Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 691

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О. 

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга.

Нэхэмжлэлийн шаардлага: “Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т, нэхэмжлэгч Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, түүний өмгөөлөгч П.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н  нар оролцлоо. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай төлөөлүүлэгч Ц.Б  нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байгууллагад  хандахад бүрдүүлэх материалын жагсаалтад нь ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэрт гарах тушаал шаардсан. 

Үүний дагуу Хил хамгаалах ерөнхий газарт хандан өргөдөл гаргасан боловч 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 3/5183 дугаар албан бичгээр хариу мэдэгдэж, Захиргааны хэргийн шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлэхийг зөвлөсөн.

Манай төлөөлүүлэгч Ц.Б  нь 1977 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 1993 оны  2  дугаар  сарын  8-ний  өдөр  хүртэлх  хугацаанд хилийн цэргийн ахлах офицер, 

Заставын дарга, Ротын дарга, Штабын даргаар тус тус ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас группд орж түр хугацаагаар эмчилгээ хийлгүүлэхээр ажлаас чөлөөлөгдсөн.

Дараа нь 1996 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Хил хамгаалах ерөнхий газрын албанд хэлтсийн дарга, хурандаа цолтой дээд офицер  болтлоо ажиллаж байгаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, эрүүгийн хэрэг нь шүүхэд шилжсэн тул Ц.Б ыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн байна.

Гэвч дээрх зүйл анги нь 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Тухайн үед эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон шүүхийн албан бичгийг ажилдаа эргэн орох өргөдлийн хамт Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хүний нөөцийн хэлтэст өгсөн боловч нааштай хариу өгөхгүй байсаар өдий хүрсэн.

Ц.Б  нь хэзээ нэгэн цагт ажил албан тушаалд нь авчих болов уу гэж харж, ажилгүй олон жил хохирсоор, хуульд зааснаар дээд офицерийн цэргийн алба хаах насны дээд хязгаар болох 57 нас өнгөрч, 58 нас хүрч байгаа болон биеийн эрүүл мэндийн байдлыг бодолцон өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох хүсэлтийг Хил хамгаалах ерөнхий газарт гаргасан.

Манай төлөөлүүлэгч нь ажилд эргүүлэн авахыг маш их хүлээдэг гэдэг. Ц.Б  Хил хамгаалах ерөнхий газарт цэргийн орон тоон дээр 24 жил 1 сар, Хилийн цэргийн 0253 дугаар ангид энгийн орон тоон дээр 2 жил тус тус ажилласан хугацааг цэргийн орон тоо руу шилжүүлэн тооцоход 25 жил 8 сар болж байна.

Тухайн үед дээрх тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргаагүй бөгөөд захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдаагүй байсан. Ажил олон жил өнгөрөхөд бүх зүйл хүндэрч амьдралын бэрхшээл шаардлагаар гадаадын улс орныг зорьсон. Сүүлдээ эрүүл мэндийн байдлаас болж ажил хийх ч боломжгүй болсон.

Залуу насандаа улсад ажилласан олон жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэх үүднээс цэргийн тэтгэврээ тогтоолгохоор харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад Ц.Б оос ажиллаж байсан байгууллагын цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тушаалыг шаардсан. 

Иймд    дээрх    нөхцөл   байдал,  холбогдох  нотлох  баримтуудыг  үндэслэн  

 

 

Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр саын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох тушаал гаргахыг даалгаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

         1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт хавсаргасан нотлох баримт болох Хил хамгаалах ерөнхий газрын төв архивын лавлагаанд: 

...Хилийн 0253 дугаар ангид 2003 оны 06 дугаар сарын 01-нээс тус ангид дуу чимээний туслах ажилтнаар /энгийнээр/ томилогдон ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр мөн ангийн захирагчийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны 19 дүгээр тушаалаар 01 дүгээр сарын 01-нээс ажлаас чөлөөлөгджээ. 

         2.Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1/52дугаар албан бичгээр цагаатгасан хугацаанаас хойш өөрийн хүсэлтээр төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн байна.

         3.Тухайн үед Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаагүй, Захиргааны хэргийн шүүх байгуулагдаагүй байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн зэргээс харахад тухайн иргэн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлээгүй, мэдээгүй байсан нь өөрийгөө зөвтгөх үндэслэл болохгүй мөн ердийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан.

         4.Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-с 39.7 дугаар зүйлд заасны дагуу хуулийн 30 хоногийн хугацаанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэсэн эсэх, түүнийг эс зөвшөөрвөл уг шийдвэр гарснаас хойш  30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй.

         5.Нэхэмжлэгч Ц.Б  нь /ЦЖ: 59080516/ 58 настай Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Цэргийн алба хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болно гэж заасны дагуу 60 нас хүрмэгц өндөр насны тэтгэвэрт хамрагдах боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Манай төлөөлүүлэгч  Ц.Б   нь цэргийн алба хаах насны дээд хязгаар 58 насанд хүрээд,

 тэтгэврээ тогтоолгохоор өргөдөл гаргасан. Нийгмийн даатгалын газарт холбогдох материалаа бүрдүүлэн очиход, ажиллаж байсан байгууллагаасаа тэтгэвэрт гарах тушаал авч ирэхийг шаарддаг. Мөн 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч нь орон тоо, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, цэргийн алба хаах нас хэтэрсэн тохиолдолд цэргийн алба хаасан тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй байдаг. Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэх 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 229 тоот тушаалын үндэслэлд байх хариуцлагаар халагдсан гэсэн хэсэг нь Ц.Б ын тэтгэвэр тогтоолгох эрхийг нь зөрчиж байгаа” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б  нь 1977-1982 онд Хилийн цэргийн дээд сургуульд сонсогч, 1982 он 07 дугаар сарын 15-ны 358 тоот тушаалаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид дэслэгч цолтойгоор хилийн албаны ахлах офицер, 1983 оны 07 дугаар сарын 06-ны 516 тоот тушаалаар 07 дугаар сарын 03-ны өдрөөс Хилийн цэргийн 0129 дугаар ангид ахлах офицер, 1983 оны 08 дүгээр сарын 22-ны өдрийн 616 тоот тушаалаар Хилийн цэргийн 0129 дүгээр ангид заставын даргаар, 1985 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  347 тоот тушаалаар Хилийн цэргийн 0263 дугаар ангид Ротын захирагч, мөн биеийн тамирын офицер, ангийн штабт ахлах ажилтнаар ажиллаж байгаад группд орсон байдаг. Ц.Б  нь 1994 оны 02 дугаар сарын 08-ны 96 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж цэргийн албанаас халагдсан байгаа. Үүнээс хойш 1996 оны 05 дугаар сарын 25-ны 380 дугаартай тушаалаар хошууч цолоо сэргээн ахлах офицероор, мөн хариуцлагаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны  04 дүгээр сарын 10-ны 229 тоот тушаалаар, 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс цэргийн албанаас халагдсан. Халагдсаны дараагаар 2003 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 109 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 01-ний өдрөөс Бууч эгнээний туслахаар энгийнээр ажиллаж байсан. 2004оны  1 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр  тушаалаар  ажлаас  халагдсан  байдаг. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ц.Б  нь 

өөрөө  хилийн  цэрэгт  ажиллах  сонирхолтой боловч, Хил хамгаалах ерөнхий газраас шүүхэд өмнө нь гаргаж байсан хариу тайлбараа дэмжиж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Ц.Б  нь   хариуцагчийн   итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн  тайлбарт дурдагдсанаар,   ажилдаа  сонирхолтой   тууштайгаар   цэргийн   байгууллагад   25      

 

 

жил  8  сар  ажилласан  гэдгээр нотлогдож байна.

Нийгмийн даатгалын байгууллагаас “...маргаан бүхий захиргааны актад хариуцлагаар гэж дурдсан байгаа учир цэргийнхээ тэтгэвэр тогтоож өгөх боломжгүй байна” гэдэг хариу өгсөн. 

Ц.Б  нь “...2002 онд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдсан боловч, шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”” гэсэн үндэслэлээр Хилийн цэргийн газарт хандсан боловч “нэгэнт өмнө нь гаргасан тушаалыг манайх засах боломжгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандаж эрхээ сэргээлгэхийг зөвлөж байна” гэсэн хариу албан тоот авсан.

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтоох тухай тушаал гаргах боломжтой” гэж заасан. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэг нь шүүхээр шийдвэр гарсан нөхцөлд нэхэмжлэгчтэй цаашид ямар нэгэн маргаан гаргахгүйг илтгэж байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах саналтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Тэрээр  Хил  хамгаалах  ерөнхий  газрын даргын 2002 оны 229 дүгээр тушаал нэхэмжлэгч    Ц.Б ын    цэргийн    алба    хаасан    нөхцөлөөр   тэтгэвэр   тогтоолгох боломжийг хаасан хууль бус тушаал гэж маргажээ.

Шүүх  хэрэгт  цугларсан  нотлох  баримтыг судлаад  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б  1982 оноос Хилийн цэргийн салбар ангиудад тасгийн туслах,   хилийн   албаны  ахлах  офицер,  заставын  дарга,  хотын  захирагч,  биеийн тамирын офицер, штабын дарга, штабын сургалт хүмүүжлийн ахлах ажилтан, Хилийн цэргийн удирдах газрын сургалтын хэлтэст цэргийн албаны зохион байгуулалт хариуцсан ахлах офицер, хэлтсийн орлогч дарга, тасгийн дарга, цэргийн албаны дарга зэрэг ажлуудыг хариуцан нийт 25 жил 08 сар ажиллажээ.

Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хилийн цэргийг удирдах газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 229 дүгээр тушаалаар Хилийн цэргийн удирдах газрын Сургалт, цэргийн албаны зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байсан хурандаа Цэвээний Болдыг олон сараар ажил тасалж хариуцлага алдсан үндэслэлээр 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс цэргийн албанаас халжээ.

Гэвч маргаан бүхий 229 дүгээр тушаалыг хууль бус захиргааны акт гэж үзэж хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч Төрийн албаны тухай хууль (2002 оны)-ийн 39 дүгээр зүйлийн 39.7-д заасан “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.” гэснийг зөрчиж ажлаас халсан 229 дүгээр тушаал хууль бус болох талаар Төрийн албаны төв байгууллага болон шүүхэд гомдлоо гаргаж байгаагүй хуулийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ. 

Төрийн захиргааны байгууллага хууль, журамд нийцээгүй шийдвэр гаргасан байж болох ч түүнийг засах боломж нь тухайн хууль бус захиргааны актаас болж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд хуульд заасны дагуу дээд шатны буюу холбогдох байгууллагад гомдол гаргаж хянуулах байдлаар эрхээ хамгаалуулах эрхтэй юм.

Гэтэл нэхэмжлэгч төрийн алба хаах журмыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх заалтыг хэрэгжүүлээгүй хуулийн боломжит  хугацааг 

алдсан байна. 

Ийнхүү  Ц.Б   гомдол  гаргаагүй  маргаан  бүхий 229 дүгээр тушаалыг хүлээн зөвшөөрснөөр  уг  акт  хүчин  төгөлдөр  үйлчлэх  нөхцөл  бүрдсэн,  түүний  хууль зүйн үндэслэлийн талаар маргах эрхгүй болно.   

Түүнчлэн нэхэмжлэгч 2000 онд цэргийн анги байраа дур мэдэн орхисон гэмт хэрэгт холбогдон Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 27-ны  өдрийн  678 дугаар  Таслан  шийдвэрлэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  278  дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж уг ялыг Эрүүгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт   зааснаар  тэнсэн  хянан  харгалзсаныг  Нийслэлийн  давж  заалдах  шатны 

шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 572 дугаар магадлалаар “..Ц.Б  нь алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон гэм буруутай байх боловч 2002 оны Эрүүгийн хуулиар уг үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо больсон тул...” түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн алба хааж байгаа газраа дур мэдэн орхисон үйл баримтыг Дүүргийн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд  гэм буруутайд тооцож дүгнэсэн бөгөөд маргаан бүхий 229 дүгээр тушаалаар Ц.Б ыг олон сараар ажил таслаж хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас халсан нь хууль бус гэж дүгнэх боломжгүй байна. 

Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно.”, 48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;” гэж зааснаар маргаан бүхий 229 дүгээр тушаалыг хөөн хэлэлцэх хугацаа харгалзахгүйгээр хүчингүй болгох үндэслэлтэй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Хуулийн дээрх зохицуулалт нь шүүхэд бус захиргааны байгууллагад хамааруулан үүрэгжүүлсэн заалт байх бөгөөд иргэн уг актыг сөрөг нөлөөлөл  бүхий акт гэж үзвэл хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор гомдол гаргаж болох тухай зохицуулалт юм.

Өөрөөр хэлбэл сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш хүчингүй болгохоор шаардах эрхгүй гэж ойлгож хэрэглэхээр байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлөөр цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүсэхгүй байгаа нь маргаан бүхий 229 дүгээр тушаалаас хамааралтай гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир    нь   нэхэмжлэгч   Ц.Б од   холбогдох    эрүүгийн   хэрэг    гэмт    хэрэгт тооцогдохгүй  болж  хэрэгсэхгүй болсноор түүнд сахилгын шийтгэл ногдуулахгүй байх үндэслэл болохгүйн дээр маргаан бүхий 229 дүгээр тушаалд гомдол гаргах хуулийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрснээр түүний хууль бус эсэх талаар дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгуулах Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2002 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуцлагаар халагдсан гэх 229 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж зөвтгөн, өндөр насны тэтгэвэрт цэргийн алба хаасан тэтгэвэр, тэтгэмж олгох тушаал гаргуулахыг даалгуулах Ц.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Огийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн  114.1  дэх  хэсэгт  зааснаар   хэргийн   оролцогч,   тэдгээрийн  төлөөлөгч, 

өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАСАНДЭЛГЭР