Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00705

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Ч.Батчимэг, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан, *******хотхоны ******* байрны В1 давхарт байрлах ГГ2-28, ГГ2-29, ГГ2-41, ГГ2-42, ГГ2-57, ГГ2-67 тоот, мөн ******* дугаар байрны В1 давхарт байрлах ГГ-19, ГГ-44 тоотод тус тус байрлах, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-8/

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, Иргэний давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хариуцагч *******-аас 2,055,460,140 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 10,435,251 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар хотын банкинд олгож, хариуцагч ******* нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******* барилга, мөн хаягт байрлах ******* тоот автомашины зогсоол, ******* тоот барилга, ******* тоот орон сууц, ******* тоот нэг автомашины зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн. /хх.50-68/

4. Шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрт заагдсан барилга болон автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд талууд маргаагүй. /хх.70-79/

4.1. Улмаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд талууд тохиролцоогүй ба төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 263 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээний *******-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай тус тус нийцжээ. /хх. 80-84, 85-86/

4.2. *******-ийн үнэлгээчин *******д 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, хууль тайлбарлан өгсөн. /хх.88/

4.3. Шинжээч ******* нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ Хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөж, зах зээлийн, орлогын болон өртгийн хандлагын аргуудаас зах зээлийн хандлагын аргыг илүү ач холбогдолтой гэж үзээд *******хотхоны ******* байрны В1 давхарт байрлах ГГ2-28, ГГ2-29, ГГ2-41, ГГ2-42, ГГ2-57, ГГ2-67 тоот, мөн ******* дугаар байрны В1 давхарт байрлах ГГ-19, ГГ-44 тоотод тус тус байрлах, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 148,200,000 төгрөгөөр тогтоож, уг тайлан гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй. /хх.90-113/

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Нэхэмжлэгч ******* нь ...*******-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргагдаагүй, тус компанийн хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон, мөн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт багаар тогтоосон, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.9 дэх хэсэгт заасанд нийцээгүй буюу үнэлэгдсэн хөрөнгийн байршлыг буруу тодорхойлсон, жишиг хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд байрлах Залуус хорооллыг сонгосон нь оновчгүй ба энэ нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, үнэлгээний тайланд үнэлгээчин болон үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийн төлөөлөгч гарын үсэг зураагүй тул хүчин төгөлдөр бус... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

5.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасан боловч хэргийн 89 дүгээр талд авагдсан Хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцэх акт-д хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 263 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч ******* болон *******-ийн үнэлгээчин ******* нар хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлцэхдээ гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна. /хх.88/

Өөрөөр хэлбэл, тайлангийн 15 дугаар талд *******-ийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин ******* гарын үсэг зураагүй ч тайланг хүлээлгэн өгсөн актад гарын үсэг зурсан тул уг тайланг шууд хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

5.2 Хөрөнгийн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 3.1.13, 3.1.14-т тус тус зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоох ажиллагаа /процесс/ байдаг тул томилогдсон шинжээч нь захиалагч, үйлчлүүлэгчийн захиалгаар хөрөнгийн үнэлгээг хийх үйл ажиллагаа явуулсан эсэхийг тогтооно.

Хэргийн баримтаар *******-ийн хөрөнгийн үнэлгээчин ******* нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг тогтоохоор холбогдох үйл ажиллагааг явуулж, хөрөнгийн үнэлгээг хийсэн байх тул зөвхөн үнэлгээний тайланд гарын үсэг зураагүй гэсэн үндэслэлээр түүнийг огт ажил үйлчилгээ үзүүлээгүй байна гэж буруутгах боломжгүй юм.

5.3 Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд түүнд хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагүйгээр олгосон тухай Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтын Удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 10 тоот тогтоолоор олгогдсон ******* тоот гэрчилгээ авагдсан байх ба тус институтын албан ёсны цахим сайт дахь Гишүүн үнэлгээчид хэсгийн 102 дугаарт *******ийн дээрх мэдээлэл нийтлэгдсэн. /хх.113/

Түүнчлэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай зөвшөөрөл олгохоор заасан ба Монгол Улсын Сангийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 196 дугаар тушаалаар *******-д хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон тул тус компанийг энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй этгээд гэж үзэхгүй.

5.4. Нэхэмжлэгч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эсрэг ашиг сонирхолтой оролцож буй этгээд болохын хувьд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж байгаа эрх бүхий байгууллагын үйл ажиллагааны явцад томилогдсон хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн тайланг үндэслэлгүй гэж маргаж буй тохиолдолд үүнийгээ нэхэмжлэгч баримтаар нотлох үүрэгтэй.

Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байгууллага нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж байгаа буюу ашиг сонирхлын зөрчилтэй этгээд биш бөгөөд хөрөнгийн үнэлгээ хэт өндөр, эсхүл бага тогтоогдсон эсэхийг хариуцагч байгууллага нотлох үүргийг хүлээхгүй тул Хөрөнгийг хэт багаар үнэлсэн гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

5.5. *******-ийн үнэлгээний тайлангийн 10 дугаар талд үнэлэгдэж буй хөрөнгийн байршлыг дурдахдаа буюу хууль сахиулахын их сургуулийн хойд талд, Амгалан дулааны цахилгаан станцын баруун талд байрлалтай. Энэхүү зогсоолуудтай тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой жишиг хөрөнгө болох Залуус хороололд болон түүний ойролцоо борлуулсан, борлуулах хөрөнгүүдийн арилжаалах үнийн саналаас жишиг хөрөнгийн үнийн мэдээллийг судаллаа гэж дурдсан боловч тайлангийн 11-14 дүгээр талд авагдсан Хүснэгт №5 Жишиг зогсоолуудын зах зээлийн үнэ судалгаа хэсэгт Зайсан, Могул таун хотхонд байрлалтай, Үнэгүй.мн болон Фэйсбүүк сайтуудад зарагдахаар нийтлэгдсэн 3 төрлийн автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээлэл тусгасан, Хүснэгт №6-д 97 дугаар байрны авто зогсоолын зах зээлийн жишиг үнээрх үнэ цэнэ, Хүснэгт №7-д 95 дугаар байрны авто зогсоолын зах зээлийн жишиг үнээрх үнэ цэнийн мэдээллийг тусгаж, тэдгээрийг хэрхэн харьцуулсан тухайгаа дэлгэрэнгүй дурдсан байна.

Тодруулбал, тайланд үнэлэгдэж буй хөрөнгөтэй ижил төрлийн хийгээд, байршлын хувьд ойролцоо худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан 3 объектыг зохих шалгуураар сонгон авч, харьцуулалт хийх замаар үнэлгээг тогтоосон байх ба дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан өөр байршил дахь, харьцуулах боломжгүй хөрөнгүүдтэй үнэлэгдэж буй хөрөнгийг жишээгүй, харин техникийн шинжтэй алдаа гаргасныг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймээс нэхэмжлэгчийн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.3.9 дэх хэсэгт заасанд нийцээгүй буюу үнэлэгдсэн хөрөнгийн байршлыг буруу тодорхойлсон, жишиг хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороонд байрлах Залуус хорооллыг сонгосон нь оновчгүй ба энэ нь үнэлгээнд сөргөөр нөлөөлсөн гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.6. Түүнчлэн хэргийн 13, 114 дүгээр талд авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ******* дугаар Үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай баримтад Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 256 дугаар захирамжаар *******-аас 4,112,764,839 төгрөгийг гаргуулж Төрийн орон сууцны корпораци ТӨҮГазарт олгохоор шийдвэрлэсэн гэж өөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар дурдсан боловч энэ нь хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй, техникийн шинжтэй алдаа байна.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2026/02337 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох, *******хотхоны ******* байрны В1 давхрын ГГ2-28, ГГ2-29, ГГ2-41, ГГ2-42, ГГ2-57, ГГ2-67, мөн ******* дугаар байрны В1 даврын ГГ-19, ГГ-44 тоотод байрлах, автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ

Н.ГЭРЭЛТУЯА