Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1754

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/00646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч ХХ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч ХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

ХХ миний бие 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “ХХХХ” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай НА-167 тоот гэрээг байгуулсан. Захиалагч миний хувьд гэрээний үүргээ цаг тухайд нь биелүүлж гэрээнд зааснаар 100 хувийн төлбөрөө төлсөн. Ингээд орон сууц ашиглалтад орж байрны түлхүүрээ гардан авах гэтэл гүйцэтгэгч тал өөр хүмүүстэй гэрээ байгуулсан гэж тайлбарлан маргаан үүсгэж гэрээний үүргээ зөрчсөн. Иймд Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа ХХ айлын орон сууцны ХХХХХХХХХХХХ тоот 33,83 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Гэрээний хувьд анх ХХтай байгуулсан. Нэг удаа төлбөр төлөх тухай мэдэгдэл аваад төлбөрөө бүрэн төлсөн. ХХыг орон сууц эзэмших бүрэн боломжтой юм байна гэж үзэж байтал, ХХХ дундаас нь гараад ирсэн, мөн төлбөрөө төлсөн байсан. Маргаантай асуудал үүнээс үүдэн гарсан. Магадгүй анх гэрээ байгуулахдаа сарын 1 000 000 төгрөг тушаахаар гэрээг байгуулаад дараа нь сарын 1 100 000 төгрөг болгон төлж байгаа нь компанийн хариуцсан ажилчид дундаас нь ашигласан зэрэгт эрүүгийн хэрэг үүсгэгдээд давхар шалгагдаж байна. ХХ, ХХХ нарын хэнийх нь өмчлөлийн орон сууц гэдгийг шийдвэрлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.8 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж байж уг маргаан шийдвэрлэгдэнэ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

ХХХ би “ХХХХ” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 15/167 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулан ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг 1 м.кв-ыг 1 100 000 төгрөгөөр тооцон 33,82 м.кв байрыг захиалж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Байрны түлхүүрээ хүлээн авч орон сууцандаа одоо амьдарч байгаа. Манайх гэрээний дагуу уг орон сууцны шударга эзэмшигч мөн.

“ХХХ” ХХК-ийн ажилчидтай холбоотой эрүүгийн хэрэгт өргөдөл гаргаж, хохирогчоор явж байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг судлахад процессын хуульд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага тодорхой байна. Эрүүгийн хэрэг бүрэн шалгагдаж дууссаны дараа нэхэмжлэлийг дахин гаргах боломжтой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ХХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХХ тоот 33,83 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр ХХыг тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 256 900 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 327 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХд олгож,

Гуравдагч этгээд ХХХ нь өөрийн эрх, ашиг сонирхол хохирсон гэж үзвэл буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах гомдолдоо:

ХХХ миний бие өмчлөх эрхийг шударгаар, хууль ёсны дагуу олж авсан байхад шүүх үүнийг үнэлж дүгнэхгүйгээр ХХыг тус байрны өмчлөгчөөр тогтоосон нь миний хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хуулийн дагуу гэрээ байгуулж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот орон сууцыг өөрийн өмчлөлдөө гэрээний дагуу авсан. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж заасан байхад хууль ёсоор олж авсан эд хөрөнгө буюу миний орон сууцыг ХХ-ын өмчлөлийн хөрөнгө гэж шүүх шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Түүнчлэн, хариуцагч байгууллагын 240 айлын орон сууцнаас олон иргэдэд давхар худалдсантай холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхад уг иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нөгөө талаар гуравдагч этгээдийн хуулиар олгогдсон эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлүүлээгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан 2013 оны 6 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай НА-167 тоот гэрээний дагуу ХХХХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хороолол, ХХ дүгээр хороо, ХХХХХХХХХХХХХХХХХХХХХХ тоот 33.82 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр “гуравдагч этгээдээр ХХХийг оролцуулах тухай” нэхэмжлэгч ХХ-ын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн атлаа 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг тайлбарлаж, нэхэмжлэлийг хувийг гардуулах, хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг мэдэгдэх зэрэг ажиллагааг нэгэн зэрэг явуулж маргааш өдөр нь буюу 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг хийжээ.

/хх-ийн 46, 44, 25, 49, 59-61, 62-64 дүгээр тал/

 

Дээрх байдлаас дүгнэвэл анхан шатны шүүх гуравдагч этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг бүрэн хангасан гэж үзэхгүй юм. Өөрөөр хэлбэл, түүнд эрх, үүргээ хэрэгжлүүлэх 1 хоногийн хугацаа олгосон нь гуравдагч этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд, түүний өмгөөлөгчийн тайлбар нь хэргийн нөхцөл байдлыг тогтоох нотолгооны хэрэгсэлд хамаарах тул тайлбар, нотлох баримт гаргах боломжит хугацаагаар хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх учиртай.

 

Нөгөө талаар зохигч талуудын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлж оролцох эрхийг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасныг шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/00646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА