Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2018/00228

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэр,

      Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00109 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Э” ХХК

          Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

    2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн төлөөлөгч У.Х, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э, нарийн бичгийн даргад Б.Дүүрэнжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон  тайлбарт: “Э" ХХК нь "Б" ХХК-тай 2015-08-15-нд "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Гэрээний дагуу "Булган гол дахь ордны төсөл"-д хамтран ажиллахаар тохиролцож "Э" ХХК нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг бэлэн байдалд байлгах,  ажиллуулах оператор механикийн мэргэшсэн чадварлаг багийг бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийг гаргах, "Б" ХХК газрын тусгай зөвшөөрлтэй холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлэх,  ажлыг удирдан зохион байгуулах үүргийг тус тус хүлээсэн.  "Э" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 2-р урьдчилгаа төлбөр  нийт 25сая төгрөгийг 2015-08- 20-ны өдөр "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирлын дансанд шилжүүлсэн. Гэвч хамтран ажиллах төсөл, гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон тул 2016-01-21-ний өдөр 3/06 дугаар албан бичгээр урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх тухай мэдэгдсэн.  Иймд "Б" ХХК-с 2015-08-15-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ"-ний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 25сая төгрөг  гаргуулж  өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд гаргасан  тайлбарт: 2015 оны 6 дугаар сард Улаанбаатар хотын "Би Би эм Майнинг" ХХК бидэнд хамтран ажиллахаар тохиролцож, манай компанийн тусгай зөвшөөрөл бүхий Булган сум дахь алтны шороон ордод ажил явуулахаар болсон. Гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байх үед  "Э" ХХК-н хүмүүс биднийг олж мөн адилхан хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Тэдний санал урьд ярилцаж буй компанийн саналаас илүү ашигтай, удаан хугацаагаар ажиллах найдвар төрүүлсэн. "Э" ХХК   мэргэжлийн геологичтой, машин техник нь өндөр бүтээмжтэй, хөрөнгө оруулагчийн буруугаас болж учирсан хохирлыг хариуцна, мөн хайгуулын талбайд хөрөнгө гаргаж ажиллана гэсэн тул  хамтран ажиллахыг зөвшөөрсөн. “...8,9 саруудад ажил явуулж, алт олборлож биднийг удахгүй мөнгөтэй болгоно...” гэсний дагуу өөртөө ногдох хувиас суутган тооцуулахаар урьдчилгаа өгч туслахыг хүссэн тул тэд 75 сая төгрөг өгөхөөр тохирч, урьдчилан 25 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг ойрын хугацаанд өгөх байсан ч  өгөөгүй, ажил хийлгүй  хугацаа дууссан.  Манай тусгай зөвшөөрөл бүхий талбайнуудад 1953-56 онд ЗХУ-ын геологичдын хийсэн эрлийн ажлын таамаг нөөц нь шороон ордод 9 тн, үндсэн ордод 9664 кг алттай гэж тогтоосон. Хэрвээ тэд 8 дугаар сард ирж ажил явуулсан бол хамгийн багадаа /өдөртөө 300 гр алт авна гэж тооцоход/ 10 кг алт авах ба бид үүнээс 2.5-3 кг алт авч тухайн үеийн ханшаар 200-240.0 сая төгрөг олох байлаа.Уг нь тэд өөрсдийн үүргийн тухай гэрээнд заахдаа “Хийгдэх бүх ажлын санхүүжүүлнэ, орчин үеийн өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж ашиглана, өндөр түвшний хайгуулын ажлыг бүх талбайд хийнэ, хариуцлагатай, түргэн шуурхай байж, өөрсдийн зүгээс учирсан хохирлыг бүрэн хариуцна” гэж бичсэн ч биелүүлээгүй.  Тэд “ ажиллах боломжгүй болсон, мөнгийг буцааж өг” гэснээс өөр зүйл яриагүй. Бид  хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд  ажил хийж олборлосон алтнаас бидний олох мөнгийг яаж төлж өгөх талаар  бичиж ирүүлэхийг хүссэн ч  хариу өгөөгүй. Иймд  "Э" ХХК-иас хохирлоо барагдуулах  нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

       Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар “Б” ХХК-с 25 сая төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 282.950 төгрөг гаргуулан “Э” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

        Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00109 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 476 дугаар зүйлийн 476.1, 479 дүгээр зүйлийн 479.2.-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: ИХШХШТХ-ийн 40.1-д зааснаар  шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. Хэрэгт нотлох баримт хангалттай цугларснаас гадна зохигчдын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх бүрэн боломжтой ба анхан шатны шүүх баримтын хүрээнд шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр буруутгасан нь ойлгомжгүй байна.  Давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн гэдгийг ямар үндэслэлээр зөрчсөнийг тайлбарлаагүй, ямар нотлох баримтыг буруу үнэлснийг тогтоогоогүй.  Нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзсэн бол хэрэгт хамааралгүй нотлох баримтыг үнэлсэн эсэх, ач холбогдолгүй нотлох баримтыг үнэлсэн эсэхийг магадлалдаа тодорхой заах ёстой. ИХШХШТХ-н 40 дүгээр зүйлд нотлох баримтыг хэрхэн үнэлэх тухай заалтууд орсон, анхан шатны шүүхээс 40.1-г хэрэглэсэн нь илүү оновчтой болсон.  Анхан шатны шүүх нотлох баримтыг бодит байдалд нийцүүлэн үнэлсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш 2 тал ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бодит байдлаар хохирол учраагүй байсан. Энэ тохиолдолд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээний хүрээнд илүү бодитод нийцүүлэн үзвэл, өгсөн авснаа буцаах үүрэгтэй байхаас гадна хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа үндэслэлээ өөрөө нотолж, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлийн талаар шүүхэд нотлох үүрэгтэй боловч 25сая төгрөгийг яагаад буцааж өгөхгүй гэдгээ нотолж чадаагүй.  Талуудын 2015-08-15-ны өдөр байгуулсан гэрээн хамтын ажиллагааны хугацааны талаарх зохицуулалт тусгагдсан байх ба 1-н 7-д  төслийг 2015-08-15 -ны өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр  тохиролцсон.Эхний  жил болон 13904А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад олборлолт явуулна.” гэж тусгажээ. Иргэний хуулийн 201.1-с үзвэл стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана.  Хариуцагч  “...хамтран ажиллах гэрээ бол хугацаагүй байгуулагдсан, гэрээний энэхүү заалтын хувьд тайлбарлахад, энэ нь зөвхөн хайгуул, лицензийн эрх, ашиглалттай холбоотой хугацаанд хамааралтай...” гэдэг. Талуудын хамтран ажиллах гэрээний дээрх зүйл заалтын үг хэллэг, утга санааг нарийвчлан судалж үзэхэд, хариуцагчийн шүүх хуралдааны асуулт хариултын шатанд шүүх бүрэлдэхүүнд өгсөн хариулт нь Иргэний хуулийн 201.1-д нийцэж байх ба гэрээний хугацаатай холбоотой саналыг хариуцагчаас санал болгосон тул энэхүү зүйл заалтыг нэхэмжлэгч байгууллагад ашигтайгаар тайлбарлах ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас хугацаагүй гэж тайлбарласныг, мөн 201.1-д заасныг үндэслэвэл гэрээний 7 дугаар цэгт байгаа зүйл заалт нь ойлгомжгүй учраас хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэх боломжгүй юм. Мөн Иргэний хуулийн 202.3-т “...бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлэх буюу ажил, үйлчилгээ тогтмол явуулах тухай гэрээний стандарт нөхцөлд дараах нөхцөлийг тусгасан бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байна...”, 202.3.1-д “...нөгөө талд хоёроос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэж байгаа бол энэхүү нөхцөл нь хүчин төгөлдөр бус...” гэжээ. Хэрэв талуудын хоорондох гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан гэж үзсэн нөхцөлд уг гэрээний дөрөвдүгээр бүлэгт зааснаар А тал буюу “Э” ХХК нь 3 жилийн хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой техник, тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг нийлүүлэх, тэдгээрийг ажиллуулах, мэргэшсэн, чадварлаг багийг бүрдүүлэх, төслийг хэрэгжүүлэхэд холбогдох санхүүжилтийг 3 жилийн хугацаанд гүйцэтгэхээр байна. Энэ тохиолдолд хуульд зааснаар 2-оос илүү жилийн хугацаагаар үүрэг хүлээсэн бол тэдгээр нөхцөл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульд тусгайлан зохицуулсныг давж заалдах шатны шүүхээс анхаараагүй байна. Түүнчлэн, гэрээний хоёрдугаар бүлгийн 10 дахь цэгт талууд үйл ажиллагааны дүнд олборлосон алтыг дараах байдлаар хуваарилна гэж 3 жилийн хугацаанд алтны олборлолтыг хуваарилах хугацааг заасан байхыг хамтран ажиллах гэрээний үндсэн хугацаатай адилтган үзсэн нь буруу болжээ. Мөн аливаа гэрээнд хугацаатай холбоотой зүйл заалтыг тусгайлан зохицуулах ёстой байдаг ба энэхүү гэрээнд хугацаатай холбоотой тусгай зохицуулалт тусгагдаагүй бөгөөд зөвхөн хайгуул, лицензийн зөвшөөрөл болон алт олборлолтыг хуваарилахтай холбоотой зүйл заалт тусгагдсаныг хамтран ажиллах гэрээний хугацаа хэмээн ташаа ойлгож, Иргэний хуулийн 479.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үззж байна. Нэхэмжлэгч талаас гэрээнээс татгалзах эрхээ хэдийд ч гаргаж болно. Хавтаст хэрэгт авагдсан мэдэгдлүүдийг хариуцагч талаас тухайн үед мэдээгүй гэх боловч нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байхад мэдсэн гэдэг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан байхад, мөн хавтаст хэрэгт хэзээ мэдэгдэл гаргасан гэх баримтууд нь хугацаатай байсаар байхад давж заалдах шатны шүүхээс мэдэгдэл гаргаагүй, мэдэгдлээ нотолж чадаагүй гэж үнэлэлт дүгнэлт өгсөн нь ИХШХШТХ-ийн  40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журмыг давж заалдах шатны шүүх зөрчжээ. Б талаас үүргээ зөрчөөгүй байхад Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ гэжээ. Уг маргааны хувьд аль нэг тал үүргээ зөрчсөн тухайд ямар нэгэн маргаан байхгүй ба зөвхөн урьдчилгаа төлбөрийг буцаан авах, гэрээнээс татгалзахтай холбоотой маргаан болохыг дурдаж байна. Нөгөөтээгүүр, хэрэв аль нэг тал үүргээ зөрчсөн гэж үзвэл хэнд, ямар хохирол учирснаас шалтгаалан үүргийн зөрчилтэй холбоотой маргааны үйл явц өөр болох байсан. Гэрээний 6 дугаар бүлэгт гэрээг дуусгавар болгох үндэслэлийг заасан байх ба гэрээнд зааснаар ...хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй болсон бол..., аль нэг тал гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол... гэрээг дуусгавар болох үндэслэл бүрдэх ба заавал гэрээнээс татгалзах тухай шалтгаанаа нотлох шаардлага байхгүй байна. Түүнчлэн, үргэлжлэх хугацааг шууд заагаагүй, хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хамтран ажиллах гэрээнээс талууд хэдийд ч гарч болно. Мөн 2 талын хамтран ажиллах гэрээнд хугацаа заагаагүй байх ба зөвхөн хайгуул, лицензийн зөвшөөрлийн хугацаа болон олборлолтыг хуваарилах зарчмын хугацааг үргэлжилсэн хэлбэрээр тогтоосныг шүүх анхаараагүй. А тал гэрээний 4.1.1, 4.1.2, 4.2, 4.3-т заасны дагуу гэрээнээс татгалзах эрхгүй. “Э” ХХК гэрээний үүргээ зөрчсөн. Энэ нь, 2015.08.15-наас үүргээ хэрэгжүүлэх, түүнтэй холбоотой санхүүжилт хийж, тоног төхөөрөмж нийлүүлэх, ажиллах хүч илгээх үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ үндэслэлгүйгээр биелүүлээгүй, Үйл ажиллагаа явуулж эхлэх талаар удаа дараа шаардсан, Урьдчилгаа 75 сая төгрөг шилжүүлээгүй, Гэрээнд зааснаар үүргээ зөрчсөн тал биш зөрчөөгүй тал нь гэрээг цуцлах эрх эдэлнэ, тиймээс “Э” ХХК үүргээ зөрчсөн тул “Б” ХХК нь учирсан хохирлоо шаардах эрхтэй гэжээ. Гэрээнээс татгалзах эрхгүй гэдгийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, гэрээний 4-р зүйлд талуудын хийж гүйцэтгэх эрх, үүргийг тусгасан болохоос биш гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахтай холбоотой зүйл заалт ороогүй бөгөөд гэрээг дуусгавар болгох нөхцөлийг хамтран ажиллах гэрээнд тусгайлан зохицуулсан болно.  “Э” ХХК нь гэрээний үүргээ зөрчсөн гэх тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Талууд гэрээний дагуу Булган гол дахь ордны төсөлд хамтран ажиллахаар тохиролцсон боловч ажил үүрэг гүйцэтгээгүй, тодорхой зорилгыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ хэмээн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. Үүнээс харахад, “Э” ХХК нь үүргээ зөрчсөн гэхээс илүүтэйгээр үүргээ хэрэгжүүлээгүй гэж томьёолох нь зөв. Яагаад үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан тухайд дурдвал: Тоног төхөөрөмж нийлүүлэх, ажиллах хүчнийг илгээх асуудлын хувьд урьдчилгаа мөнгө шилжүүлсний дараа компанийн удирдах зөвлөлийн хурлаар авч хэлэлцсэн ба үйл ажиллагааг эхлүүлэхийг түр хугацаагаар хойшлуулсан. Энэ талаар “Б” ХХК-д тухайн үед мэдэгдсэн бөгөөд энэ нь хариуцагчийн шүүх хуралдаанд ...мөнгө шилжүүлсний дараа 7 хоногийн дараа ажлаа эхлүүлнэ гэсэн боловч 1 сар гаруй ажлаа эхлүүлээгүй. Ингээд 1 сарын хугацаа өнгөрлөө, удахгүй намар боллоо шүү дээ... гэсэн тайлбараар нотлогдож байгаа. Түүнчлэн үүргээ зөрчсөн тал нь гэрээг цуцлах эрхгүй, үүргээ зөрчөөгүй тал нь гэрээг цуцлах эрхтэй гэж байгаа боловч “Э” ХХК нь дээрх байдлаар үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Мөн аль нэг тал нь үүрэг гүйцэтгэгч, үүрээг гүйцэтгүүлэгч биш буюу энэ нь хамтран ажиллах гэрээ гэдгийг хэлмээр байна. Нөгөөтээгүүр “Б” ХХК-д учирсан хохирлыг шаардах эрхтэй гэсэн байх ба одоогоор ямар нэгэн бодит хохирол учирсан талаарх нотлох баримт байхгүйгээс гадна ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байхад хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Хэрэв хохирол учирсан гэж үзвэл 25сая төгрөгийг буцаан шилжүүлсний дараа учирсан хохирол байвал жичтэй нэхэмжлэх боломжтой. “Б” ХХК металл хуваарилах, ашиг олох үед мөнгийг буцаах үүрэг хүлээсэн гэжээ. Гэрээнд зааснаар металл хуваарилах, ашиг олох үед мөнгийг цувуулан суутгана гэж тусгасан байдал нь “Б” ХХК-д үүрэг болгоогүй бөгөөд энэ нь гэрээний ерөнхий зохицуулалт буюу хөрөнгө оруулалт, ашиг хуваах зарчим гэсэн нэр томьёотой байх ба үүрэгтэй холбоотой нөхцөлийг уг гэрээнд тусгайлан зохицуулсан болно. Ер нь бол гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээ нь бүхэлдээ харилцан буцаах үүргийн харилцаа үүсдэг. Иргэний хуулийн 204.1-д аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд 205.1-д зааснаар талууд харилцан бие биедээ өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Мөн гэрээнээс татгалзах талаар эхлээд амаар, дараа нь албан тоотоор мэдэгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       “Эверласт” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, урьдчилгаанд төлсөн 25.000.000 төгрөгийг буцааж шаардсан /хх1-2/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй. /хх 28-29/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “... 2015-08-15-ны өдрийн хамтран  ажиллах гэрээ хүчин төгөлдөр байна...хариуцагч 25 сая төгрөг хүлээн авсан нь тогтоогдсон...хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлоогүй ... нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдэж байсан, талууд тодорхой зорилгыг хэрэгжүүлэхээр үүрэг хүлээсэн боловч энэ нь хэрэгжээгүй...” гэсэн үндэслэл заажээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “... хамтран ажиллах гэрээ байгуулж уг гэрээг тодорхой хугацаанд хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон байна... гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэх мэдэгдлийг хариуцагчид хүргүүлсэн нь нотлогдоогүй... гэрээнээс татгалзах зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна... “Б” ХХК  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй ...”гэсэн дүгнэлт хийсэн байна.

      Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Хэрэгт зохигчдоос гаргаж өгсөн дараах баримтууд авагджээ. Үүнд:

        Эверласт ХХК шаардлагынхаа үндэслэл болгож, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г шүүхэд ирүүлсэн бөгөөд уг гэрээний дагуу “Буркиткорпораци” ХХК-ийн өмчлөлийн 6242А болон 13904А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэсэгт болон 12590Х, 13898Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудад талууд “Булган гол дах ордын төсөл”-д хамтран ажиллахаар болжээ. Нэхэмжлэгчээс гаргасан гэрээний хуулбар дутуу /хх 6-7/ байсныг залруулж, 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-г дахин шүүхэд гаргаж өгсөн /хх 44-45/, энэ талаар зохигчид маргаагүй байна.

       Түүнчлэн, хэрэгт нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл /хх 5/, зохигчдын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 8,46,13/, Эверласт ХХК-с С.Замира-д 25.000.000 төгрөг шилжүүлсэн тухай 2015-08-20-ны өдрийн шилжүүлэгийн баримт /хх 9/., “...гэрээнд заасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсныг мэдэгдэж байна... урьдчилгаа 25 сая төгрөгийг  буцааж шилжүүлнэ үү...” гэсэн агуулга бүхий Эверласт ХХК-ийн 2016-01-21-ний өдрийн 3/06, 2017-01-30-ны өдрийн 2/10, 2017-04-07-ны өдрийн 1/26 дугаар албан бичгийн хуулбар /хх 10-12/, Би би Эм майнинг ХХК болон Б ХХК-ийн хоорондын  2015-06-10-ны өдрийн гэрээний төсөл /хх 48-50/ авагджээ.

      Дээр дурдсанаас өөр баримт хэрэгт байхгүй тул энэ баримтуудын хэмжээнд  нэхэмжлэгчийн гомдлыг хянах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт нийцнэ.

       2. “Буркиткорпораци” ХХК-ийн өмчлөлийн 6242А болон 13904А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хэсэгт болон 12590Х, 13898Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газруудад “Эверласт” ХХК олборлолтын болон ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахаар зохигчид тохиролцсон нь тогтоогджээ.

        Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ. Иймд  талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж хоёр шатны шүүх үзсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.  

        3. Хамтран ажиллах гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлнэ.

        Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1,3,4 дэх хэсгийн заалтыг үзвэл, зохигчид хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон байна.

        Зохигчид нь хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон байх тул гэрээнд заасан зорилгоо хэрэгжүүлэхдээ харилцан зөвшөрөөл авч үйл ажиллагагаа явуулах нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1-д нийцэх юм.

        Гэвч талуудын хооронд 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан  “Хамтран ажиллах гэрээ” хэрэгжээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.   Өөрөөр хэлбэл, 6242А болон 13904А дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбай болон 12590Х, 13898Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй, гэрээний дагуу талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлээгүй нь нотлогджээ.

        4. Гэрээний 2 дахь хэсгийн заалтаас үзвэл “...Эверласт” ХХК... олборлолтын үйл ажиллагаатай холбогдсон зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээж ...урьдчилан 75.000.000 төгрөг өгөх ба металл хуваарилах үед цувуулан суутгаж авах...” тохиролцооны дагуу 25.000.000 төгрөгийг  “Б” ХХК-д шилжүүлсэн байна.

         “Эверласт” ХХК нь олборлолт, үйл ажиллагаатай холбогдсон зардлыг хариуцах үүрэг хүлээсэн ч гэрээний дагуу олборлолт хийгдээгүй тул гэрээний урьдчилгааг шилжүүлэх үүрэг нэхэмжлэгчид үүсээгүй гэж үзнэ. 

         2015 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ хэрэгжээгүй, уг гэрээний дагуу  урьдчилгаа төлөх үүрэг “Эверласт” ХХК-д үүсээгүй байхад 25.000.000 төгрөгийг  “Б” ХХК-д шилжүүлсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч уг мөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр буцаан шаардах эрхтэй юм.

       “Эверласт” ХХК хариуцагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна. Харин  анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа хамтран ажиллах гэрээний зохицуулалтыг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон гэж дүгнэн, энэ үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 212/МА2017/00109 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “..Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан  “Б” ХХК-с 25.000.000 /хорин таван сая/ төгрөг гаргуулж, “Эверласт” ХХК-д олгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төлсөн 282.950 төгрөгийг “Эверласт” ХХК-д захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ