Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 632

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Сарантуяа хөтлөн

улсын яллагч Г.Хатанцэцэг

хохирогч Б.Б

шүүгдэгч Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 00 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжилтэй, “Хөдөлгөөнт бай” ХХК-д менежер ажилтай, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар байрны 60 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:000000/, Их Тугтан овогт Батсүхийн Б.Лд холбогдох эрүүгийн 0000000000? дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Л 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 13 дугаар байрны 60 тоотод эхнэр Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Бийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Би буруу юм хийсэндээ гэмшиж байна. Эхнэр, хүүхдүүдтэйгээ цаашид сайхан амьдарна. Надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө хаалга удаан тайллаа гээд бухимдаад асуудал гарсан. Намайг согтуу үедээ хардаад байдаг. Өмнө нь үерхэж байсан залууг ярьдаг. Надад өмнө нь гэмтэл учруулж байгаагүй, хааяа бид хоёрын дунд зөрчилдөх зүйл гардаг. Сүүлд асуудал гарснаас хойш эвлэрсэн. Цаашид архи уухгүй талаараа надад хэлсэн. Хүүхдүүдийнхээ сайн аав, сайн хань байгаа юм. Нөхөр маань намайг дагуулж яваад эм, тариа авч өгсөн. Бид одоо хамт амьдарч байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилших шөнө би гэрт унтаж байгаад хаалга дуугахаар нь биеэ алчуураар ороогоод онгойлгоход нөхөр Б.Л согтуу байсан. Намайг чи хаалга ямар удаан онгойлгодог юм бэ гэсэн би унтаж байсан болохоор хаалга нүдэхийг сонсоогүй юм байна лээ. Тэгээд намайг түлхэж гаргаад чи наад таксины жолоочид мөнгийг нь төрсөн биеэрээ хий гэсэн  би таксины жолоочид мөнгийг нь өгсөн. Тэгээд Б.Л намайг гэрээс хөөх гэлээ чи өөрөө зайл гээд гэрээс гаргасан. Би хаалгаа  нүдэхэд Б.Л намайг гэрт оруулаад зодсон. Тухайн үед гэрт манай охин, Б.Лгийн дүү А хамт байсан.  Би Аийг цагдаа дууд гэж хэлээд босох гэхэд Б.Л намайг дээрээс дараад босгохгүй байсан. Тэгээд арван жилийн өмнө үерхэж байсан залууг яриад Б.Л  миний толгой нүүр рүү цохиод байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд: Тухайн үед би хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна.  Дүү Э над руу залгаад Б.Б эгчийг нөхөр нь зодсон байна ажил дээрээ нүд нь хөхөрчихсөн шанаа нь хавдсан байна гэхээр нь би Б.Б рүү залгаад утас нь холбогдохгүй байхаар нь Б.Л руу залгахад утсаа авахгүй байсан.   Өмнө нь Баянхошуунд амьдарч байхад нэг удаа зодуулсан гээд нүүр нүд нь хөхөрсөн байсан. 2017 оны 5 сард...Б.Л согтуу байхаар нь гэрт нь хүргэж өгөхөд машинаа   цохиод хүүхдээ цонхоор шиднэ гэсэн тэгээд Б.Б хүүхдээ хамгаалж  аргадаад орон дээр хэвтэхэд Б.Л дээрээс нь дарж байгаад зодоод байсан. Тэгээд би цагдаад дуудаж байсан. Архи ууж дарамталдаг гэж  над руу Б.Б хэлдэг. Миний хажууд согтуудаа дарамталж байсан ./хх-ийн 13/ гэх мэдүүлэг,

 

Гэрч О.А мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Б.Л бид нар хамт амьдардаг болохоор би гэрт унтаж байгаад хүмүүс орилолдоод байхаар нь сэрэхэд Б.Л эхнэр Б.Бийгээ зодож байсан би голоор нь орж салгасан. /хх-ийн 14/ гэх мэдүүлэг,

 

Б.Л мөрдөн байцаалтанд: 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ ирээд хаалга удаан нүдээд онгойлгож өгөхгүй байсан тэгээд удаж байгаад онгойлгосон. Би тухайн үед архи уусан согтолт ихтэй байсан яг хаана нь яаж цохисноо санахгүй байна нэг сэрэхэд манай эхнэр орилж байсан би цохиж зодсон юм шиг байна лээ тэгээд би сэргээд хэвтэж байснаа унтсан. /хх-ийн 16/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6425 дугаартай дүгнэлтэнд: Б.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун суга, зүүн мөр,  зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омог, цээжинд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Л иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн“ гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх Б.Лд холбогдох хэргээс хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлаад;

хяналтын прокуророос Б.Л 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус тус гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Б.Бийг байнга зодсон гэх шинжээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Тухайлбал 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн үйлдлийн хувьд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зүйл заалт байгаагүй байх ба уг хуулинд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр 1201 дүгээр зүйл заалт нэмэгдэж  Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг хуульчлагдсан. 

 

2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үйлдлийн хувьд мөн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн   1201 дүгээр зүйлийн  1201 1 дэх хэсэг нь  “нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ “ гэж заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд мөн  хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол” эрүүгийн хариуцлагад татаж болохгүй бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болно.

 

Гэтэл хяналтын прокуророос Б.Л үйлдлүүдийг он сар цаг хугацааны хувьд 2012 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн үйлдэл нь тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангид заагдаагүй, 2017 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн байнга зодсон гэх бүрэлдэхүүний шинжид хамааруулсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь гурав ба түүнээс дээш үйлдлийг ойлгох ба Б.Л 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ согтуу ирж  эхнэр Б.Бийг зодсон нэг удаагийн үйлдэл нь дангаараа дээрх гэмт хэргийн “байнга” гэх шинжийг хангахгүй юм.

 

Иймд Б.Лд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн“ гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Б.Л 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө гэртээ согтуу ирж  эхнэр Б.Бийг хаалга удаан тайллаа гэсэн шалтгаанаар зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт  авагдсан байна.

Энэ байдал нь хохирогч Б.Бийн“...Б.Л намайг гэрт оруулаад зодсон...” гэрч О.Аийн“...Б.Л эхнэр Б.Бийгээ зодож байхаар нь голоор нь орж салгасан...” гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 6425 дугаартай “Б.Бийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дух, баруун нүдний зовхи, хамрын нуруу, цээж, баруун суга, зүүн мөр,  зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний омог, цээжинд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал  гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт, толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 17/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Шүүхээс Б.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд;

шүүгдэгч Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Хохирогч Б.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “ нөхөр Б.Лас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Б.Л бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Л Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх Б.Л гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохиролын хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Б.Лд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б.Лд мэдэгдсүгэй.

 

  1. Б.Л цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ