| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00727/и |
| Дугаар | 00708 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 00708
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Хийдийн 1-7 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, ОЮ67092707 регистрийн дугаартай, Шаазгай овогтой Монголын Цэндсүрэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1967 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн. Би 1983 оны 9 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр орж ажилласан. Ажиллаж байх хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болсон билээ. Ийнхүү ажиллаж байсан тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй тул шүүхэд хандаж байна. Би тухайн байгууллагад намар, өвлийн улиралд нь жимсээ арчилж, түүх ажлыг хийдэг, хавар, зунд нь байгууллагадаа үйлчлэгч, цэвэрлэгч хийдэг байсан. Ер нь тэгээд даалгасан ажил бүхнийг хийдэг байсан. Манай аж ахуй нь 1987-1988 оны хооронд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болж, дахин удаагүй байж байгаад Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болж байсан. Би тус аж ахуйг тарах хүртэл нь ажиллаагүй, 1989 оны сүүлээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Тухайн үеийн намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа ба Архивын тасгаас цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн. Иймд миний 1983 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Улаантолгойн чацарганы аж ахуйд үйлчлэгч, цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Цэндсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Улаангом сумын Улаантолгойн чацарганы аж ахуй, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд үйлчлэгч, жимсчнээр ажиллаж байсан Монгол овогтой Цэндсүрэнгийн 1983 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 46 тоот тушаалд: Нэгдлийн конторын галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан Монгол овогтой Цэндсүрэнг өөрийнх нь хүсэлтээр 4 сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, жимсчний курст суралцуулахаар тогтоосугай. ... Захирал Д.Болоож гэж, Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 64 тоот тушаалд: Тус нэгдэлд мэргэжлийн жимсчин нэмж ажиллуулах шаардлагатай байгаа тул ... 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 01-ний хооронд нэг сарын хугацаагаар жимсчний мэргэжил олгох курсийг нэгдлийн төвд нээж ажиллуулсугай. 2. Тус курсад заагдах хичээлийн программыг 1 дүгээр хавсралтаар, курсын захирал, багш нар, хичээлийн хуваарийг 2 дугаар хавсралтаар, курст суралцахаар аймгийн ХНХ хэлтсийн зөвшөөрөл авч, хүсэлтээ ирүүлсэн хүмүүсийн нэрсийг 3 дугаар хавсралтаар баталж, үндсэн ажилчнаар элсүүлэн суралцуулж, ... шалгалтанд тэнцсэн хүмүүст жимсчний мэргэжлийн үнэмлэх олгосугай. ... Захирал Д.Болоож гээд, 3 дугаар хавсралтын 33 дугаарт Монгол овогтой Цэндсүрэн гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Дагвадорж, Н.Өлзийхишиг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Дагвадорж: Би 1984 онд сургуулиа төгсөж ирээд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчээр ажилд ороход М.Цэндсүрэн үйлчлэгч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. М.Цэндсүрэн нь улирлын байдалтай ажиллаж байсан. Өвөлд нь чацаргана түүдэг, хавар, зун, намарт нь галч, үйлчлэгчээр ажилладаг байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэл гэх нэртэй болон ажиллаж байгаад 1988 онд эргээд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон. М.Цэндсүрэн нь 1989 оныг дуустал ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарч байсан. Бид хамтдаа 6 жил гаруй ажилласан учраас сайн мэднэ. Тухайн үед манай байгууллагын даргаар н.Дэчинбэл, Д.Болоож, н.Сүхбат гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Н.Өлзийхишиг: Би Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1980 оноос эхлэн 1998 он хүртэл буюу компани тарах хүртэл цэцэрлэгчээр ажиллаж байсан. М.Цэндсүрэн нь намайг тухайн байгуулагад ажиллаж байхад 1983 онд үйлчлэгч, цэвэрлэгчээр ажиллаж эхэлсэн. М.Цэндсүрэн нь улирлын чанартай ажиллаж байсан. Өвөлд нь чацаргана түүдэг, хавар, зун, намарт нь галч, үйлчлэгчээр ажилладаг байсан. М.Цэндсүрэн нь 1989 оныг дуустал ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас гарч байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1986 онд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэл гэх нэртэй болон ажиллаж байгаад 1988 онд эргээд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон. Тухайн үед манай байгууллагын даргаар н.Дэчинбэл, Д.Болоож, н.Сүхбат гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбарууд тус тус хэрэгт авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч болон гэрчүүд шүүхэд өгсөн тайлбар, мэдүүлэгтээ Увс аймгийн Улаангом сумын Улаантолгойн чацарганы аж ахуйг 1986-1988 оны хооронд зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болоод дахин нэрээ сольсон гэсэн байх боловч гэрч Г.Дагвадорж, Н.Өлзийхишиг нарын хөдөлмөрийн дэвтрээс үзэхэд тус аж ахуй нь 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 261 дүгээр тогтоолоор Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болж, ахин 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болсон нь тэмдэглэгдсэн байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн М.Цэндсүрэнгийн 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус үйлчлэгч, цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаазгай овогтой Монголын Цэндсүрэнгийн 1983 оны 9 дүгээр сараас 1987 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаангом сумын Улаантолгойн чацарганы аж ахуйд, 1987 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус үйлчлэгч, цэцэрлэгчин, жимсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА