| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 191/2025/03728/И |
| Дугаар | 210/МА2026/01104 |
| Огноо | 2026-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/01104
|
|
|
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02211 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би, 2023.05-р сард ******* ГХОХХК-д уулын олборлолтын хэлтсийн дампын оператор албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Би тус компанийн төлөө өөрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан үр бүтээлтэй, аюул осолгүйгээр ажилласан. Гэтэл 2025.02.11-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар намайг 2025.01.17-ны өдрөөс компанийн зөвшөөрөлгүй 3 ба түүнээс дээш хоног ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж бизнесийн алдагдалд оруулсан гэж үндэслэлгүйгээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь 2025.01.17-22-ны өдөр хүртэл ажлын 5 хоног дараалан компанийн зөвшөөрөлгүй ажил тасалсан үйлдэл нь компанийн хүний нөөцийн цагийн бүртгэлээр тогтоогдсон тул *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3.2.4-т Гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, түүнчлэн чөлөө авах зорилгоор худал хуурмаг шалтгаан хэлж чөлөө авсан нь тогтоогдсон гэж зааснаар нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн ******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчөөгүй. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ГХОХХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлэх тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч 2023.5-р сард хариуцагч компанид олборлолтын хэлтсийн дампын оператор ажлын байранд ажиллаж байхад нь түүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, аюулгүй хөдөлмөрлөх эрхээ хангуулах чиглэлээр өөрийн ажил олгогчид санал, шаардлагыг хамт олны хамт хүргүүлж шаардлагын хариуг хүлээх хугацаанд буюу 2025.01.17-ны өдрөөс эхлэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын мэтгэлцээний явцад тогтоогдсон зүйлд эрх зүйн дүгнэлтийг бүрэн дүүрэн хийлгүй, хэт ажил олгогч талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч нь тухайн өдрүүдэд ажлын байрандаа байгаагүй буюу ажил үүргээ гүйцэтгээгүй болохоо ажил олгогчид цалингаа нэмүүлэхээр шаардлага хүргүүлсэн талаар дурдах бөгөөд 2025.01.17-ны өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүйтэй холбогдуулан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх зохицуулалттай нийцнэ гэжээ. Хэргийн баримтаар хариуцагчийн нийт 100 орчим ажилтан хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаатай холбоотойгоор ажил олгогчид хандаж албан шаардлага хүргүүлж уг шаардлагыг биелүүлэх эсхүл хариу өгөх хүртэл гарын үсэг зурсан ажилтнууд ажилд гарахгүй болохоо мэдэгджээ. Гэтэл ийнхүү шаардлага хүргүүлсэн тухайн ээлжийн нийт 100 орчим ажилтнаас *******ийг ажлаас чөлөөлж бусад ажилтнууд ажлаа хэвийн тасралтгүй явуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд тус тус заасантай огтоос нийцэхгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.
Ажилтнууд нэгдэн нийлж өөрсдийн хөдөлмөрийн харилцаанд зөрчигдөж байгаа эрхээ хамгаалуулахаар ажил олгогчид хандаж хэдийгээр үйлдвэрчний эвлэл байгуулаагүй ч гэсэн албан шаардлагаа хүргүүлснийг анхан шатны шүүх буруутгаагүй атлаа тухайн шаардлагыг хүргүүлсэн ажилтнуудаас *******ийг ажлаас чөлөөлж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Компанийн 100 гаруй ажилтан шаардлага хүргүүлсэн ч маргаашаас нь ажлаа хийж гүйцэтгэсэн ба 2025.01.22-ны өдөр ажлаас буугаад 02.05-ны өдөр дараагийн ээлжинд мөн ажлаа гүйцэтгэсэн. ******* болон нэр дурдсан 5 ажилтан дараагийн ээлжинд ирж ажиллаагүй учраас 2025.02.11-ний өдөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2025.01.17-ны өдрөөс ажилдаа гараагүй, 5 хоног ажил тасалсан нь сахилгын ноцтой зөрчилд тооцогдох тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлан маргажээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ГХОХХК-тай 2023 онд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу дампын оператор ажлын байранд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2025.02.11-ний өдрийн тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 10.3.2.4-т зааснаар 2025.01.17-ны өдрөөс эхлэн компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гурав ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгон ажлаас нь чөлөөлжээ.
4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болохыг заажээ.
Мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.3, 10.3.2.4-т зааснаар ажилтан гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан нь тогтоогдсон бол ажил олгогч уг зөрчлийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар талууд тохиролцсон байна. Мөн энэ талаар хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14.13.19-д нийт 3 хоног 2-оос дээш удаа ажил тасалсан, 3 өдөр хоцорч ирсэн бөгөөд энэ тухайгаа шууд удирдлагад мэдэгдээгүй тохиолдол-ыг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох сахилгын ноцтой зөрчилд тооцохыг заасан байна.
5.Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2025.01.17-ны өдрөөс 23-ны өдрийн хугацаанд ажлын амрах байрандаа байсан боловч ажил үүргээ гүйцэтгээгүй нь тогтоогдсон ба энэ талаар зохигч маргаагүй байна. Харин нэхэмжлэгч уг хугацаанд хариуцагч буюу ажил олгогчид хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр шаардлага хүргүүлж, энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгэхгүй байхаар ажилтнууд тохиролцсон гэсэн тайлбарыг гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар үйлдвэрчний эвлэл тодорхой үндэслэлээр ажил хаялтыг санаачлах, зохион байгуулах эрхтэй. Энэ тохиолдолд ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээс үл хамааран ажил хаялтад сайн дураар оролцох эрхтэй байна. Гэвч хэргийн баримтаар хөдөлмөрийн гэрээний талууд хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг шийдвэрлүүлэх явцад ажил хаялт зохион байгуулах үндэслэл бүрдсэн, энэ агуулгаар ажилтнууд ажил хаялт зарласан нь тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажил хаялтад оролцсон гэж үзэхээргүй байна.
Мөн зохигч хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаантай холбоотой ажиллагаа явагдаагүйг хэн аль нь тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар ажилтныг ажил хаялтад оролцсонтой нь холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь цуцлахыг ажил олгогчид хориглосон хууль үйлчлэхгүй юм.
6.Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024.12.26-ны өдрийн 2024/887 дугаар Ээлжийн хуваарь тогтоох тухай тушаалд зааснаар C ээлжинд хамаарч 2025.01.09-22-ны өдрийн хугацаанд 14 хоног ажиллах хуваарьтай байсан ч 2025.01.17-23-ны өдрийн хугацаанд ажиллаагүй нь ажилтнуудын цагийн бүртгэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааны дэвтэр зэрэг баримтаар тогтоогджээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг бусад ажилтнуудын хамт ажил хаялт зохион байгуулсан, түүнд оролцсоны улмаас ажил үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэхгүй учир нэхэмжлэгч *******ийг ажил тасалсан сахилгын зөрчил гаргасанд тооцож, ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.
Анхан шатны шүүх энэ тухай үйл баримтыг зөв тогтоож, зохигчийн тайлбар, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.
7.Нэхэмжлэгчтэй хамт ажил хаялтад оролцсон, амрах байранд байсан ч ажилд гараагүй бусад 100 гаруй ажилтныг хариуцагч ажлаас чөлөөлөөгүй, гагцхүү 6 ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Үндсэн хууль болон Хөдөлмөрийн хуульд нийцээгүй буюу ялгаварлан гадуурхсан, ажил олгогчид хохирол учирсан нь тогтоогдоогүй гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ. Ажил олгогчийн зүгээс сахилгын зөрчил гаргасан ажилтны гаргасан зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хуульд заасан сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэх учиртай.
Ажилтны гаргасан зөрчил нь талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан хориглолтыг зөрчсөн, уг зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцогдоно гэж үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарна. Ийнхүү шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ноцтой зөрчилд хамаарахгүй буюу ажил олгогч сахилгын зөрчилд тохирохгүй шийтгэл ногдуулсан гэж үзвэл ажилтан уг байдлыг нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч гомдолд дурдсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй, мөн нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэр нь түүнийг ялгаварлан гадуурхсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учир энэ тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8.Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43, 127 дугаар зүйлд зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг шаардах эрхгүй.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/02211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Э.ЭНЭБИШ