Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 652

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-нд өдөр Дорноговь аймагт төрсөн, 00 настай эмэгтэй дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, 00 настай охины хамт  Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 00 дүгээр байрны 00 тоотод түрээсэлж амьдардаг, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:00000000/, Б.Бд холбогдох эрүүгийн 0000000000000000 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45А байрны 16 тоотод маргааны улмаас Д.Эийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Э бид хоёр хамт байр түрээсэлж амьдардаг байсан. Э түрээсээ өгдөггүйгээс бид хоёр маргалдаж харилцан зодолдсон. Эийн биед гэмтлийн зэрэг тогтоогдсон. Харин би завгүй байсан болохоор биеэ үзүүлж чадаагүй юм. Хохирол төлбөрийн хувьд шүүхийн шийдвэрийг дагана гэв. 

Хавтаст хэргээс:

Хохирогч Д.Э мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 сарын 23-ны өдрийн 21 цагийн үед гэртээ орж ирээд 00-ийн өрөөнд сууж байтал хамт байр түрээслэн амьдардаг Б.Б 3 эмэгтэй 1 эрэгтэй хүний хамт соёмбо архи 1 сав кола ундаатай орж ирсэн. Тэр хэд орж ирээд архиа ууцгаасан Бтай хамт орж ирсэн нүдний шилтэй Омбий гэх эмэгтэй намайг архи уу гэсэн би уухгүй гэтэл энэ эмэгтэй чинь архи уудаггүй гэж байна гэж хамт архи ууж байсан хүмүүстээ хэлсэн. Б надад манай хамт олныг хүндлээд хамт суучаач гэж хэлэхээр нь тэр хэдтэй хамт нэг ширээнд суусан архи дуусаад манайд ирсэн хүмүүс гэрээс гарцгаахаар болсон гэрээс гарахдаа Омбий гэх эмэгтэй Бгийн чихэнд нь чиний хамт амьдарч байгаа эмэгтэй шал тэнэг эмэгтэй байна гэж хэлээд гарсан. Тэр хүмүүсийг явсаны дараа Б надтай ярилцъя гэсэн ярилцах гол сэдэв нь байрны түрээсийн асуудлын талаар байсан юм. Ярилцах гээд суутал чи миний байранд ирээд эзэн болчихсон сууж байдаг ичдэггүй юм уу гэж хэлээд над руу ширээн дээр байсан стакан аваад шидсэн өөр бас гартаа таарсан юмнууд шидсэн. Над руу юм шидэхээр нь яаж байнаа гээд Б руу дөхөөд очиход намайг үсдээд доош нь дараад толгой руу цохиод байсан. Энэ үед Бгийн 10 настай охин нь гэрээс гарч гүйгээд 4 давхарт байдаг СӨХ-ийн дарга эмэгтэйг дуудаад оруулаад ирсэн. СӨХ- ийн дарга орж ирээд айл амьтаны амгалан тайван байдал алдагдууллаа гээд шууд цагдаа дуудсан боловч цагдаа ирээгүй. СӨХ-ийн дарга Батцэцэг манайд 1 цаг 30 минут гаруй цагдаа хүлээж суусан энэ хугацаанд Б над руу дайраад намайг үсдэж, хазсан, маажсан. Сүүлдээ би Бг дээрээс нь дараад суутал орилоод янз бүр болоод энэ үед цаг 02 цаг өнгөрч байсан би цагдаа руу өөрөө утасдтал та нар өөрсдөө хоорондоо зохицичих танай гадаа ухаангүй согтуу хүн сахиад эмнэлэг хүлээгээд зогсож байна  гэж над руу 88065252 гэж дугаараас ярьсан. СӨХ-ийн дарга эгч Б бид хоёрт нилээн их юм хэлсэн тэгтэл Б гэнэт юу болоод байнаа яасан бэ ийсэн бэ гээд юу ч мэдээгүй дүр эсгэсэн тэгтэл Бгийн 10 настай охин Амина бүх болсон юмыг ээждээ ярьж өгсөн. Энэ хүүхний шалтгаан нь би 2018 оны 11 дүгээр сарын 25-нд байрны төлбөр төлөөд 2018 оны 11 сарын 28-нд Хөх хот руу хүү рүүгээ яваад 2018 оны 12 сарын 28-нд Монголд ирсэн. Монголд ирээд байрандаа иртэл Б байрны түрээсийн мөнгө өгөөгүйгээс болоод нилээн асуудал үүсгэсэн байсан. Би Бд энийг зохицуулна хэдэн хүнээс мөнгө авах ёстой тэрийг авахаар түрээсийг нь өгье гэж хэлсэн юм. Тэрнээс хойш би 14-15 хоног хадам аав ээж дээрээ байж байгаад өчигдөр буюу 2019 оны 01 сарын 22-ны өдөр тэр байранд ирсэн юм. Маргаан болж дуусчихаад Б унтаад өгсөн би унтаж чадаагүй. Өглөө болохоор нь цүнхэндээ юм хумаа хийж явах гэж бэлдэж байгаад өглөө 06 цаг 30 минут гээд би унтсан. 08 цаг 20 минутын үед би сэртэл Б миний цүнхийг ухаад зогсож байхаар нь би яах гэж байгаан гэхэд би түлхүүрээ авъя чи манайхаас зайл гэсэн би цүнхээ булааж авсан чинь шууд ирээд үсдээд хацарнаас маажсан тэгтэл бас дахиад Бгийн охин нь гүйж гараад СӨХ-ийн даргыг дагуулаад ороод ирсэн. Намайг үсдэж дарж байгаад миний цүнхийг ухуулж охиноороо түлхүүр авахуулчихаад намайг хөөсөн. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Миний үсийг Б зулгааж татаад миний толгойд сорви гарсан байна лээ энэ талаар шүүх эмнэлгийн эмч дүгнэлтэндээ бичээгүй байна. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна толгойны үс халцарсан хэсгийг л бичээгүй байна. /хх-ийн 27/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд”...би хаалгаа онгойлгоод охиныг нь дагаад гэрт нь ортол Б найз эмэгтэйтэйгээ зууралдан чанга чанга бие бие рүүгээ хашгирсан байдалтай байж байсан. Би тэр хоёрын яриаг сонсоход Бгийн  найзууд ирээд явсан юм шиг байсан. Б нь найз руугаа дайраад зодолдох гээд байсан. Хоорондоо тэр 2 хэрэлдэж байгаад 2-3 удаа бие биенийгээ үсэдсэн. Өглөөний 11 цагийн орчимд Д.Э нь 2 залуутай манай СӨХ-ийн өрөөнд  орж ирээд Б намайг зодоод хуруу гар хацар ийм болгочихлоо гэж үзүүлсэн .../хх-ийн 54/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1696 дугаартай дүгнэлтэнд: Д.Эийн биед тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, баруун шанаа, хамар, баруун шуунд зулгаралт, баруун гарын сарвуу, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 20/ гэжээ.

 

Яллагдагчаар Б.Б мөрдөн байцаалтанд: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны орой 22 цаг өнгөрч байхад би хамт ажилладаг хүмүүстэйгээ гэртээ ирэхэд манай эмэгтэй найз Э гэрт байсан. Э намайг 46а байрны 16 тоотыг түрээсэлснээс хойш хамт амьдарч байгаа юм. Манай ажлынхан манай гэрт ирэхдээ нэг шил архи авч орж ирсэн юм. Тэгээд манай ажлынхан болон Э бид нар хамт сууцгааж архи ууж юм ярьцгаасан. Манай ажлынхан нэг шил архиа дуусгаад 00 цаг өнгөрч байхад манайхаас явсан. Э манай ажлынханыг явсаны дараа надад чи ажлынхантайгаа нийлж намайг муулдаг над руу муухай харсан гэж хэлсэн. Би Эт чи байрны түрээс төлөөч чи хичнээн cap байрны түрээс төлүүлэх гэсэн юм чи миний охины хоолноос хороож байна гэж хэлээд би ширээн дээр байсан аягатай ус аваад цацсан тэгтэл Э зөрүүлээд над руу ундаа цацсан. Тэгээд Э бид хоёр хоорондоо үсдэлцэж зууралцсан. Э надаас арай өндөр болохоор намайг үсдээд дарсан намайг доош нь дарсан байхад би 2 гараараа савчиж цохисон. Тэгээд Э бид хоёр түлхэлцсэн түлхэлцэж байх үед ширээ сандал ийш тийш болж байсан. Түлхэлцэж байх үедээ би Эийг буйдан руу түлхээд унагасан чинь зөрүүлээд миний гэдэс рүү хөлөөрөө маш хүчтэй жийсэн. Тэгээд Э бид хоёр хоорондоо зодолдсон миний уур маш их хүрсэн намайг миний охин Аминагийн хажууд хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн. Э манай охин Аминаг яваад хүн дуудаад ир гэсэн юм шиг байна лээ тэгсэн манай охин гүйж гараад СӨХ-н дарга Батцэцэг эгчийг дуудаад ирсэн. Батцэцэг эгчийг орж ирэхэд Э миний дээр миний 2 гарыг дарчихсан сууж байсан. СӨХ-ийн дарга орж ирээд та боль гэж хэлсэн бид хоёрыг салгах гэж оролдсон боловч бид хоёрыг салгаж чадаагүй. СӨХ-ийн дарга гарч явсаны дараа бид хоёр маргалдаж байгаад унтаад өгсөн. Өглөө сэрээд би Эийн цүнхнээс гэрийн түлхүүрээ авах гэтэл Э сэрсэн. Энэ үед би Эийн цүнхийг аваад охин Амина руу шидээд наад цүнхэн дотроос нь гэрийн түлхүүрээ ав гэж хэлсэн манай охин авах гэхэд Э намайг түлхэж холдуулаад манай охин Аминагаас түлхүүр булаагаад авсан. Би тэгэхээр нь Эийг түлхэж унагааж байгаад гэрийн түлхүүрээ авсан би гэрийн түлхүүрээ авчихаад орон дээр очоод хэвтсэн. /хх-ийн 36/ гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Б.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, иргэний  үнэмлэхийн лавлагаа /хх-ийн/  зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б 2019 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр 45А байрны 16 тоотыг түрээслэн амьдарч байхдаа уг байрыг хамтран түрээсэлдэг Д.Этэй байрны түрээсийн төлбөрийн маргааны улмаас Д.Эийг зодож бие махбодид нь тархи доргилт, зүүн гарын ядам хуруунд шарх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн  няцрал, баруун шанаа, хамар, баруун шуунд зулгаралт, баруун гарын сарвуу, цус хуралт, зүүн тохой, зүүн шуу, зүүн шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Эийн“...Б намайг үсдээд доош нь дараад толгой руу цохиод байсан...” гэрч Ц.Б-ийн“...Д.Э нь 2 залуутай манай СӨХ-ийн өрөөнд  орж ирээд Б намайг зодоод хуруу гар хацар ийм болгочихлоо гэж үзүүлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Б.Бгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...Э бид хоёр хоорондоо үсдэлцэж зууралцсан. Э надаас арай өндөр болохоор намайг үсдээд дарсан намайг доош нь дарчихсан байхад би хоёр гараараа савчиж цохисон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1696 дугаартай дүгнэлт, Д.Эийн толгойн компьютерт томографийн шинжилгээ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Б нь Д.Эийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдох ба уг гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд хяналтын прокуророос Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Бг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.Эээс компьютер томографи хийлгэсэн нотлох баримтын шаардлага хангасан 120.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсаргасан байх тул гэм буруутай этгээд  Б.Бгаас гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Бг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн Гэм буруугийн зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Б.Бгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хувийн байдлыг харгалзаж түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Бгаас 120.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Эт олгосугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ