Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 606

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн,

улсын яллагч Д.Пүрэвдагва

шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчид гудамж давхрын 17 дугаар байрны 1 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:000000/  Б.Гт холбогдох эрүүгийн 0000000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Г нь 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудал дотор гар утсаа хулгайлсан гэж гүтгэлээ гэх шалтгаанаар Д.Нийн нүүрэн  тус газар нь 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Хохирогчид 1 сая төгрөг төлсөн. Гэмшиж байна гэв.

Хавтаст хэргээс:

Гэрч А.Б  мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн миний тоглодог байсан хоромхон клубын 20-н жилийн ой болоод арга хэмжээнд оролцож байгаад тэндээсээ гараад найз Г, Э нарын хамт 10 дугаар хороололд байрлах Топаз зочид буудалд 15 цагийн орчимд орсон. Би архи уугаад согтсон байсан болохоор буудалд ороод унтсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг өнгөрч байхад сэрсэн. Намайг сэрэхэд Э би найз Нарааг дуудсан гэсэн өдөр 16 цагийн орчимд Нараа найз эмэгтэй Ггийн хамт орж ирсэн. Э гараад дэлгүүр орж 3 шил пиво 1 архи авчирсан тэгээд сууцгаагаад Э, Нараа, Г бид 4 ууцгаасан. Орой 21 цагийн үед Г гэх эмэгтэй явна гэж ярьж байсан би архи уугаад муудаж байсан учир унтсан. Унтчихаад маргааш өглөө нь сэрээд хартал хажууд Нараа зогсож байсан Нараа надад танай найз Г цохиод нүд ийм болгочихлоо гэсэн Э бид хоёр зэрэгцээд унтаж байсан юм. Гг тэгэж хэлэхээр нь Э бид хоёр босож ирэхэд Нараагийн нүд нь хавдсан, зүүн хөмсөгнийх нь хажуу талд ангайсан шарх байсан. Бид хоёрыг босоод иртэл Нараагийн дүү нь гэх Сараа гэж эмэгтэй болон орой нь явдаг Г бас ирсэн байсан. Би Гт чи одоо эмэгтэй хүн цохидог нь яаж байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байсан тэгээд шууд Гг аваад гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэг ороод Нарааг эмчид үзүүлсэн нүдэнд нь оёдол тавиулсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр найз Б, Г нарын хамт 10 дугаар хорооллын нэг зочид буудалд архи уучихаад байж байсан юм. Би фэйсбүүк чатаар найз Нтэй юм бичээд Н нэг найзтайгаа хамт явж байна гээд хамт ирэхээр болсон. Тэгээд бид нарын байсан зочид буудалд 17 цагийн орчимд Н нэг эмэгтэй найзын хамт ирсэн. Б, Н, Г бид 4 нэг шил архи хувааж уугаад юм ярьж суусан. Б нилээн согтоод байхаар нь Быг унтуулчихаад Н, Г бид гурав юм ярьж суусан. Тэгтэл нэг мэдсэн маргааш өглөө нь Н сэрээхэд сэрсэн. Сэртэл Нийн нүд нь хөхөрчихсөн, хөмсөг нь сэтэрчихсэн танай Г намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд шууд бид хэд гэмтлийн эмнэлэг явсан. /хх-ийн 11/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Н мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд манай найз Э миний фэйсбүүк рүү зав байна уу уулзъя гэж чат бичсэн. Би тэгэхээр нь хаана байгаа юм бэ гэхэд 10 дугаар хорооллын Топаз зочид буудалд байна гэхээр нь би за за тэгвэл найз хүүхэнтэйгээ хамт очьё гээд 10-р хорооллын зочид буудалд найз эмэгтэй Гын хамт 15 цагийн орчимд очсон. Бид хоёрыг очиход Э болон Б нар байсан. Би тэр хоёрт Гыг танилцуулаад бид дөрөв жоохон буу халцгаасан. Тэгтэл Э гарч яваад дэлгүүр ороод 1 шил 0,75 литрийн архи, 3 шил пиво бариад ороод ирсэн. Би авчирсан архи пивоноос нь бараг уугаагүй манай найз Г архинаас нь уугаагүй 2 шил пиво л уусан. Ихэнх архийг нь Э, Б нар уусан гэхдээ тэр архийг бүгдийг нь ууж чадаагүй талыг нь л уусан. Орой 19 цагийн орчимд Г явсан би Э, Б хоёртой үлдсэн. Бид гурав юм яриад суусан шөнө бараг 01 цаг болтол юм ярьж суусан. Э, Б хоёр буудлын өрөөнөөсөө гараад явсан. Би тэр хоёрыг гарч явсаны дараа өрөөнд байж байтал Г гэх Эы ажлын залуу буудлын өрөөнд орж ирсэн. Гыг орж ирсний дараа би 00-ийн өрөө орчихоод гарч ирээд гар утсаа хайтал байхгүй байхаар нь миний утас хаана байна гэж Гоос асуусан чинь үгийн зөрүүгүй намайг нүүр рүү 2 удаа цохисон би цохиулаад муужраад унасан. Би босож ирээд тэр өрөөнөөс гарч гүйгээд цагдаа дуудаарай гэж хашгирсан. Тэгтэл Э, Б хоёр өөр өрөөнөөс юу боловоо гээд гараад ирсэн. Тэгснээ Э чиний гар утас энд байна ш дээ гээд миний гар утсыг гаргаад ирсэн. Э миний гар утсыг өгөнгүүт найз Г руугаа залгаад намайг хүн зодчихлоо гэж хэлсэн чинь манай найз Г хүрээд ирсэн. Би бас дүү Саранчимэг рүү залгаж болсон зүйлээ хэлсэн. Манай найз Г болон Б, Э, Г бид хэд хамт гэмтлийн эмнэлэг орсон. Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай дүү Саранчимэг намайг хүлээж байсан. Гэмтлийн эмнэлэгт байхад Ганочир надаас уучлалт гуйгаад битгий цагдаад өгөөч гээд гуйгаад байсан...Г эмчилгээний зардал гаргаж өгсөн. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. /хх-ийн 25, 43/ гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Нт хохиролын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 51/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4743 дугаартай дүгнэлтэнд: Д.Нийн биед  зүүн  хоншоорын ар хананы хугарал, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун  нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19/ гэжээ.

 

Яллагдагч Б.Г мөрдөн байцаалтанд: 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр найз Б, Э нарын хамт өдөр 15 цагийн орчимд 10-р хорооллын Сувилахуйн сургуулийн хажуу талын Топаз зочид буудалд өрөө авч орсон юм. Буудалд ороод бид гурав 0,7 литрийн хэмжээтэй 2 шил  архи уусан. Би архи уугаад сууж байхад би нилээн согтсон юм хүмүүс ирж байна гэхээр нь би буудлын өөр өрөө аваад ороод унтсан. Унтаж байтал манай өрөөний хаалгыг Эы найз Нараа гэх эмэгтэй тогшсон яг хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна тэгээд манай өрөөнд орж ирээд баяр хүргэе гэж хэлээд 0,5 литрийн хараа архи авч өгсөн. Бид хоёр манай өрөөнд архи ууж байтал Нараа миний утас алга болчихлоо бараг чи авчихлаа гэх утгатай зүйл хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан би Нараагийн нүүр рүү 1 удаа алгадаад 1 удаа шанаа нүд хэсэг рүү нь гараараа цохисон. Би Нарааг цохичихоод Э, Б хоёрын унтаж байсан өрөө рүү орсон. /хх-ийн 41/ гэх мэдүүлэг, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Г 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Топаз” зочид буудал дотор “гар утсаа хулгайлсан гэж гүтгэлээ” гэх шалтгаанаар Д.Нийн нүүрэн  тус газарт 2 удаа цохиж түүний биед  зүүн  хоншоорын ар хананы хугарал, зүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн хөмсөгний шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун  нүдний доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

гэрч А.Бы “...Би Гд чи одоо эмэгтэй хүн цохидог нь яаж байгаа юм бэ гэхэд юу ч дуугарахгүй байсан...” /хх-ийн 9/,

гэрч Б.Эы“...Нийн нүд нь хөхөрсөн, хөмсөг нь сэтэрсэн танай Г намайг цохисон гэж хэлж байсан...” /хх-ийн 11/

хохирогч Д.Нийн“...миний утас хаана байна гэсэн чинь Гоос асуусан чинь үгийн зөрүүгүй намайг нүүр рүү 2 удаа цохисон би цохиулаад муужраад унасан...”/хх-ийн 25/ гэж тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шинжээчийн 4743 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/, хохиролын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 51/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар Б.Гын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “... би Нараагийн нүүр рүү 1 удаа алгадаад 1 удаа шанаа нүд хэсэг рүү нь гараараа цохисон...” /хх-ийн 41/ гэх мэдүүлэг нь давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэл болно.   

 

Шүүгдэгч Б.Г нь Д.Нийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Гыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Нээс 1000.000 төгрөг хүлээж авсан тул гомдол саналгүй гэж мэдүүлснийг үндэслэн Б.Гыг бусдад төлөх төлбөргүйд тооцож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзаж түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Б.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд зүйлгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, бусдад  төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ДАЙРИЙЖАВ