Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ХШТ/144

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Улаанбаатар хотын Ардын шүүн таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолтой Б.Т-т холбогдох 10998 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Говь-Алтай аймгийн Түмэн сумын харьяат, 1915 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, ард халх, ам бүл 2, ял шийтгэлгүй, баригдах үедээ Налайхын станцад жижүүрийн ажилтай байсан, Улаанбаатар хотын ... дугаар хорооны ... дугаар хоринд оршин сууж байсан Б-ийн Т.

 

Б.Т- нь 1949 оноос 1951 оны хугацаанд “хувийн ашгийг хичээж, сүсэгтэн ардын сүсэг бишрэлийг ашиглан далимдуулж, Д, Д, С, Г, Л нарын хүмүүст аврал гүрэм буулгах зэргээр шашны хуурамч суртлаар нөлөөлж, дээл хувцас, алтан ээмэг, морь, хонь, мөнгөн аяга, бие төгрөг зэргийг авч ашигласан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Улаанбаатар хотын Ардын шүүн таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Б.Т-т тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял шийтгэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 936 дугаар тогтоолоор Б.Т-т тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ял хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Ялын төлөвлөгөө, таслан шийтгэсэн тогтоолд Б.Т-ийг “хувийн ашгийг хичээн, шашны мухар сүсгээр нөлөөлөн бусдын эд зүйлүүдийг авч байсан” хэмээн ял шийтгэсэн байх бөгөөд хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд Б.Т- нь бусдын гуйлтаар ажил явдалд нь тусалж, гүрэм, ном уншиж байсан нь түүний мэдүүлсэн:

1949 онд Налайхад ажилгүй сууж байсан Б гэгчийн эцэг С-ыг нас барахад нь Б-ын гуйлтаар очиж сан, ерөөл уншиж өгөхөд 20 төгрөг өгсөн.

1950 онд Төв аймгийн Баян сумын Д гэгч нь Т-ыг өвчтэй байхад нь гуйж ном уншуулаад надад 1 мөнгөн цөгц өгсөн.

1950 онд төмөр замын ажилтан С гэгч нь яр шархтай болов, нэг үзэж өгөөч гэхэд нь гэрт нь очиж Сандуйн жүд хэмээх сан уншиж өгөхөд хадаг, тэрлэг, 1 мөнгөн аяга өгснийг авсан.

Налайхад жижүүр хийдэг Д-ы эхнэр Б-ыг өвчтэй байхад нь сан тавьж 1 тэрлэг, 1 хадаг авсан.

1951 онд цоохор хэмээх Н-н эхнэрийг нас барахад нь тэдний гуйлтаар оршуулж өгөхөд Н надад хадаг, 1 цэнгийн алтан ээмэг өгснийг авсан ...” гэх өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байна.

2.Б.Т-ийн үйлдэл нь гэрч Д, Н, Г, Ц нарын мэдүүлгээр батлагдсан гэж ял төлөвлөж, шийтгэсэн байх бөгөөд хэрэгт байгаа гэрч Ж овогтой Д-ийн 1952 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт “С нь өөрийн эцгийг нас барахад нь төмөр замын жижүүр Т-өөр ном уншуулж дээл, 1 мөнгөн аяга өгсөн гэж ярьж байсан ба чухам өгснийг нь сайн мэдэхгүй байна”,

Б овогтой Г-ын 1952 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт “... Миний бие 1951 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өөрийн ханийг нас барахад нь төмөр замын жижүүр Т, Д нарыг гуйж туслалцуулж байсан нь үнэн. Т нь ном уншиж өгсөн болохоор нь 10 төгрөг хадгийн хамт өгсөн ба дараа нь 1 адуу өгөхөөр амласан боловч тэр адуугаа өгч амжаагүй”,

С овогтой Б-ын 1952 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн мэдүүлэгт: “... Миний эцгийг оршуулахад миний эх, эгч нар байснаас гадна төмөр замын жижүүр Т-ийг авч явж ном уншуулж сан тавиулсан. Ямар нэртэй ном уншиж өгснийг мэдэхгүй ба миний бие 1 дээл, 1 хонь өгсөн, өөр юм өгөөгүй”,

Г овогтой П-ийн 1952 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн мэдүүлэгт: “Нарийн төмөр замын станцын жижүүр Т гэгчийг 1, 2 удаа гэртээ авч ирж ном уншуулж байсан ба 50 төгрөг өгч байсан” гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд мэдүүлгүүдээс үзэхэд Т нь тэдэнд ямар нэгэн заль мэх хэрэглэн өргөл барьц аваагүй, харин тэдний гуйлтаар ажил явдалд нь туслалцаж, ном уншиж өгч байсан, хүмүүс түүнд сайн дураараа эд зүйлээ өгч байжээ.

Т нь ашгийг хичээсэн, шашнаар нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй байна. Мөн Т-ийг дээрх хүмүүстэй нүүрэлдүүлэн байцааж мэдүүлгүүдийн үнэн эсэхийг нотлох ажиллагааг тухайн үед хийгээгүй, тэдний мэдүүлэгт үндэслэлгүй дүгнэлт хийж ашгийг хичээсэн гэж ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Т-ийн энэ үйлдлүүдээс нийгэм, төр засаг, иргэдэд ямар нэгэн гэм хор учраагүй байхад үндэслэлгүйгээр дүгнэж, улс төрийн зорилгоор хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг /гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

3.Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 936 дугаар тогтоолоор Б овогтой Т-т тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхээр хилсээр шийтгэсэн “1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл” нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар Б.Т-т хорих ял шийтгэсэн Улаанбаатар хотын Ардын шүүх таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар таслан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б овогтой Т-ийг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

2. Улаанбаатар хотын Ардын шүүн таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолоор Б.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.  

 

3.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Б.Т нь ойр дотны хүн нь нас барсан хүмүүсийн хүсэлтээр тэдэнд ном унших, хөдөөлүүлэх зэргээр шашны зан үйлийг хийж, хариуд нь иргэдийн сайн дураар өргөл болгон барьсан мал, эд зүйлсийг авч байсан үйл баримт хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон хэдий ч түүнийг шунахай сэдэлтээр, ард олны сүсэг бишрэлийг далимдуулан, хуурч мэхлэх аргаар иргэдийг аргагүй байдалд оруулж эд зүйлийг нь завшсан буюу тухайн үеийн хууль тогтоомжоор хориглосон нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Б.Т-ийн дээрх үйлдэлд зальт мэхт явдлуудыг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шунахайн сэдлээр ашгийг хичээсэн, ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлсэн нь нотлогдоогүй буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолсон нотлох баримтгүй ба Б.Т-ийн энэ үйлдлүүдээс нийгэм, төр засаг, иргэдэд ямар нэгэн гэм хор учраагүй байхад үндэслэлгүйгээр дүгнэж, улс төрийн зорилгоор хилсээр гэм буруутайд тооцож, хорьж шийтгэсэн тухай прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

4.Б.Т-ийг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтын Г-д тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байна.

5.Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “ ... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн” гэх үндэслэлээр Б.Т-т 3 жил хорих ял оногдуулсан Улаанбаатар хотын Ардын шүүн таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Улаанбаатар хотын Ардын шүүн таслах газрын 1952 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 936 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Б.Т-т холбогдох хэргийг  хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

2.Б.Т-т холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

          ШҮҮГЧ                                                       Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                                  С.БАТДЭЛГЭР

 

                                                                                                 Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                 Б.ЦОГТ