Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00707

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Өмнөговь сумын Намир багт оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОИ85011606, Тугтан овогтой Пагмын Батзаяагийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймаг, Наранбулаг сумын 4 дүгээр баг, Улаан-Үзүүрт оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ87090911, Зөөд овогтой Сономпилийн Буян-Олдоход холбогдох,

          Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Батзаяа, хариуцагч С.Буян-Олдох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч П.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь С.Буян-Олдохтой 2014 онд танилцаж, 2015 оны 2 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Б.Оюундарийг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, гэрчилгээ авч байгаагүй бөгөөд 1 жил өнгөрүү хугацаанд хамтран амьдарсан. Бидний дундаас төрсөн охин Б.Оюундарь маань өөрийн эцэг С.Буян-Олдохоор овоглодог бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлж төрсний гэрчилгээ авсан байгаа. С.Буян-Олдох нь надтай 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хэрэлдэж муудалцаад намайг гэрээсээ хөөж явуулсан. Би өөрийн охиноо аваад Увс аймгийн Өмнөговь суманд өөрийн ээжийн гэрт, ээжтэйгээ хамт амьдарч байна. Охин Б.Оюундарь маань 1 нас 5 сартай, миний бие жирэмсэн бөгөөд удахгүй амаржих гэж байна. С.Буян-Олдохтой уулзаж ойлголцох гэж удаа дараа оролдсон боловч холбоо барьж чадаагүй. Нэг удаа уулзахад цаашид хамт амьдрах талаар юу ч хэлээгүй. Иймд миний бие төрсөн охин Б.Оюундарьт эцэг С.Буян-Олдохоос нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

      Хариуцагч С.Буян-Олдох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч П.Батзаяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. П.Батзаяа өөрөө шийдвэрээ гаргаад ээж рүүгээ явсан болохоос би хөөж, туусан асуудал байхгүй. Түүний ээж, ах дүү, хамаатангууд нь намайг байнга дарамталж байдаг. Би өөрөө мал цөөнтэй, байнгын орлогогүй байхад хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Мөн би охиноо өөрийн асрамжид авмаар байна. Тэгээд ч миний өгсөн мөнгийг яг хүүхдийн хэрэгцээнд зарцуулж байгаа эсэхийг би мэдэхгүй шүү дээ. Намайг байнга дарамталж, миний адуу малыг хүртэл өш хонзонгийн сэдлээр эдний ах хулгайлж авсан хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа тул П.Батзаяатай цаашид хамтран амьдрах хүсэлгүй байна гэжээ

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч П.Батзаяа нь хариуцагч С.Буян-Олдоход холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр П.Батзаяа, С.Буян-Олдох нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2015-2016 онд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр охин Зөөд овогтой Буян-Олдохын Оюундарь төрсөн болох нь тогтоогдож байна.

          Хэдийгээр хариуцагч С.Буян-Олдох нь Мөнгө, хөрөнгөгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй, Хүүхдээ өөрийн асрамжид авна хэмээн маргаж байгаа боловч мөнгөгүй, орлогогүй байх нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй бөгөөд хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад бүрдүүлэх нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

         Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу охин Б.Оюундарийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Буян-Олдохоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Батзаяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С.Буян-Олдохоос хүүхдийн тэтгэлэгт ногдох 28.282 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах зүйтэй байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Зөөд овогтой Буян-Олдохын Оюундарийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.Буян-Олдохоор тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч П.Батзаяа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч С.Буян-Олдохоос 28.282 /хорин найман мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар хариуцагч С.Буян-Олдохын Хүүхдийн асрамж өөрчлөн тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ГЭРЭЛТУЯА