Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 624

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Билгүүжин

хохирогч А.Б

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, хувиараа засал хийдэг, ам бүл 00, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо  Яргайтын 00000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй,  урьд нь 2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн  171 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, /РД: 0000000/, Боржигон овогт Батсүхийн Б.Тд холбогдох эрүүгийн 0000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Т  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 нэртэй бааранд иргэн А.Бтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт: Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би А.Бын биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байгаа. Би хохирогчоос уучлалт гуйсан. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүгдэгчид хохирлын талаар хэлсэн. Надад эмчилгээний төлбөр өгөөгүй. Би эмнэлэгт хэвтсэн зардал болон томографикт харуулах шаардлагатай байгаа. Би 14 хоног ажлаа хийж чадаагүй. 14 хоногийн өдрийн 15.000 төгрөгөөр тооцоод түрээсийн төлбөрийг нэхэмжилнэ.  Хохиролтой холбогдох баримт надад одоо байхгүй байна.  Би нийт 1.510.000 төгрөг нэхэмжилнэ. Миний хохиролыг барагдуулчихвал Б.Тд би гомдолгүй  гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч А.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны шөнө 23 цагийн орчим байх би найзуудын хамт Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах +25 бааранд орж үйлчлүүлсэн. Би найз Азжаргал руу харсан чинь хүмүүс үсдээд зогсож байсан. Би найзыгаа хамгаалахаар очиход намайг үсдэж дараад бие рүү  цохиод байсан. Би камерыг нь харахад 2 залуугийн өндөр нь миний нүүр рүү цохиж байна лээ...цагаан цамцтай залуу миний нүүр рүү цохисон  тэгээд би хойшоо савж унахад миний үснээс үсдээд толгой нүүр рүү хэн цохиод байгаа нь мэдэгдэхгүй бужигнаад байсан. Би газар хэвтэж байсан. Тэгээд босоод цагдаа дуудаад цагдаагийн газар ирсэн. /хх-ийн 4, 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрч В.Азжаргал мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-нд 23 цагийн үед А.Б, Баярцэцэг нарын хамт +25 бааранд ороод хүний нэг нэг пиво уусан. ...бүжгийн талбай дээр нэг туранхай нэг махлаг залуу байсан туранхай залуу нь хажуунаас А.Б бид хоёр бүжиглэж байхад хажуунаас бид хоёрын голоор ороод бүжиглээд маяглаад байхаар нь А.Б уг залууг түлхсэн. Тэгээд цаана нь нэг хар хувцастай эмэгтэй намайг үсэдсэн...А.Б бид хоёр хамт зогсож байгаад би бичлэг хийсэн. Уг хүмүүс хар цамцтай гэдсээрээцагаан канттай хувцастай эмэгтэй пивоны шил шидсэн тэгээд оноогүй газар унасан. ...нэг харахад А.Быг газар унагасан бөөнөөрөө дарсан байсан. Тэгэхээр нь би гарч хамгаалагч дуудаад цагдаа нар ирсэн. /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Баярцэцэг мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны 23 цагийн үед Азжаргал, А.Б нарын хамт +25 бааранд  ороод хүний нэг нэг пиво аваад тэгээд таньдаг хүн таараад цаад талд нь байрлах заал руу ороод уг хүнтэйгээ уулзаад юм ярьж байгаад буцаад найзууд дээрээ очиход хажуу ширээнд сууж байсан хүмүүстэй маргалдаж байсан тэгээд юу болсон талаар асуухад нэг эмэгтэй нь ууж байсан пиво цацсан. Тэр эмэгтэй нь найз А.Быг үсэдсэн. Азжаргал бичлэг хийх гэхэд бөөнөөрөө дайраад байсан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Х мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-нд Оийн төрсөн өдөр байсан болохоор Б.Т, А, П, Отгонцэцэг, Номио бид нар уулзаад циркийн орчимд караокед ороод архи пиво уусан. Уг караокеноос гараад бид нар 00 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд ороод нэг шил 0.75 граммын архи, 3 ундаа, 4-5 пиво авсан. Тэгээд манай найзууд авсан пиво, архийг дөнгөж ууж эхэлж байтал А дуу захиалаад бид нар бүжиглэж байхад О миний хажууд бүжиглэж байсан. Тэгсэн чинь нэг эмэгтэй хэрүүл өдөж маргалдаад Отэй зодолдсон. Тэгээд бид нар болон хамгаалагч нар салгасан. Отэй маргалдсан эмэгтэй дахиж  дайраад Оийг үсэдсэн. Тэгээд манай найзууд согтолттой байсан ч нөхрүүд нь салгаад зодоонд оролцоогүй. Хамгаалагч нар ирж салгаад цагдаа нар ирж бид нар цагдаагийн газар ирсэн.  /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Н мөрдөн байцаалтад: 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад циркийн хажууд Оийн төрсөн өдрийг тэмдэглэсэн.  Тэндээс гараад +25 бааранд О, Отгонцэцэг, Х, А, П бид нар ороод архи пиво захиалаад ширээн дээр суугаад Од  дуу захиалж бид нар бүгдээрээ бүжиглэж байгаад би дижи дээр нь очоод дуу захиалж байхад дижи нь танай найзууд зодолдоод байна гэсэн. Би эргээд харахад манай найз танихгүй  хүмүүстэй зууралдаад бужигнаж байхаар нь очиход О газар унасан үсдэлцээд, бас  А эмэгтэйчүүдтэй үсдэлцээд байсан.  Тэгээд  зууралдаад салгаад байж байхад цагдаа нар ирээд бид нар цагдаагийн газар ирсэн.  /хх-ийн 26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Отгонцэцэг мөрдөн байцаалтанд: +25 бааранд О, Н, Х, А, П, Б.Т бид нар ороод архи пиво захиалаад ширээн дээр суугаад дуу захиалаад бүгд бүжиглэж байгаад зодоон болсон яагаад зодоон болсныг мэдэхгүй байна. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.О мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө +25 бааранд найз нарын хамт ороод нэг шил архи хүний нэг нэг пиво ус ундаа авсан. Тэгээд бүжиглэж байгаад бид нар бааранд орохооос өмнө караокед архи уусан согтолттой байсан. Тэгээд манай нөхөр нэг танихгүй эмэгтэйн биед хүрсэн юм шиг байна лээ. Тэгтэл нөхрийг маань уг эмэгтэй түлхээд зайл гээд орилсон. Тэгэхээр нь би юун сүртэй юм наад хүн чинь согтуу байна ш дээ гэсэн чинь уг эмэгтэйчүүд орилоод дайраад байсан. Тэгээд манай найз ирж уучлалт гуйсан тэгээд салаад би бүжгийн талбай дээр зогсож байхад миний араас үсдээд би газар унасан тэгээд би нэг хүний үс барьчихсан бас үсдэж байсан тэгээд хүмүүс салгах гээд байсан би газар хэвтсэн байсан болохоор яг хэн хэнтэйгээ зууралдаад байгааг хараагүй бөөн бужигнаан болсон. /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4658 дугаартай дүгнэлтэнд: А.Бын биед тархи доргилт, духны баруун төвгөр, цох, баруун хөмсөгний дотор хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чихний ар хөхлөг сэртэн, баруун эгэм, дал, мөр, бугалга, зүүн сарвуу, цээжний баруун ар хэсэг, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт, эрүүний төвгөрт зулгаралт, зүүн зулайн ар хэсгийн үсний халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс баруун бугалганы ар дунд хэсэг, цээжний баруун ар хэсэг, баруун зүүн шилбэний урд доод хэсэг дэх цус хуралт нь хоёроос дээш хоногийн өмнө үүссэн гэмтэл байна. Бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 36/ гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар Б.Т мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө би найз нарын хамт +25 бааранд эхнэрийн төрсөн өдөр болоод хамт ороод бид нар пиво ууцгаасан. Уг бааранд бүжиглэж байгаад би нэг эмэгтэйг санамсаргүй налчихсан чинь уг эмэгтэй зайл гээд орилоод байсан. Манай эхнэр О намайг өмөөрч хэрэлдээд уг эмэгтэйтэй зууралдаад муудалцахад манай найзууд болон уг баарны хамгаалагч нар бид нар салгасан. Тэгээд хэсэг намжаад ширээн дээр эхнэр хажууд сууж байсан чинь манай эхнэрийг үсдсэн тэгээд би нэгийг нь нэг удаа цохисон тэгээд хамгаалагч салгаад намайг наадах чинь эмэгтэй хүн байна ш дээ гэсэн. Тэгээд би уг эмэгтэйг андуураад цохисон юм байна лээ. /хх-ийн 65/ гэх мэдүүлэг,

 

Камерийн бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэлд “...нэг эмэгтэйг нь цагаан цамцтай залуу гараараа цохиход хамгаалагч нь цагаан цамцтай залууг татаж холдуулж ширээний хажууд газар унасан байсан эмэгтэйг хоёр өргөж босгосон...”  /хх-ийн 48/ гэх мөрдөгчийн тэмдэглэл болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Тгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Т согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах +25 бааранд иргэн А.Бтай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Бын”... намайг үсдэж дараад бие рүү  цохиод байсан. Би камерийг нь харахад 2 залуугийн өндөр нь миний нүүр рүү цохиж байна лээ...”

гэрч В.Азжаргалын”... нэг харахад А.Быг газар бөөнөөрөө дарсан байсан...” гэрч Э.Баярцэцэгийн”...эмэгтэй нь найз А.Быг үсэдсэн. Азжаргал бичлэг хийх гэхэд бөөнөөрөө дайраад байсан...” гэрч Н.Хын”... Отэй маргалдсан эмэгтэй нь дахиад дайраад маргалдаад Оийг үсдээд дарсан тэгээд би салгах гэхэд бужигнаан болоод яг юу болоод байгаа нь сайн харагдахгүй байсан...” гэрч Э.Номин-Эрдэнийн“...манай найз танихгүй  хүмүүстэй зууралдаад бужигнаж байсан...” гэрч Д.Отгонцэцэгийн “...бүгд бүжиглэж байгаад зодоон болсон яагаад зодоон болсныг мэдэхгүй байна...” гэрч Э.Оийн“...манай нөхөр нэг танихгүй эмэгтэйн биед хүрсэн юм шиг байна лээ тэгээд нөхрийг маань уг эмэгтэй түлхээд зайл гээд орилсон...” би бүжгийн талбай дээр зогсож байхад миний араас үсдээд би газар унасан...” шинжээчийн 4658 дугаартай дүгнэлт,  камерийн бичлэгт  үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Энэ хэрэгт хамаарал бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан эдгээр бичгийн баримтуудаар мөрдөн байцаалтанд Б.Тгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би нэгийг нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.    

 

Шүүгдэгч Б.Т нь А.Бын бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Тд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Тг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б хохиролд нийт 1.510.000 төгрөг Б.Тгээс нэхэмжилнэ гэж мэдүүлж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох баримтаа мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад болон шүүхэд гаргаагүй байна.

 

Хохиролтой холбогдох баримт хэрэгт авагдаагүй нь энэ тогтоолоор Б.Тг бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

Харин хохирогч А.Б нь эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Тгээс нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Тг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, Б.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг нь харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Б.Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
  2. Б.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Хэрэгт хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ