Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00716

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/02896 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай амаар харилцан тохиролцож, 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд хөдөө орон нутгийн өрөмдлөгийн үйл ажиллагаанд ажиллаж буй ажилтны хоолыг ажил гүйцэтгэж буй газарт байрлан хийхээр, хариуцагч нь хөлс төлөхөөр тус тус тохиролцсон. Тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

           

            4.Зохигч ажлын хөлсийг нэг өдрийн 100,000 төгрөг эсхүл 50,000 төгрөгөөр тохирсон эсэх нь маргааны зүйл болсон байна.

            4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүрэгтэй. Хэрэгт нэхэмжлэгчийн тогоочоор ажиллаж байсан үеийн фото зураг, зохигчийн эзэмшлийн, банкны дансны хуулгууд, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/18625 дугаартай шийдвэр нотлох баримтаар авагджээ.

            4.2.Дээрх шүүхийн шийдвэрээр ******* болон “*******” ХХК-ийн хооронд үүссэн гэрээний харилцаатай холбоотой үйл баримт дүгнэснийг анхан шатны шүүх энэ маргаанд хамааралтай нэхэмжлэгчийн ажлын хөлсний хэмжээг тогтоосон үйл баримт гэж дүгнэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

            Нэхэмжлэгч *******, түүний нөхөр ******* нар ажил үйлчилгээг хамт гүйцэтгэсэн ч хариуцагч компанитай хөлсөөр ажиллах гэрээг тус тусдаа байгуулсан тул дээрх шийдвэрээр *******ы ажлын нэг өдрийн хөлсийг 100,000 төгрөгөөр тогтоосныг мөн хэмжээгээр нэхэмжлэгчийн ажлын хөлсний хэмжээг тогтоосон гэж үзэхгүй.

            4.3.Түүнчлэн, гэрч *******ы мэдүүлэгт тусгагдсан “...******* тогоочоор, би туслах тогоочоор ажиллаад өдөрт тус тусдаа 100,000 төгрөг авахаар тохиролцсон...” гэх нөхцөл байдал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нотолгооны бусад хэрэгслээр эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байна.

            4.4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор фото зураг, дансны хуулга гаргаж өгснөөс өөр баримт гаргаагүй буюу ажлын хөлсийг 1 өдрийн 100,000 төгрөг байхаар тохиролцож уг хэмжээгээр ажлын хөлсийг шаардах эрхтэй талаар нотлоогүй байх ба анхан шатны шүүх нотолгооны үүргийн хуваарилалтыг хариуцагчид ногдуулсан нь буруу байх тул хариуцагчийн “...нэхэмжлэгч болон түүний нөхрийг хамтад нь өдрийн нийт 100,000 төгрөгөөр ажиллуулахаар тохиролцсон...” гэх татгалзлыг үндэслэлтэй гэж дүгнэнэ.

                       

            5.Иймд нэхэмжлэгч үлдэх ажлын хөлсөө Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн хөлсөөр ажилласан 154 хоногийг өдрийн 50,000 төгрөгөөр тооцоход нийт 7,700,000 төгрөг болж байх ба ажлын хөлсөнд авсан 3,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 4,700,000 төгрөгийг хариуцагч “*******” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,800,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

           

            6.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 197/ШШ2026/02896 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...12,400,000...” гэснийг “4,700,000” гэж, “...100,000...” гэснийг “7,800,000” гэж,

2 дахь заалтын “...213,350...” гэснийг “90,150” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар энэ магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ЗОЛЗАЯА

 

 

                                  ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                         Б.АЗБАЯР