Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 00707

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар баг, 11-86 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, ОЮ61102085 регистрийн дугаартай, Бурд овогтой Цагаандайгийн Сүрэндолгорын,

     Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Сүрэндолгор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

         Нэхэмжлэгч Ц.Сүрэндолгор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1978 оноос эхлэн малчин болж 1990 он хүртэл хонь, ямаа маллаж байсан болно. 2014 оны 10 дугаар сараас өндөр насны тэтгэвэр тогтоолгож авч эхэлсэн боловч 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Нийгмийн даатгалаас “Аймгийн архивын 70-р дансны хуулгаар цалингийн тодорхойлолт гараагүй тул 1981 оноос 1990 он дуустал Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай” гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний Туяа нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Сүрэндолгор нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

       - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 308 тоот лавлагаанд: “Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1981-1992 оны цалинг шүүн үзэхэд Цагаандай овогтой Сүрэндолгорын цалин гараагүй нь үнэн болно” гэжээ,

    - Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаас 1981 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ц.Сүрэндолгорт олгосон хөдөлмөрийн дэвтэрт: “1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн,

       - Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, Тооцооны нягтлан бодогч нарын гарын үсэг бүхий цалингийн тодорхойлолтод: “Тус нэгдлийн 2 дугаар бригадын малчин Цагаандай овогтой Сүрэндолгорын 1978 онд 12 сар, 1979 онд 10 сар, 1980 онд 5 сар, 1981 онд 12 сар, 1982 онд 3 сар ажиллаж нийт 3927 төгрөгийн цалин авсан” гэжээ,

         - Гэрч Ш.Цээлэйгийн: “Ц.Сүрэндолгор бид нар үе тэнгийн, нэг баг, бригадад хамт мал маллаж өссөн болохоор нэгнээ сайн таньж мэднэ. Ц.Сүрэндолгор нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр /Бургастай/ бригадад 1978 оноос 1991 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Ц.Сүрэндолгор нь аав, ээжийн хамтаар тэмээ маллаж байгаад тусдаа амьдралтай болон нэгдэлд хонь, ямаа маллаж байсан. Би 1977 оноос 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Ц.Сүрэндолгор нь одоо ч хөдөө мал маллаж байгаа. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

          - Гэрч Э.Одвонгийн: “Ц.Сүрэндолгор бид нар нэг баг, бригадад хамт мал маллаж байсан учраас нэгнээ сайн таньж мэднэ. Ц.Сүрэндолгор нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр /Бургастай/ бригадад аав, ээжийн хамтаар тэмээ маллаж байсан. Тэрээр Т.Бат-Очир гэх хүнтэй суун тусдаа амьдралтай болон, мөн нэгдэлдээ хонь, ямаа маллаж байсан. Ц.Сүрэндолгор нь 1978 оноос 1991 оныг хүртэл нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо ч хөдөө мал маллаж байгаа. Би 1975 оноос буюу бага наснаасаа мал маллаж байсан. Яг хөдөлмөрийн дэвтэр авч, мал малласан нь 1981 оноос 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

       - Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд тус тус авагдсан байна.

     Иймд хэрэгт авагдсэн дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Ц.Сүрэндолгорын 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Сүрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бурд овогтой Цагаандайгийн Сүрэндолгорын 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Сүрэндолгорын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА