Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 598

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч М.Мөнхзул

өсвөр насны шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч Б.Дашдорж

Б.Пын хууль ёсны төлөөлөгч авга эгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дүгээр сарын 00-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 00 нас 00 сартай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, Соёл Урлагийн их сургуулийн аялал жуучлал менежментийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 00, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 00 дугаар баг Булгийн 00 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 000 байрны 000 тоотод түрээсээр амьдардаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000000/ Б.Пад холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.П нь 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Ж.Н-ыг бор өнгийн цүнх, Самсунг эс-7  загварын гар утас, савхин бээлий, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна.  Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Ж.Н мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн 01 цаг 49 минутын үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар байрны 2 дугаар орц руу орох гэж байхад араас 20 орчим насны эрэгтэй хүүхэд орж ирээд эгчээ танд туслах уу гэхээр нь үгүй ээ эгч нь өөрөө явчихна гээд хэлэхэд тэрнээс хойшохыг нь санахгүй байна. Нилээн согтсон байсан. Миний санахад 5 давхарт цүнхээ булаалгахад ухаан орж байсан хөх өнгийн алъяск куртиктэй хөх жинсэн өмдтэй улаан өнгийн пүүзтэй хүүхэд шатаар уруудаад гүйж байсан. Бор эрээн өнгийн цүнх, бор саарал өнгийн Самсунг эс 7 маркийн гар утас, савхин бээлий бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйл булааж зугатаасан. Би гар утсаа 2017 онд манай хүү авчирч өгч байсан тухайн үед 450.000 вонноор авч байсан гэсэн. Одоогийн зах зээлийн ханшийг мэдэхгүй байна. 2010 онд Солонгосоос ирэхдээ цүнхээ 300.000 төгрөгөөр худалдаж авч байсан...цүнхээ 400.000 төгрөгөөр үнэлнэ. Саарал өнгийн Самсунг эс 7 загварын гар утас байсан. Гадуураа хар өнгийн адидас гэсэн бичигтэй резинэн кейстэй байсан. 2017 оны 12 дугаар сард Солонгосоос 450.000 вонноор авч байсан. Гар утсаа би одоо 300.000 төгрөгөөр үнэлнэ. Кейсийг нь 5000 төгрөгөөр авч байсан. Хар өнгийн савхин бээлий байсан 2009 оны сүүлээр Солонгос улсаас 30.000 вонноор авч байсан. Одоо бээлийгээ 30.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн 40.000 төгрөг зэрэг зүйлсээ тухайн үед булаалгасан. /хх-ийн 15/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Ө.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хямдхан гар утас авах санаатай Оюу гэх барьцаалан зээлдүүлэх газраас Самсунг эс-7 маркийн бор шаргал өнгийн гар утсыг 160.000 төгрөгөөр худалдаж авсан. Гар утсыг худалдаж авахад дэлгэцэн дээрээ давхар дүрстэй байсан. 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газар дуудаад гэмт хэргийн замаар олдсон утас байна гээд хурааж авсан...160.000 төгрөгөө яллагдагчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлшгүй, шүүх хуралд суухгүй. /хх-ийн 19-20/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б.П гэх залуу өөрийн бичиг баримтаар Самсунг эс-7 маркийн мөнгөлөг саарал өгийн гар утсыг хоногийн хугацаатай 6 хувийн хүүтэй 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч ирж аваагүй. Манай ломбард хугацаа дууссанаас хойш 10 хоног хүлээдэг ба ирж аваагүй тохиолдолд зарж борлуулдаг. Тэгээд хүлээлгийн хугацаа дуусаад уг гар утсыг зарж борлуулахаар болоод байж байтал 2019 оны 02 дугаар сард нэг өндөр залуу ирээд 160.000 төгрөгөөр худалдан авсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Самсунг эс-7 маркийн гар утас 270.000 төгрөг, кейс 6400 төгрөг, цүнх 48280 төгрөг, биет 40000 төгрөг, бээлий 14360 төгрөг буюу нийт 379040 төгрөгөөр үнэлэгдсэн” гэжээ. /хх-ийн 32/

Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 23/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/

 

Өсвөр насны яллагдагч Б.П мөрдөн байцаалтанд: Би Баянгол дүүргийн 6 дугаар хорооны  нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 69 тоотод байр түрээслэн амьдардаг ба 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө  00 цагийн орчим гэрээсээ гараад дэлгүүр орж шампунь авах гээд явж байтал тоглоомын саадан дээр сууж байсан 40-45 орчим насны согтуу эмэгтэй намайг дуудаад эгчийгээ гэрт оруулаад өгөөч гэж гуйхаар нь би уг эгчийг түшээд 13 дугаар байрны 2 дугаар орц руу ороод хэдэн давхарт гарснаа санахгүй байна цахилгаан шатаар дээш гарч гэрийнх нь үүдэнд хүргэж өгөөд тэр эгч хаалгаа онгойлгох гээд цүнхнээсээ түлхүүрээ гаргаад намайг цүнх барьж байгаач гээд надад өгөхөөр нь би цүнхийг нь аваад зугатаагаад өөрийн амьдардаг байрныхаа 8 давхарт гарч цүнхэн доторх эд зүйлийг нь бэлнээр 30 гаруй мянган төгрөг, эмэгтэй бээлий, тэмдэглэлийн дэвтэр байхаар нь би гар утас бэлэн мөнгийг аваад цүнхийг нь хогийн пункерт хаячихсан. Тэгээд ломбарданд 100.000 төгрөгийн барьцаанд тавьчихсан юм...уг хохирогч эмэгтэй цүнхнээсээ түлхүүрээ гаргахад цүнхэн дотор нь бэлэн мөнгө харагдсан юм. /хх-ийн 43/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Пын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 48/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Б.П нь 2018 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13 дугаар байрны 2 дугаар орцонд иргэн Ж.Н-ын эд зүйлсийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь:

хохирогч Ж.Нын“...миний санахад 5 давхарт цүнхээ булаалгахад ухаан орж байсан хөх өнгийн алъяск куртиктэй хөх жинсэн өмдтэй улаан өнгийн пүүзтэй хүүхэд шатаар уруудаад гүйж байсан. Бор эрээн өнгийн цүнх, бор саарал өнгийн самсунг эс 7 маркийн гар утас, савхин бээлий болэн 40.000 төгрөг зэрэг эд зүйл булааж зугатаасан...” /хх-ийн 15/,  гэрч Г.Бийн“...Б.П гэх залуу өөрийн бичиг баримтаар Самсунг эс-7 маркийн мөнгөлөг саарал өгийн гар утсыг хоногийн хугацаатай  хувийн хүүтэй 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан боловч ирж аваагүй...” /хх-ийн 21/ гэх мэдүүлэг болон  Б.Пын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...тэр эгч хаалгаа онгойлгох гээд цүнхнээсээ түлхүүрээ гаргаад намайг цүнх барьж байгаач гээд надад өгөхөөр нь би цүнхийг нь аваад зугатаасан...” /хх-ийн 43/ гэх мэдүүлэг хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32/,  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Б.Пын дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэмт хэрэгт тооцогдох үйлдэл” байх бөгөөд уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн санаатай гэмт хэрэгт” тооцогдоно. 

Б.П, Ж.Нын  эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Пад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

Өсвөр насны шүүгдэгч Б.Пыг “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Пыг “бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын хохирол төлбөр төлөгдсөн байх тул өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, 17 нас 10 сартай өсвөр насны шүүгдэгч Б.Пыг бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Пад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх  байдал тогтоогдоогүй бөгөөд урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдсон Б.Пад шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдлын харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж...” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял Б.Пад оногдуулав.

 

Б.Пын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн ялын санкцтай бөгөөд уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон...гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэсэн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд...хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлан Б.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоож болно гэж зааснаар нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ”Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Б.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч Б.Пад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Өсвөр насны шүүгдэгч Б.Пад 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах сургалтанд хамрагдахыг Б.Пад шүүхээс үүрэг болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх, мөн хуулийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг Б.Пад анхааруулсугай.

 

6. Б.П цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пад авсан хуви йн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ