Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 48

 

Г.Э- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                              Я.Туул

Шүүгчид                                            Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          Г.Яндаг

Хохирогч                                          Ц.Мядагмаа

Хохирогчийн өмгөөлөгч                  Д.Номин-Эрдэнэ

Ялтан                                               Г.Э-

                                                         Ж.Б-

Ялтны өмгөөлөгч                            Б.Цэдэндамбаа

Ялтны өмгөөлөгч                            Г.Мөнхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 151 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,  Ө.Энхтайван нарын гаргасан давж заалдах гомдол, улсын яллагч Г.Яндагийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбожавын Э- , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж-ийн Б-, Ж-гийн Ж- нарт холбогдох эрүүгийн 201509000856 тоот 3 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 онд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, электроник инженер мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Нако түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 35-455а тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Ж-ийн Б-, /РД:**********/

Монгол Улсын иргэн, 1954 онд Говь-Алтай аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй,  хэрэгт татагдах үедээ “Нако түлш” ХХК-ийн ХХАБЭА инженер ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэг 5 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогт Ж-гийн Ж-, /РД:********/ нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.1.4, 28.1.6, 8 дугаар зүйлийн 8.1.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан сахин хангуулах үүргээ биелүүлээгүйгээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн дамжлагын оператор Ц.Чинбат нь Дархан сумын 13 дугаар баг “Таван нуур” ХХК-ийн нүүрс ачих буулгах газарт W156 маркийн 4275 УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковш/ механизмын шанага болон төмөр замын бетон хашлаганы хооронд хавчигдаж амь нас нь хохирсон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар,

Монгол улсын иргэн, 1958 онд Архангай аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Нако түлш” ХХК-ийн  дугуйт ачигчийн жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 1 дүгээр хороолол 1а байрны 31 тоотод оршин суур, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г-ын Э- /РД:********/ нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг “Таван нуур” ХХК-ийн нүүрс ачих буулгах газарт 20:00 цагийн орчим W156 маркийн 4275 УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковш/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дугуйт ачигчийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсгөөр найдаж бүрэн унтраалгүй жолоочгүйгээр тээврийн хэрэгслийг  орхиж явсны улмаас дугуйт ачигч өнхөрч дамжлагын оператор Ц.Чинбат дугуйт ачигчийн шанага болон төмөр замын бетон хашлагын хооронд хавчигдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хээгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ж.Б-, Ж.Ж-, Г.Э- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Ж-ийн үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б-, Г.Э- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жилийн, Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “..шүүгдэгч Г.Э-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж буй өмгөөлөгч Б.Цэдэндамбаа би Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-д заасны дагуу хохирогчийн оршуулгын зардал тодорхой бус, улсын яллагчийн гаргасан хохирогчийн оршуулгын зардал тодорхой бус, хэн хэн хэдэн төгрөг одоо төлөх нь тодорхой бус, мөн миний үйлчлүүлэгч Г.Э-г огт мөнгө төлөөгүй гэж хохирогч маргаж байгаа учраас уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах саналыг гаргасан боловч шүүгч уг хүсэлтийг хангахаас татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Би шүүх хуралдаан дээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 103 дугаар зүйлийн 103.3 дахь хэсэгт зааснаар амаар хүсэлт гаргасныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан байгаа. Иймд 151 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү.” гэжээ.  

Ялтны өмгөөлөгч Ө.Энхтайван  шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: “... Хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулаагүй буюу Эрүүгийн байаан шийтгэх ажиллагааг нэг талыг барьж, гүйцэд биш явуулсан тул шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Хохирлын талаарх тодорхой бус нөхцөл байдал нь шүүхийн дүгнэлтэнд шууд нөлөөлсөн бөгөөд шүүгдэгч тус бүр ямар хохирол хариуцах ёстой юм, хэн нь хохирол төлсөн юм, төлөгдөөгүй байвал шүүгдэгч шүүх хуралдаанаас өмнө төлж, шүүх хуралдаан дээр бусдад төлөх төлбөргүй орох мөн хохирогчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдлэд гомдолтой гэсэн мэдүүлэг тайлбар хэлэхгүй байх, цаашлаад хохирол төлөгдсөн, хохирлын талаар маргаан байхгүй, ойлгомжгүй асуудалгүй, хохирогч гомдолгүй гэсэн байр суурьтай байвал шүүхээс гарах  тогтоолын агуулга буюу шүүхийн дүгнэлт  өөр байх боломжтой. Шүүхийн хэлэлцүүлэг дээр өгсөн хохирогчийн мэдүүлэг, хохирогчоос өмгөөлөгч Ө.Энхтайван миний бие хэнээс ямар хохирол нэхэж байгаа вэ, хэн төлчихсөн бэ, миний үйлчлүүлэгч нарт гомдол байгаа юу гэдэг асуудлыг тодруулан асуусан асуултын хариулт зэргээс шүүгдэгч Ж.Б-д гомдолгүй, төлөх төлбөргүй байгаа гэсэн хохирогчийн байр суурь шууд харагдана. Ийм өнгөц дүгнэлт хийх болсон шалтгаан нөхцөл нь хохирлын талаарх ойлгомжгүй байдал, дээрх асуудлуудыг тодруулаагүйгээс болсон тодорхой билээ. Иймд анхан шатны шүүхийн 151 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж өгнө үү.”гэжээ.

Улсын яллагч Г.Яндагийн шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлд:”... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүгдэгч Ж.Ж-ид холбогдуулан Эрүүгийн хуулийн 138 дугаар зүйлийн 138.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Ж.Ж-ийг хэрэг гарах үед “ар гэрийн гачигдлын улмаас албан ёсны чөлөө авч хөдөө явсан нь хохирогч Ц.Чинбатын амь нас хохирсон, түүний үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй” гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй. Ж.Ж- нь хэрэг гарсан өдөр ар гэрийн гачигдлын улмаас албан ёсны чөлөөтэй байсан боловч энэ байдал нь түүний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд шүүгдэгчийн хууль тогтоомжид заасан ажлын байран дахь үндсэн үүргээ биелүүлээгүйгээс “Нако түлш” ХХК-ийн ажлын байранд осол гарч бусдын амь нас хохирсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүх талаас нь хянаж үзэж нотлох баримтанд тулгуурлан бодитой дүгнэлт хийгээгүй. Ж.Ж-ийн осол гарахаас өмнөх хугацаанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагагаа эрүүл ахуйн сахин хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эдгээр нотлох баримтууд нь хэрхэн ямар байдлаар үгүйсгэгдэж байгаа эсвэл нотлох чадвараа алдсан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтан Г.Э-гийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Хохирогч Ц.Мядагмаа оршуулгын зардалд 7.154.460 төгрөг нэхэмжилсэн. Яллах дүгнэлтийн хавсралтанд оршуулгын зардал 5.800.000 төгрөгөөр тогтоож ирүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх зардалд 6.300.000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон. Хохирогч Ц.Мядагмаа оршуулгын зардлыг нарийн тооцож гаргаагүйн улмаас хохирол бүрэн барагдуулаагүй нь шүүгдэгч нарт хүндээр туссан гэж ойлгож байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр миний үйлчлүүлэгч Г.Э-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байгаагийн хувьд хохирлын хэмжээ нь буюу оршуулгын зардлын тооцоо нь зөрүүтэй, одоо яг хэд нь төлөгдөөгүй байгаа нь тодорхой бус байсан учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах санал тавьсан боловч шүүх хүлээж аваагүй ээ. Одоо давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг төлж барагдуулаад нотариатаар батлуулаад ирсэн. Ер нь бол Г.Э-, Ж.Б- нар хохирол төлбөрийг барагдуулахтай санал нэг байгаа бөгөөд тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү 90.000 төгрөгийг тус бүр төлье гэсэн. Одоо Г.Э- нь 60 нас гарсан, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирлыг бүрэн барагдуулсан тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү 90.000 төгрөгийг төлнө гэсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд ялтан Ж.Б-гийн өмгөөлөгч Г.Мөнхболд: Би шүүхэд хандаж давж заалдах гомдол гаргаагүй боловч ялтан Ж.Б-гийн өмгөөлөгч Ө.Энхтайваны давж заалдах гомдлыг дэмжиж оролцоно оо. Анхан шатны шүүх хохирлын хэмжээ буюу оршуулгын зардлыг нэг мөр тооцож, хохирол төлбөрийг барагдуулсан эсэх дээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэсэн өмгөөлөгч Ө.Энхтайваны давж заалдах гомдолтой санал нэг байна. Анхан шатны шүүх Ж.Б-д үйлдвэрлэлийн осол гаргасан гэм буруутай гэж үзсэн. Энэ талаар хэрэгт цугларсан хэд хэдэн нотлох баримт байгаа бөгөөд тухайлбал шинжээчийн дүгнэлт 2 удаа гарсан. Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргасан  н.Хурцбилэг нь эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт гаргах ёстой боловч хамааралгүй асуудлаар дүгнэлт гаргасан. Зам тээврийн осол мөн үү гэсэн асуултанд “нийтийн эзэмшлийн зам дээр гараагүй учраас үйлдвэрлэлийн осол” гэж хариулсан. Дүгнэлт зөв үү гэхэд учир дутагдалтай. Ослын тухай дүгнэлт гаргуулахад осол мөн эсэхэд дүгнэлт гаргуулах ёстой. Мөн бол яагаад ямар үндэслэлээр гэх зэрэгт асуулт хариулт байхгүй байна. Сүүлийн дүгнэлтэнд Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар дүгнэлт байхгүй. Уг осол нь талийгаач Ц.Чинбатын санамсар, болгоомжгүй байдал, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй гарсан гэх жолоочийн хариуцлагатай холбоотой. Г.Э-гийн буруутай үйлдлээс болсон. Анхан шатны шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг төлж барагдуулсан, 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүү гаргуулахыг зөвшөөрч байгаа тул гэм буруугийн талаар дүгнэлт хийж шийдвэрлэж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ц.Мядагмаа гаргасан тайлбартаа: Тухайн хэргийн улмаас би 1 жил 7 сарын хугацаанд шүүх болон хуулийн байгууллагаар явж байна. Өвчтэй эхийнхээ хамт амьдрах аиьдралын баталгаагүй болсон 18 насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг тогтоож өгнө  үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ зөрүүг гаргаж өгч шийдвэрлээгүйд маш их гомдолтой байна. Бид сая 1.500.000 төгрөгийн оршуулгын зардлын үлдэгдлийг авсан. Одоо оршуулгын зардлын талаар нэхэмжлэх зүйлгүй байна. Харин хүүхдийг 18 нас хүртэл буюу 17.280.000 төгрөгийн тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Яндаг гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Ж.Ж-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Талийгаач Ц.Чинбатын амь нас хохирсонтой Ж.Ж-ийн үйлдэл шалтгаант холбоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Ажлын байранд аюулгүй ажиллагааны заавар журам боловсруулаагүй, сургалт зохион байгуулаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн эсэхийг шалгадаггүй зэрэг үндсэн үүрэг биелүүлээгүйн улмаас талийгаач Ц.Чинбатын амь нас хохирсон нь тогтоогддог.  Ж.Ж-ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, бусдын амь нас хохирсон нь шалтгаант холбоотой. Шүүх Ж.Б-, Г.Э- нарын хувийн байдал, гэр бүлийн байдал, хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагаа явуулах эрхийг оногдуулаагүй болно гэж дүгнэсэн нь хуулийн шаардлагыг хангахгүй байна. Г.Э-гийн өмгөөлөгч гэм буруугийн талаар гомдол гаргаагүй. Ж.Б-гийн өмгөөлөгч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Ж.Б- нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчсөн нь үндэслэлтэй. Ийм учраас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ: Хохирлын тооцоог бүрэн гаргаагүй, хэн хэдэн төгрөг төлөх нь тодорхойгүй байсан гэж ялтны өмгөөлөгч нар хэлж байна. Хавтаст хэргийн материалд хохирлын талаарх баримтыг хавсаргасан. Хохирогч талаас талийгаачийн хүүхдэд 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоож 17.280.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүдэд хувь тэнцүүлж нэхэмжилсэн боловч ялтан нар уг мөнгийг сайн дураар төлөөгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тал бүрээс шинжлэн судалж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж заасан. Анхан шатны шүүх тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болох 17.280.000 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулахаар тооцсоныг хэвээр үлдээж өгнө үү. Талийгаач Ц.Чинбат сард 500.000 төгрөгийн цалин орлогтой байсан, түүнээс тэжээгчээ алдсны тэтгэмжээр тогтоосон 230.000 төгрөгийг хасч, 270.000 төгрөг үлдсэн, үүнээс нас барсан этгээдэд ногдох 90.000 төгрөгийг нэхэмжлээгүй. Хүү нь насанд хүрээгүй болон эхнэр нь зүрх судасны өвчтэй ажил эрхэлдэггүй. Талийгаачийн асрамжинд хүү болон эхнэр нь байсан учраас насанд хүрээгүй хүү болон эхнэрт нь тус бүр 90.000 төгрөг гэхээр 180.000 төгрөгийг тооцож нэхэмжилсэн гэв.

Тодорхойлох нь:

Ялтан Г.Э- нь 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой 20:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Таван нуур” ХХК-ийн нүүрс ачих буулгах газарт W156 маркийн 4275УБ улсын дугаартай дугуйт ачигч /ковш/ механизмыг жолоодож ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дугуйт ачигчийн техникийн бүрэн бүтэн байдалд хөнгөмсөгөөр найдаж, механизмыг бүрэн унтралгүй орхиж явсны улмаас дугуйт ачигчийн шанага болон төмөр замын бетон хашлаганы хооронд тус компанийн дамжлагын оператор Ц.Чинбат хавчуулагдаж амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар, “Нако түлш” ХХК-ий гүйцэтгэх захирал Ж.Б-, ХХАБЭА-н инженер Ж.Ж- нар нь Хөдөлмөрийн  аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гарч хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Э-, Ж.Б-, Ж.Ж- нарт холбогдох хэргийг хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Ж.Ж-ид холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.Э-, Ж.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл халдаасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дгээр зүйлийнг 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, энэ талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Ж.Ж-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохдоо  “... хэрэг учрал болох үед тус компанийн ХХАБЭА инженер Ж.Ж- нь ар гэрийн гачигдлын улмаас албан ёсны чөлөө авч хөдөө явсан байх ба хохирогч Ц.Чинбатын амь нас хохирсон түүний үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоогүй байх тул шүүгдэгч Ж.Ж- хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг сахин биелүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон гэх үйдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хэдийгээр Ж.Ж- нь хэрэг учрал болох үед ажил үүргээ гүйцэтгэж байгаагүй боловч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүргээ сахин биелүүлээгүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны заавар журмыг боловсруулж мөрдүүлээгүй, Г.Э-, Ц.Чинбат нарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны нэг бүрчилсэн зааварчлага өгөөгүй, W156 маркийн дугуйт ачигчийн техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, хангуулаагүй байхад ажилд гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хэрэгт цугларсан нотлох баримтаар хэн хичнээн төгрөгийн хохирол төлж барагдуулсан, одоо хичнээн төгрөгийн хохирлыг хэн, хэн хэрхэн хариуцах талаар тодорхой, эргэлзээгүй дүгнэлт хийгээгүйгээс хохирогч нарын иргэний нэхэмжлэлийн бүрэн хангаж шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Тухайлбал: Талийгаач Ц.Чинбатын 18 насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрхэн тооцсон, хууль зүйн ямар үндэслэлээр хэн, хэн хариуцаж төлөх талаар дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Ялтан Ж.Б-гийн өмгөөлөгч Г.Мөнхболд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх, хохирлыг тодорхой болгох талаар хүсэлт гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Хэрэгт цугларсан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор”  шийдвэрлэх боломжтой байна.

Иймд ялтны өмгөөлөгч Ө.Энхтайван, Б.Цэдэндамбаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 151 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Э-, Ж.Б-, Ж.Ж- нарт холбогдох эрүүгийн 201509000856 тоот 3 хавтас хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Ялтан Г.Э-, Ж.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хэргийг анхан шатны шүүхэд очтол Г.Э-, Ж.Б-, Ж.Ж- нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                       ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ