Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00717

 

            

                                                                           

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Баясгалан, Б.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00344 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,

 

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Азбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хариуцагч байгууллагад 2011 оноос хойш гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 11 жил ажиллахдаа сахилгын шийтгэл хүлээж байгаагүй.

1.2.Гэтэл “*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1.3.Миний бие дээрх тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гардаж авсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж заасан байх бөгөөд миний бие дээрх зөрчлийг гаргаагүй болно.

1.4.Тушаал шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд ажлаас чөлөөлж байгаа тушаал нь агуулгын болон хэлбэрийн хувьд хуульд тавигдсан шаардлагыг хангаж байх ёстой. Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байх тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1.******* нь “*******” ХК-ийн Салбарын Нүүрс ачилт, логистикийн хэлтэст Гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд ажилладаг байсан ба гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

2.2.Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээс 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ажилд гарч байсан нийт ажилчдаас согтууруулах ундааны сорил авч үүргийн чиглэлийн дагуу алкохал тандагчаар үзлэг хийхэд анхны сорилоор согтуурлын эерэг дохио дуугарсан. Дараа нь Цагдаагийн байгууллагын драгераар согтуурлын зэргийг тодорхойлоход согтуурлын зэрэг илэрсэн байсан.

2.3.******* нь компанийн Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь өөрийнх нь болон холбогдох бусад ажилтнуудын гаргасан тайлбар, Согтуурлын зэрэг тогтоох сорил хийсэн тэмдэглэл, эрх бүхий төрийн байгууллага буюу Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн багажаар согтуурлын зэрэг илэрсэн нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******г хариуцагч “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гаалийн бүртгэлийн мэргэжилтэн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 87,529.550.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08.30 минутад *******ын нэхэмжлэлтэй, "*******" ХК-д холбогдох иргэний маргаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон гэтэл энэ хуралдааныг давхардсан гэх хурал нь хуралдаанаас өмнө зарласан" гэх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийг оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ТМ2025/00414 дугаар тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хүсэлт гаргасан гэдэг нь агуулгаараа тогтоогдож байна.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан зохицуулалтад “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй” гэдэг ойлголтыг тусгасан байхад хариуцагчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотолсон баримтыг хавсарган өгсөн боловч бичмэл нотлох баримтуудад заагдсан хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэн хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаас 2 итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байх бөгөөд *******ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэлийн хувийг гардаж аван, эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан баримтуудад гарын үсэг зурж, хэргийн оролцогчийн эрх, үүргийг хэрэгжүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бол *******гийн хувьд эрх, үүрэг тайлбарласан баримт, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулсан баримтуудад гарын үсэг зураагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эрх, үүргээ мэдэж байгаа, хэргийн материал танилцсан гэх агуулгад хамаарахгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч нь хуульд заасан хугацаанд нотлох баримтыг гаргаж өгдөггүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирдэггүй. Өөрөөр хэлбэл, сүүлд хурал товлуулж, эхэнд товлогдсон хурлыг хойшлуулах арга хэмжээг авдаг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гэж оролддог.

Хариуцагчийн гаргасан гомдлын дагуу тус хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг хохирох эрсдэлтэй болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

            2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан гаалийн бүртгэлийн мэргэжилтэний ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            3.Нэхэмжлэгч хуульд зааснаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх гомдлыг харьяалан шийдвэрлэсэн нь зөв болсон байна.

 

            4.Нэхэмжлэгч ******* нь “*******” ХК-ийн хооронд хөдөлмөрийн эрхлэлийн харилцаа үүсч *******г 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс гаалийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллуулахдаа мөн өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан  талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            5.“*******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Б/716 дугаар тушаалаар гаалийн бүртгэлийн мэргэжилтэн ******* нь “2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн Хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйлийн 83.1, Компанийн дүрмийн 3.4.2.3, 3.4.2.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.1, 8.4, 8.4.12, Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодит хориглох, шалгах журам”-ын 7.1, 8.1, Хөдөлмөрийн гэрээний 3.1.16, 4.5, 4.5.12-т заасныг тус тус баримталсан байна.

5.1.Анхан шатны шүүх хөдөлмөрийн харилцааг цуцалсан тушаалын үндэслэл болсон хөдөлмөрийн гэрээний 4.5.12, хөдөлмөрийн дотоод журмын 8.4.12-т “ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд буюу уурхайн бүсэд согтууруулах ундаа, ...хэрэглэх, хэрэглэсэн үедээ ирэх,...” гэж заасан зөрчлийг нэхэмжлэгч ******* гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон. Учир нь:

Хөдөлмөрийн эрхийн маргаан буюу гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотолгооны үүрэг ердийн ажиллагаанаас өөрөөр хуваарилагддаг. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой бичиг баримтыг ажил олгогч үйлддэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т зааснаар нэхэмжлэгч буюу ажилтан нь гомдолд үндэслэл, нотолгоог заахаар зохицуулсан байх ба гомдолд заасан нотолгоог хариуцагч буюу ажил олгогч гаргаж өгөх учиртай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр зохигчийн хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон дагаж мөрдөх журмыг шүүхийн журмаар бүрдүүлсэн бол хариуцагч нь “...******* 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр амрах байранд согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажлын байранд ирсэн хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх тайлбар гаргасан боловч татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймээс хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбар, тагалзлын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

Нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир түүнд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцэхгүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г “*******” ХК-ийн гаалийн бүртгэлийн мэргэжилтэн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв болжээ.

           

6.Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Ажилтны дундаж цалин, хөлс тодорхойлох журам”-ын 2.3-т тус тус заасныг баримтлан ажилтны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцон хариуцагч “*******” ХК-аас 87,529,550.21 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь зөв.

6.1.Мөн нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, зохих бичилт, баталгаажуулалтыг хийхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасантай нийцсэн.

 

            7.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул хариуцагч талын “шүүх мэтгэлцэх эрхээр хангаагүй” гэх гомдол хангагдахгүй. Учир нь:

            7.1.Анхан шатны шүүх уг нэхэмжлэлд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/43686 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/46207 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан.

7.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХК-ийн нэхэмжлэлийг гардаж авсан өдөр болох 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 14 хоногийн дотор буюу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор шүүхэд тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүй байна.

7.3.Анхан шатны шүүх 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/52668 дугаар захирамжаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, шүүх хуралдааны товыг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09:00 цаг хийхээр тогтоожээ.

7.4.Хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлүүлэхээр *******, ******* нарт итгэмжлэл олгосон байх ба хэргийг хянан шийдвэрлэдэг өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх *******, ******* нар өөр шүүх дэх шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргаж, хүсэлтэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хавсаргажээ.

Анхан шатны шүүх дээрх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ хүсэлт гаргасан *******ыг төлөөлөгчөөр томилсон баримт байхгүй тул хэргийн оролцогч биш, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь зөв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдэгдсэн байх ба хуулийн этгээдийг итгэмжлэлээр төлөөлөх этгээд шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол өөр төлөөлөгчийг томилж эсхүл итгэмжлэл олгох байдлаар хариуцагч тал шүүх хуралдааны бэлтгэлийг 22 хоногийн хугацаанд хангах хангалттай хугацаа байсан гэж дүгнэнэ.

Түүнчлэн, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүссэнээс хойш 3 сар өнгөрсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хариуцагч хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа 90 хоног хэтэрсэн, энэ хугацаанд хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй байр суурьтай оролцсон гэж дүгнэнэ.

Иймд анхан шатны шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцжээ.

 

            8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/00344 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                  ШҮҮГЧИД                                       М.БАЯСГАЛАН

 

 

                                                                                          Б.АЗБАЯР