг тавьсан бөгөөд орон сууцыг зарж чадаагүй гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1.Нэхэмжлэгч *******тай 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үйлчилгээний талбай, хүнсний дэлгүүрийн тоног төхөөрөмжийг хамт 790,000,000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд уг мөнгийг 136,740,000 төгрөгийг бэлнээр, *******ын аманд 3 өрөө 72 м.кв талбай бүхий орон сууцыг 253,260,000 төгрөгөөр тооцож, банкаар 400,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч худалдан авсан.

2.2.Гэтэл гэрээгээр тохирсон үнээс илүү мөнгө нэхэмжилж байна. Мөн барааны мөнгө болох 127,900,320 төгрөгийг бартерын байрыг худалдан борлуулсан үеийн зөрүү дүнг бидэнд гаргаж өгөхөө аман тохироогоор тохирсон.

2.3.Анх уг үл хөдлөх эд хөрөнгийг 800,000,000 төгрөгөөр өгнө гэж надад ойлгуулсан ч сүүлдээ аман гэрээ нь тийм биш болж таарсан. Мөн тухайн үед дэлгүүр ажиллуулж байсан туршлага байхгүй гэхэд “өөрийн дүү г хариуцуулаад өгье, та хэдэд туслаад үйл ажиллагааг чинь аваад явна” гэсэн боловч нь дэлгүүрийн үйл ажиллагааг цалгардуулан 50,000,000 төгрөгийн бараа дутаалттай, 80,000,000 төгрөгийн өр төлбөртэй болгосон.

2.4.Уг гэрээний 6.6-д заасан “...хэрэв талууд энэхүү үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдан борлуулах тохиолдолд захиалагчийн эрхийг шилжүүлсэн гэрээний үнийн дүн болох 236,260,000 төгрөгөөс илүү гарсан зөрүү мөнгөний 20 хувийг төлбөр авагч, 80 хувийг төлбөр төлөгч тал авахаар тохиролцов.” гэсэн нь бидний анхны аман тохиролцоог нотолж байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдсан үлдэгдэл төлбөр болох 127,900,300 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг биш, сүүлд харилцан тохиролцсоны дагуу үйлдсэн өр авлагаа харилцан баталгаажуулах шинж чанартай тусдаа гэрээ, мөн нэмэлт төлбөр болох 6,396,000 төгрөг нь нэгэнт гэрээний нэг хэсэг биш, алдангийн дүн гэгдэх 30,008,528 төгрөг нь сүүлд харилцан тохиролцсон гэрээний нэг хэсэг бөгөөд гэрээ нь үлдэгдэл бараа худалдах, худалдан авах тухай л болохоос ямар нэгэн зээлийн шинж чанартай гэрээ биш учраас алданги тооцох үндэслэлгүй.

2.5.Талуудын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээд бартерын байрыг нэр дээр нь шилжүүлж, үлдсэн төлбөрийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үед бартерын байрны орон сууцны м.кв нь 4,500,000 төгрөг байсан бөгөөд энэхүү байр нь өнөөдөр 5,500,000 төгрөгийн үнэтэй, ирээдүйд өсөх нь тодорхой байсан тул бид бартерын байрны үнийн зөрүүг тооцох үүднээс төлбөр барагдуулах гэрээний 6.6-т тодорхой заасан. Тиймдээ ч нэхэмжлэгч болон барилгын компанийн хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн орон сууц захиалгын гэрээний 2.1-т м.кв нь 4,500,000 төгрөгөөр бодож захиалгын гэрээ байгуулсан. Нийт 325,000,000 төгрөгийн үнэ хүрч байна. Ийм үнэтэй орон сууцыг бид анхны худалдах худалдан авах гэрээний 3.2-т орон сууц нь ердөө 253,260,000 төгрөгөөр бодож өгсөн. Анх орон сууцны захиалгын гэрээнд заасан 1 м.кв 4,500,000 төгрөгийн зөрүүг 72,360,000 төгрөг болж байгаа. Уг тооцоог бид бодож ийнхүү гэрээнд заасан. Өнөөдөр нэхэмжлэгч 325,000,000 төгрөгийн үнэ бүхий байрны эрхийг 253,000,000 төгрөгөөр бодож шилжүүлсэн. Тэрээр 72,000,000 төгрөгийн ашигтай, илүү мөнгөө авсан атлаа өнөөдөр дахин үндэслэлгүйгээр бараа гэж төлбөр нэхэж байгаа нь үндэслэлгүй.

 

2.6.Нэгэнт тэрээр анх тохирсон зүйлээ ийнхүү өөрчилж, төлбөр шаардаж байгаа тохиолдолд миний бие дээрх байрны зөрүү болох орон сууцны зах зээлийн үнэ нь 1м.кв нь 5,500,000 төгрөг болсон ч миний бие 1м.кв үнийг 4,500,000 төгрөгөөр тооцож зөрүүг шаардаж байна. Тодруулбал Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *******ын ам С блок, D загварын 3 өрөө 72.36м.кв талбай бүхий байрыг 1м.кв нь 4,500,000 төгрөгөөр тооцож нийт 325,620,000 төгрөгийн үнэ бүхий захиалгын байрыг 253,260,000 төгрөгөөр тооцож шилжүүлсэн боловч тэрээр барааны төлбөрөө нэхэмжилж байгаа тохиолдолд *******аас дээрх барааны зөрүү 72,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 222.4, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 172,792,320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,  нэхэмжлэлээс 28,652,160 төгрөгийн шаардлагыг болон нэхэмжлэгч *******аас 72,360,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,819,586 төгрөг, хариуцагчийн төлсөн 520,000 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагчаас 1,021,911 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.******* нь анх 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч *******тай тоот үл хөдлөхийн гэрчилгээтэй 414,9 м.кв талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалттай үйлчилгээний талбайг нийт 790,000,000 төгрөгөөр дагалдах тоног төхөөрөмжийн хамтаар худалдаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд бэлнээр 136,740,000 төгрөгийг, бартераар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *******ын амны С блок, D загварын 3 өрөө 72,36 м.кв талбай бүхий орон сууцны захиалгын байрыг 253,260,000 төгрөгөөр тооцож шилжүүлэх, банкны зээлээр үлдэгдэл 400,000,000 төгрөгийг тус тус төлж худалдан авахаар тохиролцсоны дагуу төлбөрүүдийг захиалгын байрыг шилжүүлэн өгч худалдан авсан ба нэхэмжлэлд дурдсан нийт 940,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэх нь үндэслэлгүй бөгөөд бид нийт 790,000,000 төгрөгөөр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар гэрээ байгуулсан нь дээр дурдсан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно.

4.2.Мөн барааны мөнгө болох 127,900,320 төгрөгийг бартерын байрны худалдан борлуулсан үеийн зөрүү дүнг бидэнд гаргаж өгөхөө аман тохироогоор тохирсон юм. Анх уг үл хөдлөх хөрөнгийг уулзах үед бараатай нь 800,000,000 төгрөгөөр өгнө гэж надад ойлгуулсан ч сүүлдээ аман гэрээ нь тийм биш болж таарсан.

Мөн нэхэмжлэгчийн төрсөн дүү болох нь тухайн үед дэлгүүрийг хариуцан ажиллуулж байсан боловч бараа материал дутуу, 50 гаран сая төгрөгний алдагдалтай ажилласан. Бид энэ талаар талуудаас бараа хүлээлцсэн хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт өгсөн боловч анхан шатны шүүх нэхэмжлэгч талын бараа хүлээлцсэн г гэрчээр асууж, хариуцагч талаас бараа хүлээлсэн гэрч г гэрчээр асуулгах хүсэлтийг хангалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх талуудад тэгш бус хандсан гэж үзэж байна. Учир нь хэргийн материалд дэлгүүрийн барааг хүээлцсэн акт байхгүй бөгөөд зөвхөн нэхэмжлэгч талын хүнээс гэрчийн мэдүүлэг авч, улмаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, харин хариуцагчийг энэ талаар няцаалт хийгээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.3.Талуудын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах болсон үндэслэл нь тухайн үед бидний аман тохирооны нэг хэсэг болох бартераар гэрээлсэн байрны худалдан борлуулах үеийн үнийн дүнгийн зөрүүг бидэнд өгөх тухайгаа баталгаажуулах, нөгөө талдаа бас нэхэмжлэгч талд өгөх барааны тооцоогоо хоёр талаасаа баталгаажуулж авах зорилгоор байгуулсан гэрээ юм. Уг гэрээнд 6 дугаар зүйлд заасан Бусад нөхцөл хэсгийн 6.6-д заасан "Хэрэв талууд энэхүү үл хөдлөх хөрөнгийг цаашид худалдан борлуулах тохиолдлолд захиалагчийн эрхийг шилжүүлсэн гэрээний үнийн дүн болох 236,260,000 төгрөгөөс илүү гарсан зөрүү мөнгөний 20 хувийг төлбөр авагч, 80 хувийг төлбөр төлөгч тал авахаар тохиролцсон.

Иймд уг нэхэмжлэлд дурдсан үндсэн үлдэгдэл төлбөр болох 127,900,300 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг биш бөгөөд бид сүүлд харилцан тохиролцсоны дагуу үйлдсэн өр авлагаа харилцан баталгаажуулах шинж чанартай тусдаа гэрээ тул, мөн нэмэлт төлбөр болох 6,396,000 төгрөг нь нэгэнт гэрээний нэг хэсэг биш тул, алдангийн дүн гэгдэх 30,008,528 төгрөг нь сүүлд харилцан тохиролцсон гэрээний нэг хэсэг бөгөөд гэрээ нь үлдэгдэл бараа худалдах худалдах авах тухай л болохоос ямар нэгэн зээлийн шинж чанартай гэрээ биш учраас алданги тооцох нь үндэслэлгүй гэж маргасан боловч анхан шаты шүүх мөн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл талуудын байгуулсан гэрээ, түүний зорилгийг шүүх үнэлээгүй.

4.4.Анх байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, бартерийн байрыг түүний нэр дээр шилжүүлж, үлдсэн төлбөрийг төлсөн. Гэтэл тухайн үед бартерийн байрны орон сууцны 1 м.кв талбай 4.5 сая төгрөг байсан бөгөөд энэхүү байр нь өнөөдөр 5.5 сая төгрөгний үнэтэй, ирээдүйд өсөх нь тодорхой байсан тул бид бартерийн байрны үнийн зөрүүг тооцох үүднээс төлбөр барагдуулах гэрээний 6.6-д тодорхой заасан бөгөөд 72.36 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ийг 4,500,000 төгрөгөөр тооцоход 325,620,000 төгрөгний үнэд хүрч байх ба тэрээр 72,360,000 төгрөгийн ашигтай наймаа, гэрээ хийж авсан атлаа үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжлэх нь үндэслэлгүй, түүнийг бид хохироогоогүй болно.

Энэ талаар тайлбарыг өгч, сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх “..байр нь ашиглалтанд ороогүй, талууд байрын гэрээ байгуулах үнийн ханшаар хэлэлцэн тохиролцсон гэж үзэн” сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь талуудын байгуулсан орон сууц, бартерийн гэрээнд байрны м.кв-ын зөрүү байгаа нь илт тодорхой, энэ талаар хариуцагч талаас тайлбар, баримтын хүрээнд маргасан боловч шүүх үүнийг үнэлээгүй, зөвхөн нэхэмжлэгч талд ашигтайгаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ нь бидний байгуулсан үндсэн гэрээ огт биш, тооцоо нийлсэн актыг тэрээр гэрээ байгуулья гэж шаардсаар зуруулж, бараа бүтээгдэхүүний актыг гэрээ болгож, улмаар энэхүү гэрээнд алданги зааж, анхны гэрээний үнийн дүнг өөрөө өөрчилж, 940 сая төгрөг болгож, гэрээний үүргээ зөрчсөн мэтээр нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхээс хариуцагч талын гэрч асуух хүсэлтийг хангасан боловч гэрч гэх хүн 2 удаагийн шүүх хуралдаанд ирээгүй. Түүнчлэн хариуцагч тал тухайн гэрчийн утас болон оршин суух хаягийн талаарх мэдээллийг шүүхэд гаргаж өгөөгүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед болон талууд бараа бүтээгдэхүүнээ хүлээлцэж байх үед гэх хүн огт тухайн гэрээнд оролцоогүй буюу бараа материал хүлээлцэхэд байлцаагүй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон.

5.2.Талууд тухайн үед уг орон сууцны 1 м.кв талбайн үнийг 3,500,000 төгрөгөөр тохирон гэрээ байгуулж, хариуцагч *******ийн нэр дээр байсан орон сууц захиалгын гэрээг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, орон сууц захиалгын гэрээнд бичигдсэн үнийн дүнгээр буюу тухайн орон сууцны нийт үнийн дүнг 253,600,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл уг орон сууц ашиглалтад ороогүй баригдсан хэвээр байгаа. Талуудын хооронд хамгийн анх 2023 оны 01 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч 2023 оны 05 дугаар сар хүртэл хариуцагч талын зүгээс төлбөр тооцоогоо өгөхгүй байсан учир талууд уулзаж, дахин гэрээ байгуулж, гэрээний 6.6-д заасан хугацаанд хариуцагч тал тухайн орон сууцыг илүү өндөр үнээр худалдан борлуулж чадаагүй.

5.3.Тухайн үед талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг дотор нь байгаа лангуу, хөргөгч, кассын машин гэх мэт бүх эд хөрөнгийн хамт 800,000,000 төгрөгөөр үнэлсэн, харин дотор нь байсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг тоолоход 127,300,000 төгрөгийн бараа байсан бөгөөд хариуцагч тал уг мөнгийг 2022 оны 03 дугаар сард өгнө гэсэн боловч өгөхгүй 2023 он гарч жил гаруй хугацаа өнгөрсөн.

5.4.Хариуцагч талын зүгээс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр буюу анх гэрээ байгуулснаас хойш 1 жил 3 сар гаруй хугацааны дараа тухайн мөнгийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор өгье 4 сарын хугацаа өгөөч, хэрэв 4 сарын хугацаанд танай мөнгийг өгч чадахгүй бол 6,396,000 төгрөгийн торгууль нэмж төлье, мөн үүнээс хойш тухайн мөнгийг өгч чадахгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутмын 0,1 хувийн алданги төлье гэх харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.

Хариуцагч талын зүгээс нэхэмжлэгч тал дарамталж, хүчээр гарын үсэг зуруулсан гэх зүйлийн талаар ярьж байна. Гэтэл нэхэмжлэгч талын зүгээс манай үйл ажиллагаа явуулж байсан компанийг худалдан авч ашиг орлого олж байгаа атлаа төлбөрөө төл гэх шаардлагыг тавьж утсаар ярьдаг. Ихэнх тохиолдолд хариуцагч нар утсаа авдаггүй, олддоггүй байсан тул хааяа дэлгүүр дээр нь очиж уулздаг байсан. Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үнийн дүн нь талуудын хооронд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож бичгээр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ болон харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, мөн бараа материал хүлээлцсэн хүмүүс болох эхнэр нөхрүүд гэх 4 хүн гарын үсэг зурж тохиролцсон баримтыг үндэслэж, хуулийн дагуу нэхэмжилж байгаа үнийн дүн юм. Анхан шатны шүүх алдангийн хувийг бууруулж шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнийг хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 134,296,320 төгрөг, торгуульд 6,396,000 төгрөг, алдангид 67,148,160 төгрөг, нийт 201,444,480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, орон сууцны үнийн зөрүүд 72,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

            3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.

            3.1.******* болон ******* нарын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 7 дугаар хороо, ******* хотхон /18140/, Баянхошуу гудамж, 9 тоотод байрлах 414,9 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар, ******* нь үнэд 790,000,000 төгрөгийг төлөхдөө 136,740,000 төгрөгийг дансаар шилжүүлж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******ын ам, С блок D загвар, 2 дугаар давхар, 3 өрөө, 72,36 м.кв талбайтай орон сууцны захиалагчийн эрхийг 253,260,000 төгрөгөөр тооцон шилжүүлж, үлдсэн 400,000,000 төгрөгийг банкны зээлээр 2022 оны 10 дугаар сарын 30-ны дотор шилжүүлэн өгөхөөр тус тус харилцан тохиролцсон.

            Тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

           

            4.Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйлийн үнэ төлөгдсөн талаар маргаагүй, харин үйлчилгээний талбайг худалдан борлуулсан үнэд дэлгүүр дотор байгаа бараа бүтээгдэхүүний үнэ орсон эсэх нь маргааны зүйл болжээ.

            4.1.Талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дэлгүүр хүлээлцэж, тооцоо нийлсэн акт гэх баримт үйлдэж, уг актаар “...******* хотхоны *******од байрлах, 414 м.кв талбай бүхий хүнсний дэлгүүрийг тоног төхөөрөмж, бараа материалын хамт 940,000,000 төгрөгөөр худалдахаар *******тай хэлцэл хийсэн, уг үнийн дүнг задалбал: үл хөдлөхийг дэлгүүрийн тоног төхөөрөмжийн хамт 790,000,000 төгрөгөөр, дэлгүүрийн барааг өртгөөр нь тооцож хүлээлгэж өгөөд 150,000,000 төгрөгийг дансаар хүлээж авна. Жич: Өртгийн үнэ тооллогоор 5,000,000 төгрөгийн дотор хэлбэлзэж болно. ...дэлгүүрийн барааг тоолж хүлээлгэж өгөөд дансаар мөнгө хүлээн авсан баримтыг хавсаргасан байна.” гэжээ.

            4.2.Улмаар талууд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр төлбөр төлөгч нар үлдэгдэл төлбөр 127,900,320 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 30-ны дотор төлөх, гэрээний хариуцлагад 6,396,000 төгрөгийг төлбөр төлөгч нэмж төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,1 хувийн алданги тооцох, захиалгын эрхээ шилжүүлсэн орон сууцыг 2024 оны 5 дугаар сард багтаан 235,260,000 төгрөгөөс илүү үнээр худалдсан тохиолдолд зөрүү мөнгөний 20 хувийг нэхэмжлэгч /төлбөр авагч/ 80 хувийг хариуцагч /төлбөр төлөгч/ авахаар тус тус тохиролцсон.

            Тус гэрээний 6.4-д “энэхүү гэрээ нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ 0644 болон талуудын хооронд анх хэлэлцэн тохиролцсон аман хэлцлийн салшгүй хэсэг байх ба 0644 тоот гэрээний дагуу төлбөл зохих төлбөр бүрэн төлөгдсөн болно.” гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасан үгийн шууд утгаар тайлбарлавал үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 790,000,000 төгрөг төлөгдөж дууссан бөгөөд гэрээний бусад заалт үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг байхаар тохиролцсон байна.

            Дээрхээс үзвэл талууд “дэлгүүр хүлээлцэж, тооцоо нийлсэн акт”-д дурдсанаар дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнийг хожим 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тоолж, мөн өдрийн төлбөр барагдуулах гэрээгээр нийт 127,900,320 төгрөгийн бэлэн бараа бүтээгдэхүүнийг төлбөр төлөгч нарт хүлээлгэн өгч, төлбөрийг төлөх ёстой байсан хугацаа болон төлбөр төлөх хүртэлх үлдсэн хугацааг оролцуулан төлбөр авагчид гэрээний үүргийн хариуцлага болгож 6,396,000 төгрөгийн торгуулийг нэмж төлөхөөр, тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд алдангийг хариуцуулах тохиролцоог гэрээний 3.5-д тусгаснаар үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэж дүгнэнэ.

            Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө болон тоног төхөөрөмжийн үнэ болох 790,000,000 төгрөгт дэлгүүрт байсан бэлэн бараа бүтээгдэхүүний үнэ буюу 127,900,320 төгрөг ороогүй байна.

            Талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний гол нөхцөлөөр үлдэгдэл төлбөр, түүнийг төлөх хугацаа, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд алданги, торгууль зэргийг тохирч, харилцан хүсэл зориг илэрхийлэн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 39 үгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар тэдний хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон, уг хэлцлийг хийгдсэн гэж үзнэ. 

            Түүнчлэн тэрээр “нэхэмжлэгчийн дүү дэлгүүрт ажиллаж байхдаа 50 гаруй сая төгрөгийн алдагдалд оруулсан, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 127,900,320 төгрөгийн хэмжээний бараа хүрэхгүй байсан” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

             4.3.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д зааснаар төлбөр төлөгч алдангийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлбөл зохих төлбөрийн 0,1 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай тус тус нийцсэн.

            Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу гэрээний үнийн дүн болох 127,900,320 төгрөгөөс гэрээнд заасан хувь хэмжээ болох 0,1 хувиар тооцоход 1 хоногт ногдох алдангийн хэмжээ нь 127,900.32 төгрөг байх ба алдангийг анхан шатны шүүх төлбөр төлөгч төлбөл зохих төлбөрөөс тооцож /127,900,320*0,1хувь*301хоног=38,496,000/ 38,496,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт алдангийн зохицуулалтыг баримтлахдаа техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. Алдангиас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар нэмж дүгнэлт хийгээгүй болно.

            4.4.Мөн талууд гэрээгээр гэрээний үүргийн хариуцлага буюу торгуульд 6,396,000 төгрөгийг үндсэн төлбөрт нэмж төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д заасантай нийцсэн.

            Иймд хариуцагч *******, ******* нараас үндсэн төлбөр 127,900,320 төгрөг, торгууль 6,396,000 төгрөг, алданги 38,496,000 төгрөг, нийт  172,792,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдэл үндэслэл бүхий болжээ.

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын “үл хөдлөх эд хөрөнгийг 940,000,000 төгрөг бус 790,000,000 төгрөгөөр худалдаж авсан, ....нэхэмжлэгчийн шаардсаны дагуу гарын үсэг зурсан, ...үндсэн үлдэгдэл төлбөр болох 127,900,300 төгрөг, нэмэлт төлбөр 6,396,000 төгрөг нь худалдах, худалдан авах гэрээний нэг хэсэг биш тусдаа гэрээ” гэх тайлбар татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

            5.Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

            5.1.Талуудын хооронд байгуулсан харилцан тооцоо нийлж, төлбөр барагдуулах тухай гэрээний 6.6-д Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, *******ын ам ******* төслийн С блок D загвар, 2 дугаар давхар, 3 өрөө, 72,36 м.кв талбайтай орон сууцны захиалагчийн эрхийг худалдах,  худалдан авах гэрээний төлбөрт оруулан тооцохдоо 253,263,000 төгрөгийн хэмжээгээр бодож төлбөр авагчид шилжүүлсэн бөгөөд талууд хожим орон сууцыг төлбөр тооцоонд оруулсан хэмжээнээс илүү мөнгөн хөрөнгөөр худалдан борлуулсан тохиолдолд зөрүү мөнгөн хөрөнгийг 20/80 хувиар авахаар харилцан тохиролцсон байна.

            Хэргийн баримтаар талуудын хооронд дээрх нөхцөл байдал бодитоор бий болсон буюу орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд орон сууцны үнийн зөрүүг тодорхойлох боломжтой болох боловч  энэ нөхцөл байдал бий болоогүй байна. Түүнээс гадна м.кв-ын үнэ нэмэгдэж, орон сууцны үнэ 325,620,000 төгрөгийн хэмжээгээр өссөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагч талын орон сууцын худалдан борлуулсан үнийн зөрүүд 72,362,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

            Иймд хариуцагч талын “орон сууцны 1 м.кв 4,500,000 төгрөгт хүрч, нэхэмжлэгч нь 72 сая төгрөгийн ашигтай наймаа хийж бид хохирсон” гэх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

           

            6.Хариуцагч талын “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангасан атлаа хариуцагч талын гэрч асуулгах хүсэлтийг хангахгүй орхиж, хэт нэг талыг барьсан...” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь:

6.1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/34953 дугаартай захирамжаар зохигчийн гэрч асуулгах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

6.2.Улмаар тус шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/38467 дугаартай захирамжаар талуудад эвлэрэн хэлэлцэх хугацаа олгож, гэрч асуулгах захирамжийн биелэлтийг хангуулахаар шүүх хуралдааныг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

6.3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 192/ШЗ2025/41944 дугаартай захирамжаар гэрч гийн хаяг, хувийн мэдээлэл тодорхойгүйгээс шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй байх бөгөөд гэрчээр нотлуулахыг хүссэн үйл баримт нь талуудын маргааны зүйлтэй хамааралгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/34953 дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтаас г гэрчээр асуух хэсгийг хасаж, захирамжид гомдол гаргах эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаагаар хойшлуулжээ.

6.4.Хариуцагч талаас дээрх шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасны дагуу тухайн шүүхэд гомдол гаргасан байх ба тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШТ2025/00983 дугаартай тогтоолоор “...гэрч гийн хаяг, хувийн мэдээлэл тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүйгээс гэрчээр түүнийг асуухаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж илт үндэслэл муутай гэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй. ...” гэсэн үндэслэл зааж, захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6.5.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1-д заасан эрхийн хүрээнд гэрчийг дуудан ирүүлэх хаяг байхгүйгээс гэрч асуулгах шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, мөн гэрчээр нотлуулах үйл баримт нь маргааны зүйлтэй хамааралгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Өөрөөр хэлбэл, гэрч асуулгахаар хүсэлт гаргасан тал гэрчийн хаяг болон бусад мэдээллийг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч тал гэрчийн мэдээллийг өгөөгүйгээс шүүхээс ажиллагаа хийх боломжгүй болсонд шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10602 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 222.4...” гэснийг “...Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6...” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,541,661 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                  ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                          Б.АЗБАЯР