| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашар Азбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/26250/И |
| Дугаар | 210/МА2026/00661 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00661
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01931 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох
Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2.Нэхэмжлэгч *******э нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус байхад хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.
3.1.Тодруулбал, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагч компанитай нүүрс тээвэрлэлт хийхээр тохиролцоод өөрийн эзэмшлийн машины эзэмших эрхийг хариуцагч компанийн нэр дээр шилжүүлж, тээвэрлэлт хийсэн боловч хариуцагч нь хөлсөө өгөөгүй, ...нүүрсийг тээвэрлэхэд ******* машиныг жолоодож байсан...” гэж,
хариуцагч нь татгалзлаа “...нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, түүний нүүрс тээвэрлэсэн гэх тээврийн хэрэгсэл нь иргэн *******ын тээврийн хэрэгсэл байна. ******* нь манай компанитай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд тээврийн үүргийг гүйцэтгэж байсан. Түүний ачаа тээвэрлэсэн гэх газар Ухаа худагийн уурхай буюу “*******” ХХК-аас ажил гүйцэтгэсэн бол манай компани уртын тээврийн гэрээ байгуулаагүй учраас ийм ажил гүйцэтгэх боломжгүй. Нэхэмжлэлийг хариуцах эзэн манай компани биш...” гэж тус тус тайлбарласан.
Дээрхээс үзвэл, талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн эсэх, улмаар гэрээний дагуу нэхэмжлэлд дурдсан нүүрс тээвэрлэсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
Гэрч *******ын “...“*******” ХХК-ийн нэр дээр *******ийн машиныг шилжүүлээд ажилд явж байсан, ...*******э миний дансыг компанид өгсөн, НӨАТ-ын баримтаа *******э шивээд надад жолоочийн хөлс өгдөг байсан ...2022 онд миний данс руу ордог байсан, 2023 оноос *******ийн данс руу ордог байсан...” гэсэн мэдүүлгийг хариуцагч болон *******ын байгуулсан хамтран ажиллах гэрээ, тус гэрээний дагуу хийгдсэн гэх харилцагчийн дэлгэрэнгүй тайлан тооцооны баримттай харьцуулахад талуудын хооронд гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдал буюу хариуцагч компанитай нүүрс тээвэрлэлт хийхээр тохиролцсон байдлаа баримтаар хэрхэн нотолж байгаа, мөн хариуцагчийн татгалзал, холбогдох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхой бус, энэ талаар талууд мэтгэлцээгүй байна.
3.2.Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргасан “пүүгийн баримт” гэх баримтуудыг шүүх үнэлээгүй байх ба тэдгээр нь нотолгооны ямар ач холбогдолтой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар гаргаж өгөх, эх хувиар гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар гаргаж өгөх шаардлагад нийцээгүй байхад нэхэмжлэгчээс тодруулаагүй нь буруу байна.
3.3.Үүнээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд тухайн нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай.
Хариуцагч нь татгалзаж буй үндэслэлээ нотлохоор “*******” ХХК-тай 2022 болон 2023 онд нүүрс тээврийн гэрээ, хариуцлагын гэрээ байгуулж байсан эсэх, байгуулж байсан бол уртын богинын тээврийн ямар төрлийн гэрээ байгуулж байсан эсэх лавлагаа тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах тухай хүсэлт гаргасан байх боловч шүүх уг хүсэлтийг хэргийн маргаан болон нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй гэсэн үндэслэлийг заан хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх зохицуулалтад нийцээгүй байх тул хариуцагч талын “нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг шүүх хангаагүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
4.Давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01931 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Б.АЗБАЯР